Үргэлжлэл. Эхлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.
“...Энх улирал шимтэн шимтэхийн эх ээ
Энх улирал мянган жаргалын үүд ээ хө”...
Их урлаг ялан дийлэгчдийн түүхээс бүтдэг нь яасан хэцүү. Ойлгоё гэх нь ээ, цадиг домог, цаг үе, авьяас билэг, хүсэл мөрөөдөл, авхаалж самбааг нь мэдрэх хэрэгтэй болдог. Хүн ер нь домгуудыг шүтэх ёстойгоос шүүх гэж байх уу? Ялан дийлэгч гэж дан ганц хамба торгомсог авьяастнууд мөн үү? Эсвэл ийм хүмүүсийн аархал, бухимдал, бэрхшээлдээ бахардаж унаснаас үүссэн сул орон зайд төрөн гарсан самбаатнууд, хөдөлмөрчид үү? Ээ, аль аль нь байх аа. Ай, архи Адараагийн орон зайг арилгахад өрсөлдөгчдөд нь хамгийн амархан бөгөөд шударга шалтгаан болжээ. Мэргэжлийн өрсөлдөөн хатуу, өрсөлдөгчдөө өчүүхэн ч боломж гаргаж өгч болохгүй, тайз гэдэг үнэн хэрэгтээ ийм давчуу, цаг хугацаа гэдэг хайр найргүй гэдгийг тэр үл ойшоосон. Хамгийн хамгийн нь байх дуучин хүний шуналыг тэр жижигхэнд тооцсон. Тэртэй тэргүй түрэн дагах түмэн гадаа нь бэлэн хүлээж байлаа. Хамт олны олонх Адарсүрэнг хайрлаж хүндэлдэг ч урлаг хэрхэн хөгжихийг заадаг тогтолцоотойгоо, урлагийн хүний чанд сахих учиртай дүрэм журамтай тэрсэхээс бүгд айсан. Бүх жүжигчдэд цаг үе нь, карьер, цалин мөнгө, амьдрал нь Адараа дуулж байхаас илүү чухал. Гагцхүү авьяастай хүний онгод билэгт л нийгэм суртал, дэг жаягт үл тээглэх танхай их зориг заяагдмал агаад мөнх чанартай юм.
Эдүгээ дууны урлагт өвөрмөц хоолойгоороо энэ бүсгүйнх гэх орон зайг бий болгосон дуучин Г.Эрдэнэтунгалаг “Байгалиас заяамал дуучин гэж байдаг. Ховор өнгө тембрийг дааж чадах, олон хүнд түгээж чадах, ухаан хурц, сэтгэл нь иртэй, эгэл бус хувь тавиланг домог шиг дуусгасан П.Адарсүрэн гуай шиг хүнийг төрмөл, заяамал чанартай дуучин гэнэ. Ийм хүний увдис, өгөгдөл уран бүтээлдээ шингэсэн байдаг учраас цагийн цагт алдаршсаар л байдаг. Хувь хүний тод чанарт хатуурхдаг тогтолцооны үед улс даяар алдаршина гэдэг аймшигтай хувь тавилан. Өөрийн хүсэл зоригийг гэхээсээ улсын байр суурийг гүйцэлдүүлдэг байсан нь дотор хүнтэйгээ зөрчилдөн ганцаардаж, өөрөө өөртэйгөө ярилцан архитай найзалсан байх. Гэсэн ч тэр хэзээ ч өөрийгөө архичин болсон гэж нас эцэслэх хүртлээ бодоогүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Би хувь уран бүтээлчийнхээ хувьд ард түмэн хуурамч, тайзан дээрх алга ташилт амьдрал дээр огтоос байдаггүйг Адарсүрэн гуайн бодит амьдралын түүхээс эрт ойлгосон” хэмээлээ.
