Хэдхэн хоногийн өмнө Инстаграмын идэвхтэй хэрэглэгчид дунд "Монгол уран бүтээлчийн зургийг дэлхийд од сторидоо хийлээ" гэсэн сайхан мэдээ тарж, залуу уран бүтээлчдээрээ бахархах сэтгэл төрсөн билээ. Энэ удаа бид тэрхүү шуугианы эзэн, Мобиком корпорацийн дизайнер, иллюстратор С.Биндэръяатай уран бүтээл, ажил мэргэжлийнх нь тухай ярилцлаа.
IG: binka.png
-Өөрийгөө юун түрүүнд уншигчдад танилцуулна уу.-Сайн байцгаана уу, намайг Сандуйжавын Биндэръяа гэдэг. Бараг л 25 нас хүрэх гэж байна даа. Мобикомд дизайнераар ажиллаад жил хагас болж байна. Хажуугаар нь сонирхлоороо иллюстрэшн хийдэг.

-Сүүлийн үед ямар бүтээл дээр ажиллав?-Мобикомоос сайн дурын ажил их явуулдаг. Түүний нэг нь Ковид-19 халдварын эсрэг “Хайр түгээе” нэртэй 10,000 ширхэг картыг цагдаа, эмнэлгийн ажилчид гэх мэт хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа хүмүүст бэлэглэсэн явдал юм. Энэ мэт ажлууд дээр пост оруулж, түүнийгээ илүү сонирхолтой байдлаар бэлдье, хүмүүст илүү хүргэе гэх үүднээс халдварын эсрэг сэдэвтэй зургууд зурсан.
Бас Инстаграм дээр янз бүрийн хаштаг нэмээд пост оруулдаг даа? Би ЮНИСЕФ гэх мэт байгууллагуудыг их дагадаг, олон хаштаг хэрэглэдэг учраас тэр ч бас сүүлийн ажилд минь их нөлөөлсөн байх. Тус байгууллагаас Ковид-19 халдварын эсрэг залуусын дуу хоолойг хүргэх “Voices of Youth” кампанит ажил зохион байгуулахад би хаштагийг нь ашиглаж цагдаагийн зурагтай постоо оруулсан. Тухайн үед их олон хүнд хүрсэн учраас хаштагийн хайлтын хамгийн эхэнд гараад ирсэн. ЮНИСЕФ-ээс тэр үед надтай хүн холбогдож, энэ зургийг сайт болон хаягууд дээрээ нийтэлж болох уу гэхэд нь би жижигхэн тайлбар нэмж бичиж өгөөд гаргуулсан.


-Хүмүүст хамгийн их хүрсэн иллюстрэшнийхээ тухай яриач?-Тэр явдлын дараа ЮНИСЕФ-ээс залуусын сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой зураг зураад өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Би “За” гээд хэлчихсэн мөртлөө санаагаа олж чадахгүй алга болоод, хүн нь “Юу болж байна” гэж асуухад “Seen”-дээд… Би ер нь санаагаа түрүүлж олж байгаад л эхлэхгүй бол шууд зураачид шиг зураад эхэлж чаддаггүй төрлийн хүн болохоор нэг хэсэг “мурьж” явсан л даа. Гэхдээ дараа нь эргэж холбоо бариад, ийм хоёр зургийг 3-4 өдөрт зурж гаргана гэдэг төлөвлөгөөгөө явуулсан. Санааг нь би өөрөө сэтгэцийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарч байгаа талаасаа харуулбал дээр юм байна гэж шийдсэн. Тэр иллюстрэшн албан ёсны хуудсаар нь тараад, түүнийг олон хүмүүс шэйрлэсэн дунд Дэвид Бекхэм байсан. Би өөрөө ч анх мэдээгүй л дээ. Тэгтэл ЮНИСЕФ-ийн хүн надад “Дэвид Бекхэм зургийг чинь шэйрлэсэн байна, баяр хүргэе” гэж хэлсэн. Араас нь маш олон хүн баяр хүргэж эхлэх үед л бүрэн анзаарах сөхөөтэй болсон доо.

