UBLife Logo
Humans of UB

Humans of UB: Бид эзэдтэйгээ ингэж л учирсан юм

Humans of UB: Бид эзэдтэйгээ ингэж л учирсан юм

Бид одоо хамт байгаа хүмүүстэйгээ, хайртай амьтантайгаа анхнаасаа хамт байгаагүй. Ямар нэг учрал, хувь тавилан биднийг учруулдаг, уулзуулдаг болов уу. Олон олон гэр бүлүүдэд гэрийн тэжээвэр амьтан үр хүүхэд, найз нөхөд шиг нь чухал гишүүн болж аз жаргал нэмэн амьдарч буй. Бид азтай савруудын төлөөлөлтэй холбогдон эзэдтэйгээ хэрхэн учирсан түүхийг нь та бүхэнд сонирхуулж байна. 

Д.Намуундарь ба түүний Үмбүү /1 нас 9 сартай/

Би муур тэжээх тухай 2, 3 жил бодож явсан юм л даа. Сошиалаар муурны бичлэг, хэрхэн тэжээх үү гэх мэт бичлэг маш их үздэг, нэг үзэхдээ ухаанаа алдчихдаг байсан юм. Удалгүй би тусдаа гарч хөөрхөн амьтантай болох боломж нээгдлээ. Нэг удаа найзынхаа сториг үзэж байгаад Үмбүүгээ анх олж харсан. Тэгээд л шууд дурлачихсан. Үмбүү маань найзын, найзын, найз гээд л их олон хүний гар дамжсан муур л даа. Эцэст нь надад ирсэн юм. Тэр анхнаасаа л надад маш өөриймсөг хандаж эхэлсэн. Үнэхээр нялуун. Унтахдаа заавал миний хүзүүн дээр наалдаж унтдаг. Бид хоёр хамт байхын тулд эсэргүйцэлтэй нүүр тулсан ч даваад л гарсан. Нэрийг нь АНУ-д байдаг найз маань өгсөн юм. Хар, цагаан өнгөтэй болохоор Үмбүү юм биш үү гэхэд нь шууд л таалагдаад тэр дороо ингээд нэрлэчихсэн. Надтай 7 сартайдаа анх учирсан юм. Аль болох жаргалтайгаар урт удаан амьдруулахыг хүссэн болохоор би үрчилж аваад шууд л заслага хийлгэсэн. Ажилдаа явсан хойгуур ганцаардаад байх шиг санагддаг болохоор удахгүй Үмбүүгээ дүүтэй болгох төлөвлөгөөтэй байна. 

Д.Баярмагнай болон түүний Тоби /1 нас 5 сартай/

Би угийн нохойд хайртай хүн л дээ. Нохой харах л юм бол очоод наалдчихдаг төрлийн хүн байгаа юм. Түрүү жил нохой худалдаж авна гэж шийдээд эрчимтэй хайж эхэлсэн. Тэгж яваад "Азтай савар" ТББ-ын группт нэгдсэн. Удаагүй нэг нохой (манай Тоби) бас нэг той-терьер үүлдрийн нохойтой хамт гудамжинд сар гаран тэнэлээ гэсэн зар олж хараад "Эзэн нь олоод авчихаасай" гэж бодож байтал нөгөө той-терьерийн эзэн гараад ирсэн. Өнөө хүн нохойгоо авах гээд очтол той-терьер өөдөөс дайраад ойртуулсангүй, нөгөөхийг нь (манай нохойг) оронд нь аваад явчихлаа гэдэг байгаа. Би тэрийг сонсонгуутаа яахаараа өөрийнхөө нохойг биш өөр хүний нохойг авч явдаг юм бэ гэж бодон уур хүрсэн. Тэгээд маргааш нь очиж авсан юм. Очиж авахын өмнөх шөнө би нохойтой болчихсон нөгөөхөө Тоби гэж нэрлэсэн байгаагаар зүүдэлсэн. Түүнтэй анх уулзахад их аймхай, ямар ч шат руу ойртдоггүй, орц руу ордоггүй, орвол гардаггүй, машинд ойртдоггүй тийм л амьтан байв. Нохойгоо авчихаад замаараа хөтөлгөө, идүүр, хоол, сам гэх мэт хэрэг болох зүйлсийг авч, зүүдлээд байсан "Тоби" гэдэг нэрээ өгөөд гэртээ харилаа. Тухайн үед манайх лифтгүй 5 давхар байрны 5 давхарт амьдардаг байсан болохоор бид хоёр орж гарах гэж бөөн юм болно. Орж гарна гэдэг 50 давхар руу мацаж байгаа аятай юм болдог байв. Эхний 1 сар байнга өргөж орж гардаг, өөрөөр нь оруулж гаргах гэж гуйж, амттай юм өгч, магтаж, эрхлүүлж байж арай гэж сурсан. Харин одоо эрх цоглог, жинхэнэ "эвгүй" охин болсон доо. Тоби анх 3 сартай байхад нь учирсан. Одоо тэр 1 нас 5 сартай.   