15 настайгаасаа ая зохиож, ард түмний дунд хит болсон дуунуудаараа Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн Б.Магсаржав “Арав дахиулаад дуулж дуусахад бүх юм дуусчихгүй л дээ. Хүмүүс өөрийг нь бишрэн шүтэж, хайрлан хүндэлж байгааг арав дахин илүү аваад тайзнаас буумагцаа энгийн амьдралд шилжинэ гэж юу болохыг төсөөлөөд үз. П.Адарсүрэнгийн авьяас билэг агуу ч алд бие, мах цус нь эгэл шүү дээ. Зүрх сэтгэл, тархи толгой дааж тэвчихийн аргагүй их баяр хөөрийг шингээж, гэгэлзээн, самуурлыг тасалж замхруулахын тулд түүнд архи балгахаас өөр арга байхгүй. Би өөрөө ч энэ мэдрэмжийг авч үзсэн, архинаас амьдралаа өгч хордоод, үхээд боссон хүн. Адарсүрэнд ард түмэн тэр хөөрлийг өдөр бүр өгч байсан учраас хэрэвзээ архиар даруулаагүй бол галзуурч ч мэдэх байсан биз” гэв.
“Алдар нэр гэдэг эхэндээ сайхан ч юм шиг санагдах үе байдаг юм билээ. Адараа бид хоёрыг төрийн томчууд, спортын алдартнууд гэртээ урьж, баяр ёслолоо манай гэр бүлтэй хамт тэмдэглэх гэдэг болчихсон байлаа. Адарааг хаана ч очсон хаалга нээлттэй, дугаарт зогсоохгүйгээр хүндэтгэн үйлчилдэг байсан. Манайх Дэнжийн мянга, Хайлааст, Шар хад, Толгойт, Баянхошуунд нүүдлийн маягтай амьдарсаар 1978 онд л нэг юм Адараагийн нэр нүүрээр хотын захиргаанаас хоёр өрөө орон сууц авсан айл. Хотын яг төвд, алдартай хөршүүд. Нэг тийм өвөрмөц хүрээлэл. Заримдаа залхмаар. Монгол орон даяар, хүн бүрт хайрлагдсан эрийн эхнэр байх нь намайг, тэр их алдар нэр нь биднийг амар тайвангүй болгосон. Ихэвчлэн согтуу ирэх, бүр хэдэн өдрөөр ирэхгүй нөхөр. Архийг нь тэвчиж болох ч хүний эрийг булаах гэсэн эмэгтэйчүүдийн шунал нэг эр дээр цуглахад тэр хүнтэй хамт аз жаргалтай амьдрах ямар ч боломжгүй болдог. Төв хорооны гишүүний охинтой амраг болсон гэнэ, хөдөө гадаа олон эхнэртэй гэнэ, хүүхэд нь төрж гэнэ гээд л итгэхийн аргагүй цуу яриа миний чихэнд ирдэг болсон. Аргадах, учирлах, айлгаж туних гээд юу эсийг оролдов. Би Адарааг тоглоод дуусах бүрт үүдэнд нь очоод хүлээдэг, архи уулгахгүй авч харих гэдэг шинэ ажилтай ч явж үзсэн. Нэг л мэдэхэд амьдралын минь түшиг, бахархал болсон хайр халамжтай хань маань олон түмний өмч, хөндлөнгийн хүн шиг болж хувирсан” гэж анхны эхнэр А.Гантогтох өгүүлсэн.
