UBLife Logo
#WomenWhoDare | П.Золжаргал: Зөвхөн монголчууд л ойлгох кино хийхийг хүсээгүй
#WomenWhoDare

#WomenWhoDare | П.Золжаргал: Зөвхөн монголчууд л ойлгох кино хийхийг хүсээгүй

Зоро жилийн өмнө төрсөн өдрөө тэмдэглэхдээ баярын бялуу үлээхийг хүссэнгүй. Тэр ганцхан олон жил хүлээлгэсэн киноныхоо зураг авалтыг эхлүүлэхийг тэсгэл алдан хүлээж байв. Төрсөн өдрийн үдэшлэгийн оронд хандив босгох арга хэмжээ зохион байгуулж, кино зохиолынхоо гар бичвэрийг дуудлага худалдаагаар оруулжээ. Энэ үйл явдлаас хойш хориодхон хоногийн дараа Зорогийн 2017 оноос хойш уйгагүй хөгжүүлсэн “Баавгай болохсон” киноны зураг авалт хасах 30 хэмийн хүйтэнд эхэллээ. Жилээс жилд агаарын бохирдолдоо живж буй атлаа эрх ашгаа хамгаалж нэг ч дуугарч үзээгүй гэр хорооллынхны ахуй амьдралыг харан бухимддаг байсан Зоро сүүлийн таван жилд анх удаа хаврыг сэтгэл тэнэгэр угтсан хэмээв. Өдгөө түүний бүтээл Каннын кино наадмын Un Certain Regard төрөлд нэр дэвшиж, Монголоос анх удаа тус шагналд нэр дэвшсэн уран бүтээлч болоод байна. 

Монгол эмэгтэй найруулагчдын бүтээл жилээс жилд чанаржин, олон улсад үнэлэгдэх болсныг энэ дашрамд дурдах нь зүйтэй. 2005 онд зохиолч, найруулагч Д.Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” кино Оскарын шилдэг баримтат киноны төрөлд нэр дэвшиж эл салхийг хагалж байсан. Үүнээс хойш Б.Үйзэнмаа, П.Лхагвадулам тэргүүтэй чадварлаг найруулагчид ар араасаа төрж, Венец, Баварын кино наадам зэрэг кино салбарын нэр хүндтэй наадмуудаас шагнал хүртээд буй. 

Тэдний араас хүч түрэн гарч ирж буй шинэ цагийн авьяаслаг найруулагч Зоро буюу П.Золжаргалыг Women Who Dare ярилцлагын булангийн шинэ дугаарт урилаа. Тэрбээр өмнө нь “Шат”, “Нүцгэн гэрэл”, “Шар автобус” хэмээх гурван богино хэмжээний кино бүтээсэн бөгөөд “Баавгай болохсон” бол түүний анхны бүрэн хэмжээний кино бүтээл юм. Хэдхэн цагийн өмнө тус бүтээлийн трейлэр албан ёсоор цацагдлаа. 


- “Баавгай болохсон” бүтээл тань Каннын наадамд шалгарсныг сонссон мөчийнхөө сэтгэгдлээс хуваалцаач? 

- Дөрөвдүгээр сарын 13-ны шөнө энэ мэдээг сонссон. Маргааш өдөр нь баахан сенсацилж сайхан мэдээгээ тараачихсан болохоор орой хэвлэлийн бага хурлын үеэр нэрээ сонсохгүй бол яана гэж дотроо эмээж байлаа. Албан ёсоор нэрээ сонсон хойноо л энэ бүхэн бодитоор болж байгаад итгэсэн. (инээв)

Тэгээд Каннд нэр дэвшсэн тухай мэдээгээ хэвлэлд өгчхөөд явж байтал манай продюсер Фрэд залгаад “Чамайг Directors' Fortnight бас авъя гэж байна” гэхэд тархи бараг л “зогссон” байх аа. Тэр нь Каннын кино наадмын таван төрлийн нэг л дээ. “Хүн намайг тоох болов уу” гэж бодож байтал бүр хоёрын хоёр төрөлд нэр дэвшсэндээ итгэж чадахгүй, хэсэг шоконд орсон. Тухайн үед продюсертойгоо ярилцаж байгаад Un Certain Regard-аа сонгосон. 

- Un Certain Regard гэдэг нь яг ямар төрөл вэ? 

- Un Certain Regard сонсогдохыг хүссэн дуу хоолойг зоригтойгоор гаргаж ирсэн бүтээлүүдийг онцолдог. Гол төлөв найруулагчийнхаа карьерыг дөнгөж эхэлж буй уран бүтээлчдийн эхэн үеийн бүтээлийг авдаг юм. 

- “Кино бол итгэл найдвар” гэж та нэгэн ярилцлагадаа дурджээ. Танд ийм итгэл найдвар төрүүлсэн анхны бүтээл юу байсан бэ?

- “Форрест Гамп”. Хагас сайны орой Үндэсний телевизээр гардаг байсан дэлхийн шилдэг кинонууд манай үеийнхний ганц “ид шид” нь байсан. Эцэг эх минь намайг багад хоёр тийш болсон болохоор ч тэр үү хүмүүс бие биенээ бүх насаараа хайрладаггүй юм байна гэх ойлголттой болчихсон байсан. Тэгтэл нэг насаараа Женниг бодож, хайрлаж буй Форрест Гампыг үзээд итгэл найдвар минь сэргэсэн. Зурагтны урд суугаа бяцхан охин киногоор эдгэж буй мэт ид шидийн мэдрэмж төрж билээ. Тэгээд л би бусдыг ”эдгээдэг” хүн нь болохыг хүсэж эхэлсэн. 

