Сошиал сүлжээ түгэн дэлгэрч, платформууд хөгжсөнөөр хэн ч, хаанаас ч, хэзээ ч зураг хөргөө аван, бичлэг хийж бусдадаа илгээх боломжтой болсон. Мөн зураг, бичлэгээс гадна шууд видео хийн тухайн цаг үеийн байдлыг нийтэд цацах боломжтой болсон нь нөгөө талаас эрсдэл ч болж буй. Тухайлбал, олны танил хүмүүс согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хувийн сошиал хаягаараа болчимгүй үг хэлж, үйлдэл гаргах тохиолдлууд бий. Түүнчлэн согтуу үеийнхээ зураг, бичлэгийг алдаж, эвгүй байдалд орох тохиолдол ч байна.


УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ярьж буй бичлэг 2016 онд цацагдсан. Эл бичлэг сошиалд түймэр мэт тархаж байв. Үүний дараа тэрбээр хэвлэлийн бага хурал хийж, тайлбар өгч байсан билээ.


Сошиал “од” Осоржамаа халамцсан үедээ “лайв” хийж, УИХ-ын гишүүдэд хууль үйлчлэхгүй байгаад бухимдаж буйгаа илэрхийлэн уйлсан удаатай.


Өнгөрсөн онд хотын төв буюу Сүхбаатарын талбайн урд талын зам дагуу хэсэг бүлэг охид зодолдож буй бичлэг сошиалд тарж, хүмүүсийн ярианы сэдэв болж байв.


Өөрийгөө Чингис хаан хэмээн нэрлэдэг залуу өнгөрсөн сард согтуудаа “лайв” хийсэн бөгөөд маргааш нь эл үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлэн уучлалт гуйсан. “Зэвүүн яриа” нэвтрүүлэгт оролцох үедээ тэрбээр “Алкохолийг тунгийг нь тааруулаад л хүртдэг” гэжээ.


Хоёр хоногийн өмнө загвар өмсөгч А.Чингүүн согтуугаараа “лайв” хийсэн нь сүүлийн үеийн сошиал сэдэв болж байна. Тэрбээр хоногийн дараа олон нийтэд ухамсаргүй үйлдэл гаргаснаа тайлбарлаж, уучлалт гуйсан нь Papparazzi.mn пэйжээр цацагдлаа.“Сархад савнаасаа бусдыг” гэсэн үг бий. Согтууруулах ундааг зөв зохистой хэмжээнд хэрэглэж, бусдыг болон өөрийгөө ямар нэгэн асуудалд орохоос сэргийлээрэй.