“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн санаачилгаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг таниулан сурталчлах зорилгоор “Редакцын буухиа” хамтарсан контентыг бүтээж байна. Та долоо хоног бүр хэвлэл мэдээллийн байгууллага хэрхэн ажилладаг, таны унших, үзэх, сонсох дуртай сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг талаарх контентыг хүлээн авна уу.
Мэдээ мэдээллээр шуурсан өнөөгийн цахим орчинд мэргэжлийн сэтгүүл зүйн даацтай, эх сурвалжтай, эрэн сурвалжлах чанартай бүтээлүүдээрээ ялгарч буй "Ergelt.mn" сайтын хамт олонтой уншигч таныг "Миллениалуудын ажлын орчин" булангийнхаа ээлжит дугаараараа уулзуулж байна.
Унших дуртай сайтын тань ард хичээнгүйлэн хөдөлмөрлөж, "гал асаан" ажиллаж байдаг сэтгүүлч, зураглаач, хамт олны ажлын ширээтэй танилцахын зэрэгцээ дуртай сэтгүүлчдийнхээ ажлаа хийх үеэрээ сонсох дуртай дууг ч сонирхоорой. (Төгсгөлд видео байгаа шүү )
Ergelt.mn сайтын Ерөнхий Эрхлэгч Э.Хүрэлбаатар: "Эргэлт"-ийн үнэ цэн бол мэргэжлийн сэтгүүл зүй
"Эргэлт"-ийн үнэ цэн, онцлог юу вэ?
Эргэлтийн үнэ цэн бол мэргэжлийн сэтгүүл зүй. Монголд өдөр тутмын үйл явдлын мэдээ мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 40,50 гаруй сайт бийгээс "Эргэлт" илүү “давуулж”, илүү судалгаатай, илүү уншууртай, даацтай мэдээлэхэд анхаарч ирсэн. Сэтгүүлч хүн хүмүүсийн араас хөөж ярилцлага өгөхийг бүдүүлгээр давшилдаг бус үнэн бодит баримт мэдээллийг л гаргаад тавьчихдаг байх хэрэгтэй. "Эргэлт" анх эхлэхдээ сэтгүүлч бүрээ салбар салбараар нь бэлтгэн бойжуулж, мэргэшүүлэхэд анхаарсан. Улс төрийн аналитик, эрэн сурвалжилга, нийгмийн мэдээ, эдийн засгийн гэмт хэрэг, олон улсын мэдээ, энтертайнмент мэдээллийн гэх мэт салбараар нь төрөлжүүлэн арван таваад сэтгүүлчийг бэлтгэж, "Эргэлт" эхэлсэн. Уламжлалт ба орчин үеийн сэтгүүл зүйн аль аль шинжийг нь агуулсан мэргэжлийн сэтгүүл зүй бол "Эргэлт". Одоо бол "Эргэлт" өөрөө үнэ цэн болжээ.
"Эргэлт"-ийн хамт олныг бүрдүүлэхдээ мэргэжлийн байхаас гадна ямар шаардлага тавьдаг вэ?
Сэтгүүлч хэн ч байсан ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, зүрх сэтгэлтэй "хүн" байх хэрэгтэй. Манай редакцын нэг хүн бүр сэтгүүл зүйд дурласан сэтгэлээрээ ажилладаг. Шаардсан шаардаагүй бүгд л бүтээл, мэдээ нийтлэлээ дуусгахаас нааш залхуураад больчихдоггүй. Баримтыг гаргаж тавих нь сэтгүүлчийн үүрэг боловч хувь хүний үнэ цэн рүү давшилсан, хөнжил рүү шагайсан "явуургүй" баримтыг ялгаж чаддаг хүнлэг сэтгэлтэй байх нь чухал. Х.Цэвлээ гуай “Сэтгүүлч байхаасаа өмнө хүн бай” гэж хэлснийг бид ямагт санадаг.
"Эргэлт"-ийн уншигчдыг та хэрхэн тодорхойлох вэ?
“Өнөөдөр” сонины “Хэн сэтгэж байна, түүнд зориулав” гэх уриа сэтгүүлчдийн чиг шүү дээ. Манай сайт уламжлалт хэв маягаараа бичвэрт суурилсан хэв маягтай ч мэдээ нийтлэлүүдийг маань унших уншигчдын тоо хангалттай хэмжээнд байна. Уншдаг, сэтгэдэг хүмүүс байна гэсэн үг. Урт бичвэр, сонин уншдаг хүн байхгүй болсон гэдэг ч бидний уншигчид байсаар байна. Үгээр хүний сэтгэлийг долгистол нь, уйлтал нь бичиж болдог шидтэй.