- Ингэхэд бага нас тань ямархуу өнгөрсөн бэ? 

- Би эхээс хоёулаа. Дүү маань надаас хоёр насаар дүү. Эрэгтэй хүүхэд болоод ч тэр үү дотогшоо, чимээгүй бол би эсрэгээрээ дүрэлзсэн, хурц хүүхэд байлаа. Би эмээгээ дуурайсан нь энэ юм болов уу гэж боддог. Дүү бид хоёрыг зуны амралтаар өвөөгийнд орхичихно. Эмээ минь их идэвхтэй, цоглог, бие даасан хүн. Намайг орж гараач, гоё тоглолт үзээч гэж “хөөнө”.  

Тэгтэл байранд амьдардаг байсан манай гэр бүл 2003 онд Зүүнсалаа руу нүүснээр миний амьдрал орвонгоороо эргэсэн. Ээж минь хоёр жил Израильд ажиллаж олсон мөнгөөрөө хашаа авч тэндээ дэлгүүр нээлээ. Тэр нь зам дагуух гудамж ч биш, гэр хорооллын голын гудамж. Зүүнсалаа тэр үед дөнгөж гэр хороолол болж байсан үе. Ээжийг юу “хатгасан” болоод тэнд баяжна гэж дэлгүүр нээснийг бүү мэд (инээв). Өсвөр насны охин байсан болохоор дотроо асуултыг тэмдэг тавиастай. “Ээж намайг яагаад ийм газарт аваад ирэв ээ” гэж байнга бодно. Үнэнийг хэлэхэд эхэндээ гэр хорооллыг асар их үзэн яддаг байсан. Гэрт гал түлдэг болохоор хувцаснаас нүүрсний  үнэр гарахгүй. Сургууль дээр очиход дэвтрээс хүртэл нүүрс үнэртдэг байсан болохоор хажууд суудаг хөвгүүнээсээ их ичиж, эмзэглэдэг байв. 

Нөгөө талд дэлгүүрийн ажил гэж эцэс төгсгөлгүй. Өглөө 7 цагаас орой 10 хүртэл ээж минь борви бохисгүй ажилладаг байлаа. Яваандаа хөршүүдээ ч сайн таньдаг боллоо. Ойр хавийн эгч нар ээж дээр ирж амьдралаа ярина, талх зээлнэ. Архины хамааралтай ах нар харваас өлсчихсөн хүүхдүүтэйгээ орж ирээд өөртөө архи авч, тэр бяцхан амьтдыг арвын чихрээр хуураад гарч байхыг олон харсан. Болж бүтэхгүй байгаа нийгмийн бүхий л асуудал нүдний өмнө өрнөдөг болсноор тэндээс явахын түүс болсон. Тэгсэн хэрнээ тэр божийсон бор хүүхдүүдэд бас санаа зовно, тэдэнд яаж туслах вэ гэж шанална. Би өөрөө киноноос хамгийн их баяр жаргалыг мэдэрдэг байсан болоод ч тэр үү ер нь гоё юм хийж хүүхдүүдэд үзүүлдэг хүн болъё, тэдэнд итгэл найдвар түгээе гэж хүсдэг болсон. Гэлээ ч энэ мөрөөдөл минь тийм амар хүлээн зөвшөөрөгдөөгүй. Урлагийн хүн болмоор байна гэхэд “Ээж чинь чамайг ганцаараа өсгөсөн. Чи айлын том учраас гэр бүлээ авч явна” гэнэ. Хүмүүс тэгж хэлэхээр би ч бас бодит байдлаа ухаарч, урлагийн хүн болно гэж зориглоогүй.

Би урлагийн хажуугаар математик, физиктээ сайн, олимпиадад байнга оролцдог байлаа. Гэлээ ч дүүрэг, хотын олимпиадад тав, долоодугаар байрт л ихэвчлэн жагсана. Тэрүүхэндээ бяцхан шартай болохоор хэн алт, мөнгөн медаль авсныг харна. Дүүрэг, хот, тэр байтугай улсын олимпиадад “Шинэ Монгол” сургуулийн багш, сурагчид л түрүүлдэг байлаа. Улсаас медаль авсан хүүхэд тэтгэлэгтэй сурдаг болохоор энэ сургуульд орж сайн суралцаад улсын олимпиадаас медаль авна гэдэг шинэ зорилго өөртөө тавилаа. Удаа ч үгүй “Шинэ Монгол” сургуулийн элсэлтийн зар гарч шалгалт өгтөл тэнцчихлээ шүү. Их сургуулийнхаа төлбөрөө өөрөө олно гэж ээждээ амласнаар их сургуулийн төлбөрт зориулахаар хадгалж байсан мөнгөөрөө хувийн сургуульд элсэв. Манай сургууль сургалт сайтайгаас гадна дугуйлан, секц олонтой. Миний нөгөө зориглож чаддаггүй байсан драмын дугуйлан хүртэл байгааг мэдээд тэнд явж эхэллээ. 

- Тэгвэл найруулагч болох шийдвэрийг хэзээ гаргасан бэ? 

