Байнга суралцан өсөн хөгжих боломжтой ажлын байр, өөрийнхөөрөө байх чөлөөтэй уур амьсгал, утга учиртай, хэрэгтэй ажил хийж буйн бахархалт мэдрэмж... Энэ бол миллениал үеийн залуусын ажлын чин хандлага, хүсэл сонирхол. “Миллениалуудын ажлын орчин” булангийн энэ удаагийн дугаараар бид яг л дээрх ажлын орчныг бүрдүүлэн, жендэрийн тэнцвэртэй мэдээлэн олон ургалч байр суурийг хүргэх "Тэнцвэр" санаачилгыг хэрэгжүүлэн, эмэгтэй эх сурвалжийн дата санг редакцаараа хөгжүүлэн салбарынханд үлгэр дуурайл үзүүлж буй GoGo.mn сайтын залуусын ажлын орчинтой танилцлаа.
Таны өдөр тутам унших дуртай, нэг нээмэгц л Монголын төдийгүй дэлхийн чухал үйл явдлуудыг алгандаа дэлгэсэн мэт тольдон харж болох GoGo.mn сайтын ерөнхий редактор, хүн бүрийн таньдаг сэтгүүлч биш хүнд хэрэгтэй сэтгүүлч байх даруухан боловч хүчирхэг хүсэлтэй сэтгүүлч, ажлын гараагаа сэтгүүлчээр эхэлсэн ч зураглаач, спортын сэтгүүлч, маркетингийн мэргэжилтэн зэргээр өөрийгөө сорин ажлын байраа өөрийн хүсэл сонирхолтой уялдуулан ажиллаж буй мэргэжилтэн залуу ажлын нэг өдөр, хэв маяг, дотоод ертөнцөө бидэнтэй хуваалцсан юм.
GoGo.mn сайтын сэтгүүлч Г.Тэгшсүрэн: Би хүн бүрийн таньдаг сэтгүүлч биш хүнд хэрэгтэй сэтгүүлч байхыг хүсдэг
НАС: 23
АЖЛЫН ХЭВ МАЯГ: Өглөөдөө өглөөний хуралдаа оролцон, өдөр тутмын мэдээ, сэдвийн сурвалжилга, долоо хоногийн ээлж зэрэг ажил үүргээ хуваарилан аваад ажилдаа ордог. Өнөөдрийн хувьд дотоод ээлжтэй учраас оффистоо өнжиж байна даа
БАЙГУУЛЛАГЫН СОЁЛООС ХАМГИЙН ИХ ТААЛАГДДАГ ЗҮЙЛ: Хамт олны уур амьсгал хамгийн гоё. Бид нэгэндээ шууд тушаах бус зөвлөж, санал солилцож ажилладаг.
ТАНЫГ (АЖЛЫН ЦАГААР) АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ЗҮЙЛ: Цайны цагаараа гитар тоглох дуртай. Цар тахлын үед гэрээсээ ажилладаг байхдаа бие дааж сурсан . Одоо өөрийнхөө хамгийн дуртай “Хайр минь билээ чи” дууг тоглож үзүүлье (хэхэ).
МЕДИА САЛБАРТ АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ: Хаана ч орж, хаана ч явж байж болох нь сэтгүүлч мэргэжлийн сайхан нь. Өнөөдөр төрийн ордонд, маргааш Баянхошуунд, нөгөөдөр нь хөдөө аймгуудаар ч явж байх жишээтэй. Би хүн бүрийн таньдаг сэтгүүлч биш хүнд хэрэгтэй сэтгүүлч байхыг хүсдэг. Тэр хүслээрээ “Гутал” цувралыг эхлүүлсэн. Сэтгүүлч учраас гоё байх гэж хичээх бус бараг сэтгүүлч гэдгээ нуугаад "иргэн" гэх байр сууринаас асуудалд хандаж, олж харж, оролцож, мэдээлэхийг хүсдэг.
АЖЛЫН НЭГ ӨДРИЙН ЧӨЛӨӨ ӨГВӨЛ ЮУ ХИЙХ ВЭ: Ойрхон вагоноор явж болдог газар руу ганцаараа аялалд явмаар байна
ӨДӨРТ ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ ГУРВАН ЗҮЙЛ: Диктафон, нэрийн тэмдэг, утас
ТА ХЭРХЭН ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖИЛЛАДАГ ВЭ: Өнгөрсөн жил манайх редакцаараа "Мэдрэмжтэй мэдээлье"-ийн редакц чадавхжуулах, менторшип хөтөлбөрт хамрагдсан юм. Өмнө нь хэвлэлийн хуралд очихдоо гурвын гурван эрэгтэй хүнээс яриа авчихдаг байсан бол одоо хэдий урд зогсож байгаа манлайллын түвшин дэх хүмүүс эрэгтэй байлаа ч тэнд байгаа өөр бусад эмэгтэй эх сурвалжаас яриа авъя гэж өөрөө санаачилдаг болсон шүү. Бид менторшип хөтөлбөрийн хүрээнд GoGo.mn сайтын контентод мониторинг явуулахад эх сурвалжийн 20-30 хувийг л эмэгтэйчүүд бүрдүүлж байсан бол одоо 60:40 харьцаанд хүргэхээр зорин ажиллаж байна.