Ergelt.mn сайтын эрэн сурвалжлах, шуурхай мэдээний албаны дарга, сэтгүүлч Д.Чанцалдулам
Ажлын хэв маяг:
Өглөө бүр 9:00 минутад манай редакц бүрэлдэхүүнээрээ, зарим нь аль эрт хэдийн цугласан байдаг. 9:30 гээд өглөөний шуурхай хурлаа эхэлж, өчигдрийнхөө материалуудын сайн мууг хэлэлцэж, тухайн өдрийнхөө ажлыг төлөвлөдөг. Цаг үе, үйл явдлуудыг ярилцаж, дугаар удирдагчийг томилон, Ерөнхий Эрхлэгч чиглүүлгээ өгч дугаараа босгох нь хамгийн чухал ажил байдаг. Өөрийнхөө авсан ажлыг хувьдаа төлөвлөн ажиллаж эхэлдэг. Цаг үе, үйл явдлууд, тодруулгуудыг авч, сурвалжилгад явахаар бол шууд л хурлын дараа гарч явчхаад ирдэг.
Байгууллагын соёлоос хамгийн их таалагддаг зүйл:
Бид хамт олон гэхээс илүү гэр бүлсэг уур амьсгалтай учраас өглөө гэртээ орж ирж байгаа мэт халуун дулаан байдаг. Бүгд нөхөрсөг, зарчимч хүмүүс. Өглөөний хурлаар сайн материалыг уралдуулан урамшуулах, саар материалыг шүүн хэлэлцэж, алдаа дутагдлаа хэрхэн сайжруулах талаар Ерөнхий Эрхлэгч, хамт олноосоо сонсох нь бидний хамгийн гоё соёл.
Таныг (ажлын цагаар) жаргалтай болгодог зүйл:
Сайн сэдэв аваад тэрхүү эрлээ мухарлах хамгийн сайхан. Олон удаагийн эрэл хайгуул хийсний эцэст мэдээлэл авах эх сурвалжаа олчхоод зөвшөөрүүлэх бас догь мэдрэмж.
Та медиа салбарт хэрхэн ёс зүйтэй ажилладаг вэ:
Сэтгүүл зүйд дөрөв дэх жилдээ ажиллаж буй сэтгүүлчийн хувьд би сайн уран бүтээл бүтээхийн тулд "Эргэлт"-д байдаг. Намайг хамгийн сайн ойлгох, хурцлах, чиглүүлэх хүмүүс энд байдаг. Шууд л фэйсбүүкийн пост аваад мэдээ хийчихдэггүй, сошиал дээр бэлэн байгаа мэдээллийг мэдээ гэж нэрлэдэггүй. Баримтыг заавал тодруулж, эх сурвалжаа нягталж, тусламж хэрэгтэй бол нэгэндээ зөвлөж мэргэжлийн сэтгүүл зүйг бүтээж буй нь Эргэлтийн үнэ цэн.
Эргэлт эрэн сурвалжлах суурьтай. Тиймээс ч баримтаа заавал тулгах ёстой. Нэг эх сурвалжийн мэдээллийг хоёроос гурван эх сурвалж, албаныхнаас магадлан шалган баталгаажуулах нь чухал. Баталгаажуулаагүй мэдээлэлд сэтгүүлч хариуцлага хүлээнэ шүү дээ.
Ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ:
Зорьсон материал дээрээ “нэг сайхан” суухын тулд толгойгоо цэнэглэж, эрчээрээ тасралтгүй суучихдаг. Материал дээрээ сууж эхлэхийн өмнө сэтгэл зүйгээ бэлдэж, цагаа төлөвлөх хэрэгтэй. “Том” материалын хажуугаар өдөр тутмын сайт учраас мэдээ мэдээлэл байнга сайтад орсоор байдаг.
Ажлын нэг өдрийн чөлөө өгвөл юу хийх вэ:
Идшиндээ явна даа (инээв). Хотоос ойрхон байдаг гэртээ очиж номын сангаа эмхэлмээр байна.