-Ер нь ямар төрлийн уран бүтээлч болж, цаашид юугаараа олонд илүү танигдах хүсэлтэй байгаа вэ?-Би яг уран зураг биш илүү дизайн иллюстрэшн төрлийн хүн л дээ. Миний маш их хүндэлж, харж явдаг Лео Нацүмэ гээд уран бүтээлч байдаг. Тэр сүүлд Эппл, Инстаграм зэрэг газруудын кампанит ажлууд дээр ажилласан. Би түүн шиг иллюстрэшнээрээ нийгэмд эерэг, сайхан зүйл хүргэдэг, нөлөө үзүүлэхийг хүсдэг байсан. Харин одоо тэр хүсэл минь бага багаар ч болтугай биелж байгаа.

-Ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцож, гадаад хүмүүстэй өрсөлдөж байсан уу?
-Саяхан Хуавэй дээр нь гардаг эможи зохиох олон улсын тэмцээн зохиосон. Гэтэл шүүгчдийн дунд Лео Нацүмэ байсан. Тэр үед шүүгчдээс өндөр үнэлгээ авч, хүмүүс ч их дэмжээд ялж, Huawei P30 Pro гар утас хожсон. Хүндэлдэг уран бүтээлчээрээ шүүлгэсэндээ үнэхээр баяртай байдаг.

(Өрсөлдсөн эможи)
-Мобиком шиг ийм том байгууллагад орж ирээд ажиллахад ямар байсан бэ. Өөрийгөө харуулж, бүтээлээ хүссэнээрээ хийх хүртэлх явц ер нь ямар байсан бэ?-Ажлаа солиод яг дасахгүй байсан болохоор эхний 3 сар хэцүү байсан. Гэхдээ яг түүний дараагаас юмыг ойлгоод, өөрийнхөө хийхийг хүссэн зүйлийг хийж, оруулж эхэлсэн. Өмнө зөвхөн сошиал медиа дээр ажилладаг байсан бол одоо илүү бүтээлч байдлаар ажиллах болсон. Шинэ жилийн урамшуулал, цагаан сарын карт дээр бас ажилласан. Гол нь “Чи зөвхөн ‘Be’-гийн юмаа л хий, өөр зүйлд оролцож болохгүй” гэсэн зүйлгүй, бүх том ажлуудад санаа бодлоо хэлж, оролцдог болохоор сонирхолтой. Би бас өөрийгөө сориод бүгдийг нь эхнээс нь хийх гэж оролдсон. “Би ийм зүйл хийж байгаагүй, юун цагаан сарын карт вэ, би хээ ерөөсөө зурж байгаагүй” гэх хандлага гаргахгүйгээр чадлаараа оролдож үздэг байсан.

