UB.LIFE сайтын хамт олон долоо хоног бүр дурласан, дурлаж буй зүйлээ уншигчидтайгаа хуваалцдаг билээ. Харин энэ долоо хоногт бид Хаан Банкны хамт олныг урьсан юм. Энэ булан цаашид олон байгууллагаар аялах учир хүмүүс шинэ содон юунд дурлаж, юуг сонирхож буй талаар нийтлэлээс уншиж, та ч гэсэн туршиж, хэрэгжүүлэх боломжтой юм шүү.
Төгөлдөр хуур - ХААН Банк Сангийн менежер М.Мандахмягмар
Хүний суурь хүмүүжил, үзэж, сонсож өссөн тэр л зүйл байнга сэтгэл, зүрхэнд оршиж байдаг бололтой. Хэдийгээр багын хүсэл мөрөөдлөөсөө тэс өөр мэргэжил сонгон, банкны салбарт ажиллаж яваа ч сүүлийн үед төгөлдөр хуур хөгжмөө эргээд тоглож эхлэхсэн, сурсан зүйлээ сэргээхсэн гэх бодол, хүсэл их төрөх болжээ. Хүмүүс нас явахын хэрээр нутаг усаа гэдэг шиг л... хэхэ.
Өнөөгийн завгүй амьдралын хэв маягт “хүлэгдээд”, өөрийн энэ хүслийг тууштай эхлүүлэх боломж бүрдэхгүй байгаа ч оюун бодол, сонор мэдрэмждээ хөтлөгдөн интернэт орчинд сонгодгуудыг их сонсож байна. Ялангуяа дэлхийн сор бүтээлүүдийг ажлаа хийх зуур, гэр рүүгээ харих замдаа, унтахаасаа өмнө, утсаа маажих үедээ сонсоод л, сонсоод л... Зарим хүн уйтгартай зүйлс сонсох юм гэж хэлдэг ч сонгодог хөгжим тархиа ажиллуулангаа амрах, тайван төвлөрөх боломжийг тун сайн олгодог шүү. Бас нийгмийн бухимдал ихтэй өнөө үед сонгодог хөгжим сонсох нь бясалгал болдог.
Удахгүй ээлжийн амралтаа авахаараа шинэ хөгжим авч, давтлагаа эхлүүлэх зорилго тавьсан. Дуртай аяз, зохиолоо өөрийн болгон тоглож, зүрх, чихээрээ таашаал авахад маш их давтлага, бэлтгэл хэрэгтэй байдаг. Ингэж гартаа оруулан, өөрийн болгож гэмээнэ яг л хүсэж шунасан мэдрэмжээ тэндээс олж авдаг. Хүүхэд насандаа бусдын адил гадаа ч тоглох цаггүй ийн давтаж суудаг байлаа. Хуучнаа дурсан, өөртөө дахин хөрөнгө оруулалт хийхээр ойрдоо чихээ л сайн бэлтгэж байна даа.
Дугуйн аялал - ХААН Банкны Санхүүгийн байгууллагын газрын захирал Ч.Азжаргал
Жилийн өмнө анх удаа зуслангаасаа ажил хүртэл 17 км газар дугуйгаар явж ирснээр дугуй унах ямар сайхныг мэдэрч билээ. Түүнээс хойш Улаанбаатарын уулын дугуйн аялал групп (УУДАГ)-ийн гишүүн болж бямба гараг бүр дугуйн аялалд явдаг болсон. Дугуйн аялалд оролцсоноор олон хүнтэй танилцаж, тэр хэрээр танилын хүрээ тэлэхээс гадна агаар салхи, нарны илчинд дархлаагаа дэмжиж, анхаарлаа төвлөрүүлснээр бясалгал хийсэнтэй адил тайвшралыг мэдэрдэг. За тэгээд мэдээж хэрэг өөрийгөө ялан дийлэх тэр мэдрэмжийг авч улам ихийг хийж бүтээх эрч хүчээр цэнэглэгддэг дээ.Тасралтгүй суралцах - ХААН Банкны Сургалт хөгжлийн газрын захирал С.Солонго
Зураач Э.Билигт
Анх ажлаа авчихаад сургаж, хөгжүүлэх буюу ажлын маань утга учир яг юу вэ гэдгийг ойлгох гэж нэлээн судалсан л даа. Ингээд өөрөө тасралтгүй суралцах ёстой юм байна гэдгийг хамгийн түрүүнд ойлгосон. Ингэж суралцаж байхдаа хэн нэгний хүслээр эсвэл хэлснээр бус, өөрийн сонирхсон, хэрэгтэй зүйлээ өөрөө олж суралцах нь миний хувьд дурлал шиг л санагдах болсон доо. Суралцах болгондоо догдлоод л, баярлаад л....