Дан ганц жендэрийн тэнцвэртэй байдлаас гадна бүхий л олон талт эх сурвалжийг мэдээ нийтлэлдээ хамруулах нь чухал. Албан эх сурвалж л бол хүнд хэрэгтэй гэж боддог байсан бол үр дагавар хүртэгчээс яриа авч, эх сурвалж болгох нь хэчнээн чухал болоход анхаарч байна. Шахмал түлшний тухай хэлэлцүүлэг боллоо гэхэд албан эх сурвалжуудаас гадна түүнийг хэрэглэгч хүний байр суурийг сонсох ёстой гэх мэт өдөр тутмын ажлууддаа мэдрэмжтэй ажиллахыг хичээдэг.
ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АПП: Guitar tune, Ub bus, Голомт банкны апп
ШИРЭЭН ДЭЭРЭЭСЭЭ НЭГ ГОЁ ЗҮЙЛ НЭРЛЭЭЧ: Тэмдэглэлт баяр, энгийн нэг өдөр, өвдөөд ороод ирэхэд ч юм уу, хүмүүсийн өгсөн жижигхэн үгс тэмдэглэл сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Ширээндээ ингэж хадгалаад, хааяа харах дуртай
GoGo.mn сайтын маркентингийн мэргэжилтэн А.Эрхэмбаяр: Өөр өөр ажил хийх нь сонирхолтой төдийгүй өөрийгөө сорих боломж өгдөг
НАС: 25
АЖЛЫН ХЭВ МАЯГ: Анх сургуулиа төгсөөд л Gogo-д сэтгүүлчээр орсон. Өнгөрсөн жил зураглаачаар хэсэг ажиллаж, одоо маркетингийн менежерээр ажиллаж байна. Өөрийн сонирхлоор болон давхар ажлын шаардлагаар баахан "үсэрчихсэн" (инээв). Өөр өөр ажил хийх нь сонирхолтой төдийгүй өөрийгөө сорих боломж өгдөг.
ӨДӨР ТУТАМ ХЭРХЭН БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛДЭГ ВЭ: Өглөөгүүр ажил их бүтээмжтэй байгаад үдээс хойш хэсэг нозоордог доо? Тийм болохоор чухал ажлуудаа цайны цагаас өмнө төлөвлөдөг. Байнга нэг юмаа хийхэд залхаж мэдэх учраас дундуур нь өөр өөр ажлууд хийж толгойгоо сэргээнэ. Одоо маркетингаар ажиллаж байгаа ч дундуур нь спортын мэдээ нийтлэлээ бэлтгэсээр байгаа. Хоббины ажил гэх үү дээ Мэдээ хийнгээ спортын тоглолтууд харчихдаг нь сонирхолтойн зэрэгцээ бүтээмж их нэмэгдүүлдэг шүү.
Аа бас цайны цагаараа теннис тоглоход толгой сэргээд л явчихна
БАЙГУУЛЛАГЫН СОЁЛООС ХАМГИЙН ИХ ТААЛАГДДАГ ЗҮЙЛ: Манай хамт олон их нийтэч. Дотор нь ороод аягүй амархан уусчихдаг. Бүгд нэгнээ дэмжиж харьцдаг нь хамгийн их таалагддаг. Таван жил ажиллахдаа ажил дээр муудалцсан хүмүүсийг нэг ч харж байгаагүй шүү.
ТАНЫГ (АЖЛЫН ЦАГААР) АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ЗҮЙЛ: Мэдээний хандалтаа харах. Маркетингаар ажиллаж эхэлсэн чинь мөнгө орж ирэх жаргалтай болгоод байгаа (инээв). Том тайлангийн ард гарах ч бас жаргалтай даа.
МЕДИА САЛБАРТ АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ: Өдөр тутмын, хамгийн хэрэгцээтэй мэдээ мэдээлэлтэй ойрхон ажиллаж, мэдээллийг хамгийн эхэнд авдаг нь хамгийн том онцлог. Сайтаа гүйлгээд нэг харахад л дэлхийн болон дотоодын чухал мэдээллүүдийг шууд авчихдаг.