- Арван жилээ төгсөх дөхөхөд гадаадад суралцах тухай боддог болсон. Гэтэл Монбушо найруулагч, сэтгүүлч гэх мэт мэргэжилд барагтай тэтгэлэг өгдөггүй болохоор улсын тэтгэлэгт хамрагдах боломж бараг байгаагүй. Хувийн сургуулийн тэтгэлэг байлаа ч олгодог мөнгө нь киноны сургуулийн төлбөрийг төлж хүрэхээргүй. Нэмээд Японы улсын сургуулиудад киноны факультет байгаагүй.  

Яах учраа олохгүй байж байтал яг тэр жил Японы Оберлин их сургууль манай сургуультай хамтарч ажиллахаар болсон юм. Оберлинд киноны факультет байгуулагдаад хоёрхон жил болж байсан юм билээ. Ингээд манай сургуулиас хоёр хүүхэд шалгаруулж авахаар болов. Би бөөн баяр. Ангийн дарга хийдэг, драмын дугуйланд явдаг, нийгмийн идэвхтэй, багш нартаа танигдсан хүүхэд байсан нь тэтгэлэгт тэнцэхэд нөлөөлсөн. Нэгэнт Японд суралцах тэтгэлэг авчихсан хүнд гэрийнхэн юу гэх билээ, зөвшөөрч таарна биз дээ (инээв). Ингэж л найруулагч мэргэжлээ сонгож, Японыг зорьсон. Би ер нь амьдралын дуудлагад итгэдэг хүн. Яагаад дараа жил нь биш яг намайг төгсдөг жил тэр боломж гарч ирэв гээд бодохоор яах аргагүй тохироо нь бүрдсэнийх нь л тэр байх. 

Монголчууд кино зохиолоос ондоошил хайгаад байдаг. Тэгтэл сайн кино гэдэг бол хаа байсан Африк, Өмнөд Америкт байгаа үзэгчдийн мэдрэмжид хүрч, холбогдож чаддаг байх хэрэгтэй. Ингэж олон улсын хэлээр хүүрнэж байж хүмүүст хүрнэ. Тиймээс би зөвхөн монголчууд л ойлгох кино хийхийг хүсээгүй.

- Таны найруулах хэв маяг, арга барилд Японд суралцсан туршлага хэр их нөлөөлж байна?

- Найруулагчийн арга барил гэхээсээ ажлын ёс зүйд их нөлөөлсөн болов уу. Айлын гэрт очиж зураг авалт хийхээр болоход юуг, яаж хийхээ гэрийн эздэд сайтар ойлгуулж, зөвшөөрөл авах жишээний. Зураг авалт дуусахад бохирдуулсан зүйлсээ цэвэрлэж, эвдэлсэн эд хогшил байвал түүнийгээ хэлээд, нөхөн төлж, явахдаа талархсанаа илэрхийлэхийг хичээдэг. Нэрийг нь киноныхоо ард тавьж нээлтэндээ урина. Цаашлаад биеийн хүчний ажил хийж буй зураг авалтын баг чанартай, шим тэжээлтэй хоол идэх ёстой. Учир нь тэд хэн нэгний ээж аав, хань, ах дүү шүү дээ. Хүмүүс 150 сая төгрөгөөр кино хийнэ ш дээ гэж ярьдаг. Болно л доо. Гэхдээ уран бүтээлчдийг тэгж зүтгүүлж яасан ч болохгүй. Би энэ багтайгаа 50 гарсан хойноо ч хамт ажиллахыг хүсдэг. Би ийм л ёс зүйг баримталж ажилласан. Тэрнээс уран бүтээлчийн хэв маягийн тухайд одоогоор өөрөө ч мэдэх юм алга (инээв). 

- Монгол кинонуудын зохиол шүүмжлэлд их өртдөг. Сайн техник, чадварлаг жүжигчид байлаа ч сайн зохиолгүй бол сайн бүтээл төрөхгүй гэх нь ч бий. Харин та “Баавгай болохсон” зохиолыг чамгүй олон жил хөгжүүлж, ахин дахин сайжруулжээ. Кино зохиолыг хөгжүүлсэн үйл явцаасаа бидэнтэй хуваалцаач? 

- Монголчууд кино зохиолоос ондоошил хайгаад байдаг. Тэгтэл сайн кино гэдэг бол хаа байсан Африк, Өмнөд Америкт байгаа үзэгчдийн мэдрэмжид хүрч, холбогдож чаддаг байх хэрэгтэй. Ингэж олон улсын хэлээр хүүрнэж байж хүмүүст хүрнэ. Тиймээс би зөвхөн монголчууд л ойлгох кино хийхийг хүсээгүй. Нөгөөтээгүүр кино зохиолыг гараараа биш хөлөөрөө бичдэг гэж Японд суралцаж байхад сургадаг байсан. Гараараа бичвэл чиний төсөөлөл, сэтгэмж хязгаартай. Олон газраар явж, судалж, эрэл хайгуул хийж, ярилцаж байж оригинал түүх гарна гэж кино зохиолчид зөвлөдөг. Үүнийг би “Баавгай болохсон”-ыг хөгжүүлж байхдаа гүнзгий ойлгосон. 

Зохиолын тухайд 2017 оны нэгдүгээр сард Сүхбаатарын талбайд болсон “Утааны эсрэг жагсаал”-д оролцож байхад анх төрсөн. Гэр хороололд амьдардаг 15 настай өсвөр насны хүүгийн тухай гардаг.

