UBLife Logo
Humans of UB

Humans of UB | Паркаа бүтээгчид

Ub.life
Ub.life
Humans of UB | Паркаа бүтээгчид

“Парк” нэрээр бидний сайн мэдэх Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн баруун жигүүрийн 10.2 га талбайг "Рио Тинто Монгол" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсын стандартад нийцсэн ногоон байгууламж болгон тохижуулан, олон нийтийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орон зайг бий болгох “Паркаа хамтдаа бүтээе” төслийг эхлүүлээд буй. Бид “Humans of UB” булангийн шинэ дугаартаа уг төслийн талбайн инженер, хэв хашмалын мужаан, төслийн менежер нарыг урин хүн бүрийн хүүхэд насны дурсамжийг тээсэн парк, паркийн бүтээн байгуулалт, шинэхэн төслөөс сүндэрлэн босох ногоон байгууламжууд, бага багаар хөрсөнд буун биеллээ олж буй “ид шид”-ийн тухай яриа өрнүүллээ.

Төслийн менежер Б.Золзаяа: Бид одоо паркт байгаа моддоос нэгийг нь ч тайрахгүй

Би Монголын хамгийн том жимсний талбайтай, газар тариалангийн бүс нутаг болох Ховд аймгийн уугуул. Дөрөвдүгээр ангийнхаа зуны амралтаар ээж аавыгаа дагаж анх хотод ирж байлаа. Улаанбаатар руу фургоноор дөрөв, тав хонож ирдэг байсан тэр үед Хүүхдийн парк орж, зайрмаг идэж үзэхсэн гэдэг хоёр “том” хүслээ биелүүлэхээр явсан минь тэр байлаа. Ер бусын том, олон янзын тоглоомоор дүүрэн Хүүхдийн паркт анх хөл тавьсан тэр өдрийн дүр зураг хэзээ ч санаанаас гардаггүй. Хүүхдийн баяраар ч төрснийг хэлэх үү жинхэнэ мөрөөдөл биелэх шиг болж билээ. Тэрнээс хойш олон жил өнгөрч би ч барилгын инженер мэргэжил эзэмшсэн. Паркийн урд талын замаар өнгөрөх тоолонд багын нандин дурсамжийг минь бүтээлцсэн тэр парк үгүй болж, эл хуль оргисон хоосон мэдрэмж төрдөг байлаа. Тэгтэл өнгөрсөн гуравдугаар сард Паркийг тохижуулах төсөлд төслийн менежер хайж байгааг мэдээд даруй өргөдлөө өгч тэнцээд удалгүй ажилдаа орсон. 

Одоо би төслийн үйл ажиллагааг удирдан гүйцэтгэгч компаниудын хоорондын уялдаа холбоог зохицуулж байна. Манай төсөлд зураг төсөл боловсруулагч, хатуу дэд бүтцийг хариуцсан үндсэн гүйцэтгэгч, хуучин зам, талбайг нураах, буулгах ажлыг гүйцэтгэгч, ногоон байгууламжийн бүтээн байгуулалтыг хариуцагч гээд нийт дөрвөн үндсэн гүйцэтгэгч ажиллаж байна. Арваннэгдүгээр сарын эцэс гэхэд барилгын хатуу дэд бүтэц буюу зам, талбайг барьж, шугам хоолой, цахилгааны сүлжээг холбож дуусгах, хөрсөө бэлдэн модоо тариалах төлөвлөгөөтэй ажиллаж буй. Ирэх жилээс гол төлөв зүлэг ногоо, мод, бут сөөгөө ургуулах, арчлах ажил хийгдэнэ. 

Жилийн дөрвөн улирлын алинд нь ч үзэх, таашаах зүйлтэй, ногоон байлгахыг чухалчилж байна. Тухайлбал, тавдугаар сард сакура цэцэглэж, өвөл гацуур, нарс нь ногооноороо, зуны дэлгэр цагт цэцэгт, навчит модод өнгө өнгөөрөө ургаж байхаар тооцож төлөвлөлтүүдээ хийсэн.

Хүүхдийн парк бол Улаанбаатар хотын төвд байрлах иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг гол газар. Гэвч ногоон байгууламжууд нь арчилгаа хийгдэлгүй удсан, нэгдсэн усалгааны системгүй, цэцэрлэгт хүрээлэнгийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа юм. Иймд Рио Тинто Монгол нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн амралт, чөлөөт цагаа тухтай өнгөрүүлэх, дуу чимээнээс холдон зүлгэн дээр тухалж суугаад алжаалаа тайлдаг ногоон орон зайтай болгохоор энэ төслийг санаачилсан. Бид иргэдийнхээ саналыг сонсож, хэрэгцээг нь тодорхойлсны дагуу зохион байгуулалт, зураг төслөө гаргасан. Жишээ нь, паркийн замаар хүмүүс өглөө, орой байнга дайрч өнгөрдөг тул аль хэдийнэ олон салаа жим үүсгэчихсэн. Бид энэ хэрэгцээнд нь тулгуурлаад орц, гарц ихтэй байхаар тохижуулж байна. Түүнчлэн бороо орсон үед ус нь газарт шингэдэг цавуутай хайрган явган хүний замуудыг хийхээр төлөвлөсөн. 