Өдөрт хамгийн их ашигладаг гурван зүйл:
Гар утас, “Эргэлт” сэтгүүл, ширээний номууд
Материал бичихийнхээ өмнө заавал ямар нэг даацтай ном хардаг. “Будаа” идэхдээ бус уран бүтээлийн “онгодоо” оруулж буй хэрэг юм уу даа.
Яг одоо юун дээр ажиллаж байна:
Монголчуудад бичиг үсэг зааж өгч их үйлсийг бүтээсэн Өвөр Монголын эрдэмтний тухай материалыг сэтгүүлдээ зориулан бэлтгэж байна.
Ширээн дээрээсээ нэг гоё зүйл нэрлээч:
Найзын маань өгсөн эрүүл мэндийг бэлгэддэг чулуун зааныг ширээн дээрээ байлгах дуртай. Өглөө орж ирээд “Эрүүл байж байж л сайн уран бүтээлийг бүтээнэ” гэж захисныг нь санадаг.
Ergelt.mn сайтын зураглаач, эвлүүлэгч М.Бат-Эрдэнэ, Х.Цэвээн
Ажлын хэв маяг:
Өглөөний шуурхай хурлаас чиглэлээ аван үйл явдлуудын гэрэл зураг, “live” буюу шууд дамжуулалтуудад яван өдрөө эхлүүлдэг. “Эргэлт”-ээс гарч буй бүх зураг, дизайн, эвлүүлэг биднээр дамждаг. Ажлынхаа чиглэлээр бол зураглаач, зурагчин, сэтгүүлийн эх бэлтгэгч, графикч гээд л бүхий л ажлыг амжуулдаг.
Байгууллагын соёлоос хамгийн их таалагддаг зүйл:
Манай редакц байнгын олон цагаар ажилладаг учраас эрүүл мэндээ бодох үүднээс гадуур барагтай л хооллодоггүй. Хүнсний агуулахаасаа бэлтгэсэн материалаа аваад хүссэн үедээ хоолоо хийгээд идчихдэг.
Таныг (ажлын цагаар) жаргалтай болгодог зүйл:
Өөрт таалагддаг, хүндэлдэг хүнээсээ яриа аваад түүнийгээ эвлүүлж найруулах сайхан санагддаг. Гоё нэвтрүүлэг хийгээд хүмүүст хүрч, бага ч гэсэн нөлөө үзүүлж буйг харах дуртай.
Медиа салбарт зураглаачаар ажиллахын онцлог, давуу тал:
Медиа салбар зураглаач, эвлүүлэгчээс өндөр хурд, гүйцэтгэлийг шаарддаг. Тиймээс ч ажлыг их бага гэлтгүй анхааралтай, хянамгай, чанартай хийх шаардлагатай хариуцлагатай ажил. Редакцын чадварлаг сэтгүүлчид маань бидэнд чиглэл гарган ажилладаг учраас алдаа гаргахгүйд итгэдэг.
Ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ:
Өглөөнөөс орой хүртэлх ажлууд маш нарийн дэс дараатай байдаг.
Ширээн дээрээсээ нэг гоё зүйл нэрлээч:
Ажлын цагаараа гитар тоглож толгойгоо сэргээх дуртай.
Ажлын нэг өдрийн чөлөө өгвөл юу хийх вэ:
Ойрд ажил ихтэй учраас цаг гаргаж амжихгүй яваад байгаа учраас гэр бүлтэйгээ нэг бүтэн өдрийг өнгөрөөхийг хүсэж байна.
Өдөрт хамгийн их ашигладаг гурван зүйл:
Гар утас, компьютер, машин
Яг одоо юун дээр ажиллаж байна:
Сэтгүүл эхлэх гээд яг одоо сэтгүүлийнхээ материалуудтай танилцаад эхнээс нь загвараа гарган, өрөлтөө бодоод явж байна.
Нэвтрүүлэг, тоймчдын албаны дарга Б.Цогтбаяр Ажлын хэв маяг:
Эдийн засгийн гэмт хэрэг, улс төрийн талын эрэн сурвалжлах мэдээ материалыг тоймлон бэлтгэдэг учир ажлын цагийн 70 хувийг судалгаанд зарцуулдаг.
Байгууллагын соёлоос хамгийн их таалагддаг зүйл:
Нэгнээ хүндэтгэдэг, шаардлагатай үед орлож чаддаг найдвартай хамт олон.