Бид хоёр хүүхнүүд утсаар ярихад, захиа бичиж ирүүлэхэд хамтдаа л байсан. Адараад ирсэн дурлалын үгтэй захидлыг би нямбайлан хадгалсаар нэг том чемодан дүүргэсэн байж билээ. Түүнд минь эхнэр хүүхдүүдээ, ажил амьдралаа, алдар хүндээ түвшин авч явах бүрэн итгэлтэй үе мэдээж байсан. Гавьяат бүү хэл Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэггүй хоцорсон 1980 оноос хойш гундаж эхэлсэн юм уу даа. Архинаас гаргах эмчилгээнд явах, МУИС-ийн хуулийн ангид эчнээгээр сурах зэргээр орчноо өөрчлөх, сэтгэл санаагаа тордох, толгой тархиа цэнэглэх өчнөөн арга хайж үзсэн. Гэвч 1982 оноос гэртээ ирэх нь бүрмөсөн ховордсон. Ажил, аялан тоглолт ч их байсан, архи ууж гадуур явах нь ч олширсон. Хар багаасаа ханилсан, таван хүүхдийн эцэг эх болсон юм хойно амьдрал Адараагүй байхыг төсөөлж ч чадахгүй. Хүүхдүүдээ амь шигээ хайрлана. Дандаа урамшуулна, үргэлж талархана. Хүүхэд шиг яг үнэнээ л хэлнэ, булзах бултах гэж байхгүй. Адараа алдар хүндтэй дуучин мөртлөө ерөөсөө бардам их зангүй, хүнд халуун дотно сэтгэгдэл төрүүлдэг болохоор хүүхнүүд дурладаг байсан байх. Адарааг уучлах шиг, хайрлах шиг амархан юм байдаггүй юм аа. Харин хэд хэдэн удаа согтуу орж ирэхэд нь би хатуурхаж цамнаад Адараа надад айхтар гар хүрсэн удаа бий. “За би ч хүн биш болж, Ганаа минь. Хэрэв чам руу сарвалздаг л юм бол чи Басхүү, Баатархүү хоёрыг дуудаад намайг болгож тавиарай. Чамд минь тийм эрх бий шүү” гээд л. Манай эрэгтэй дүү нар юунд л ахдаа гар хүрэв гэж дээ. Адарсүрэнг хайрлахгүй байх арга байх биш. Сайн хүн, сайхан эр хүн. Худлаа ярьж чаддаггүй, арга заль мэдэхгүй, тэнэг ч амьтан бол доо. С.Удвал гуайтай (Эмэгтэйчүүдийн хорооны дарга, Төрийн шагналт зохиолч) би их дотно, хуурай эгч дүүс явлаа. Бид хоёрын амьдралыг дэндүү мэднэ. Харин 1983 онд Удвал эгч Говь-Алтайд зохиолчдын хуралд дуулуулахаар Адарсүрэнг авч яваад ирэхдээ л “Ганаа, миний дүү одоо ирээдүйгээ бод. Сая Говь-Алтайд Адарсүрэн хүргэн болох айлдаа надаар хүргүүлсэн, түүний сэтгэл өөр болсныг би нүдээр харлаа. Адарааг хүлээхээ больж үз” гэсэн.
Тэдний гэр бүлийг цуцлах шүүх хурал 1983 оны наймдугаар сарын 30-нд болжээ.
“Шүүх хурлын дараа би түрүүлээд гараад явчихаж чадаагүй. Адарсүрэнг гарч явахыг хармаар санагдаад хонгилын цонхны дэргэд үлдсэн. Сүхбаатарын районы шүүхийн гадаах сандал дээр сууж байсан тулгар биетэй залуу бүсгүй дээр очоод тэд хамтдаа хөтлөлцөөд явахыг далд орон ортол нь хараад хоцорсон. Урд орой нь Адарааг гэртээ ирэхэд миний найдвар бөхсөн юм. “Ганаа, чи чадна аа, чи амьдарна. Би одоо үлдэх л юм бол та нарт зовлон удахын нэмэр. Би тэгж хайртай хүмүүсээ зовоож амьдармааргүй байна” гэж эрс шулуухан хэлсэн. Явуулахгүй гэж зууралдаад, тэр надаас мултрахаар хаалга руу хар эрчээрээ зүтгэхэд би үүд хүртэл чирэгдээд өвдгөө улаан нялга болгочихсон байж билээ”.
П.Адарсүрэн 41 настайдаа 24-тэй залуухан бүсгүйтэй ханилж, тэд нэг охинтой болсон ч хамтын амьдрал нь удаан үргэлжлээгүй юм. Бүсгүй хоёр жилийн дараа үе тэнгийн залуутай сэтгэл нийлж, Говь-Алтай руугаа буцсан бөгөөд өнөөг хүртэл тэндээ суурин амьдарч буй. П.Адарсүрэн залуу бүсгүйгээсээ салснаас хойш яг л өглөө ажилдаа гарсан хүн үдэш ирж байгаа аятай гэрээрээ ирдэг болов. Гэхдээ зөвхөн согтуудаа. Яг тэр 1984 онд П.Адарсүрэнгийн үг, аяыг зохиосон “Мөрөөдлийн дуу” төрсөн бөгөөд чуулгын дуучин Ц.Өлзий-Оршиход “Энэ дуугаа би Ганаадаа зориулсан юм шүү, дуулж яваарай” хэмээн үлдээсэн бөгөөд дуучин А.Ганбатын дуулснаар олонд хүрч, хожим гавьяат жүжигчин С.Жавхлан сэргээн дуулсан билээ.
