UBLife Logo
С.Номинзул: Төлөвлөгч дэвтрийн үр ашгийг бусадтай хуваалцсандаа баяртай байдаг
Миллениал

С.Номинзул: Төлөвлөгч дэвтрийн үр ашгийг бусадтай хуваалцсандаа баяртай байдаг

Төлөвлөгч дэвтрийг хэрхэн бүтээлч байдлаар хөтөлж, ашиглах талаар влог бэлтгэж, хүмүүст хүргэсэн С.Номинзултай ярилцлаа.

Сайн байна уу. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

Намайг Саруулзандараагийн Номинзул гэдэг. Би 18 настай. Улсын тэргүүний 24 дүгээр сургуулийг төгссөн.

Төлөвлөгч дэвтэр буюу bullet journal-ийг анх хэзээнээс хөтөлж эхэлсэн бэ. Хөтлөх шалтгаан нь юу байсан бэ?

Би өмнө нь ямар нэгэн дэвтэр хөтөлж байгаагүй. Тухайн өдрөө хийх зүйлсээ бодчихдог байсан. Гэхдээ өдөр болгон хийх зүйлсээ бодохоор заримыг нь хийхээ мартаад санахгүй их хэцүү байсан. Тэгээд нэг өдөр санамсаргүй "youtube"-ээс төлөвлөгч дэвтрийн бичлэг үзсэн юм. Тэр үед би ч гэсэн яагаад ингэж хөтөлж болохгүй гэж бодоод 2017 оны зургаадугаар сараас хөтөлж эхэлсэн. Гэхдээ эхэндээ тууштай хөтөлж чадаагүй хэсэг хөтлөхөө больсон ч удаа бий.

Яагаад хөтлөхөө больсон бэ. Байнга цаг зав гаргаж, тэмдэглэл хөтлөхөд бэрхшээлтэй байв уу?

Би ер нь жаахан залхуу төрлийн хүн л дээ. Нэг зүйл эхлүүлчихээд надад хэрэгтэй, эсэхийг бодож, дарамт шахалт шиг санагддаг байсан учраас дундаас нь хаячихдаг байсан. Өдөр бүр дэвтэр дээрээ хийсэн зүйлсээ тэмдэглэх гэхээр мартаж, сүүлдээ залхуу хүрээд больсон юм. Хэсэг хугацаанд завсарлаад дахиад хөтөлж эхлэхдээ залхуурлаасаа салах зорилго тавьж, дэвтэр хөтлөлтөө зорилгынхоо хөшүүрэг болгож ашигласан. 

Дөнгөж хөтөлж эхэлж байгаа хүмүүст хэрхэн тогтмол хөтлөх талаар зөвлөгөө өгөөч?

Хүмүүс ихэвчлэн өдөр бүр хийх зүйлсийн жагсаалтдаа том ажлууд бичих ёстой гэж боддог. Миний хувьд жижиг зүйлсээс авахуулаад бичээд явчихдаг. Жишээ нь, аяга тавгаа угаах, гэрээ цэвэрлэх, тэд дүгээр хуудасны гэрийн даалгаврыг хийх гэх мэт тодорхой зүйлс байвал амар байдаг л даа. Бас орой болгон унтахаасаа өмнө маргаашийн ажлаа төлөвлөх цаг гаргаж, хийгээд эхэлбэл дэвтрээ тогтмол хөтлөх боломжтой байдаг. Эсвэл өдөр бүр дэвтрээ хөтлөхийг зорилго болгож, "зуршил" хэсэгтээ тэмдэглээд явбал зүгээр.

Бараг хоёр жил төлөвлөгч дэвтэр хөтөлсөн байна шүү дээ. Тэмдэглэл хөтөлснөөр амьдралд нь гарсан өөрчлөлтүүд байгаа юу?

Ер нь бол зөндөө байдаг. Сар болгон өөртөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд хичээнэ. Гэхдээ их өөрчлөлтийг авчирсан зүйл нь гэвэл төлөвлөгч дэвтэр дээр зуршлын хэсэг гэж байдаг. Тэр хэсгийг би өөрийнхөө муу зуршлуудаас салах гэж анх хөтөлж байсан. Харин одоо өөртөө хэрэгтэй шинэ зуршлуудыг дадал болгох зорилгоор хөтөлж байгаа. Жишээлбэл, эрт босох, солонгос хэлээ давтах гэх мэт зүйлсийг дадал болгохоор хичээж байгаа.

Төлөвлөгч дэвтэр хөтөлж эхлэхээс өмнөх үе болон дараах үеийг харьцуулахад ямар байсан бэ?

Дэвтэр хөтөлдөггүй байх үед өдөрт хийх гэсэн ажлын тавиас доош хувь нь бүтдэг байсан. Харин одоо бол тухайн өдөр төлөвлөсөн ажлын 80 хувь нь биелдэг болсон. Мөн өдөр өдөртөө юу хийсэн гэдгээ дараа нь харахад их амархан, эмх цэгцтэй болсон. 

Солонгос хэлийг бие дааж сурч байгаа гэсэн. Гадаад хэлийг бие даан сурахад ямар байдаг вэ. Энэ тухай сонирхуулаач?