“Баавгай болохсон” киноны хэсгээс

Кино зохиолын эхний ноорог гомдсондоо бичсэн тун бараан хувилбар байсан л даа. Нооргоо гаргачихаад Магнолиан буюу Б.Дөлгөөнд уншуулахад ч бас ийм шүүмж хэлсэн. Тэгээд би бодож бодож гол дүрдээ өөрийнхөө мөрөөдлийг “өгчихлөө”. Хүүхдэд ядуурлын тойргоос гарах мөрөөдөл өгснөөр кино зохиол минь гэгээлэг өөдрөг, хамгийн гол нь шийдэлтэй болоод ирлээ. Тэгсэн ч юу бичээд байгаагаа нэг л тодорхойлж чадахгүй байв. Удалгүй “Талентс Токио”-д оролцохоор болж, Б.Дөлгөөн миний зохиолыг уралдаанд зориулж англи руу орчуулж өгөөд зогсохгүй тун чамин диалоги, сценүүдийг нэмсэн. “Талентс Токио”-д залуу найруулагчид сургалтад хамрагдахын хажуугаар кино зохиолынхоо санаагаа менторуудад танилцуулж, өрсөлддөг. Тэгтэл би уралдаанд түрүүлчихдэг юм байна. Хүмүүс миний зохиолыг кино болоосой гэж хүсэж байгааг тэндээс анх мэдэрч, урамшиж билээ. Тийшээ явсны дараа өшөө илүү явж, судлах, хүмүүстэй ярилцах хэрэгтэйг мэдэрсэн. Менторууд ч хаана, ямар зохиол хөгжүүлэлтийн лаб байгааг хэлж өгөөд тийшээ явахыг зөвлөв. Тэгээд судлаад үзтэл төлбөр нь дор хаяж 3000 евро, дээр нь би жилд хэд хэд Европ руу нисэх шаардлагатай болж таарлаа. Бүтэхгүй нь гэж бодож байтал тэр дунд TorinoFilmLab-ийн гурван өдрийн зохиолын хөгжүүлэлтийн сургалт байгааг хараад шууд л тийшээ явахаар шийдсэн. Тэнд очиход надаас хамгийн анх “Чиний кино нэг өгүүлбэрээр юуны тухай вэ” гэж асуусан. Тухайн үед би хариулж чадаагүй. Одоо эргээд бодоход эргэцүүлэл рүү хөтөлсөн ийм асуултууд надад хүрэх зүг чигээ тодруулахад их тус болсон. 

Ингээд явах тусам чадварлаг найруулагч, мэргэжилтнүүдтэй танилцаж байлаа. Тэдэнд зохиолоо уншуулахаар энэ диалоги чинь ямар утгатай юм, юу илэрхийлж байгаа юм гэж асууна. Тэгээд би зохиолын энэ хэсэг яагаад хүнд хүрсэнгүй вэ, яаж сайжруулах вэ гэж толгойгоо гашилгадаг болсон. Ганцаараа нухаад суух биш хүмүүст уншуулж санал, шүүмжлэл авах нь зохиол хөгжүүлэлтийн маш том хэсэг юм билээ. 

Хэн хэнийхээ амьдралыг огт мэддэггүй ийм нөхцөлд кино хийх л хамгийн зөв юм гэдгийг тэгэхэд ойлгосон. Киногоороо дамжуулж хоёр хуваагдчихаад байгаа хотынхоо дунд гүүр нь болж, ойлголцолд хөтлөхийг хүссэн.

- Энэ сэдвийг барьж авахад юу хамгийн их нөлөөлөв? Кино хөгжүүлэлтийн ажил бараг зургаан жил гаруй үргэлжилжээ. Ийм урт хугацаа зарцуулна гэж бодож байв уу? 

-Гэр хорооллын иргэд дуу хоолойгүй, “чимээгүй” олонх болчхоод байна. Та санаж байна уу? Утаа гаргадаггүй түлш оруулж ирсэн жил олон хүн угаартаж нас барсан. Үүний дараа гэр хорооллын иргэд шөнө гал түлэхээсээ ч айдаг болсон. Тэр жил Улаанбаатар утаагүй болчихлоо гэж хүмүүсийн ярихыг сонсоод би маш их бухимдсан. Тэр байтугай гэр хорооллын айлуудыг яндангаа ч хөөлж чаддаггүй, арчаагүйдээ угаартаж үхлээ гэж ярих хүмүүс байсан. Гэтэл гэр хорооллынхон намар болгон яндангаа хөөлдөг л байхгүй юу. Тэр чинь миний ээжийн намар хийдэг хамгийн чухал зүйл. Тийм байхад ч гэр хорооллын иргэд эрх ашгаа хамгаалж дуугарч чадахгүй байгаад би эмзэглэдэг юм.

Тэгтэл нөгөө талд орон сууцанд амьдардаг иргэдийг буруутгаж чичлэх нь бас өрөөсгөл. Манай гэр бүл 2019 онд байр худалдаж авсан. Тэнд хоёр жилд амьдрахад надад гэр хороолол руу явах шаардлага жилд 3-4 удаа л гарсан байх. Тийшээ очихгүй болохоор хүссэн хүсээгүй тэндхийг амьдралаас төсөөрч байгаа юм. Хэн хэнийхээ амьдралыг огт мэддэггүй ийм нөхцөлд кино хийх л хамгийн зөв юм гэдгийг тэгэхэд ойлгосон. Киногоороо дамжуулж хоёр хуваагдчихаад байгаа хотынхоо дунд гүүр нь болж, ойлголцолд хөтлөхийг хүссэн. 