Адараагийн гэгддэг байсан Ганаа 1985 онд нөхөрт гарч, хэзээ мөдгүй төрөх дөхжээ. “Адараа орж ирээд хүүхдүүдээ үнсээд, жаал эрхлүүлж авна. Хөргөгчөө онгойлгож хооллож ундална. За тэгээд намайг духан дээр нэг их удаан үнэрлээд, арай л манай нөхрийг үнсэхгүй гараад явдаг. Мөн ч дураараа, эрх хүн байж билээ. 1988 онд том болсон хоёр охинтой Сүхээ гэж сувилагч эмэгтэйтэй нийлснээ надад хэлсэн”.
П.Адарсүрэн УАДБЧ-аас гарсныхаа дараа ХЦДБЧ-д нэг жил орчим ажиллаад мөн л гарав. “Адарсүрэн ах 1986 оны намар оройхон жүжигчин “Сэмбээ” Пүрэвээ, Т.Латиф нартай хамтран хувиараа Эрдэнэтэд тоглохоор ирэхэд нь би ятгалаа. “Одоо та энэ дуу хуураа боль, ингэж гудамжны маягтай тоглож явна гэж юу байдаг юм” гэж. Би таныг “Эрдэнэт үйлдвэр”-т ажилд оруулж өгье гэхэд нэг их чанга дуугаар парр парр инээгээд “Тэгээд би юу хийх юм” гэж байна. “Юу ч яадаг юм. Ажилгүй явснаас л дээр” гэхэд хөхрөөд л байгаа юм. Өөрөөр нь өргөдөл бичүүлж аваад маргааш өглөө нь үйлдвэрийн захиргаанд очлоо. Үүдээр нь ормогц бүх хүн ахыг хүндлээд л, өмнө нь тоглолтоор ирэхэд нь яаж сүйд болж хошуурдаг байсан шигээ гар бариад л. Нэгдүгээр орлогч захирал Лхагвасүрэнтэй уулзуултал өргөдөл дээр нь шууд “Төмөр замын дарга Дмитровт. Вагон диспетчерээр ажилд авъя” гээд цохлоо. Ингэж хүнийг шууд ажилд авахаар шийддэггүй. Судалъя, харъя л гэдэг. Адарсүрэн ахыг үнэхээр үйлдвэрийн ажилчин болох гээд иржээ гээд алдар нэрийг нь хүндлээд л даруй шийдэж өгсөн байх. Маргааш нь эмнэлэгт шинжилгээ өгөх гэж ороод надаас зугтчихсан. Хаачсан юм бүү мэд. Өөрөө олдохгүй л болохоос Эрдэнэтэд яваа сураг гараад байгаа юм. Ах ер нь надаас залхсан байсан. Яагаад гэвэл би сүүлийн жилүүдэд уулзах болгондоо архинаас гаргах талын юм ярина. “Би ер нь нэг их уудаг ч хүн биш, чи намайг архичин гэж бодоод байх юм” гээд пархийтэл инээгээд л миний лекцийг сонсоно. Тэр өвөл ах Эрдэнэтэд согтуу явж байгаад сахилгагүйтсэн юм байлгүй, Сэлэнгийн Ерөө дэх хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх колони руу ачигдчихсан байсан. Нэг шөнө манайд давхиад ороод ирлээ. “Намайг яг нэг жил гал тогоонд ажиллуулаад суллана гэж амалчхаад хэлсэндээ хүрэхгүй болохоор нь оргочихлоо. Ах нь Завхан орох машинд дайгдаж явна” гэнэ. Би бушуухан хоол хийж өгөөд өөрийнхөө өвлийн гутал, хувцсыг сольж өмсүүлээд гаргасан. Ах Завханд очоод театрын дуучнаар ажилд орсон ч мөн л нэг жил болоод гарчихсан байсан” гэж түүний садангийн дүү С.Шаравдорж ярив. “Манай ах гэртээ их сайхан. Хошигнож хүн инээлгэсэн, хүүхдүүдтэйгээ тоглосон, хоол унд хийсэн тийм л нэг эгэл хүн байлаа. Нисэгчид ахтай их үерхэнэ. Тэнгэрт гарч дуулах уу гээд л бүхээгтээ суулган өглөө нисээд орой нь хүргээд ирнэ. Би ахынхаа буянаар Оросоос зуныхаа амралтаар ирж Завхан руу харихдаа нисэгчийн бүхээгт “туулайдчихдаг” байлаа”.
