Юуны түрүүнд та яг одоо бал, цаас аваад толгойд хамгийн түрүүнд бууж ирж байгаа зүйлийг зур. Зүгээр л юу ч бодолгүйгээр, ухамсаргүй байдлаар гэсэн үг шүү. Бидний үйлдэл болгоны ард далд зүйл нөлөөлж байдаг. Та өөрөө ингээд зуръя гэж шийдээгүй байхад шууд л гарч ирсэн зүйл таны сэтгэл зүйг бас ямар нэгэн байдлаар төлөөлж байдаг юм шүү.
Хэрэв болохгүй бол та өмнө нь хамгийн их сараачиж, дэвтэр дүүргэн зурж байсан зүйлээ бодоорой. Та юуг хамгийн их зурж байсан бэ? Өөрийн зургаас сонирхолтой зүйлийг олж мэдэцгээе.
1. Хүн зурах
Та жижигхэн хүн, хүний дүрс зурвал таны дотоод мэдрэмж зөрчилтэй байна. Та өөртөө итгэлгүй эсвэл ямар нэг байдлаас гарах гэж оролдох ч амжилт олохгүй, зарим үүрэг хариуцлагаас зугтаж байх магадлалтай. Хүний дүрс зурах нь та сэтгэл санааны хувьд тогтворгүй бас өөрийгөө бусдаас тусгаарлах хүсэлтэй байгааг илтгэнэ.
2. Нүд
Нүд зурах нь тухайн хүний дотоод байдлыг илтгэж буй хэрэг. Том нүд зурах нь тухайн хүн нээлттэй, адал явдалтай нэгэн болохыг, ширтэж буй, олон нүд зурах нь ямар нэг байдлаар бусдад хөөгдөж эсвэл байнга таныг хэн нэгэн харж байгаа мэт мэдрэмж төрдгийнх. Харин нүд анигдсан байдалтай зурах нь та өөрийн дотогш өнгийхөөс айж байгаа эсвэл татгалзаж байгааг илтгэнэ.
3. Гарын үсэг
Гарын үсгээ зурах нь эготой бас бардам, өөртөө итгэлтэй байдлыг илтгэнэ. Гарын үсгээ ойр ойрхон, юу ч бодолгүй зурах нь эсвэл ярилцах үедээ, ямар нэгэн асуудлыг шийдэх гэж байх үедээ өөрийн эрхгүй бичих нь та өөрийгөө төв болгосон нэгэн гэдгийг илтгэдэг.
4. Амьтан
Таны зурж байгаа амьтан таны сэтгэл хөдлөл болоод хувь хүнийг илтгэдэг. Бар эсвэл чоно зэрэг амьтан зурвал та дотроо уур бухимдал мэдэрч буйг, үнэг зурвал ямар нэгэн болохгүй зүйл эсвэл хорлонтой зүйл хийхийг хүсэж буйг, жижигхэн өхөөрдөм амьтан буюу жишээ нь хэрэм зурах нь танд ойр дотно байдал, анхаарал халамж хэрэгтэйг илтгэнэ. Арслан зурдаг ихэнх хүмүүс мундаг бас бүхнээс дээгүүр мэдрэмж авдаг. Шувуу зурвал та байгаа газраасаа хол явахыг хүсэж буйг илтгэнэ. Та ямар нэг амьтныг ойр ойрхон, байнга зурдаг бол тэр амьтантай өөрийгөө зүйрлэдэг гэдгийг бас ямар нэг байдлаар ижил төстэйг харуулдаг.
5. Дөрвөлжин, гурвалжин, ямар нэгэн геометрийн дүрс
Та өөрийн гэсэн тодорхой зорилго, итгэл үнэмшилтэй бөгөөд өөрийн бодлыг өөртөө үлдээдэг. Та зөрүүд бас хатуу чанга. Та ихэвчлэн маш болгоомжтой бас сонор сэрэмжтэй байдаг. Энэ тал дээр та өөрийгөө дахин нэг харж, бага багаар ч болтугай өөрчлөхийг оролдох хэрэгтэй.
