“National Geographic”-аас өнгөрсөн сарын сүүлчээр гаргасан Women, Peace and Security Index (WPS Index ) буюу эмэгтэйчүүдэд хамгийн тааламжтай орнуудын жагсаалтын 47 дугаарт Монгол Улс оржээ. Судлаачид монгол эмэгтэйчүүдийн төрийн эрх барих ажил дахь оролцоо хангалтгүй хэмээн үзжээ.
Жагсаалтад нийтдээ 167 орон багтсан бөгөөд эмэгтэйчүүдэд хамгийн ээлтэй, аюулгүй таван улсаар Норвеги, Швейцар, Финлянд, Дани, Исланд улс тодорсон бол Өмнөд Судан, Пакистан, Сири, Афганистан, Йемен сүүл мушгисан байна. Уг жагсаалтыг гаргахдаа эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засгийн салбар дахь оролцоо, тэдний эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн түвшин, аюулгүй байдал болон шударга ёс буюу нийгэм, төрөөс эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаж байгаа эсэх зэргийг шалгуур болгосон байна.
Харин манай улсын хувьд эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой томоохон судалгааг Үндэсний статистикийн хорооноос 2017 онд “Хүчирхийллийн нүцгэн үнэн: Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа” хийсэн юм. Уг судалгаанд 21 аймгийн 7860 өрх, 7000 гаруй эмэгтэйг оролцуулахад 10 эмэгтэй тутмын нэг бэлгийн хүчирхийлэлд, 60 орчим хувь нь сэтгэл санаа, бие махбодь, бэлгийн, эдийн засгийн хүчирхийлэлд өртсөнөө дурджээ.
Монгол яагаад эмэгтэйчүүдэд хамгийн аюулгүй, тааламжтай орнуудын жагсаалтын тэргүүн эгнээнд багтдаггүйг нэгэн эмэгтэйд тохиолдсон бодит түүхээр өгүүлье.
Эмэгтэйг Симоне /нэрийг өөрчлөв/ гэдэг. Тэрбээр Парист төрж өссөн, Франц улсын иргэн. Парис хотын нэгэн их сургуульд эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг горилогч бөгөөд Францын Дорно дахины хэл, соёл иргэншил судлалын үндэсний хүрээлэнд монгол хэл сурч байжээ. Симоне докторын судалгааны ажлаа хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн бөгөөд “Зуд, ган зэрэг цаг уурын өөрчлөлтөд малчдын дасан зохицохуй” сэдвийн хүрээнд хамгаалахаар болж, ойрын 3-4 жилийн хугацаанд Монголд судалгааны ажлаар байнга ирж очихоор зэхэж байв. Гэвч өнгөрсөн долоодугаар сарын 16-нд Монголд болсон үйл явдал түүний амьдралыг орвонгоор нь эргүүлэхэд хүрч, манай оронтой холбоотой бүхэндээ цэг тавихаар шийдвэрлэжээ.
Симоне зургаадугаар сарын 26-нд Монголд гурван сарын хугацаатайгаар ирж, долоодугаар сарын 4-нд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM) болон Онцгой байдлын ерөнхий газрын хамтран зохион байгуулсан “Монгол Улс дахь гамшгийн бэлэн байдал, түүнд хариу арга хэмжээ авахад шилжих хөдөлгөөнийг хянах нь” сургалтад сууснаар энэ бүхэн эхэлсэн юм.