-Өмнө нь ийм байгууллагад ажиллаж байгаагүй залуу хүний хувьд ажиллах зарчим, арга барил чинь бусдаас хэр өөр байдаг вэ?-Яг ямархуу зүйл хийх санаа нь орж ирэхгүй бол хэцүү нөхцөл байдалд ордог ч тэр үеэ давчихвал ажиллахад гоё. Маш их судалгаа шаардаж, бодож, дуу сонсож байж ч юм уу ажлаа эхлэх дуртай. Тэгэнгүүт зарим талаараа хүмүүс намайг зүгээр л “chill”-рээд суугаад байна гэж боддог байх. Би заримдаа компьютероо унтраагаад юм бодоод суудаг. Гэхдээ “Би дотроо ажлаа бодож байгаа шүү” гэдгээ хэлдэг. Ер нь энэ ажлын хувьд хүн хаана ч, юу ч хийнгээ бодож байж болдог. Заавал фотошоп нээгээд сууж байхдаа хийж байдаг биш, хаана ч байсан бодоод хийж болдог.-Яг энэ Коронавирусийн тархалт их байгаа үеэр ажлаа яаж хийж байна. Бас хэр их нөлөөлж байна?-Интернетээр ажиллаж болохын нэг давуу тал нь би өнөөдөр заавал Нью-Йоркийн ЮНИСЕФ-ийн оффис дээр очоод “Би ийм юм хийе” гэхгүй. Дэлхийн хаанаас ч ажиллаж болох нь гоё. Тиймээс онлайнаар аливаа зүйлийг хийх боломж үнэхээр их байгаа. Бас жаахан эвгүй, муухай сонсогдож магадгүй ч Коронавирус надад их боломж олгосон юм шиг санагдаад байдаг. Би өмнө нь бол тийм утга учиртай гэмээр зүйл хийдэггүй байсан юм шиг ээ. Ямар нэг дүр гаргадаг, эсвэл өөрийгөө зурдаг ч юм уу тийм зиүл их хийдэг байж. Тухайн үед ХӨСҮТ-д ажилладаг Цогтоо гээд нэг найзтайгаа хамтраад томуугийн тухай зургууд дээр ажиллаж байсан. Маск зүүх хэрэгтэй, дасгал хөдөлгөөн чухал гээд нэлээн их зураг зурсан. Тэр үеэс би хүмүүст үнэ цэнтэй зүйлийг иллюстрэшнээрээ өгч болох юм байна гэдгийг ойлгож авсан. Хэдэн сая хүмүүс л дүр бүтээгээд зураад явж байгаа шүү дээ. Харин би илүү чухал зүйл хийж эхлэн, чиглэлээ олсон юм шиг санагдаж байгаа.

-Өөрийгөө олж авах хүртэл, энэ чиглэлээ олтлоо хэр хугацаа зарцуулсан гэсэн үг вэ?-Яг өнгөрсөн өвлөөс л санаанд бүрэн нийцсэн зургуудыг зурж эхэлсэн болохоор тэр хүртэлх бүх хугацаанд чиглэлээ олж чадахгүй их хэцүү байсан. Жаахан байхаасаа өдий хүртэл өөрийгөө олохгүй байж байгаад өнгөрсөн өвлөөс л энэ надад хэрэгтэй, бусад хүмүүст ч хэрэгтэй зүйл юм байна гэж ойлгосон. Нэг хэсэг хүмүүс дизайнер гэдэг зөвхөн лого хийдэг ч юм шиг хардаг байсан шүү дээ. Гэхдээ өнөө үед хүмүүс бүтээлч хүмүүсийн нөлөөллийг илүү ихээр ойлгож байгаа байх. Бусдын харуулахыг хүссэн зүйлийг зураад ч юм уу дүрсээр харуулаад тусалж чадна. Тэр хүн дэлхийг өөрчлөх гэж байна уу, бусдын бодлыг өөрчлөхөд ч байна уу, маркетингт ч байна уу бүх зүйлд бидний оролцоо маш их үнэтэй.-Хамгийн сүүлд ямар зургийн санаагаа хэрхэн олж авч байв?-Санаа олох их хэцүү шүү. Би дипломын ажлаа динозавраар хийж байсан байхгүй юу. Сүүлд найзтайгаа утсаар ярьж байтал тэр намайг жаахан явуулаад, “Гараа угаасаар байтал гар бүр Тарбозавр Батаар шиг болчихлоо” гэх үед үнэхээр хөгжилтэй санагдаж байсан. Дараа нь гараа угааж байхад гэнэт дараагийн зургийн санаа шууд орж ирсэн. Нээрэн бид гараа юм болгонд ашиглахгүй, Т-Рекс шиг байх хэрэгтэй юм байна шүү дээ гээд л.

-Санаагаа олоход их уддаг гэсэн шүү дээ. Харин яг бүтээж, зурах үед юу мэдрэгддэг вэ?-Хүмүүс яг суугаад, юу ч бодохгүй байхыг, нүдээ анихыг бясалгал гэж боддог. Гэхдээ төвлөрч чадвал чи шүдээ угааж байхдаа ч, дуу сонсоод, ажлаа хийж байхдаа ч бясалгал хийж болдог. Яг ямар нэг зүйлд төвлөрөх мөч үнэхээр гоё байдаг. Тэр төвлөрөл, бүр юунд ч сатаарахгүй хийсээр дуусгах мөч үнэхээр гоё.