Таныг (ажлын цагаар) жаргалтай болгодог зүйл:
Хамт олноороо чөлөө заваараа материалаа хэлэлцэж, хөнгөн байдлаар ажлаа дүгнэнгээ кофе уух.
Та медиа салбарт хэрхэн ёс зүйтэй ажилладаг вэ:
Маш товчоор бол ул суурьтай. Сэтгүүл зүйн салбарт орчин үед гарч буй томоохон дутагдал нь хэтэрхий шуурхай байх гээд баримт нотолгоо, үнэн бодит байхыг алдагдуулдаг. Тиймээс бид хэт нэг талыг баримтлахаас зайлсхийж, үнэн бодит, баримттай мэдээллийг хүргэдэг гойд анхааран ажиллаж байна. Зөвхөн том материалаас гадна өдөр тутмын үйл явдлын жижиг мэдээг ч тодруулан нягтлах нь Эргэлтийн наад захын шаардлага. Хэт шуурсан бус мэргэжлийн сэтгүүл зүйг бүтээх нь чухал.
Ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ:
Төлөвлөнө шүү (инээв). Эхлээд бичих материалынхаа “араам”-ыг гаргаж, баримтуудаа жагсаан бичнэ. Баримтаа ач холбогдлоор нь ангилж ялгаад, аль баримтууд нь уялдах, аль нь хүмүүст ач холбогдолтой байх уу зэргээр нь ажиллана. Үр дүнд нь 20 хувь нь боловсруулах, үлдсэн хувь нь ахин судлах, нягтлах зэргийг шаардана даа.
Өдөрт хамгийн их ашигладаг гурван зүйл:
Дэвтэр, бал, ажлын хөнгөн дэр
Ширээн дээрээсээ нэг гоё зүйл нэрлээч:
Эргэлтийн редакцын байрыг бид өөрсдөө тохижуулсан. Нэг ширхэг шрүп бүрт нь өөрсдийн хүч хөдөлмөр шингэсэн учраас их үнэ цэнтэй санагддаг. Яг тэр засварын үеэр нэг мэдсэн миний ширээн дээр энэ кактус ирчихсэн байсан. Кактус ингэж урт ургаж байхыг хараагүй учраас сонирхолтой санагддаг.
Улс төрийн албаны дарга, сэтгүүлч Б.Бадралмаа
Ажлын хэв маяг:
Хэвлэл мэдээллийн байгууллагынхан ер нь л цаг зав багатай ажилладагчлан миний хувьд ч адил. Улс төрийн сэтгүүлчийн хувьд Төрийн ордонд ажиллах, шуурхай үйл явдлуудыг шууд дамжуулалтаар сурвалжлан хүргэх гэх мэт хэв маягтай ажиллана. Сайт маань өдөр тутмын сонины хэв маягтай. Өдөр тутмын сонинд өглөө бүр шинэ нүүр гардаг шиг өдөр бүрийг шинэ мэдээ мэдээллээр сайтынхаа нүүрийг дүүргэдэг. Улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлуудыг тоймлох байдлаар бэлтгэж ажилладаг.
Байгууллагын соёлоос хамгийн их таалагддаг зүйл:
Редакцын хүн бүр чухал үүрэгтэй, дор дорноо чухал ажил хийдэг, зүгээр байдаггүй завгүй хүмүүс байдаг. Өдрийн олон цагийг өнгөрөөж буй ажлын орчин маань тав тухтай, дулаан таатай уур амьсгалтай, ажлаа үр бүтээмжтэй хийх бүрэн боломж олгодог нь хамгийн их таалагддаг.
Та медиа салбарт хэрхэн ёс зүйтэй ажилладаг вэ:
Уламжлалт сэтгүүл зүйтэй харьцуулахад мэдээллийн сайт нь сэтгүүлчээс маш их хурдыг шаарддаг. Хурдтайн зэрэгцээ тэнцвэртэй, баримттай мэдээлэх ёстой. Улс төрчдийн хувьд нийгэмд өрнөж буй асуудлуудад хариулт өгөлгүй зугтах хандлага их байдаг учраас сэтгүүлч оновчтой хариултыг авч иргэдэд хүргэхийн тулд хөдөлмөрлөх шаардлагатай болдог. Шууд “live”-аар мэдээлэл хүргэвэл нэг асуудлыг нэг л эх сурвалжаар мэдээлэх учир дутагдалтай болдог. Тиймээс улс төрч, эх сурвалжуудаас авсан мэдээллээ баталгаажуулан бэлтгэх нь ёс зүйтэй чанарыг хадгалдаг.