Түүнээс судалгааны ажлын сэдвээ хэрхэн сонгосон тухай асуухад “Хоёр жилийн өмнө анх Монголд ирэхдээ дадлага хийж, нутагтаа харьсан даруйдаа докторын ажлын сэдвээ сонгосон юм. Дадлагын ажил, судалгааны сэдэв хоёр маань хол зөрүүтэй байсан ч Монгол надад их таалагдсан учраас судалгаагаа үргэлжлүүлсэн. Малчид олноор хот суурин газрыг зорьж, гэр хороололд амьдрах болсон нь Улаанбаатар хотын агаарын бохирдлоос эхлээд олон үр дагавартай байгаа нь сонирхол татсан. Үйл явцын цаад учир шалтгааныг нь олж, асуудлыг шийдвэрлэхэд миний судалгааны ажил ихээхэн нөлөөлөх байсан болов уу. Судалгаа маань бэлчээрийн оновчтой хэрэглээг малчид хэрхэн хамтран бий болгох, үр дүнг хүртэх болон бэлчээрийн талхлалтыг багасгах менежментын тухай л даа. Монголыг судалдаг хүмүүсийн ихэнх нь антропологич болон байгаль орчны судлаачид байдаг. Харин Монголыг судалдаг эдийн засагч харьцангуй цөөхөн шүү дээ. Сэдвээ сонгох болсон бас нэг шалтгаан нь энэ байсан” гэлээ.
Тэрбээр Монголд хоёр дахь удаагаа ирсэн нь энэ. Өмнө нь 2017 онд мөн л зун ирсэн учраас наадмын тухай сайн мэдэж байв. Симоне наадмын нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж, морины уралдаан, сур харваа болон шагайн харвааг үзжээ. Наадам түүнд их таалагдсан аж. Симоне бие даасан судлаачаар энд ирсэн. Түүнийг их сургуулиас нь явуулсан бөгөөд Францын үндэсний судалгааны төв болон Европын холбооны санхүүжилтээр Монголд судалгаа хийхээр ирээд байсан юм. Судалгааны ажил хийхэд сэдвийнхээ хүрээнд маш олон хүнтэй уулздаг тухайгаа Симоне тайлбарлав. Нэг нэгнийхээ танилын хүрээгээр ам дамжин холбогдох хаяг, утасны дугаарыг нь авдаг байна. Тийм болохоор судалгааны ажлын хүрээнд үргэлж шинэ хүмүүстэй танилцдаг аж. Хоёр жилийн өмнө Монголд танилцсан япон найз нь түүнийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан америк хүнтэй танилцуулжээ. Тэр Симонетэй судалгааны ажлын хүрээнд мэдээлэл авч болохоор олон хүнтэй зуучлан танилцуулсан байна. Мөн долоодугаар сарын 4-нд сургалт болох мэдээллийг ч Симонед өгчээ.
Сургалтын үеэр ОБЕГ-ын нэгэн хэлтсийн дарга С “Монгол дахь гамшгийн бэлэн байдалд шилжих хөдөлгөөнийг хянахад бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах нь” сэдвээр илтгэл тавьсан байна. Сургалтын хөтөлбөрт цаг уур, хур тунадас, халдварт өвчин, байгалийн гамшгийн мэдээлэл, хүн малын шилжилт хөдөлгөөний датаг нээлттэй авч болохыг онцолжээ. Тиймээс уг сургалтын дараа Симоне судалгааны ажлынхаа талаар С-д танилцуулж, цаг уурын өөрчлөлт малчдын шилжилт хөдөлгөөнд хэрхэн нөлөөлж байгаатай холбоотой мэдээлэл, датаг авахаар тохиролцсон аж. Түүнчлэн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын ажилтантай ч уулзаж амжжээ. Өдрийн цайны цаг хүртэл үргэлжилсэн сургалт дууссаны дараа Симоне С-ийн хэлсний дагуу өөрийнхөө докторын зэрэг горилж байгаа сэдвийн тухай болон шаардлагатай байгаа мэдээллээ дурдаж, электрон шуудан илгээсэн байна.
Хариу ч тэр даруй ирж, шаардлагатай мэдээллийг нь өгч болох талаар бичсэн байжээ. Ингээд тэд долоодугаар сарын 9-нд уулзахаар товлож, Симоне тус өдрийн 11 цагийн үед С-ийн ажил дээр очиход У гэх дүрэмт хувцастай залуухан эмэгтэй үүднээс түүнийг дагуулан оффистоо аваачсан аж. Тухайн үед С нь Симонегоос ямар шалтгаанаар хаанаас Монголд ирсэн, аль улсын иргэн болох, яагаад заавал Монголыг сонирхож байгаа гэх зэргээр сэжиглэнгүй шалгааж эхэлсэн байна.