ӨДӨРТ ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ ГУРВАН ЗҮЙЛ:
Утас - Хүмүүстэй байнга ярих шаардлага гардаг
Тамга - Гар дор үргэлж байх хэрэгтэй
Наалддаг цаас - Маркетингаар ажиллахад зайлшгүй санах жижиг том олон зүйл гарч ирээд, толгойнд багтахгүй болохоор нь ингэж тэмдэглэж дадаад байгаа.
АЖЛЫН НЭГ ӨДРИЙН ЧӨЛӨӨ ӨГВӨЛ ЮУ ХИЙХ ВЭ: Хүссэнээрээ унтана (инээв). Би хөлбөмбөг тоглох, бүх төрлийн спортыг үзэх дуртай (Liverpool-ийн фанат). Видео тоглоом тоглох, уран зөгнөлт кино үзэх дуртай. Бөгжний эзэн, Хоббитыг наснаасаа олон үзсэн байх шүү.
ТА ХЭРХЭН ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖИЛЛАДАГ ВЭ: Спортын мэдээ нийтлэлд л гэхэд эрэгтэй сагсан бөмбөгийг хүмүүс их үзэх дуртай гэж бодоод зөвхөн эрэгтэй баг тамирчдыг онцолж бичих хандлага түгээмэл. Манай сайт BBC-гийн “50:50 The Equality Project” /Тэгш байдал төсөл/ төсөлтэй түншлэн ажиллаж, мэдээ нийтлэл дэх эх сурвалжийн хүйсийн харьцааг 50:50 болгохоор зорьж байна. "Мэдрэмжтэй мэдээлье"-ийн эмэгтэй эх сурвалжийн дата сан бүрдүүлэх хакатоны үеэр үүсгэсэн дата мэдээллээ өдөр тутам баяжуулан ажилладаг. Би уг ажлыг хариуцан, долоо хоног бүр эх сурвалжийн бүртгэл хөтлөн, редакцдаа танилцуулж, хамт олноороо дутагдалтай эх сурвалжуудаа эрэл хайгуул хийн нэмэгдүүлдэг.
Ялангуяа мэдээллийн сайтын гэрэл зурган дээр байнга л эрэгтэй хүнийг чухалчлан гаргаад байвал "Чухал яриаг эрэгтэй хүн л өгдөг" гэх хэвшмэл ойлголт байсаар байна. Тиймээс мэргэжлийн хамт олон бид өөрсдөө анзаарч, үйлдэл хийж, улмаар нөлөөлж чадна
ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АПП: Premier League, Monpay, Youtube
ШИРЭЭН ДЭЭРЭЭСЭЭ НЭГ ГОЁ ЗҮЙЛ НЭРЛЭЭЧ: Нэрийн хуудасны сав. Хэрэгтэй үедээ нээхэд ойлгомжтойгоос гадна их олон найзтай ч юм шиг гоё санагдаад байдаг (инээв).
GoGo.mn сайтын ерөнхий редактор Р.Адъяасүрэн: Бид жендэрийн тэнцвэртэй мэдээлснээр нийгмийн түвшин дэх шийдвэрүүд ч зөв эзнээ олно
НАС: 36
АЖЛЫН ХЭВ МАЯГ: Өглөө бүр бид шуурхай хурал хийн үйл явдлуудаа хуваан ажилдаа орцгоодог. Би эхний ээлжид менежерийнхээ ажилд төвлөрөхийн зэрэгцээ сэтгүүлчдийнхээ ажил төлөвлөгөөг гаргахад хамтран ажилладаг. Төсөл хөтөлбөрүүд, компаниудын мэдээлэлд төвлөрөн ажиллах нь их. Мөн сайтынхаа дэргэдэх өсвөр насныханд зориулсан "Yolo" сайтын үйл ажиллагааг хянан ажилладаг.
ӨДӨР ТУТАМ ХЭРХЭН БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛДЭГ ВЭ: Ажлуудаа ойрын хугацааны, чухал шаардлагатай гэж эрэмбэлж ажиллахыг илүүд үздэг. Өдөр тутмын ажлууд шахуу учраас өдрийн 8 цаг дороо л өнгөрчихнө (инээв). Зарим тохиолдолд уулзалтаар хүн хүлээхэд нэг цаг дороо явчихдаг учраас тэр минут хугацаа бүрийг ашиглаж, аль болох хурдан гараасаа үр бүтээл гаргахыг хичээдэг дээ.