Стандартад нийцсэн ногоон орон зайг бий болгохын тулд олон улсын туршлагатай зөвлөхүүдийг төсөл дээрээ урьж ажиллуулж байна. Дэд бүтцээ хэт нүсэр хийвэл цаашдын арчилгааг хийхэд хүндрэлтэй, зардал их гарах учраас анхнаасаа арчилгаа хийхэд хялбар, энгийн зохион байгуулалттай байлгахыг экспертүүд зөвлөсөн л дөө. Мөн Монголд ургадаг мод, сөөг тарихыг зөвлөсний дагуу нийт 40 гаруй мянган мод тарихаар бэлдэж байна. Жилийн дөрвөн улирлын алинд нь ч үзэх, таашаах зүйлтэй, ургамал ногоотой байлгахыг чухалчилж байна. Тухайлбал, тавдугаар сард сакура цэцэглэж, өвөл гацуур, нарс нь ногооноороо, зуны дэлгэр цагт цэцэгт, навчит модод өнгө өнгөөрөө ургаж байхаар тооцож төлөвлөлтүүдээ хийгээд байна. Бид одоо паркт байгаа моддоос нэгийг нь ч тайрч, тастахгүй. Мэдээж энд арчилгаа хийлгүй удсанаас болж хөгширсөн, үхсэн мод их байгаа болохоор тэдгээрийг цэвэрлэж, тайрах, арчлах ажил хийнэ. Зам, талбайгаа тавихдаа нэг ч мод тайрахгүй, мод таарвал замаа тойруулж тавина.  

Миний хувьд хоёр ариун цэврийн байгууламж хамгийн их таалагдаж байгаа (инээв). Бид гадуур явж байхдаа бохир орчин, эвгүй үнэртэй нийтийн 00-той байнга л таардаг шүү дээ. Харин паркийн ариун цэврийн байгууламжийг хийц, зохион байгуулалт, дизайны хувьд хамгийн оновчтой, үйлчлүүлж буй хүмүүст тав тухтай байхаар шийдсэн.

Эцэст нь хэлэхэд, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бол аль нэг компани эсвэл төрийн хариуцах зүйл биш л дээ. Харин хотын иргэн бүрийн оролцоо, дэмжлэгээр цэцэрлэгт хүрээлэн анхны төрхөө хадгалж, бидний амарч, алжаалаа тайлдаг орчин болж бүрэлдэнэ гэж боддог. Иргэд маань ч үүнийг ухамсарлан одооноос хамтран ажиллахаар хандацгааж байна. Скэйтбоард сонирхогчдын холбоо бидний шинээр байгуулах Скэйтбоардын талбайг хариуцан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, тухайн хэсгийн орчныг хариуцна гэдгээ илэрхийлсэн. Энэ мэтчилэн хотын иргэд маань паркаа хамтдаа бүтээхэд гар бие оролцон дэмжиж байгаад бид туйлын баяртай байна.

Талбайн инженер Д.Бяцхансүх: “Өвөө нь ийм гоё ажлын нэг хэсэг болсон” гэдгээ ач зээдээ харуулах хэмжээнд ажлаа чин сэтгэлээсээ, бүрэн дүүрэн хийхийг хичээж байна

Би Улаанбаатар хотын 40 мянгатад өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд. Багадаа аав ээждээ хөтлүүлээд парк ороход энгийн нэг өдөр ч дурсамж дүүрэн өдөр болон хувирдаг байлаа. Аав ээжтэйгээ, найзуудтайгаа, дараа нь гэргий, гэр бүлтэйгээ алхаж явсан тэр л паркаа өнөөдөр өөрийн биеэр бүтээн байгуулахаар ажиллаж буйдаа туйлын баяртай байна. Парк үе үеийнхний дурсамжийг шингээсэн, инээд хөөрөөр дүүрэн сайхан газар шүү дээ. 