Тэрбээр энэ тухай ярихдаа их эгдүүцсэн байдалтайгаар үргэлжлүүлэв. “Би Францад төрж өссөн. Гэхдээ манай эцэг эх Хятад улсаас гаралтай. Францад 40 гаруй жилийн өмнө очиж суурьшсан хүмүүс. Тэд Хятадын Засгийн газраас Франц руу сургахаар явуулсан эхний хүмүүсийн нэг” гэж хариулснаа хэллээ. Мөн тэрбээр аав ээжийгээ академик орчинд ажиллаж хөдөлмөрлөдөг, Франц руу мэргэжил боловсрол олохоор явсан хүмүүс болохоос биш хууль бусаар амьдарч, ахуйгаа дээшлүүлэхээр Францыг зориогүй гэдгийг ч тайлбарлажээ. Өөрийн яс үндэс, уг гарвалын талаар нууж хаалгүй хэлсэн нь Хятад гаралтай хүмүүс Монголын талаар судлахад албаныхан сэжиглэнгүй ханддагийг манай оронд байх хугацаандаа нэлээд олон удаа анзаарсантай нь холбоотой гэнэ. Энэхүү сэжиг, хардалтыг давж байж л Симоне судалгааны ажилдаа шаардлагатай мэдээллийг олж авах, урт хугацааны харилцаа үүсгэх боломжтой хэмээн бодож байв. Түүнчлэн С түүнийг нухацтай харж, дипломын сэдэв сургуулиас нь батлагдсан эсэх, ямар судалгаа хийснийг, Симонег хятадаар ярьдаг, үгүйн талаар ч лавласан байна. Хэдийгээр энэ тухайгаа шуудангаар илгээсэн захидалдаа бичиж тайлбарласан боловч асуултуудад нь дахин хариулжээ. Тиймээс Симоне судалгааны ажилдаа нухацтай хандаж байгаагаа батлахын тулд магистрын зэргийн судалгаагаа Африкийн нэгэн улсад нүүдэлчдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор хамгаалснаа үзүүлж, Монголд ч мөн энэ аргачлалаар судалж байгаагаа хэлсэн аж. Угтаа түүнд 1990-ээд оноос хойших үндэсний хэмжээний дата мэдээлэл хэрэгтэй байсан ч С үүнд нь таатай хандаагүй бололтой. Нэлээд шалгуулж, хамаатай болон хамааралгүй олон асуултад хариулсны эцэст зөвхөн сүүлийн 10 жилийн датаг өгөх боломжтой гэсэн хариулт авчээ.
Симоне энэ тухайд “Эдийн засгийн чиглэлийн судалгаа учраас үндэсний хэмжээний нийт датаг харж байгаад дараа нь анхаарал татсан бүс нутгийг сонгож судалдаг. Харин антропологич нар тодорхой газарт очоод тухайн байрлалдаа судалгаа явуулдаг онцлогтой шүү дээ. 1990 оноос монголчууд малаа хувьчилж, бэлчээрийн газар нь олон нийтэд нээлттэй болсон. Нэгдлийн хатуу зохицуулалтаас шилжсэн нь их сонирхолтой байсан” гэв.