“Баавгай болохсон” киноны хэсгээс

Зураг авалтаа хийх гэж чамгүй олон жил хүлээсэн нь киногоо олон улсын стандартын дагуу хийхийг хүссэнтэй холбоотой. Өвлийн хасах 35 хэмд зурагт авна, хүүхдүүд тоглоно. Тиймээс бага мөнгөөр зүтгүүлж яавч болохгүй шүү дээ. Жүжигчин хүүхдүүд, уран бүтээлчдийнхээ эрүүл мэндийг бодох хэрэгтэй. Аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангаж чадахуйц мөнгөтэй болсон хойноо зураг авалтаа эхлүүлсэн. Мөнгө санхүүгийн асуудлаас болоод зураг авалтаа хийж чадаагүй энэ хэдэн жилд би маш их гутарч, хаврыг үзэн яддаг байсан. Учир нь хавар болоход бүгд утааг мартдаг. Харин өнгөрсөн жил анх удаа хавар ирж байгаад баярласан. 

Үнэнийг хэлэхэд кино зохиолоо хогийн сав руу чулуудчихвал амьдрал минь хавьгүй хялбар болох юм шиг санагдсан үе олон бий. Гэхдээ би энэ түүхийг хаячихвал хэн үүнийг ашиг харахгүйгээр хүмүүст хүргэх юм бэ гээд бодохоор үнэхээр бууж өгч чадамгүй байсан. Дээрээс нь агаарын бохирдлын голомтод амьдарч байгаа ямар ч гэм буруугүй хүүхдүүдийг зөнд нь орхиж төвдөөгүй. 

Энэ гурван хүүхэд л очихгүй бол Каннын хивсэн дээр нэг ч насанд хүрсэн уран бүтээлч алхах эрхгүй гэж бодсон.

- Гол дүрийн жүжигчдээ яаж олов, хэрхэн сонгов?

- Хотын гурван өөр дүүрэгт амьдардаг хүүхдүүд манай кинонд тоглосон. Миний хувьд гэр хорооллын амьдралыг бодитоор нь үзүүлэхийг зорьсон тул натурал жүжиглэлттэй, ядаж л мод хагалж, худгаас ус түрчихдэг хүүхэд тоглуулах бодолтой байсан. Эхний шатанд 200 гаруй хүүхэд бичлэгээ явуулснаас хэд хэдэн хүүхдийг сонгож уулзаад проб хийлээ. Тэдний дундаас Үүрцайхын Батцоож гэдэг хүүхдийг анх хараад миний киноны гол дүр яг мөн байна даа гэж бодсон. Тэгтэл Өлзийгийн (Ү.Батцоож) дүүгийн дүрд тохирох хүүхдийг хайгаад олдоггүй. Бодож бодож “Ид шидийн орон” дээр нэг өдөр проб хийлээ. Тэгсэн нэг сэргэлэн хүүхэд надад хүүхэд олж өгөөд л тэр хавиар гүйгээд байна шүү. “Одоо чамайг сармагчин болгоно, одоо чамайг арслан болгоно” гээд гадаад хүлээж байгаа хүүхдүүдийг “спойлердоод” байна. Сүүлд тэр сэргэлэн хүүхдээ сонгосон доо. 

Тэрнээс гадна Ховд аймгийн Манхан сумын хүүхдүүд, нийслэлийн 72-р сургууль, мөн Шинэ Монгол сургуулийн хүүхдүүд олны хэсэгт тоглосон. Би хүүхдүүдээ 14 хоног бэлдэхдээ яагаад энэ киног хийж байгаагаа, хүүхдэд сайн боловсрол ямар чухлыг тайлбарласан. Үүнийг ойлгосон тэр бяцхан зүрхүүд ямар их мэрийсэн гэж санана. Тэр дунд диалогио цээжлэлгүй ирсэн хүүхэд нэг ч байгаагүй. Тийм болохоор хүүхдүүдтэй ажиллах үнэхээр амар байсан. Эсрэгээрээ насанд хүрсэн жүжигчидтэйгээ ажиллах шаардлага их гарсан. 

“Баавгай болохсон” киноны хэсгээс

Хүүхдүүд “Энэ дээр чинь ингэдэг байхгүй юу”, “Би ингэж бодохгүй байна, Зоро эгчээ” гээд бодлоо шулуухан хэлнэ гээч. “Би энд нэг шүлсээ хаячихмаар байна аа”, “Малгайгаа ингэж өмсөхөөр охин шиг харагдаад байна” гэх жишээний (инээв). Яг л дүрдээ орж тоглосон. Манай продюсерууд зураглаачийн ур чадвар, хүүхдүүдийн жүжиглэлтэд тун сэтгэл хангалуун байгаа. Тийм болохоор энэ гурван хүүхэд л очихгүй бол Каннын хивсэн дээр нэг ч насанд хүрсэн уран бүтээлч алхах эрхгүй гэж бодсон. 

Үнэнийг хэлэхэд кино зохиолоо хогийн сав руу чулуудчихвал амьдрал минь хавьгүй хялбар болох юм шиг санагдсан үе олон бий. Гэхдээ би энэ түүхийг хаячихвал хэн үүнийг ашиг харахгүйгээр хүмүүст хүргэх юм бэ гээд бодохоор үнэхээр бууж өгч чадамгүй байсан.