Таныг (ажлын цагаар) жаргалтай болгодог зүйл:
Ихэнхдээ залуу сэтгүүлчид болохоор ажлаа өөрсдөдөө дараа болголгүй, хамгийн хөгжилтэйгөөр ажлаа хийцгээдэг хамт олон маань намайг жаргалтай болгодог. Оновчтой сэдэв агуулгын, хэн бүхний дэлгэж чадаагүй материалыг чанартай гүйцэтгэх сэтгүүлчийн хувьд бахархалтай мэдрэмж шүү.
Ажлын нэг өдрийн чөлөө өгвөл юу хийх вэ:
Хүүхэдтэйгээ өвлийг мэдрэн нэг сайхан агаарт гарна даа.
Өдөрт хамгийн их ашигладаг гурван зүйл:
Үзэг, тэмдэглэлийн дэвтэр, дектафон буюу гар утас.
Яг одоо юун дээр ажиллаж байна:
Дүүрэнтөгс агсны ар гэрийнхэнтэй ярилцсан ярилцлагаа бэлтгэн ажиллаж байна.
Ширээн дээрээсээ нэг гоё зүйл нэрлээч:
Манай байгууллагын гурван жилийн ойгоор Эргэлтийн номын сан цуврал болон сэтгүүлүүдийн дүрстэй “нандин” ганц үзэг орох үзгийн савыг өгсөн нь хамгийн гоё зүйл.
Нийгэм, соёл урлагийн албаны сэтгүүлч Б.ХонгорзулАжлын хэв маяг:
Соёл урлагийн сэтгүүлч учраас трэнд болж буй зочид, анхаарал татаж буй уран бүтээлчдийг онцлох зэргээр салбараа сонирхохоос өдөр эхэлдэг. Олон цаг “гүрийж” суулгүй цөөн цагт бүтээмжээ дээд цэгт нь тултал ашиглан ажиллахыг илүүд үздэг.
Байгууллагын соёлоос хамгийн их таалагддаг зүйл:
Би оюутан байхдаа Эргэлтэд ажилд ороод уур амьсгалд нь татагдаж байсан. Үндсэн ажлаас гадна сэтгүүл зүйн салбарын чадварлаг ах эгч нараасаа суралцах боломжтой нь хамгийн их таалагддаг.
Таныг (ажлын цагаар) жаргалтай болгодог зүйл:
Тухайн өдрийн материал бүтэх, өглөөний хурал дээр сайн материалаараа магтуулах жаргалтай мэдрэмж дээ.
Та медиа салбарт хэрхэн ёс зүйтэй ажилладаг вэ:
Судлах, өөрөө хянах, албаны дарга ба редактортаа хянуулах гэх мэтчилэн маш хянамгай ажиллахыг хичээдэг. Материалыг яарч, урсгал дагаж, хөөрч бус олон нийтийн анзаараагүй талаас нь судалж бүтээх нь чухал.
Ажлын нэг өдрийн чөлөө өгвөл юу хийх вэ:
Чөлөө авъя гэж бараг боддоггүй (инээв)
Өдөрт хамгийн их ашигладаг гурван зүйл:
Чихэвч, тэмдэглэлийн гоё цаас, маш их ус уудаг учир аяга
Яг одоо юун дээр ажиллаж байна:
Цагдаагийн Ерөнхий газраас өгч буй мэдээллийг буулгаж байлаа.
Ширээн дээрээсээ нэг гоё зүйл нэрлээч:
Гучин жилийн хугацаанд гэр бүлээрээ буюу зургуулаа даруулсан ганцхан зураг байдаг нь энэ учраас их нандигнадаг.
Ergelt.mn сайтын хамт олон
Уншигч та дуртай хэвлэл мэдээллийн редакцынхаа хамт олныг ажлаа хийж байхдаа ямар дуу сонсдог бол хэмээн бодож байсан уу? Тэгвэл Ub.life сайт "Та яг одоо ямар дуу сонсож байна вэ?" дугаартаа Ergelt.mn сайтын хамт олны ажлаа хийж байхдаа сонсох дуртай дууг асуулаа.