Ах нь дунд сургуулиа төгсөнгүүтээ ажилд гарсан. Барилгын салбарт ажиллаж байгаад 24 настайдаа Япон улсыг зорин замын компанид хуваарилагдан ажиллаж байлаа. Зам тээврийн салбар хөгжөөд олон зуун жил болсон Японы туршлагаас суралцаж явахдаа “Хүний нутагт ийм гоё зам тавьдаг юм байна. Эх оронд минь яагаад байж болохгүй гэж” гэсэн залуу хүний дэврүүн хүсэл тээн эргэж ирсэн. Тэгээд Монголын номер нэг замын компанид ажиллаж байлаа. Ингэж явахдаа сургуульд нь сурч, ном журмаар нь инженер болъё гэж шийдээд 30 настайдаа оюутан болж, ажлынхаа хажуугаар суралцсаар төгссөн. Удалгүй хуучин ажиллаж байсан Японы компанитайгаа холбоо барьж тэнд ажиллахаар буцаад тэндээ хэдэн жил ажилласан. Өнгөрсөн жил эх эргэж ирээд “Паркаа хамтдаа бүтээе” төсөлд талбайн инженерээр ажиллаж байна. 

Парк руу автозамын дуу чимээ маш их орж ирдэг. Тиймээс бид дээгүүрээ хүрээлсэн мод бут тарьж, паркийн орох гарах гарцуудыг хоёр метр буюу нарийвтар боловч ороход цэлгэр өргөн байдлаар бүтээнэ. Ингэснээр Парк руу орж ирэхэд яг л ойд ирсэн мэт дуу чимээ нам, ая тухтай орчин бүрдэнэ.

Шинэ паркийн бүтээн байгуулалт иргэдийн санал асуулгад үндэслэсэн учраас маш “амьдралтай” санагддаг. Бидэнд ногоон байгууламж дутмаг, хөрс, тоос шорооны бохирдолтой, дуу чимээ ихтэйгээс хэн хүнгүй маш стресстэй байна. Яг ийм үед их хотын зүрхэнд бяцхан гэрэл гэгээ өгсөн ногоон бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж хамт олноороо ажиллаж буйдаа ах нь бахархал дүүрэн байна. Одоохондоо ажил ид дундаа яваа учраас ард иргэд маань хараахан ойлгоогүй, итгэл хүлээлт бага байх шиг байна. Түр хашаа барьсан нь иргэдийг аюул ослоос хамгаалж буй хэрэг болохоос хувийн байшин барилга барих гээгүй гэдгийг аандаа ойлгох байх аа. 

Төсөл дууссаны дараа үр хүүхэд, ач зээ нараа хөтлөөд цэцэрлэгт хүрээлэн дундуур зугаалж явахдаа “Өвөө нь ийм гоё ажлын нэг хэсэг болсон” гэдгээ харуулах хэмжээнд ажлаа чин сэтгэлээсээ, бүрэн дүүрэн хийж гүйлцэлдүүлэхийг хичээж байна. Инженерчлэлийн талаасаа хүний эрүүл ахуйг хангах, сэтгэл санааг тэтгэх гайхалтай ид шидтэй ногоон байгууламж, олон улсын стандартад нийцсэн нэгдсэн усалгааны систем, автозамын дуу чимээнээс тусгаарлах бодлогыг онцолмоор байна. Парк руу Нарны зам дагуух автозамын дуу чимээ маш их орж ирдэг. Тиймээс бид хөрс зүлгийн өндөр намыг ч бодолцон, дээгүүрээ хүрээлсэн мод бут тарьж, паркийн орох гарах гарцуудыг хоёр метр буюу нарийвтар боловч ороход цэлгэр өргөн байдлаар бүтээнэ. Ингэснээр Парк руу орж ирэхэд яг л ой модон дотор орсон мэт дуу чимээ намсаж, сэтгэл зүрх амарсан ая тухтай орчин бүрдэх юм. Мод, чулуу гэх мэт дан байгалийн гаралтай материалууд ашиглаж буй нь ч онцлог. Ногоон байгууламжаа хүмүүсийг сэргээн баярлуулж, зүрх сэтгэлийг нь тайтгаруулах хэмжээний сайхан цогцлоох учраас хэн бүхнийг зүлгэн дээр гутлаа тайлаад явах хэмжээний хайрлан хамгаалж, хамтдаа сайхан хэвээр нь арчлаасай гэж хүсэж байна. 

Удахгүй паркийнхаа задгай ногоон театр, жижиг цөөрөм, амьтан салхилуулах хүрээлэн, төрөл бүрийн цэцэрлэгүүдээр гэр бүлээрээ зугаална гэхээс догдолж байна шүү. 

Хэв хашмалын мужаан Д.Баттуул: Ногоон байгууламжаа цэвэр, сайхнаар нь хадгалахад иргэдийн оролцоо чухал

Би арван жилийн сурагч байхдаа зуныхаа амралтаар барилгын туслахаар ажилладаг байлаа. Хүүхэд учраас ажлын цаг арай бага. Ямартаа ч хичээлийнхээ хэрэгсэл, хувцас хунарын мөнгөө олчихдог л байсан. Би чинь арван хүүхэдтэй айлын хамгийн том нь болохоор ажил хийгээд аав, ээждээ их нэмэр болж байгаа юм.