- Хөгжиж буй орны уран бүтээлч байхын зовлон их. Олон улсад үнэлэгдэх чансаатай бүтээл гаргахад цаг хугацаа, хөрөнгө мөнгөнөөс эхлээд даваа олон. Нөгөөтээгүүр дэлхийд тоогдохын тулд фестивалиудаар явж, бүтээлээ сойх хэрэгтэй болно. Энийг дагаад мөнгө, санхүүжилт яригдахаас өөр аргагүй. Санхүүжилтээ яаж босгож байна?

- Одоогоор нийт нэг тэрбум орчим төгрөгийн зардал гараад байна. Олон улсын стандартад нийцсэн бүтээл хийхэд өртөг өндөр учраас байж болох бүхий л эх сурвалжаас санхүүжилт босгосон.

Франц кино сан, Парис хотын кино сан гэх мэт хэд хэдэн олон улсын сангаас тэтгэлэг хүртсэн. Мөн манай киног Францад гаргах эрхийг авсан дистрибьютер компани урьдчилгаа төлбөр хийсний хүчинд пост-продакшны өндөр зардлыг олж, киноны эвлүүлгээ Францад хийх боломж бүрдсэн. Үүнээс гадна Монголын Финтек групп, Лантуун Дохио ТББ, Швейцарийн хөгжлийн агентлаг гэх мэт Монголын хувийн компаниуд, боловсролд чиглэсэн үйл ажиллгаа явуулдаг ТББ болон хувь хүмүүс олноороо санхүүгийн дэмжлэг үзүүлснийг энд дурдмаар байна. 

- Киногоо хийхийн тулд та байраа хүртэл зарж, зээл авч. Гэр бүлийнхэн тань энэ бүхнийг яаж хүлээж авах юм?

- Нөхөр маань энэ төслийг эхнээс нь авхуулаад өдийг хүртэл дэмжиж, ар гэрийн бүхий л ажлыг зохицуулж ирсэн. Бид хоёр Зүүнсалаанд хамт өссөн, багын найзууд л даа. Энэ киног хийх гэж зүтгэсэн шалтгааныг хэнээс ч илүү ойлгож байсан учраас хөдөлмөрлөж олсон байраа хүртэл худалдаж, гэр хороолол руу нүүхэд дургүйцээгүй. Намайг өвөл болгон яаж гутарч, бухимддагийг мэддэг болохоор энэ төслөө хурдан дуусгаж, амьдралаа үргэлжлүүлээсэй гэж хүссэн байх (инээв). Каннд шалгарсныг сонсоод хагартлаа баярласан. 

Ээж хүний хувьд охиноо халуун устай, дулаан, тохилог орон сууцаас гаргаж, сургуулиас нь шилжүүлсэндээ гэмшдэг ч ганц өөрийнхөө хүүхдийн аз жаргалыг бодож чадаагүй. Энэ бүтээл гэр хорооллын олон хүүхдэд боломж, итгэл найдвар өгнө гэдэгт итгэж байгаа болохоор охин минь том болоод гаргасан шийдвэрийг минь ойлгоно гэдэгт нөхөр бид хоёр найддаг. 

Бид хоёр Зүүнсалаанд хамт өссөн, багын найзууд л даа. Энэ киног хийх гэж зүтгэсэн шалтгааныг хэнээс ч илүү ойлгож байсан учраас хөдөлмөрлөж олсон байраа хүртэл худалдаж, гэр хороолол руу нүүхэд дургүйцээгүй.

- Кино багаа яаж бүрдүүлсэн бэ? 

- Зураглаач, зураач, продюсероос авхуулаад зураг авалтын багийн 40 хүн бүгд монгол уран бүтээлч байсанд би маш их бахархаж байгаа. Амаргүй үйл явц учраас үнэхээр оролцохыг хүсвэл орж ирээрэй, татгалзвал ойлгоно гэж хэлээд уран бүтээлчдэдээ зохиолоо уншуулсан. Бид дүрсээ сайн авсан ч пост-продакшны ажлыг яалтачгүй гадаадад хийх хэрэгтэй болсон. Орчин үеийн тоног төхөөрөмж, эд хэрэгсэл дутмаг, цаашлаад түүнийг бүрэн дүүрэн ашиглах чадвар монгол уран бүтээлчдэд дутагдаж буйг нуумааргүй байна. Мэргэжлийн эвлүүлэгч яах аргагүй киноны сүнсийг дууддаг. Тэрнээс найруулагч нь эвлүүлчихдэг юм биш. 

Хөгжмийн тухайд Жоханни Куртет гээд угсаатны хөгжим судлаач ажилласан. Монгол үндэсний хөгжмийг 20 гаруй жил судалсан, монгол гэргийтэй, манайд тун элэгтэй хүн бий. 2017 онд тэр хүний эхнэртэйгээ хамтарч хийсэн “Хөөмий сонгомол” CD-г сонсож, уран бүтээлд нь дурлаж байлаа. Сая кинон дээр ажиллахдаа миний хүүгийн доторх хөгжим юу юм гэж нэлээд бодсон. Нэг талаас гэр хорооллын хүмүүс бол хөдөөнөөс шилжиж ирсэн нүүдэлчид. Нөгөө талаар Өлзий бол Говь-Алтай аймгаас шилжиж ирсэн айлын хүүхэд. Ховд, Говь-Алтай зэрэг баруун аймгууд хөөмийгөөрөө алдартай. Ингээд бодохоор хөөмий, хип хопын хоршил л санаанд буугаад байсан. Үүнийг манай хөгжмийн зохиолч соргогоор мэдэрч монгол үндэсний хөгжмийг хип хоп битбокстой хоршуулсан гайхалтай хөгжим бичсэн. Энэ дашрамд манай киноны 30 цагийн түүхий дүрсийг франц руу орчуулж өгсөн Жоханни Куртетийн гэргийд талархал илэрхийлье. 