Сүүлийн үед цахим сургалтуудаас өөрийн сонирхсон сэдвүүдийг боломж гарвал л үзэж, судалж байгаа. Жишээ нь, саяхан үзсэн цахим сургалтаас Эмпати гэдэг хичээл үзчихээд энэ төрлийн хичээлийг цахимаар сурах болон сургах боломжгүй гэсэн бодол минь өөрчлөгдсөн. Энэ мэт хувь хүний хөгжлийн сургалтыг цахимжуулах зорилгодоо улам л итгэлтэй болсон доо. Тасралтгүй суралцаж, яг л энэ зураг шиг өөрсдийнхөө өнгө будгийг улам тодотгоё
Оёдол - ХААН Банкны Лизингийн бизнесийн газрын захирал П.Агваан
Дэлхий нийтээрээ “Covid-19” цар тахалтай тэмцэж байна. Mанай улс ч мөн адил. Хүн бүр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, боломжийнхоо хэрээр тэмцэж буй энэ үед би юу хийж чадах билээ гэж бодсон. 300 төгрөгийн үнэтэй нэг удаагийн хэрэглээний маск 1500 болохыг харлаа. 12 настайгаасаа хийж сурсан зүйлүүдийн маань нэг оёх. Одоо ч зав зайгаараа гэртээ хэрэгтэй гэсэн зүйлүүдээ, монгол дээл, хүрмээ өөрөө оёхыг хичээдэг. Ээж минь энэ бүгдийг анх надад зааж сургасан. 90-ээд онд манайх гэр бүлээрээ савхин куртик, хүүхдийн бэлтгэлийн хувцас оёдог байлаа. Зах зээлд шилжих үеийн тэр хүнд хэцүү жилүүдэд манай гэр бүл болон олон хүнийг идэх хоолоор таслаагүй болохоор жижиг гэлтгүй юм оёхдоо би ээждээ баярлаж, аз жаргалтай болдог. Ажил ажил гэсээр бараг юм оёхоо больж дээ. Сая харин 250 гаруй маск оёж, найз нөхөд, хамаатан садан, ажлын газрынхандаа тараасан. Маск хийх сайн чанарын материал хайж нэлээд эрэл болсон шүү. Чанарыг нь харж байгаад солонгос материалаар оёлоо. Энэ дашрамд коронавирусээс урьдчилан сэргийлж, маскаа сайн зүүгээрэй гэж хүн бүрт уриалж байна.
Иог - ХААН Банкны Маркетингийн газрын захирал Л.Уянга
Би хувьдаа бүх зүйлийг хөдөлгөөнд оршин байдаг гэж боддог. Магадгүй та байшин хөдөлдөггүй шүү дээ гэж бодож байвал тэд ч бас өнгө, зүсээ өөрчилж, хөдөлж байдаг гэж боддог. Яг л “Toy Story”-гийн хүүхэлдэйнүүд шөнөдөө амь ордог шиг. Харин энэ бүх хөдөлгөөн дундаас өөрийгөө чөлөөлж, зогсож, анирч өөр дээрээ оршиж чаддаг зүйл нь иог юм. Хэчнээн завгүй, ядарсан ч үүнийг л хийхийг хүсэж, дан ганц махан бие бус, оюун санаа минь ямар их бужигнаан сарниантай байдаг, үүнээс өөрийгөө хэрхэн чөлөөлөхөд би өдөр өдрөөр суралцсаар байна.
Иогт ирээд хүмүүс өөхөө биш эгогоо бас шатаадаг. Хүнд жин биш, хүнд ачаагаа суллаад явдаг нь иогийн гайхамшиг. Иогийн хэцүү байрлал авсан, инстаграм, фэйсбүүкийн “Ваав л даа” гэмээр зурганд татагдаж энд ирээд энэ бол гараа сунгаад, хөлөө өргөөд л хийчихдэг зүйл биш, маш их хөлс, хүч хөдөлмөрөөс бүтдэгийг ойлгодог. Гэхдээ та хичээвэл бусдад харуулах гэж бус, гагцхүү өөрт минь ямар их гайхамшиг байгааг олж хардаг... Намастэ.