Өөрийн хүсэл сонирхолтойгоо уялдуулан ажлын байр бий болгож, салбар салбартаа амжилттай "гялалзаж" буй залуусыг бид энэ удаагийн "Миллениалуудын ажлын орчин" буландаа урин оролцууллаа.
200 гаруй камерын цуглуулгатай гэрэл зурагчин залуу, нүүр будалтын дэлхийн 2 удаагийн хошой аварга артист бүсгүй, 10 гаруй жил арьсан эдлэл урлаж буй зураачийн өвөрмөц ажлын ширээ, ажиллах орчинтой танилцацгаая.
17 Film Lab-ийн үүсгэн байгуулагч Д. Давааням: Гэрэл зургийн мөн чанар, онцлог, нарийн шинж чанарыг хадгалж үлдэхийн тулд…
Нас: 35
АЖЛЫН ХЭВ МАЯГ: Хүмүүс дэвшилтэт технологи хэрэглээд амьдралаас алсарч байгаа өнөө үед гэрэл зургийн мөн чанар, онцлог, нарийн шинж чанарыг хадгалж үлдэхийн тулд 17 Film lab-г эхлүүлсэн. Их сургуульдаа багшилна, “Батзориг” сангийн төлөвлөгөөт ажлуудаа ч хийнэ. Гэрэл зургийн сонирхолтой залуус лабораториор ирж хоорондоо мэдлэг, мэдээллээ солилцож, хальсаар гэрэл зураг угааж өдрийг завгүй өнгөрүүлдэг.
АЖЛЫН БҮТЭЭМЖЭЭ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛДЭГ ВЭ: Ганцаараа юмсыг эргэцүүлэн бодох дуртай. Заримдаа хэн нэгэнтэй юуны ч талаар хамаагүй ярилцах дуртай. 2011 онд гэрэл зурагчин Юрий Козыревтай Истанбулд уулзахад “Чи ямар нэгэн юм бодоод сэдэж эхэлсэн бол түүнээ л хийж эхлэх хэрэгтэй. Хэрэв чи хийхгүй бол хэн ч түүнийг хийхгүй" гэсэн нь надад одоо ч их бодогддог.
НЭГ ӨДӨР АМРАХ БОЛ ТА ЮУ ХИЙХ ВЭ: Өдөржин унтаж, гэртээ амарна даа.
ӨДӨРТ ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ ГУРВАН ЗҮЙЛ: Сарын төлөвлөгөө, камер, хальс
АЖЛЫН ШИРЭЭН ДЭЭРХ НАНДИН ЗҮЙЛИЙГ НЭРЛЭВЭЛ: Урлагийн зөвлөлийн 10 жилийн ойгоор бэлгэнд авсан анар жимсний баримал, “Гэрэлт морь” шагнал хоёр. Их дурсамжтай.
ЭНЭ САЛБАРТ ЯАГААД АНХ АЖИЛЛАХ БОЛСОН БЭ: Анх 2005 онд урвуу дүрслэлтэй камер хараад дурлах болсон. Тэр цагаас хойш тасралгүй 15 гаруй жилийг энэ салбарт зориулжээ. Одоо ойролцоогоор 200 гаруй камерын цуглуулгатай.
Make Up артист Ц. Ариунзаяа: Төвлөрч чадахгүй үедээ арван минут тайван хэвтээд өөрийгөө чагнадаг.
Нас: 34
АЖЛЫН ХЭВ МАЯГ: Миний өглөө завгүй эхэлдэг дээ. Олон хүнтэй харилцаж, өдрийн тал гэхэд хийх ажлууд дундраагүй л байдаг. Энэ салбарт ажиллахын давуу тал нь мэдрэмж өндөртэй болгодог. Төлөвлөх, төсөөлөх чадваруудыг нэмэгдүүлдэг нь надад таатай сайхан байдаг.