Сургуулиа төгсөөд цэрэгт мордлоо, бас л барилгын ангид хуваарилагдав. Тэр үед барилгын цэрэг гурван жил цалинтай алба хаадаг байсан. Би л гэхэд 3400 төгрөгтэй халагдаж байлаа. Цэргээс халагдаад Солонгос явлаа. Тэнд хэв хашмалын мужаанаар дагалдан хийж, удалгүй бие даан ажилладаг болсон. 2009 онд Монголдоо эргэж ирснээс хойш тасралтгүй хэв хашмалаар дагнан ажиллаж байна. Бид дөрвүүлээ 2010 онд “Оюу толгой”-д анх хэв хашмалыг дэлгэрүүлж байсан. Бас нэлээд хэдэн дүүдээ хэв хашмалын ажлыг зааж, сургасан.

МУИС-ийн номын сангаас авхуулаад Оюу толгойн олон том бүтээн байгуулалтад оролцсон. Хожим "Энийг би барьсан шүү дээ" гээд харахад бахархмаар санагддаг.

Энд арал, цөөрөм гээд цогц ногоон байгууламж босно. Надад бол цөөрмийн голд босож буй арал үнэнхүү гоё санагдсан. Ийм бүтээн байгуулалтыг зурагтаар л хальт харж байснаас нүдээр очиж үзээгүй л дээ. Өөрөө гар бие оролцож, хийгээд эхлэхээр болдог л юм байна.

Өдгөө Улаанбаатар хотын төв цэгт босгож буй “Паркаа хамтдаа бүтээе” төсөлд ажиллаж байна. Энэ төсөл бол Монголын ирээдүй болсон хүүхдүүд багачуудад хийж буй хөрөнгө оруулалт гэж боддог юм. Энд арал, цөөрөм гээд цогц ногоон байгууламж босно. Надад бол цөөрмийн голд босож буй арал үнэнхүү гоё санагдсан. Ийм бүтээн байгуулалтыг зурагтаар л хальт харж байснаас нүдээр очиж үзээгүй л дээ. Өөрөө гар бие оролцож, хийгээд эхлэхээр болдог л юм байна.

Зээ нар маань “Өвөө, наадах тань хэзээ ашиглалтад орох вэ, бушуухан тоглож үзмээр байна. Та орой зургийг нь дараад ирээрэй” гэж шалгаадаг юм. Ямар байгууламж бий болж байгааг мэдэх гээд л тэр. ”Өвөө нь яг босоод ирэхээр нь та нарт үзүүлнэ ээ” гэхэд “Хурдан дуусгаарай” гэж аминчлан захидаг. 

Энэ байгууламжийг босгочихвол хүмүүс сэтгэл тэнэгэр алхах боломжтой газар нэгээр нэмэгдэнэ шүү дээ. Хүүхдүүд цөөрмийн усыг сониучирхан үзээд, ногоон бүсэд тоглож, гүйлдэх цэцэрлэгт хүрээлэн босно. Машин тэрэг ихсэж, барилга шахуу босгосноос Улаанбаатар маань “бетонон ой” адил болж, чимээ шуугианаас амсхийх, хүүхэд тоглох ч газаргүй байна шүү дээ. Тийм болохоор ийм парк бүр хоёр, гурвыг босгочихвол уг нь зүгээр л байгаа юм.

Зээ нартайгаа гадуур зугаалахаар болбол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хавиар л явдаг. Тэр орчим хуушуур энээ тэрээ гэсэн үйлчилгээний газрууд шавчихсан учраас хүүхдүүд “Ийм, тийм юм авъя” гээд сэтгэл амар, чөлөөтэй салхилахад хэцүү байдаг. Харин хүүхдийн паркт сэтгэл уужим салхилах боломжтой ногоон байгууламж босох гэж байна. 

Монголчууд маань энэ тэнд хогоо ил задгай хаядаг байснаа бодвол бас ч өөр болжээ. Ногоон байгууламжаа анхнаас нь цэвэр цэмцгэр, сайхан хэвээр нь өнө удаан хадгалахад хүмүүсийн оролцоо их чухал. Ийм сайхан бүтээн байгуулалт босгоод өгдөг, сүйтгээд хаячихвал муухай юм болно оо доо. Тиймээс хүн бүрийг аль болох сэтгэлээрээ хандаасай л гэж хүсэж байна. Бид барилгаа хүлээлгэж өгсөн ч дараа нь хаана, юуг нь гэмтээгээд хаячих бол гээд үргэлж санаа зовж, хардаг юм шүү дээ. Уг нь барилгын ажил чинь хүний нүдэнд ил, муу хийвэл өө нь харагддаг ажил. Гэтэл өөгүй бүтээн байгуулалт ч нурмайгаад байна гэдэг хүний л таагүй хандлагын нөлөө шүү дээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
7
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.