-Сошиал медиагаар дамжиж олон хүн өөрсдийгөө таниулдаг шүү дээ. Ер нь олон нийтийн сүлжээ гэх энэ зүйлийн хүч чадлыг юу гэж боддог вэ?
-Би яг энэ тухай ойрын үед маш их бодож, олон хүнтэй ярилцсан. Өдөр цайны цагаараа яриад л сууж байлаа. Уг нь би чинь интроверт хүн. Хэдэн жилийн өмнө миний хөгжүүлж байсан инстаграм танай UB LIFE сайтын нийтлэлд гарч байсан л даа. Тэр үед миний дагагчдын тоо бүр 1,000 хүрсэн ч би жаахан "эмороод", хувийн ертөнцийг минь олон хүн үзээд байна гээд шууд устгачихсан байхгүй юу. Хэрэв устгаагүй байсан бол одоо дагагчдын тоо илүү их байх байсан. Одоо эргээд бодохоор тэр алхам буруу байж дээ л гэж боддог. Би зураг оруулсан ч царайгаа гаргадаггүй, нууцлаг байх гээд байдаг. Гэхдээ одоогийн нөхцөл байдлаас харахад уран бүтээлч хүмүүс өрөөнөөсөө, орон зайгаасаа гарч байж л илүү их боломжийг олох юм шиг санагддаг. Хүсэхгүй байлаа ч би өөрийгөө бага багаар дасгаад, тухтай бүсээсээ ил гарч, хийж бүтээж байгаагаа бусадтай хуваалцаж байгаа. Түүнийхээ үр шимийг ч гэсэн одоо хүртээд явж байгаа болохоор олон нийтийн сүлжээнд идэвхтэй байх хэрэгтэй гэж боддог. Бас цаашид өөр ажил, илүү том боломжийг өөртөө нээх гэж байвал бусад хүмүүст хийж бүтээснээ харуулж байж л тэр боломжтой болно шүү дээ.
-Яг хийхийг хүссэн гоё зүйлээ л хийнэ, бусад зураг, дизайны ажлыг хийхийг хүсэхгүй байна гээд бас шинийг оролдож, өөрийгөө сорьж үзээгүй яваа олон залуус байдаг шүү дээ. Энэ тухайд юу гэж боддог вэ?-Би ч бас нэг хэсэг дизайнерын ажил хийж чадахгүй юм байна аа гэсэн бодолтой байсан. Зургаа л хөгжүүлээд түүгээрээ л явах хэрэгтэй юм байна гэж боддог байлаа. Тэгтэл “Be”-гийн дизайн дээр ажилласны дараа тэр болгон магтдаггүй хүн хүртэл магтаал хэлээд эхэлсэн чинь дизайн хийх хэцүү ч гэсэн хичээгээд хийгээд үзвэл үр дүн нь гоё байдаг юм байна гэж бодсон.
Түүнээс хойш би дизайн хийж чадахгүй, ийм төрлийн хүн биш гэж бодохоо больсон. Одоо бас шинэ зүйл хийх гээд байгаа болохоор аль болох өөрийгөө эвдээд шинэлэг зүйл хийхийг хичээж байгаа. Ажил захиалж байгаа хүндээ, хийж өгч байгаа газраа “ямар гоё юм бэ” гэж хэлүүлэхээр зүйл хийх сайхан шүү дээ. Тиймээс би ийм хүн биш, тийм зүйл хийдэггүй гэхийн оронд түрүүлээд оролдож үзээд, аль алийг нь хослуулах гэж оролдоод, найдаад явж байгаа. Бас би Мобикомд ороод хамт олон гэж ийм л байдаг юм байна гэдгийг мэдэрч авсан. Уг нь би төрсөн сэтгэгдлээ тэр болгон бичдэггүй л дээ. Гэхдээ түрүүхэн Мобикомын пэйж 1 сая лайктай болоод, давхар миний зураг бас олонд хүрээд эхлэх үед сэтгэлээ барьж дийлэхгүй “Би их хөдөлмөрч хүмүүстэй цуг ажилладагтаа бахархаж байна” гэх утгатай зүйлийг Инстаграм дээрээ хүртэл бичиж, сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг. Дараа нь бүр сэтгэлийн үгийн арай л ний нуугүй хэлчхэв үү гээд ичсэн шүү. Гэхдээ үнэхээр л маш их шаргуу ажилладаг.