***
УАДБЧ-ын 40 жилийн ойд зориулсан концерт 1990 онд болж, тэнд П.Адарсүрэн хүү А.Амартайвантайгаа нэгэн тайзан дээр гарсан юм. “Би УАДБЧ-ын бүжигчнээр таван жил ажилласан хүн. Тэр концертод аав урилгаар ирж дуулсан. Би Чингисийн есөн өрлөгийн нэг Боорчид бүжиглэж ороод тайзны араас агуу их Пэлжээгийн Адарсүрэн чуулгынхаа тайзнаа яаж дахиулдаг, хүмүүс яаж алга ташдаг тэр домог шиг явдлыг өөрийн нүдээр харан нулимс дуслуулан зогсож байлаа. Найруулагч яаж ч зохицуулж удирдах боломжгүй маш их нүргээн үүсгэчихдэг юм билээ. Би өөрөө жүжигчин хүн үзэгчдийг мэдэлгүй л яах вэ, гэхдээ тэгдэг чинээ төсөөлөөгүй. Тэр тоглолтоос хойш нэг их удалгүй би гадаадад амьдрахаар удаан хугацаагаар явсан бөгөөд 1998 оны намар эргэж ирсэн”.
1991 оны хавар Монголоос П.Адарсүрэн, ОХУ-ын Буриадаас ЗХУ-ын Ардын жүжигчин Дугар Дашиев, БНХАУ-ын Өвөр Монголоос алдарт дуучин М.Лхасүрэн гэж гурван их хүн хамтран гурван улсад аялан тоглохоор болов. “Адараа маань чуулгын ятгачдаас намайг, тэгээд нэг шанзчин аваад тоглолтдоо гарсан. Улаан-Үүдэд буусан орой Дугар Дашиев Адарсүрэнг маань хүндэтгэн биднийг гэртээ оройн зоогонд урьлаа. Өөрөө яг Адараагийн хажууд суучхаад хамтдаа үүр цайтал дуулж билээ. Бид Буриадын хотууд, томоохон суурингуудаар хөндлөн гулд бүтэн нэг сар аялан тоглохоор Улаан-Үүдээс хөдлөхөд бүх тасалбар нь дуусчихсаныг дуулгаж байсан. Энэ тоглолтын хаалт Улаан-Үүдийн концертын их танхимд болоход буриадууд Адарааг минь яаж бишрэн шүтэж байгааг хараад энэ их дуучнаа Монгол орон ядаж Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнасан ч болоосой гэж харуусан бахардаж байлаа. Тоглолтын дараа үзэгчид Адараад цагаан хадагтай ирж золгоод л. Энэ аялан тоглолтын дараагийн улс Өвөр Монгол байсан ч буриад жүжигчдийн виз гаралгүй хоног хугацаа алдсанаар түр хойшлуулсан ч тэгсгээд замхарсан нь тун харамсалтай. Өвөр Монголоос М.Лхасүрэн Адарсүрэнг хүрээд ирээч гэж дуудуулсан ч Дугар Дашиевын хамтлагийг хүлээзнээд байсан уу, ганцаараа яваагүй юмдаг. Хэрэв Адараа Өвөр Монголд тоглосон бол түүний дууг эчнээ бишрэгч өвөрмонголчуудын хайр хүндэтгэлийг хүлээх байсан нь гарцаагүй” хэмээн УАДБЧ-ын ятгачин Д.Янжинлхам өгүүлэв.