С түүнийг хэрэгтэй мэдээллээ У-аас аваарай гээд мэдээллийг өөр бусдад түгээхийг, хуваалцахыг хатуу хориглосон төдийгүй дипломын ажилдаа мэдээлэл өгсөн У-ийн нэрийг дурдахыг ч “шаардсан” байна. Симоне хэлсэн бүгдийг нь биелүүлэхээ амалж, харин дипломын ажлын үр дүн гартал хугацаа шаардагдана гэдгээ тайлбарлажээ. Тухайн өдөр У-гаас мэдээлэл ирсэн бөгөөд хэрэгцээт мэдээлэл нь биш байсанд гайхсан ч өөрийгөө хангалттай ойлгуулж, тайлбарлаж чадаагүй хэмээн боджээ. Уулзалтын үеэр С Симонед судалгааныхаа хүрээнд өөрийн дипломын ажлын удирдагч асан МУИС-ийн багш Ц-тэй уулзахыг ч зөвлөсөн байна.
Ингээд наадмын үе таарсан учраас наадмын дараа долоодугаар сарын 16-нд Симоне Ц багштай уулзаж, хэрэг зорилгоо хэлэхэд хэд хоногийн дараа тухтай уулзахаар товлосон байна. Энэ өдөр С түүнрүү залгаж, багштай уулзсан талаар нь лавлажээ. Мөн завтай, эсэхийг нь асуугаад “ажил ярих зорилготой” уулзахыг хүсэхэд нь 17 цагт зав гаргахаар тохирсон байна. Симоне 19 цагаас найзтайгаа “Quiz” тааварт орохоор болзсон байсан учир түүнээс өмнө судалгааны ажлаар С-тэй уулзах болсон нь энэ юм. С утасны цэнэг дуусч байгаагаа хэлээд уулзах газрыг нь сайн ойлгоогүй учраас Симоне руу өөр дугаараас газрын зургийн координатыг явуулсан нь Чингэлтэй дүүргийн Партизаны гудамжинд байрлах “Ром” кафе байв. Урт цагаан, Бөмбөгөр рүү төв замаас эргэж ордог нэг урсгалтай зам дагуух ресторан аж. Ингээд Симоне gps зургийг таксины жолоочид үзүүлчихээд явж байтал С залгаж, жолоочтой ярьжээ. Жолоочийн царай хувьсхийхэд нь сэжигтэй санагдсан ч сүртэй зүйл бодоогүй байна. Симонег жолооч дагуулж буулгаад тус ресторанд хүргэж өгөхөд С түүний өмнөөс таксины мөнгө төлжээ. Мөнгөө гаргахаас урьтаж ийм зүйл болсонд Симонегийн санаа зовж, таагүй санагдсан аж.
Симоне “Ресторан Онцгой байдлын ерөнхий газрын байртай ойрхон газар байсан. Тэр өөрийнх нь багштай уулзсан уулзалт хэр байсныг дахиад л асуусан би ч ахиад л хариулсан. Хааш хааш 4 метр болов уу гэмээр вип өрөөнд ороход түүнээс гадна хоёр эрэгтэй байсанд үнэхээр их гайхсан. Утсаар ярихдаа өөр хүмүүс байгааг хэлээгүй ч дотогш ороод би миний хятад гаралтайг дахиад л шалгах гэж байна даа гэж бодсон. Тэр гурав пиво уугаад сууж байсан. Тэр хар цамц, хар хантааз өмсчихсөн өнөөх хоёр нь онцгойгийнхоо дүрэмт хувцастайгаа байсан. Нэгийг нь Г, нөгөөхийг нь Б гэсэн. Б нь нэг том од (хошууч цолыг хэлэв), Г нь дөрвөн жижиг одтой (ахмад) дүрэмт хувцастай байсан” гэлээ.
С өөрийгөө Г, Б хоёрын дарга гэдгийг хэлээд нэг нь “тэсрэх бөмбөг”, нөгөөх нь “хиймэл дагуултай” холбоотой ажил эрхэлдэг тухай ярьжээ. Тэр хоёр англиар ярьдаггүй учраас С орчуулж байж. С нь Симонегоос дахиад л хаанаас ирсэн, хаанахын гаралтай, Монголд ирсэн шалтгаан, яагаад монгол хэл сурч байгааг, Монголд оршин суудаг Хятад иргэдтэй уулзсан эсэх, Хятадад суралцаж байсан монгол оюутнуудтай танил эсэх, яг яагаад заавал Монгол орныг сонгох болсон зэргийг дахин байцаан асууж эхэлжээ. Энэ бүхэнд өмнө нь 3-4 удаа хэлж байсан хариултуудаа дахиад л тэвчээртэйгээр хариулсан байна.
