UBLife Logo
Миллениал

Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС

Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусадтай адилхан ажиллаж, хөдөлмөрлөх, сурч боловсрох бүрэн бололцоотой. Гэвч байгууллагууд, хүмүүс тэдэнтэй ямар байдлаар хамтран ажиллах, хэрхэн туслах, эсвэл энэ бүхнийг бие даан хийхэд ямар тохируулга үйлчилгээ тэдэнд хэрэгтэйг мэдэрч, ойлгодоггүй. Бид "Миллениалуудын ажлын орчин" булангийнхаа ээлжит дугаарт ээлтэй ажлын орчны тохируулга үйлчилгээг нэвтрүүлж, хэвшүүлэхээр ажиллаж байгаа МУИС-ийн Номын сангийн ярьдаг, сонсдог уншлагын танхимыг онцоллоо. 

МУИС-д өнөө жил хөгжлийн бэрхшээлтэй 109 оюутан суралцаж байна. Тэд энэхүү ярьдаг, сонсдог танхимаас нэмэлт дэмжлэг, үйлчилгээ авдаг юм. Өнөө жилээс үйл ажиллагаагаа эхлүүлээд буй тус танхимаар өдөрт арваад оюутан үйлчлүүлдэг аж. 

Сургуулийнхаа ээлтэй, хүртээмжтэй энэхүү үйлчилгээний талаар МУИС-ийн Оюутны хөгжлийн төвийн оюутан төгсөгчийн хэлтсийн мэргэжилтэн Б.Оюунтөгс танилцуулна. Тэрбээр АНУ-д "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхөн сэргээлтийн зөвлөх" мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан ба энэ төрлийн үйлчилгээний төвд дадлага хийж байсан туршлагатай юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй, тэгш хүртээмжтэй нийгэм бий болгохыг уриалсан “Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд дараах нийтлэлийг бэлтгэв.


Ажлын хэв маяг:

Би МУИС-д суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад ээлтэй сургалтын орчныг бүрдүүлэхээр тохируулга үйлчилгээ нэвтрүүлж, хэвшүүлэх ажилд зөвлөх үйлчилгээний ажилтан. Тохируулга үйлчилгээ гэдэг нь суралцах үйл явцыг хүртээмжтэй болгох үүднээс оюутныг хичээлд оролцох болон шалгалт өгөхөд онцлог хэрэгцээнд нь тулгуурлан үзүүлэх дэмжлэг үйлчилгээ юм. Сургалтын орчин хүртээмжгүй байгаагаас улбаалж тодорхойлох тохируулга бас байдаг. Өөрөөр хэлбэл, оюутны суралцаж байгаа орчинтой нь холбоотойгоор тохируулга хийх шаардлага гардаг гэсэн үг.

Хөгжлийн бэрхшээлтэй оюутантай ганцаарчилсан ярилцлага хийгээд хичээл, шалгалтад нь шаардлагатай тохируулгуудыг тодорхойлж, кэйсийг нь бичээд өөр нэг мэргэжилтэн рүү явуулдаг. Тэрхүү мэргэжилтэн маань миний хуваалцсан мэдээллээс зөвхөн тохируулгын мэдээллийг нь тухайн хичээлийнх нь багш руу илгээж, оюутны хичээлийн тохируулгыг тодорхойлон, хэрэгжүүлж байна. 

Ний нуугүй хэлэхэд, бид нар зарим тохируулгыг хэрэглүүлж чадахгүй байгаа. Хөрвүүлэлт хийх мэргэжилтнийг сургалтаар бэлдэж амжаагүй байгаа учраас сурах бичиг, шалгалтын материал, хариултын хуудсыг оюутан болгоны онцлогт тохируулаад хүртээмжтэй формат руу хөрвүүлэх ажлыг цаг тухайд нь шийдэж чаддаггүй. Саяхнаас МУИС бүх сурах бичгийг цахим хэлбэрт хөрвүүлэх ажлыг эхлүүлсэн. Үүнийг ажил хэрэг болсны дараагаас бид оюутан бүрийн онцлог хэрэгцээнд тохируулан хүртээмжтэй цахим болгохоор хөрвүүлэлтийн ажлыг хийх учиртай юм. 

Танай хамт олныг (ажлын цагаар) жаргалтай болгодог зүйл:

Оюутнуудын хэрэгтэй тохируулгыг нь тодорхойлон, кэйс бичиж явуулах нь ажлын маань эхний үр дүн учир бидний жаргалтай мөч үүнээс хамаарна. Зөвлөхөөр ажиллаж байгаа гэсэн хэр нь оюутнуудтайгаа ярилцаж чадахгүй, тохируулгаа тодорхойлуулах оюутан зорьж ирэхгүй, ямар оюутан хаана явааг ч мэдэхгүй байвал хэцүү.

Хоёрт, оюутан маань тохируулгуудаа хэрэглэдэг, шалгалтаа уртасгасан цагаар өгдөг, сурах бичгээ хөрвүүлээд авчихдаг болоод мөн цахим платформоор харилцахад тулгарах асуудалгүй болчихвол ажил хийхэд илүү урамтай болно. 