АЖЛЫН БҮТЭЭМЖЭЭ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛДЭГ ВЭ: Кофе ууж сэргэлт авчхаад, аль болох ганцаараа байж төлөвлөгөөгөө гаргаж суух нь бүтээмж нэмэгдүүлдэг. Их стресстэй үедээ иогийн өрөөндөө 10 минут тайван хэвтээд өөрийгөө чагнадаг.
НЭГ ӨДӨР АМРАХ БОЛ ТА ЮУ ХИЙХ ВЭ: Би маш олон төрлийн сонирхолтой. Канвас зураг зурах, керамик урлал хийх, саад бартаатай аялалд дуртай. Амрах боломж гарвал ууланд гарах, байгальд л цагийг өнгөрүүлж амарна даа.
ӨДӨРТ ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ ГУРВАН ЗҮЙЛ: Тэмдэглэлийн дэвтэр, цүнх, багс
АЖЛЫН ШИРЭЭН ДЭЭРХ НАНДИН ЗҮЙЛИЙГ НЭРЛЭВЭЛ: Хэрэгтэй чухал гэрээнд гарын үсэг зурж, маш олон тэмдэглэл хөтөлсөн үзэг. Энэ нарийн багсаар 10 жилийн өмнө анх уусгалт сурч байсан. Миний амжилтын эхлэл энэ багстай холбоотой.
ЭНЭ САЛБАРТ ЯАГААД АНХ АЖИЛЛАХ БОЛСОН БЭ: Геологич мэргэжилтэй байсан. Тэгээд хүсэл сонирхлоороо артист болсон доо. Анх нүүр будаж эхэлсэн цагаас хойш дэлхийн Хошой аваргын алтан медаль хүртэж, олон улсын тэмцээнүүдээс нийт 24 тэргүүн шагнал хүртжээ.
"Aragont Leather Art Studio"-ийн үүсгэн байгуулагч А.Төрбат: Ажил дээрээ ирээд загварын зургаа гаргаж, эсгэж, сийлж эхэлдэг
Нас: 34
АЖЛЫН ХЭВ МАЯГ: Хоёр хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөн миний өдөр эхэлдэг. Өөртөө ажлын байр үүсгэсэн учраас ажлын цагийн уян хатан нөхцөлтэй. Ажил дээрээ ирээд загварын зургаа гаргаж, эсгэж, сийлж эхэлдэг. Ер нь оёх, эсгэх, сийлэх гээд бүх л ажлаа өөрөө хийдэг.
АЖЛЫН БҮТЭЭМЖЭЭ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛДЭГ ВЭ: Төрөл бүрийн дуу сонсож бүтээмжээ нэмэгдүүлдэг.
НЭГ ӨДӨР АМРАХ БОЛ ТА ЮУ ХИЙХ ВЭ: Мотоциклоо унаад давхина. Хэсэг давхисны дараа сэтгэл санаа сэргээд сайхан болчихдог. Тэгээд гэртээ харьж амарна даа. Гурав дөрвөн жилийн өмнөөс орсон "Mongolian Choppers Brotherhood" клубийнхээ үйл ажиллагааг зохион байгуулан, цагийг өнгөрөөх нь сайхан байдаг.
ӨДӨРТ ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ ГУРВАН ЗҮЙЛ: Арьс зүсдэг хутга, арьсан урлалын алх, IPAD
АЖЛЫН ШИРЭЭН ДЭЭРХ НАНДИН ЗҮЙЛИЙГ НЭРЛЭВЭЛ: Манай лого болон миний фейсбүүк хаяг сийлэгдсэн хутгийг манай найз бэлэглэж байсан нь хамгийн нандин.
ЭНЭ САЛБАРТ ЯАГААД АНХ АЖИЛЛАХ БОЛСОН БЭ: Дүрслэх Урлагийн сургуулийг гоёл чимэглэл, зураач мэргэжлээр төгссөн. Төгссөн цагаасаа хойш сийлбэр, уран зураг, шивээс гээд төрөл төрлийн юм хийж эхэлсэн дээ.