Симоне энэ тухай ярих тусам бухимдаж байгаа нь гараа савчиж, уртаар санаа алдан толгойгоо сэгсэрч, хоолой нь зангирч буйгаас нь илт. Өмнө нь хэд хэдэн удаа энэ тухай хэлж, тайлбарлаж, цахим шуудангаар тодорхой захидал бичсэн байхад нэгэн кафегийн өрөөнд оруулж байгаад ахин дахин асуухад түүнд эгдүүцэх сэтгэл төрснийг тэр нуусангүй. Гэсэн ч судалгааны ажлынхаа хүрээнд шаардлагатай мэдээллийг тус байгууллагаас авахаас өөр сонголтгүй учраас тэвчээртэйгээр хариулж байсан аж.
Энэ бүхнээс гадна түүнээс Хятад руу хэр их явдаг талаар болон монгол найзуудынх нь тухай болоод нөхөр, найз залуутай эсэхийг асууж, франц найз залуугийнхаа тухай хэлэхэд “Франц хүн гэж үү?” хэмээн их гайхсаныг ч Симоне онцлов. Байдал буруу тийш эргэж буйг гадарласан Симоне түүнд гэр бүлтэйг нь сануулах зорилгоор бөгжтэй байгааг нь С-д хэлэхэд “Тийм ээ, би гэр бүлтэй. 4-12 настай гурван хүүхэдтэй” гэж хариулсан байна. Дүрэмт хувцастай хоёр залуу энэ хооронд төрийн албаны хувцастай ууж болохгүй гээд хувцсаа ч сольж амжжээ.
“Шүүлтэнд” орсны дараа Г түүнээс фэйсбүүк хаягийг нь асуусан байна. Симоне энэ үед цахим сүлжээнд ямар орон зай, мэдээлэлтэй байгааг шалгах нь гэж боджээ. Хэдийгээр Симоне фэйсбүүк ашигладаггүй байсан ч монголчууд түгээмэл хэрэглэдэг тус платформыг нээлгээд удаагүй, 10 монгол найзтай болсон хаягаа хэлсэн байна. Зургийг нь хараад “Чи нүдний шилгүй үедээ илүү хөөрхөн юм байна” гэж. Энэ мэтчилэн яриа өрнөсөөр сүүлдээ С нь Симонег явтлаа өдөр бүр оффистоо 8:30-17:30 цагийн хооронд У-д туслахаар ажиллаж байж судалгааныхаа материалыг авч болохыг хэлэв. Ингэхдээ ажилтнуудад нь ч англи хэл заахаар тохиролцож гар барихаар завджээ. Нөхцөл байдлыг эвтэйхнээр өнгөрүүлэхийн тулд Симоне гар барьсан аж. Гар барьмагцаа С түүнд “Их хүчтэй юм аа” гээд гарыг нь удтал тавилгүйгээр улиг болсон асуултуудаа дахин асууж. Энэ үед Симоне “Новш гэж, намайг бэлтгэгдсэн тагнуулч гэж бодоод байгаа юм байх даа” гэж бодсоноо хэллээ. Тэгэхэд нь нөгөө хоёр залуу нь инээгээд л суугаад байж. Симонег тэд дарамтад оруулж согтууруулах ундаагаар “дайлсан” байна. Үйл явдал үргэлжлэх үед С ахин дахин хөл дээр нь гишгэж, үүгээрээ шалтаглан гар барьсаар байжээ. Симоне монголчууд хөлөн дээр гишгэхээр гар барьдгийг мэддэг учраас яах ч аргагүй гар барьсаар байснаа хэлэхдээ хоолой нь чичирхийлж байлаа. Орой юу хийх төлөвлөгөөтэй байгаад нь хариулахад “Quiz” тааварт цуг явъя гэсэн байна. Гэвч энэ зуур мөн л хэрхэн асуултаа ойлгох, ямар найзтайгаа цуг явах тухай асуултаар “булсаар” байжээ.