Агуу их П.Адарсүрэнгээс харамлаж харамлаж, хүлээлгэж хүлээлгэж төр одонгоороо шагнахдаа СТА цолгүй хүнд шууд гавьяат өгдөггүй журмыг учирлан, бантаад ч гэх үү нэг өдөр хоёр өөр зарлигаар хоёр Алтангадас хэдхэн цагийн зайтай энгэрт нь зүүсэн эмгэнэлтэй ч гэмээр, инээдтэй ч гэмээр явдал 1992 онд болсон түүхтэй. Түүнээс насаар дүү ч насан эцэс болтол үнэнчээр нөхөрлөсөн соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч, сэтгүүлч Ц.Чимиддорж нэгэнтээ өөрийн шүтээн Адараа ахаан дурсаж энэ хоёр Алтангадасын талаар өгүүлэхдээ “Холоос харвал эмээлийн баавар зэрэгцүүлээд зүүчихсэн мэт, бүр холоос Алдарт эхийн 1,2-р одон эгнүүлээд зүүчихсэн яваа ч юм шиг харагдаж билээ” хэмээн нулимстай хошигножээ.
П.Адарсүрэн удаан хугацаанд завсарласны эцэст 1992 оноос эхлэн хөдөөгүүр ганцаарчилсан аялан тоглолт хийх болов. Улс орон даяар шилжилт дөнгөж эхэлж байх үе билээ. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн тарчиг хүнд цагт ч гэлээ Адараагаа санасан ард түмэн түүнийг хоосон буцааж байсангүй. Амьдрал дөнгөн данган залгах төдий орлогоор П.Адарсүрэн тоглож, мөн хэд хэдэн дуу зохиож урын сангаа шинэчилж байлаа. Ийм амь зуулгаар удаан үргэлжилсэнгүй. Нэг л мэдэхэд түүнд явах газар бүхэн хол мэт, хийж бүтээх хүсэл байвч хүч үл хүрэхийн хяслантай тулсан байлаа. Түүний 1995 онд 53 насандаа бичсэн “Ажиггүй идэрхэн нас” шүлэгт хожим хамгийн олон хүн ая зохиож, олон хувилбар бүхий дуу болсон юм. П.Адарсүрэнгийн мэндэлсний 70 насны ойд зориулсан “Мөрөөдлийн дуу” концертод морин хуурч Х. Алтантугийн зохиосон аялгуугаар залуу дуучин Өлзийбаяр дуулсан байна.
“Нар тогоруу хоёрыг
Намартаа буцахыг мэдсэнгүй
Нас тоорой хоёрыг
Өтлөнө чинээ бодсонгүй
Хэнэггүй идэр нас минь
Хэзээ ч эргэж заяахгүй
Цахиур бумбан толгодыг
Хяруунд царцахыг ажаагүй
Цагийн аясаар өтлөхийг
Энэхэн насандаа санаагүй
Даанч идэрхэн нас минь
Дахиад надад заяахгүй
Хоргой торгон эмжээрийг
Сэмрэхийг ердөө мэдээгүй
Хонгор талынхаа хөрсөн дээр
Чангахан ойчсоноо тоогоогүй
Ажиггүй идэрхэн нас минь
Ахиад надад заяахгүй”.