Энэ оны нэгдүгээр сараас эхлэн тууштай сурч байгаа. Өмнө наймдугаар ангид байхдаа эгчээрээ үсгээ заалгуулж, тэр үедээ аав, ээж, хоол гэх мэт хэдхэн үг л мэддэг байсан. Бие дааж сурах тухайд бол  "talk to me in korea” гээд веб сайтан дээр "pdf" хичээлүүд болон сонсдог номууд нь англи хэл дээр байдаг. Хамтад нь хийвэл илүү үр дүнтэй юм шиг санагдсан. Бас энэ сайтан дээр байгаа хичээлүүд нь их сонирхолтой хөгжилтэй аргаар заадаг болохоор удаан суугаад хийж чаддаг. Би солонгос хамтлагуудын дуунд дуртай. Яг хэл сураад эхэлсэн дууныхаа үгийг ойлгохыг хичээж, орчуулах байдлаар давхар үгсийн сангаа баяжуулж байгаа. Чихний бөглөөгөө ч гаргахад нэмэртэй. Мөн дэвтрээ сурч байгаа хэлээрээ хөтөлвөл тухай хэлний зарим үгнүүдийг хараад л тогтоож болдог. 

Номинзул "Youtube" суваг ажиллуулдаг шүү дээ. Яагаад ажиллуулах болсон бэ. Цаашдаа төлөвлөгч дэвтрийн хөтлөлтийн талаарх бичлэгээр дагнах уу?

Анх англи хэлээ сайжруулах зорилгоор youtube-ээс бичлэг үзэж байхад монголоор бичлэг хийдэг хүмүүс бараг байгаагүй. Эсвэл би олдоггүй ч байсан байж магадгүй. Тэгээд гадаадын влогчид шиг яагаад влог хийж болохгүй гэж бодоод л тэр эрчээрээ шууд влог хийж эхэлсэн. Анх өөрийнхөө мэддэг, хүмүүст хэрэгтэй зүйлсийн талаар бичлэг хийсэн. Гэсэн ч ямар бичлэг хийхээ сайн мэдэхгүй явж байгаад тэмдэглэл хөтлөх соёлыг бусдад түгээе гэж бодоод төлөвлөгч дэвтрийн талаар бичлэг хийсэн. Цаашдаа сар төлөвлөлтийн тухай болон уран зургийн хэдэн бичлэг хийх төлөвлөгөөтэй байгаа.

Сарын төлөвлөгөө хөтөлж эхэлж байгаа хүмүүст хандаж зөвлөгөө өгөөч?

Төлөвлөгч дэвтрийг заавал гоё ганган зураг зурж, хөтлөх албагүй шүү. Миний бичлэгийг үздэг хүмүүс надаас "Энэ балаа хаанаас авсан бэ, үүнийг хаанаас авсан бэ, яаж ингэж зурж сурах вэ, би ингэж зурж чаддаггүй юм зурахгүйгээр хөтлөх боломжтой юу" гэж их асуудаг. Өөрийнхөө дэвтрийг та хүссэнээрээ хөтөлж болно. Заавал зураг зурах албагүй. Би дэвтрээ хэрхэн хөтөлдөгөө жишээ болгож харуулж байгаа учраас заавал надтай адилхан хөтлөх албагүй, өөрийнхөө хэв маягаар хөтлөх хэрэгтэй шүү.

Анх влог хийж эхлэхэд ямар асуудал, бэрхшээлтэй тулгарч байсан бэ?

Техникийн тал дээр хэд хэдэн асуудал тулгарч байсан. Камер байхгүй утсаараа бичлэг хийхээр чанар нь муу, хийсэн бичлэгнүүдээ яаж янзлахаа мэддэггүй байсан. Бэлэн болсон бичлэгээ хийхээр санамсаргүй устгах зэрэг бэрхшээл гарсан л даа. Бас нэг гол зүйл нь бичлэг хийвэл найзууд болон бусад хүмүүс юу гэх бол гэдгээс их айдаг байсан. Гэхдээ энэ айдас эхэн үед л байдаг юм шиг санагдсан. Одоо бол өөрийнхөө инстаграм, фэйсбүүк хуудастаа "Найзуудаа бичлэг гарсан шүү, үзээрэй" гээд л биччихдэг болсон доо.

Ойрын хугацаанд юу хийхээр төлөвлөж байна вэ?

Хамгийн ойрын төлөвлөгөө гэвэл жолооны курсээ төгсөх л байна. 

Дэвтэр хөтөлдөг хүмүүст болон влогийн үзэгчдэдээ хандаж хэлэх үг байгаа юу? 

Дэвтрээ хөтлөөд аль хэдийнэ хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд олон хүнд дэвтэр хөтлөх сэдлийг өгч, үр ашгийг нь хуваалцаж чадсан даа маш их баяртай байна. Мөн мессэжээр болон бичлэгний доор сэтгэгдэлээ үлдээж, намайг дэмждэгт маш их баярладаг шүү.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. 

С.Номинзултай хамт долоодугаар сараа хөтлөхийг хүсвэл ЭНД дараарай.

Бэлтгэсэн: О.Сансармаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
41
0
0
0
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.