UBLife Logo
Технологи

Microsoft Word аудио яриаг текст рүү хөрвүүлдэг боллоо

Б.Саруул
Б.Саруул
Microsoft Word аудио яриаг текст рүү хөрвүүлдэг боллоо

Багшийн лекцийг сонсох зуураа тэмдэглэл хөтлөх шаардлага оюутнуудад байнга тулгардаг. Сэтгүүлч гэх мэт бичгийн ажилтай хүмүүс авсан ярилцлагаа текст рүү хөрвүүлэхийн тулд маш их цаг зарцуулдаг билээ. 

Тэгвэл бидний өдөр тутмын хэрэглээ болсон Microsoft 365 програм саяхан хийсэн шинэчлэлийнхээ хүрээнд аудио яриаг текст рүү хөрвүүлдэг функцтэй болжээ. Хэрэглэгч бичиж авсан аудиогоо Microsoft Word програм руу оруулж текст рүү хөрвүүлэх, эсвэл Microsoft Word програм дээр шууд яриагаа бичиж, хөрвүүлэх боломжтой юм байна. Шинэ функц нь харилцан ярианы үед өөр өөр хүмүүсийн хоолойг ялган таниж, хөрвүүлэх чадвартай аж. Мөн хөрвүүлэгт алдаа гарсан бол хэрэглэгч өөрөө давхар хянаж, засаж болох гэнэ. 

Одоогоор Transcribe функцыг зөвхөн Microsoft 365 програмын бүртгэлтэй хэрэглэгчид (subscriber) вэб хувилбар дээр ашиглах боломжтой байгаа аж.

Мөн хэрэглэгч бичиж авсан аудиогоо Microsoft Word програм руу оруулах (upload) бол сард нийтдээ 5 цагаас илүүгүй, бичлэг тус бүр нь 200 MB-аас ихгүй хэмжээтэй байхаар хязгаарлажээ. Харин шууд яриаг бичиж, хөрвүүлэх бол ямар нэгэн хязгаар байхгүй гэжээ. 

Майкрософт компаниас мэдээлснээр, аудио яриаг текст рүү хөрвүүлдэг шинэ функц энэ оны эцэс гэхэд гар утасны хувилбарт нэмэгдэх юм байна. Түүнчлэн англиас өөр хэлийг таньдаг болгохоор хөгжүүлж байна гэсэн юм. 

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны тусламжтайгаар хөрвүүлгийг илүү хурдан, хялбар хийх болж, Transcribe функцтэй төстэй хэд хэдэн бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтрээд байна. Тухайлбал,  Apple болон Google-ийн дуу хоолойг текст рүү хөрвүүлдэг функц, Otter.ai зэргийг дурдаж болно. Google-ийн өнгөрсөн жил гаргасан Recorder аппликэйшн нь бичлэг хийж, тэдгээрийг текст рүү хөрвүүлдэг боловч өөр өөр дуу хоолойг ялгаж таньдаггүй. Гэхдээ үнэ төлбөргүй татан авч хэрэглэх боломжтой гэдгээрээ онцлог юм.

Эх сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.