Энэ бүх үйл явдал нүдэн дээр нь болж байхад Б, Г нар болдог л зүйл болж байгаа мэт царайлах төдийгүй Б нь фэйсбүүкээ “ухаад” суусан байна. Монгол хэл бага сага гадарлах Симоне тэд түүний гарал үүсэл, бие, гадаад төрхийн талаар хоорондоо ярилцан инээлдэж байсныг ойлгож байв. Эцэст нь С түүний гар утсыг нь авч, түгжээг нь гаргахыг шаардаж улмаар түүний хувийн мессеж, дуудлагын түүхийг нь шалгаж эхэлсэн ч хэсэг хугацааны дараа “Note” аппликэйшнийг нээж “I want you” гэж бичиж үзүүлжээ. Үүнийг унших хүртэл Симоне өөрийг нь тагнуулч гэж сэжиглэж байна хэмээн төсөөлж эргэлзээ тээнэгэлзээг нь арилгах хэрэгтэй гэж бодсоор байсан тул нуух зүйлгүйгээр утасныхаа түгжээг хүртэл гаргаж өгсөн хэрэг. Зурвасыг уншмагцаа Симоне хүчирхийлэлд өртөх нь гэж айсан ч гурван гадаад эрийн дэргэд эсэргүүцэл үзүүлээд ч нэмэргүй учраас эелдгээр найз залуутай гэдгээ дахин тайлбарлажээ.
Одоо Симоне уйлж байна. “Хэрвээ би Францад байсан бол шууд алгадах байсан ч Монголын соёлыг мэдэхгүй, өөртөө ямар нэгэн муу зүйл учруулахгүйн тулд аль болох эелдэг байхыг хичээсэн. Би утсаа аваад гарах гэтэл гараас чангааж тавихгүй “Суу” хэмээн зандарч намайг гаргаагүй” гэв.
С түүний гарыг дахин барьж авснаа “Чиний гар яагаад хүйтэн байгаа юм бэ. Айгаад байгаа юм биш биз дээ. Бүгд л халууцаж байхад” гэхэд айдаст автсан Симоне “Хүйтэн пиво бариад л тэр байх” гэхээс өөрийг хэлж зүрхлээгүй аж. Симоне “Миний гарыг дулаацуулах нэрийдлээр оролдож, биед хүрсэн ч түүгээр зогссон нь яамай. Намайг зодож цохих вий, хүчирхийлэхвий гэхээс маш их айж байсан” гэв. Эмэгтэйн насыг мэдсэн С “Би чамаас 10 насаар ах юм байна” гэжээ. Тэр ойролцоогоор 35 настай аж.
Энэ бүхэн үргэлжилж байхад зөөгч өрөөнд орж ирэхэд нь тусламж эрэхийг хүссэн ч монголоор өөрийгөө олигтой илэрхийлж чадахгүй учраас зөвхөн харцаа зөөгчөөс салгахгүй харж, ямар нэгэн байдлаар өөрийгөө ойлгуулахыг хүсчээ. Түүнийг тусламж хүсэх гэж буйг гадарласан С зөөгчийг тэр дор нь өрөөнөөс гаргасан байна. Энэ бүх хугацаанд түүнд гаднаас тусламж эрэх, найздаа юу болж буй тухай мэдэгдэх боломж байсангүй. Мөн тухайн нөхцөл байдлаас гарахын тулд С-ийн тавьсан нөхцөлд зөвшөөрсөн хариу өгөхөөс арга байсангүй.