С.Оюунтуяа болон түүний Жэсси /11 настай/

2010 оны зургаадугаар сард би БНСУ-д оюутан болоод удаагүй байлаа. Нэг орой партидах гээд найзыгаа дотуур байрны гадаа хүлээж зогсохдоо жижигхэн хайрцагнаас түүнийг анх олж харсан юм. Жэссигийн анхны эзэн бие давхар болж, түүнийг тэжээх боломжгүй болсон юм билээ. Харин би багаасаа амьтанд хайртай байсан болохоор шууд л гэртээ аваад харьчихсан. Тэр өдрөөс хойш миний амьдралын хэмнэл орвонгоороо эргэсэн дээ. Түүнийхээ ачаар өөрийгөө бие даах чадвартай болсон гэж боддог. Хоёрхон сартай амьтан чинь яг л хүүхэд шиг юм байна лээ. Хооллох, шээлгэж баалгах гээд л. Дөрвөн жилийг ардаа үдэж сургуулиа амжилттай төгсөж, ажилд орох үеэр маш хүнд өвдсөн юм. Тархины менингиттэй гэж оношлогдоод нүднээс нь бусад бүх зүйл нь хөдлөхөө больчихов. Бүх сайн гэсэн амьтны эмнэлэгт хандсан боловч эмч нар “Найдваргүй, унтуул” гэдэг хариуг ар араасаа хэлсэн хэцүүхэн өдрүүд байсан. Тэгж явсаар аргаа баран анх онош тавьсан эмнэлгийнхээ эмчид нохойгоо үхүүлмээргүй байгаагаа хэлж, эмчилгээний дараа асуудал гарвал гомдолгүй гэж гарын үсэг зураад харьсан. Гурав хоногийн дараа Жэсси маань хөл дээрээ босоод ирсэн. Тэр цагаас хойш Жэсси тогтмол цагаар маш олон эм ууж өнөөдрийг хүртэл надтай хамт байна. Жил бүрийн амралтаараа нохойгоо эх орондоо авчирдаг болоод Жэсси ч бага багаар дассан. Бид Монголдоо ирээд 2 жил суурин амьдарч байна. Шалбаагтай шороон зам дээр гишгэдэггүй байсан Жэсси одоо бүр дасаад хувцас ч өмсөхөө больсон доо.   

Г.Энхдөлгөөн ба түүний Бу нарийн бичгийн дарга /4 настай/

Бурхан бид хоёрыг уулзуулж хэмээх анхдугаар бүлэг:

Ажилдаа явах гээд байрны урд талын гарцаар гарах гээд зогсож байв. Тэгсэн хажууханд 2, 3 бацаан нэг муур эргүүлж тойруулж үзээд байна аа. Би ч бас үзье гэж бодоод, очоод хэний муур болохыг нь асуутал “Хэнийх ч биш ээ” гэдэг юм. Тэгэхээр нь өнөөх муур руу гараа сунгатал дуртай нь аргагүй надад илүүлсэн. Дахиад жоохон ойрттол огт зугталгүй надад тэврүүлэв. Миний сэтгэл уяраад тэвэрсэн чигээрээ гэр рүүгээ алхчихлаа. Тэврэх зуур хавирга, нурууны бүх яс нь тэмтрэгдэж байлаа.