Боловсролын салбарт ажиллахын онцлог:

Монголын дээд боловсролын түвшинд тэгш хамруулах сургалтын орчныг бүрдүүлэх тохируулга үйлчилгээг мэргэжлийн байдлаар тогтмол хэвшүүлэх хэрэгцээ байна. Үүний тулд, багш нар нь ч уг үйл явцыг ойлгодог байх, оюутанд дэмжлэг үйлчилгээ үзүүлэх төв, хөрвүүлэлт хийх мэргэжилтэн бэлдэх, цахим платформыг хөгжүүлэх зэрэг ажлууд дутмаг байдаг. Энэ санаачилга бодит ажил болбол сая дурдсан систем тогтмол ажиллах, оюутанд ч урамтайгаар суралцах нөхцөл бүрдэнэ. Үүнийг үндэсний хэмжээнд МУИС анхлан хэрэгжүүлж байгаад харин их баяртай байна. 

Ажлын орчноосоо онцлох “ээлтэй” хэрэгсэл, эд зүйлс:

Олон бий шүү. Хөдөлгөөний саажилттай оюутнууд удаан хугацаагаар юм шивэхэд хөндүүр зовуурь мэдэрдэг билээ. Тийм учраас зориулалтын эргономик хулгана, гарыг энэхүү танхимд байрлуулсан. 

Харааны бэрхшээлтэй хүүхдүүд багаасаа брайл үсгийг хэрэглэж даддаг учир зургаан цэгээр хурдан шивдэг. Тиймээс бид дагалдах программыг нь суулгаад брайл гарыг компьютерууддаа холбож бэлдсэн. 

Дараагийн онцлох зүйл бол ухаалаг үзэг. Текстийг олон дахин уншиж ойлгодог, хурдан мартчихдаг, анхаарал нь их сарнидаг төрлийн бэрхшээлүүд байдаг. Энэ төрлийн бэрхшээлтэй хүмүүст зориулаад хоёр ширхэг ухаалаг үзгийг номын сандаа байрлуулсан. Тухайн үзгээр зөвхөн зориулалтын кодтой дэвтэрт л бичдэг. Бичиж, зурах аль ч байдлаар хамаагүй өөрт ойлгомжтойгоор тэмдэглэхэд түүнийг нь ухаалаг үзэг аудио хэлбэр рүү хөрвүүлэхийн сацуу ярьсан зүйлсийг нь ч микрофоноор давхар хураан авдаг. Үзгээ компьютертой холбоод өөрийнхөө тэмдэглэгээг харах боломжтой. 

Мөн бидэнд арван ширхэг дуут бичлэг хийх зориулалттай, 190 цагийн бичлэг хадгалах багтаамжтай үзэг бий. Харагдах байдлаараа энгийн бал шиг авч дээд хэсэгт нь байх товчийг дарснаар бичлэг хийх, бичлэгээ зогсоох боломжтой. Цэнэглэж, чихэвч залгаад бичсэнээ сонсож болно. 

Танай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй ажилчдад хэрхэн ээлтэй орчныг бүрдүүлэн ажилладаг туршлагаасаа хуваалцвал:

Би 90 хувийн харааны алдагдалтай. Ирэх жилээс зайнаас болоод оффисын гэсэн хосолмол байдлаар ажиллана. Автобусны буудалтай ойрхон болохоор шууд налуу шатаар өгсөн, ажилдаа орж ирэх боломжтой учир надад ч, оюутнуудад маань ч ээлтэй гэж үзээд МУИС-ийн Номын сангийн ярьдаг, сонсдог танхимд сууж ажиллахаар сонгосон.

Хоёрдугаарт, харааны бэрхшээлтэй оюутнуудад зориулан энэ танхимын бүх компьютеруудад ярьдаг программ суулгасан байгаа. Цаасан материалтай ажиллах шаардлага гарвал хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад номын сангийн үйлчилгээгээр тусалж байгаа Энхтуяа номын санчаас туслалцаа авах боломжтой. Ингэхээр миний хувьд, ээлтэй ажлын орчин бүрдсэн.  

Та бүхэн цаашид ажлын орчныхоо "ээлтэй" байдлыг хэрхэн нэмэгдүүлэхээр зорьж байна вэ?

Одоогоор сургуулийн нийт хүртээмжтэй орчин хангалттай биш байна. Нэг л хичээлийн байр налуу шаттай, хичээлийн бусад байрууд болон оюутны дотуур байранд налуу шат алга. Тиймээс бид стандартын налуу шатны тоог нэмэгдүүлэхээр сургуулийн удирдлагад хүсэлтээ хүргүүлсэн. Мөн багш нартай хамтарч ажиллах, мэдлэг, ойлголтыг нь дээшлүүлэх байдлаар материаллаг зүйлсэд баригдахгүйгээр бодит ажил болгож явах боломжтой үйл ажиллагаануудын хэрэгжилтийг сайжруулахад нэн тэргүүнд анхаарч байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.