- Кинонд Францын талаас чамгүй олон хүн ажиллажээ. Ингэхэд франц продюсертойгоо яаж холбогдов? 

- “Urban Group”-ийн Ерөнхийлөгч Фрэдерик Корвез, охин компани болох “Urban Factory” продакшн компанийн захирал Маева Савинен бид гурав энэ кинон дээр продюсероор ажилласан. 2017 онд “Талентс Токио”-д оролцохдоо Фрэдтэй анх танилцаж, менторлуулж байсан юм. Мань хүн надад энэ сэдвээрээ богино хэмжээний кино хий гэж зөвлөсөн ч би өөрийнхөөрөө зүтгэж бүрэн хэмжээний кино хийхээр ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд бид харилцаатай байж, Фрэд ч миний хаана, ямар уралдаан, тэмцээнд оролцож явааг мэдэж байсан. Заримд нь төлөөлөгчөө явуулж тусалж байлаа. Тэгээд  өнгөрсөн өвөл зураг авалт эхлэхийн өмнө албан ёсоор манай киног продюсерлахаар болсон. 

Монголчууд бусдад муугаа үзүүлэх дургүй бардам ард түмэн. Тэгтэл өвлийн хасах 35 хэмд нүүрсээр дулаацдаг хүмүүс одоо болтол байгаа нь үнэн шүү дээ. Бид яагаад үүнээс ичих ёстой гэж?

- Дэлхий нийтэд монголчуудад ингэж харуулах нь зөв ч юм уу, буруу ч юм уу гэж асуух хүмүүс байна. Үүний тухайд та ямар байр суурьтай байна вэ?

- Үнэнийг хэлэхэд, монголчууд бусдад муугаа үзүүлэх дургүй бардам ард түмэн. Тэгтэл өвлийн хасах 35 хэмд нүүрсээр дулаацдаг хүмүүс одоо болтол байгаа нь үнэн шүү дээ. Бид яагаад үүнээс ичих ёстой гэж? Жилийн жилд хамгийн их агаарын бохирдолтой үеэр бүлцийтлээ гоёод шинэ жил хийдгийг би ер ойлгодоггүй. Наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй, цусаараа дүүрэн хүнд металлтай байж ганган хувцас өмсөөд, баярлаж цэнгэх ямар утгатай юм бэ? Тийм болохоор би Монголыг муухайгаар харуулсан гэж бодохгүй байна. Харин ч байгааг нь л гаргаж тавьсан. Бид нэг л агаараар амьсгалж байгаа шүү дээ.

- Кино салбар дахь жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл хандлага танд хэр их мэдрэгдэж байна. Жишээ нь, Pitch хийгээд явахад эмэгтэй найруулагч гэдгээсээ болж хойш татагдах, боломжоо алдах тохиолдол гарч байв уу?

- Эмэгтэй хүн бусдын ая талыг харж, санаанд нь нийцүүлэх гэж хичээдэг талтай. Яахав өглөө 6 цагаас босох уу 7-оос босох уу гэдэг дээр багийнхныхаа аяыг харж болох ч камерын ард зогссон үедээ хэнээс ч эмээлгүй хүссэнээ хийдэг, хэлдэг байх хэрэгтэйг ойлгосон. Учир нь кино бол найруулагчийн үзэл санаа, найруулагчийн дотоод ертөнцийн тусгал. Мэдээж зураг авалтыг олон давтах тусам зургийн талбайд байгаа уран бүтээлчид найруулагчид эргэлзэж эхэлнэ. Тэгсэн ч энэ миний хүссэн план биш, гэрэл биш, хувцас биш. Дахиад авъя гэж хэлдэг байх хэрэгтэй. Гэхдээ ингэж хэлэхэд эмэгтэй найруулагчаас хэд дахин илүү зориг шаарддаг. 

Бусад зүйлийн тухайд, жишээ нь эмэгтэй, жижигхэн биетэй, гэр хорооллын охин гэдгээр минь ялгаварлах хүмүүс хэзээд байж л байна. Тийм хүмүүст амжилт хүсээд явуулдаг даа. Харин намайг хүн гэдэг үүднээс харж, харилцдаг хүмүүсийг олоод хамтарч ажиллахыг хичээдэг. 

- Амьдрал санаснаар болдоггүй болохоор заримдаа өөртөө, хийж байгаа зүйлдээ эргэлзэх үе бий. Танд тийм үе тулгарч байв уу? “Би хангалтгүй байна” гэж толгойд эргэлддэг дуу хоолойг та яаж даван туулдаг вэ? 