-Зурдаг, дизайн хийх сонирхолтой бусад залууст хандан юу гэж хэлмээр байна?-Анх Хаувэйн тэмцээнд орооч гэж нөхөр санал болгоод, дэмжиж байсан. Гэхдээ би шүүгчид нь мундаг хүмүүс байна, дэлхийн лаг лаг уран бүтээлчид орж байгаа юм чинь яах юм бэ гэж байсан.
Яг тэмцээний бүтээл хүлээн авах хугацаа дуусах дөхөөд эхлэх үед ганцаараа сууж байхдаа би гэнэт “Ер нь яагаад болохгүй гэж. Оролцоод ялахгүй байсан ч хийсэн нэг зүйлтэй үлдэнэ. Оролцох л чухал” гэж бодсон. Тэгтэл шүүгчдийн санал аваад бүр түрүүлчихсэн. Үүний дараагаас би маш их зоригтой болсон. Манай залуус ч бас гадаадын том уралдаан тэмцээнээс айхгүй, чадлаараа оролцож, мундаг уран бүтээлчидтэй харьцуулж гололгүй оролдоод үзээрэй. Хүн болгоны зурах хэв маяг өөр, бас лаг зурдагтаа биш илэрхийлж буй санаа чухал шүү.-Өөрийн хэв маягаа олж авах хүртэл хорин хэдэн жил зарцуулсан гэсэн дээ. Ер нь хүмүүс өөрийн явах чиглэлийг олж авахад юу чухал гэж бодож байна?Хэдий цөөхөн сонсогчтой хэдий ч би найзтайгаа нийлээд Radio505 нэртэй подкаст хийдэг л дээ.

Түүн дээр бид бүтээлч, гадаадад фрийланс хийдэг хүмүүсийг оруулдаг. Нэг дугаар дээр нь Монгол Контентын Маамуу төслийн зураач залуутай ярилцаж байхад түүнд маш олон боломж, санал ирж байсан ч тэр Маамуу төсөлдөө үнэхээр хайртай болохоор ерөөсөө орхидоггүй тухай ярилцсан. Түүнээс би хүн үнэхээр дуртай хайртай л бол ямар ч үед урагшилсаар байдаг юм байна гэж бодсон. Тэр хэдий өөр зүйл хийгээд явж болох байсан ч хүүхдүүдийн боловсролд зориулсан энэ контент өөрт нь үнэ цэнтэй. Миний хувьд сайн дурын, нийгмийн сайн сайханд зориулсан төсөл, ажлуудад зурах нь илүү үнэ цэнтэй. Тиймээс яг энэ үнэ цэнээ олж мэдэж, түүнийгээ нандигнаасай гэж хүсэж байна. Бас өөрийгөө нэг зүйлд хорихгүйгээр чөлөөтэй сэтгээрэй. ЮНИСЕФ-ийн зургийг би өмнө нь ашиглаж байгаагүй цоо шинэ багсаар, ашиглаж байгаагүй гэрэл сүүдрээр (pallete) зурсан. Тиймээс нэг гацсан зүйлээсээ өөр шинэ зүйл оролдоод үзвэл сонирхолтой. Үнэ цэнээ олж авсан, шинэ зүйлд өөрийгөө сориод үзсэн байхад явах чиглэлээ олж чадах юм шиг санагдаж байна.
-Ярилцсанд баярлалаа. Бас өөрийн бүтээлийн үнэ цэнийг ойлгож, мэдэрч авсанд нь баяр хүргэе. Амжилт!
-Баярлалаа.