6. Сум
Таны амьдралын чиглэл, зорилгыг илтгэнэ. Хэрэв сумны үзүүр дээш чиглэсэн бол та олон хүнээр хүрээлүүлсэн, манлайлагч шинж чанартай хүн. Доош чиглэсэн бол та өөртөө хэт анхаарсан нэгэн. Зүүн тал руу харсан бол та өнгөрсөндөө гацсан байх магадлалтай. Харин баруун тийш бол та ирээдүйгээ харж амьдардаг нэгэн.
7. Од
Та анхаарлын төвд байхыг хүсдэг. Та хаа ч явсан олны харц дунд байж, толгой цэх байхыг хүсдэг. Гэхдээ та хэтэрхий олон од зурвал эсвэл одод бие биеэсээ хол зайтай, төвд байрлаагүй байвал та сэтгэл гутралд автсан байх магадлалтай.
8. Цэцэг, үүл, нар
Утсаар ярьж байхдаа ч юм уу эсвэл ямар нэгэн тодорхой зорилгогүйгээр юм сараачиж суухдаа та өөдөө тэмүүлсэн цэцэг эсвэл нар зурж байвал ирээдүйд таныг хүлээж буй сайхан зүйлсийг төсөөлж, сэтгэл санаа өөдрөг байгаагийн шинж. Таны маш эерэг хандлага болон өөдрөг үзэл бодлыг тань илтгэж байгаа хэрэг.
9. Хэрээс
Та ямар нэгэн зүйлд гэмшсэн, эсвэл хийсэн зүйлдээ өөрийгөө буруутгасан байх хандлагатай.
10. Байшин эсвэл хайрцаг
Симметрик хэлбэр дүрс таныг ямар нэгэн зүйл төлөвлөж тооцоолох, жагсаалтын дагуу байлгах дуртайг илтгэнэ. Та юу хүсэж байгаагаа мэддэгээс гадна амьдралын зорилгоо урдаа тавьж, байр суурь, бодолдоо бат зогсдогийг харуулж байна.
11. Шатрын хөлөг маягийн дүрс
Та таагүй, сэтгэлд нийцэхээргүй байдалд орсон байх магадлалтай. Ямар нэгэн асуудалтай нүүр тулгарч, түүнийгээ шийдэх ямар нэг зүйл хийх хэрэгтэй болсон байгааг эсвэл өөрийгөө танин мэдэх, амьдралын зорилгоо тодорхойлох гэж оролдож байгаа зэргийг харуулна. Та ямар нэг эрэл хайгуул дунд байна.
12. Зөгийн үүр маягийн дүрс
Та амар амгалан болоод энгийн сайхан таатай амьдралыг бүтээхийг зорьдог. Та гэр бүл эхлүүлэхийг эсвэл тогтворгүй зүйлсийг бүгдийг нь шийдэхийг хүсэж байгаа бололтой.
13. Хуй салхи мэт, мушгиа дүрс
Бусад хүмүүсийн асуудал танд тийм ч чухал биш. Таны толгой дотор янз бүрийн асуудлууд эргэлдэж, та тэр болгоныг зохицуулахыг оролдож байна. Магадгүй та өндөр IQ-тай бас гоц ухаантан байж болох юм.
14. Дугуй дүрс болон тойргууд (Сараачсан дүрс)
Та эв нэгдэл, тэнцвэрийг олохыг хүсэж байна. "Би энэ ертөнцөд орхигдсон мэт санагдаж байна" гэж үгс таны зурсан зүйлээс харагдаж байна. Та ямар ч ухамсаргүйгээр энэ дүрсийг зурсан бол танд гарцаагүй найз, анхаарал халамж хэрэгтэйг илтгэж байна. Үгүй бол таныг сэтгэл гутрал руу хөтөлж байж магадгүй юм. Тиймээс өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Эсвэл та зүгээр л интроверт хүн байх. Та харилцаа холбоонд тийм ч сайн биш. Гэхдээ өөрийн эрхгүй асар олон ийм дүрс зурдаг хүмүүс психопат байх магадлалтай байдаг.
Эх сурвалж: Brightside