УИХ-ын 1996 оны сонгуульд Завхан аймагт нэр дэвшигчид “Танд бид гавьяатын чинь цол тэмдгийг намар гэхэд аваад өгчихнө. Манай нутгийн, манай намын Ерөнхийлөгч П.Очирбат байхад Адараадаа өгдөггүй юм бол өөр хэндээ гэж” хэмээн амалж, П.Адарсүрэнг сумдаар дагуулан үнэ хөлсгүй дуулуулж байлаа. Гавьяатын тухай бодлоо бүрмөсөн гээгээд 16 жил өнгөрсний хойно дахин итгэл төрүүлж, тэгээд тохуутай гэгч мартсанд П.Адарсүрэн маш их гомдож, ард түмнээсээ хүртсэн Ар халхын алдарт дуучин гэх итгэл сэтгэлд нь эдгэшгүй шарх үлдээжээ. Тэрбээр амьдралынхаа сүүлийн нэг жилийг хөл ихтэй автобусны буудлууд, зах зээлийн газруудаар хэрэн бэдэж, олонтойгоо ч юм шиг, орь ганцаар ч юм шиг, гэхдээ л дуугаа дуулсаар өнгөрүүлсэн билээ. Алтангадас авахдаа шинэхэн өмссөн улаан хүрэн дээл нь онгож гандаад, дуулаад өгөөч гэж хүссэн хүмүүст мэхийн ёслоод их Адарсүрэн дуулан хайлан зогсдог болсон. Хэн нэгэн өмнө нь хаанаас ч юм хүүдий олж ирж тавина. Даарч яваа хүн таарвал хурган дотортой дээл бэлэглэж, өлсөж яваа нэгэнд хөргөгчнөөсөө хүнс өгөөд явуулдаг байсан нь худлаа мэт. Тэр одоо тарчигт дийлджээ.
1998 оны аравдугаар сарын 19-ний орой зурагтын хөтөлбөрийн дундуур нэгэн эмгэнэл цацагдсан нь Ар халхын алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн таалал төгссөнийх байлаа. А.Амартайван гаднаас орж ирэхэд хадмууд нь нэг л дөлөөд ч байх шиг, хувхай цайчихсан эхнэр нь “Аав чинь өнгөрчихөж” хэмээн түүнд ам нээжээ. “Би шууд эргэж гараад ээж дээрээ очсон. Ээж, ээжийн том дүү Батхүү ахтайгаа аавынд яваад орлоо. Аавын цогцосыг нүүрсний амбаартаа гаргачихсан байсан. Үгээр эвлүүлж хэлэх аргагүй харууссан даа. Аавыг хамар хашааны нь хүнээс хоёр өдөр их өвдөж байгаа бололтой сонссон хүний зүрх шархиртал ёолсныг дуулаад байж суух газар ч олдоогүй. Аавыгаа оршоох нүхийг ухаж байхдаа их хадтай газар таарсанд би өөрийнхөө биеийг ингэж зовоогоод ч бол харуусал, шаналангаа дундлах учир юм шиг санагдсан. Тэгээд газрыг нь ухаж дуусах хүртэлх бүхий л хугацаанд аавдаа хэлмээр байсан бүх сэтгэлээ шивнэсэн”.
Хөдөөлүүлэх ёслолыг нас барснаас гурав хоногийн дотор хийх “алтан сав”-ны тайлал гарсан бөгөөд салах ёс гүйцэтгэхээр газарт нь 22 хүн явав. Нарангийн энгэрт П.Адарсүрэнгийн анд нөхдөөс сэтгүүлч, яруу найрагч Ц.Чимиддорж, шавь С.Баянмандах, үргэлж хамгаалж явахыг хичээн дагаад л хамт явдаг байсан Ганбат, Цэрэнсанги, дуучин С.Цэрэнчимид, УАДБЧ-ын дарга А.Цэдэн-Иш иржээ. "Тэр өдрийн тэнгэр цав цагаан болчихсон".
“Чимиддорж ах Адараагаа хөдөөлүүлээд ирлээ. Нөгөө урлагийнхан, нөгөө олон түмнээс чинь байсангүй” гээд маш их гунигтай сууж байж билээ" хэмээн соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч М.Эрдэнэбат дурслаа. Үүнээс хоёр сарын дараа “Болор цом” яруу найргийн наадам зохиогдоход Ц.Чимиддорж “Монгол Улс Адараагүй болов” шүлгээрээ тэргүүн байрыг эзэлсэн билээ.
Монгол Улс Адараагүй болов
Мориноосоо бууж, нэг нэг чулуу авав
Авсан чулуугаа овоонд нэмэв
Аваагүй чулуугаар өөрийгөө шидэв.
Цахиур хулан уяан дээр ирэв
Цавчсан газраас нь нулимс гарав
Ардын минь дуу дагаж мэлмэрэв
Алтай Хангай дайваж хэлтрэв.