“Су Ёон-аа би хорт хавдартай” хэмээх дэд бүлэг:

Маргааш нь эмнэлэгт үзүүлж байхдаа "Ийм жижигхэн биетэй юм чинь лав 5, 6 сартай байх" гэж бодож байтал гэтэл эмч шүд, соёоны элэгдэлтээс үзэхэд 2-3 настай муур байна гэв. Нэмээд маш их тураалтай байгааг надад хэллээ. За тэгээд үзлэгт ортол хорт хавдартай болж таарсан. Ходоодоо наалдтал гудамжинд тэнэсэн амьтан ямар олиг байхав дээ. Эмч нар шууд л эмнэлэгт хэвтүүл гээд аваад үлдсэн. Дөрөв хонолоо. Биеийн байдал нь бага зэрэг дээрдсэн ч эмчилгээний зардал нь 150 мянга болсон гэв. Тухайн үед надад тийм их мөнгө байгаагүй учраас эмчилгээг нь бичүүлж аваад гарсан юм. “Манай ээж хүний эмч болохоор тариа хийж чадах байх. Та харин уян зүү тавиад өг” гэж эмчээс гуйгаад байдгаа шавхаж эмнэлгийн төлбөрөө барагдуулчихаад гэртээ авч ирсэн. Амьтан ч гэсэн эмчилгээнд ядардаг юм байна лээ, хөөрхий. Ингээд дахин дөрөв хоног гэрээр эмчилгээгээ хийж дуусгав. 10 хоногийн өмнө балиар царайтайг нь гайхаж, гудамжны амьтан чирж ирлээ гэж дургүйцэж байсан гэрийнхэн маань бүгд түүний эрүүл мэндэд санаа тавьж, хоол усыг нь зөөж гүйлдэж байсан юм даа. Азаар өвчин нь аажмаар эдгэсэн.

Аав ээжид яаж зөвшөөрүүлсэн бэ?' хэмээх гутгаар бүлэг:

За энэ тухайл жинхэнэ үлгэр зохиосон. Аидагийн (манай тэжээдэг муур, гэрийн атаман) хүнд өгсөн зулзага нь тэр айлаасаа зугтаад манайхыг олоод иржээ. Энэ яг мөн гээд нөгөө "гүйгүүл морь"-ний домгийг засварлаад ярьж гарсан. Ёстой нүднээс нь нулимс гартал зохиосондоо би.    Тэгээд л аав ээж Аидагийн минь зулзага бол авалгүй яахав гэсэн юм. 

Хулгар чихний учир:

Манай муур чинь бөхийн секцэнд явдаг… За худлаа, худлаа. Би бодохдоо анх тэжээж байсан эзэд нь гэмтээсэн эсвэл хөөрхийг золбин байхад нь хүмүүс шоглоод хайчилсан байх гэж бодон их өрөвддөг байлаа. Тэгээд нэг өдөр аавдаа чихийг нь ярьж байтал "Өвлийн хүйтэнд хурга ишигний чих хөлдөөд уначихдаг юм. Тийм л зүйл болсон болов уу даа" гэж хэлэхэд хүнд тамлуулаагүйд нь баярлаж билээ. 

"Бу нарийн бичгийн дарга" нэрний учиг:

Анх олоход жоохон царай муутай байсан юм. Ах маань өвгөн шиг царайтай гэж хэлснээс хойш Буурал гэдэг нэр өгсөн юм. Тэгээд л Буурий, Буудий, Бу нарийн бичгийн дарга гэх болсон доо.  