- Анх “Нүцгэн гэрэл” киногоо хийхдээ өөрийгөө маш их хойш татаж, санасандаа хүртэл ажиллаж чадаагүй. Хамгийн егөөтэй нь дүрсэн дээр энэ бүхнийг нууж болдоггүйг киногоо үзээд ойлгосон. Камерын ард ажилласан баг ямархуу уур амьсгалтай байсан нь хүртэл дүрснээс мэдрэгддэг. Ийм том сургамжийг өгсөн болохоор “Нүцгэн гэрэл”-дээ би их хайртай. Хамгийн гол нь тухайн цаг үед хамгийн сайнаараа байсан минь тэр шүү дээ. Илүү байж болох л байсан байх. Гэвч тэр үед олдсон хүн хүч, мөнгө, цаг хугацаа, дэмжлэг, миний сэтгэл санаа, сарын тэмдэг энэ бүхнээс шалтгаалаад би хамгийн сайнаараа ажилласан нь энэ. Үүнийг ойлгосноос хойш хэн, юу гэх бол гэдэг бодлоос чөлөөлөгдөж эхэлсэн. Тэгээд гурав дахь кино болох “Шар автобус”-аа хийсний дараа одоо би “Баавгай болохсон”-ыг хийж чадах юм байна гэдэг итгэл төрсөн.

Киноны нэг хэсэгт залуу шатнаас унадаг хэсэг бий. Яг тэр хэсэгт танхимд байсан бүх хүүхэд уулга алдсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний зовлонг тэгж мэдэрсэн хүүхэд хэзээ нэгэн цагт ресторан ажиллуулбал, компанийн эзэн болбол гаднаа заавал налуу шат хийх ёстойг киноноос мэдээд гарч байгаа юм. Ингэж бодохоор “Шат”-ын авчирсан, цаашид ч авчрах нөлөөлөлд үнэхээр их урамшдаг.

- Таны найруулагч болох мөрөөдөл хүүхдүүдэд итгэл найдвар, гэрэл гэгээ түгээх хүслээс үүджээ. Тэгтэл өнгөрсөн жил таны “Шат” богино хэмжээний кино Улаанбаатар олон улсын кино наадмын хүүхдүүдэд зориулсан анхны үзвэр болсон. Тэр үед танд ямар мэдрэмж төрж байв? 

- Би “соён гэгээрүүлэх” гэдэг үгэнд тийм ч дуртай биш. Урлаг заавал соён гэгээрүүлэх албагүй. Гэхдээ энэ нийгэмд ойлгогдох ёстой үзэл санаа, сонсогдох ёстой дуу хоолой олон байна. “Шат” киноны гол дүр бол тэдний нэг. Киноны нэг хэсэгт залуу шатнаас унадаг хэсэг бий. Яг тэр хэсэгт танхимд байсан бүх хүүхэд уулга алдсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний зовлонг тэгж мэдэрсэн хүүхэд хэзээ нэгэн цагт ресторан ажиллуулбал, компанийн эзэн болбол гаднаа заавал налуу шат хийх ёстойг киноноос мэдээд гарч байгаа юм. Ингэж бодохоор “Шат”-ын авчирсан, цаашид ч авчрах нөлөөлөлд үнэхээр их урамшдаг. Киног олон нийтэд нээлттэй байршуулах өдрийг тэсэн ядан хүлээж байгаа. Би хувьдаа энэ киног сургууль бүрд үзүүлэх сэн гэж хүсэж байна. 

- Цаашдын карьераа хэрхэн харж байна вэ? Найруулагч эсвэл продюсер?

- Сайн продюсертой хамтарч ажиллаад өөрөө зөвхөн найруулагчаа хийнэ гэдэг ховор тохиох жаргал. Тийм болохоор зөвхөн уран бүтээлээ бодож, түүндээ анхаарал хандуулах боломжийг авьяаслаг залуу найруулагчдад гаргаж өгөхийг хүсдэг юм. Сайн зохиолтой, авьяаслаг залуу уран бүтээлч таарвал би продюсер хийхэд бэлэн. Гол нь нэг зохиол дээр олон жил тууштай ажиллаж, гараасаа гаргах тэвчээр залуучуудад байдаггүй. Надад ч гэсэн сайн продюсер дахиж таараад санхүү, менежментийн ачааг хөнгөлөөд өгвөл найруулагчаа хийгээд явахыг хүсэж байна. Юутай ч хоёр дахь зохиолынхоо хөгжүүлэлтийг эхэлчхээд явж байна даа. 

- ”Баавгай болохсон” хэзээ өргөн дэлгэцээр үзэгчдийн хүртээл болох вэ? Францад бас нээлтээ хийнэ гэж сонсогдсон?

- Олон улсын фестивалиудад хагас жил орчим сойсны дараа л дэлгэцээр гарч эхлэх болов уу. Хэдийд үзэгчдийн хүртээл болохыг одоогоор хэлж мэдэхгүй байна. Найруулагчийн хувьд киногоо монголчууддаа хамгийн түрүүнд үзүүлэхийг үзүүлэхийг хүсэж байна. Францад гаргах дистрибьютер компаниа аль хэдийн олчихсон байгаа. Эвлүүлгийн эхний хэдэн хувилбарыг үзээд дистрибьютер компани манай киног Францад гаргахаар болсон. 

- Ярилцлагынхаа зочдод тавьдаг уламжлалт асуултыг танаас асууя. Таны бодлоор ямар эмэгтэйг Woman Who Dare гэх вэ?

- Хиймээр байгаа зүйлээ тодорхой хараад түүнийхээ төлөө тасралтгүй ажилладаг. Юу ч тохиолдсон сонссон ч “Shit happens” гэж хэлээд урагшаа алхдаг эмэгтэйг гэж хэлэх байх (инээв.)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
12
0
31
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.