Номхон морин өөрийгөө булгив
Ноход шуугиж, сар хиртэв
Үлэг гүрвэл галаваа юүлэв
Үнэг үнэг гавраа хуурав.
Тэнгэр туйлж, үүлээ гүвэв
Тэмээн дээрээс наран холдов
Намрын шувууд орилолдон буцав
Навч цэцэг нь харилалдан буцав.
“Хярын зусаа” нь хярж хонов
Хэдэн муу ятга нь хээр хонов.
Адарааг дуулж, туйлж явахад нь
Адарч, задарч явахад нь
Чүдэнзний мод шиг юмнуудын дэргэд
Чүдэнзний толгой шиг асч явахад нь
Араатны хаан гөлөг байв
Аргаль угалз төлөг байв
Алт гэдэг нь гууль байв
Архи гэдэг нь ус байв.
Уух амархан
Шартах хэцүү
Уургын морин
Хөлгүй хөөрхий.
Шартах амархан
Тайлах хэцүү
Шатрын морин
Хэлгүй хөөрхий.
Согтуу мөртлөө эрүүл явлаа
Соёолонгийн тоостой босоо явлаа
Шөнийн одноос хол явлаа
Өдрийн одонд ойрхон явлаа.
Орчлонд “нэг юм” байдаг аа
Нэг нь Адараа
Орчлонгоос олон юм хайдаг аа
Нэг нь Адараа.
Адраагүй алдар алдар биш гэнэ
Адараагүй найр найр биш гэнэ
Бүргэд дээгүүр минь хальж хэлэв
Бөрт чоно ульж хэлэв
Өвс өвсөө илж хэлэв
Өргөс өргөсөө хатгаж хэлэв.
Нэг нэгнээсээ эрж олсон Адараа
Нэг нэгнээсээ харамлаж байсан Адараа
Үсэндээ ч хяруугүй
Үгэндээ ч харуугүй
Монгол улсынхаа шарыг тайлчихаад л
Монхойтол яваад өглөө дөө, хөөрхий. . .
Орчлонгоос яваад өгөхөөр нь
Орхиод, бүр яваад өгөхөөр нь
Аяндаа мэнд гэж дуулчихаад л
Алдар нэхэлгүй яваад өгөхөөр нь
Гудамжны гөлөг арслан болов
Гувшаа хурга угалз болов
Ус гэдэг нь арз болов.
Дуул дуул гэнэ
Адараа дуулахгүй нь яахав?
Дундуур орхисон архий нь
Ууж чадахгүй нь яахав ээ! 1998.12.08
“Троллейбусанд согтуу явахад нь тааралдсанаас яг нэг жилийн дараа Адарсүрэн маань өнгөрсөн юм. “Ингэж амьдрах гэж, ингэж дуусах гэж чи надаас явсан гэж үү” гэх харууслаар би түүнийгээ гундуухан үджээ. Адараа байхгүй болоод 25 жил өнгөрч байна. Одоо би 75 настай. Энэ бүхнийг эргэн дурсахад элэг зүрхний минь эмтэрсэн хэсэг эдгэрч байна. Хүн болгон чин сэтгэлээсээ хайрлаж байгаа хүнтэй хамт амьдрах амаргүй байсан. Ард түмний тэр их хайр Адараад туулъя гэж хүсэшгүй адармаатай тавилан оноосон. Түүнд минь буруутсан, ухаан дутсан хэсэг байгаа бол Адараа, Ганаа хоёрын хувь тавилан тийм байж. Би Адараагаа анх гайхан биширсэн, хайрлаж дурласан, агуу их авьяас билэгт хүний гэргий болж амьдарсандаа, таван хүүхдийг нь төрүүлж энэ хорвоог үргэлжлүүлсэндээ баярлаж байна. “Цээжинд ассан гал нь царцаж бүүдгэр хөх мөнхийн дөл болчихсон...Аавыгаа бодохуйд төрсөн бодол минь уу зээ”... гэж хүү чинь бичсэн байна лээ, Адараа минь”.