БАЙГУУЛЛАГЫН СОЁЛООС ХАМГИЙН ИХ ТААЛАГДДАГ ЗҮЙЛ: Их сургууль төгсөөд нэг их удалгүй GoGo-т ороод, одоо арваад жил өнгөрчээ. “Өвгөн хуурч” гэдэг шиг л “Эмгэн хуурч” болж байна даа (инээв). Манай байгууллагын хувьд олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг учраас олон төрлийн сонирхолтой мэргэжилтэй, өөр өөрийн онцлогтой хамт олонтой. Зураач, график дизайнер, видео графикч, маркетинг, IT, аниматор, эвент менежер, сэтгүүлч гэх мэт өөр өөр хүмүүс нэг дор ажилладаг учраас нэгнийхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, харилцан суралцаж ажилладаг нь маш гоё өвөрмөц соёлыг бүрдүүлдэг.
Компаний хувьд сар бүр спорт, чөлөөт цаг, урлаг соёлын арга хэмжээ зохиодог нь хүмүүсийг ойртуулдаг. Бид өдрийн хамгийн үр бүтээмжтэй цагийг ажил дээрээ өнгөрүүлж байгаа учир хамтын нөхөрлөл, найрсаг хамт олон их чухал.
ТАНЫГ (АЖЛЫН ЦАГААР) АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ЗҮЙЛ: Өглөө ирээд өчигдрийнхөө хандалтыг харахад өнгөрсөн долоо хоногийн дээд амжилтыг давсан байх нь хамгийн жаргалтай үе. Хадаас материал, булан мэдээнүүд сайн “явж”, хүмүүс тодруулга авахаар оффисын утас хангинах нь ч сайхан мэдрэмж төрүүлдэг. Олон зэрэгцээ явж байгаа ажлуудыг хурдан хугацаанд гараасаа гаргах гоё.
МЕДИА САЛБАРТ АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ: Өдөр бүр олон шинэ хүнтэй уулзаж, шинэ үйл явдлууд дунд өдрийг өнгөрөөдөг нь маш сонирхолтой. Монголд шинэ тутам болж буй олон янзын үйл явдлуудад манай редакц тулж ажилладаг учир нийгмийн чиг баримжааны хувьд мэдлэг мэдээлэлтэй болсон байдаг. Ямар ч сэдвээр хэнтэй ч ярилцах чадвартай гэх үү дээ. Товчоор бол завгүй, сонирхолтой, хүмүүст ашиг тустай гэнэ
ТА ХЭРХЭН ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖИЛЛАДАГ ВЭ: Ардчиллын үнэт зүйл нь ялгаатай байдлыг ижил тэгш хангах, олон талын байр суурийг гаргаж ирэх учраас бидэнд "Мэдрэмжтэй мэдээлье" менторшип хөтөлбөрт редакцаараа хамрагдах нь их үнэ цэнтэй байсан. Чи, би, эрэгтэй, эмэгтэй, ахмад, залуу гэх мэтээр зөвхөн хүйсээр зогсохгүй олон талын дуу хоолойг ижил тэнцүү гаргаж ирэх нь мэргэжлийн редакцын чухал зорилго. Бид жендэрийн тэнцвэртэй мэдээлснээр нийгмийн түвшин дэх шийдвэрүүд ч зөв эзнээ олох болно.
Хөшигний цаана дуу хоолойгоо илэрхийлж чадахгүй байгаа хүмүүсийн үзэл санааг гарган ирж, үүгээрээ дамжуулан нийгэмд болж буй үйл явдалд зөвөөр нөлөөлөхийн тулд бид "Тэнцвэр" санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн. Санаачилгын үр дүнд сэтгүүлч нар өдөр тутам жендэрийн мэдрэмжтэй ажиллахдаа анхаарч, урам зоригтой ажиллаж байна ("Тэнцвэр" санаачилгын талаар ЭНД дарж уншина уу)
АЖЛЫН НЭГ ӨДРИЙН ЧӨЛӨӨ ӨГВӨЛ ЮУ ХИЙХ ВЭ: Дулаахан нэг өдөр ганцаараа гараад өдрийн турш хотоор тайван алхаж зугаалмаар байна
ӨДӨРТ ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ ГУРВАН ЗҮЙЛ: Гар утас, үзэг, дэвтэр
ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АПП: Office, Facebook, Youtube
ШИРЭЭН ДЭЭРЭЭСЭЭ НЭГ ГОЁ ЗҮЙЛ НЭРЛЭЭЧ: Байнга байдаггүй ч ширээн дээр цэцэг байх гоё санагддаг. Хүүгийнхээ энэ тоглоомыг харах бас их хөөрхөн.