Мэлхий ханхүү болсон нь:

Сайн арчлаад, сайн хоол өгөөд байхаар амьтны зүс үнэхээр сэргэдэг юм билээ.  Сахилгагүй зан нь хөдлөөд нүд нь хар болчихоороо арай дэндүү хөөрхөн. Гэхдээ нойрмог байхдаа ч хөөрхөн.

“Гахайн тоорой” гэх сүүлчийн бүлэг:

Сүүлд туулгаа хийлгэх гээд жингээ үзүүлтэл анх ирэхдээ 2.2 кг байсан Бу нарийн бичгийн дарга маань 4.6 кг болсон байна лээ. Эмч нар сайн эзэнтэй болсон азтай муур байна гэхэд надад их гоё санагдсан. Бичээд байвал зөндөө олон түүхүүд бий. Дэндүү хөөрхөн, эрх зөөлөн ийм мууртай болдог би ч бас АЗТАЙ шүү.

Ж.Жигүүр болон түүний өвсөнд төөрсөн зулзага /1 сартай/

Өчигдөр дүү маань гадаа тоглож байгаад гэнэт “Би муужгай авмаар байна” гээд уйлаад эхэлсэн. Учрыг нь ойлгоогүй болохоор орхичихсон чинь цагийн дараа энэ зулзагыг тэврээд ороод ирсэн. Уг нь хажуу айлын хүүхэд өвсөн дундаас муурын зулзага олоод гэр рүүгээ авч орох гэтэл дүү маань авна гэж уйлж гуйсаар байгаад авчихсан юм билээ. Бид ойр хавиар эхийг нь хайсан боловч олоогүй. Өнөөдөр эмнэлэгт үзүүлсэн. Төрөөд сар хүрээгүй, эхээсээ салаад нэлээд хэд хоносон бололтой, эрүүл саруул муужгай байна гэсэн. Өөдөсхөн амьтан юмаа. Нэг удаадаа нэгхэн грамм ус уудаг. Дандаа дэнхийсэн том амьтад хардаг болохоор энэ зулзага алиа санагдаад байх юм. Дүү маань бөөн баяр. “Миний муужгай” гэж өмчлөөд өглөө босонгуутаа шууд түүнийгээ хайгаад сүйд болж байна. Дүүгийн маань хамгийн анхны аварсан азтай саврыг хүнд өгөөд явуулах тиймхэн тул өөрсдөө тэжээхээр шийдсэн. 

С.Сумъяадулам ба түүний Аяко /2 настай/

Уг нь амьтан тэжээх шийдвэр гаргахдаа сайн бодож төлөвлөх ёстой ч би минутын дотор л нохойтой болчихсон. Сайн найз маань 6 сартай Чов чов нохойгоо үрчлүүлэхээр болж өөр нэг найздаа өгсөн ч хоёр хоногийн дараа бүтэхгүй нь ээ гэсээр буцаагаад аваад ирсэн юм. Яг тэр үед хамт байсан би “Өө би авчихъя” гээд хэлчихсэн. Нохойгоо аваад гэртээ иртэл надад ямар ч нохой тэжээх ойлголт байхгүй. Идүүр, шампунь, сам, хэвтэр гэх мэт ойр зуурын хэрэгсэл юу ч бэлдээгүй байсан болохоор сандарсан. Тэр даруй амьтны дэлгүүр орж бага сага зүйлс цуглуулсан. Аякогийн хэрэглэдэг шампунь миний хэрэглэдгээс 6000 төгрөгөөр үнэтэй байх жишээний.   Хааяа нохойдоо гоё юм авч өгөхийн төлөө ажил хийгээд байгаа юм шиг санагддаг. Эхний 2 сар бид хоёр нэг л сайн ойлголцохгүй байсан бол одоо бүр ижилдэн дассан. Аз жаргалтай амьдарч байна даа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.