Аз болоход 19 цаг дөхөж, тэд яахаа ярилцаж Г, Б нар цааш явахгүй харин С нь Симонегийн монгол найзуудтай танилцаж, хүргэж өгөхөөр болж ресторанаас гарахдаа л түүний утсыг эргүүлж өгсөн байна. Ресторанд өнгөрүүлсэн хоёр цаг орчмын хугацаанд Симоне биеийн болоод сэтгэлзүйн асар их дарамтад орсноо үгээр болон үйлдлээрээ бүрэн илэрхийлж чадахгүй байв. Уг үйл явдлын тухай ярих нь түүнд тийм ч амар байгаагүй.
Үйлчлүүлсэн тооцоог С хийсэн бөгөөд ойролцоогоор 70 мянган төгрөг болсон байна. Симонег тэнд байсан цаг гаруйн хугацаанд тэд 12 пиво уусан ч түүнээс өмнө онцгойгийн алба хаагч нар хэр олон пиво уусныг мэдэхгүй гэдгээ хэлэв. Ресторанаас гараад таксинд явахдаа С түүний хүзүү, мөрөнд байнга хүрч “Чи уурлаагүй биз дээ, зүгээр үү. Биенд чинь хүрсэнд уучлаарай” гэсэн ч дахин дахин биед нь эрээгүйгээр хүрээд л байж. Мөн маргааш өглөө 8:30-д оффист нь ирэхийг хүсэж, судалгааны ажилд нь тусалъя гэдгээ ч илэрхийлсэн байна. “Quiz” тааварт оролцохоор явахдаа Симоне найздаа гадаа нь уулзъя хэмээн бичжээ. Учир нь С-д найз нь хүлээж байгааг харуулахыг зорьж.
Найз нь энэ талаар “Намайг гараад очиход Симоне цагаан өнгийн “Приус” машинаас гараа даллахаар нь очтол хувхай цайсан царайтай бууж ирээд “Хурдан явъя” гэд хажуугаар шууд өнгөрөөд явчихсан. Харах завдалгүй нөгөө машин ч хөдөлсөн. Тухайн үед Симоне шоконд орчихсон бас олон нийтийн газарт байсан учраас юу болсныг дэлгэрэнгүй яриагүй. Би ч хэр ноцтой зүйл болсныг нь ойлгоогүй байсан” гэлээ.Таавар тэмцээн дуустал тэд тэндээ байж байгаад Симонегийн гэрт очиж шөнийн 2 цаг болтол найздаа юу тохиолдсоноо ярьж, уйлсан байна. Тэд маргааш өглөө нь Францын Элчин сайдын яам орохоор тохиролцоод салсан аж. Тухайн шөнө Симоне болсон бүх үйл явдлыг гэр бүлийнхэн болоод их сургуулийнхаа судалгааг нь удирдагч багш, найз залуудаа ярьсан бөгөөд тэд үүнээс ч дор муу зүйл болохоос өмнө мэнд байгаа дээрээ буцаж ирэхийг хүсчээ.
Симоне лхагва гарагт буюу долоодугаар сарын 17-ны өглөө найзтайгаа хамт Франц улсын Элчин сайдын яам орж, тусламж хүссэн байна. Элчин сайд Филипп Мэрлин болсон явдлыг сонсоод цагдаад гомдол гаргаж, хамтран ажилладаг франц хэлтэй хуульчтайгаа уулзахыг зөвлөв. Тэд ЭСЯ-наас гараад зөвлөснийх нь дагуу шууд өмгөөлөгч Т-тэй уулзжээ. Тэр Симонед “Нэгдүгээрт, цагдаад гомдол гаргаад хэрэггүй. Хоёрдугаарт, ямар ч хэлээр хамаагүй гараараа өргөдөл бичээд өгчих. Би ОБЕГ-ын хоёр генералыг танина. Хувийнхаа шугамаар энэ асуудлыг зохицуулаад өгье” гэжээ. Симоне энэ тухайд “Т хуульч надад “Монголд чи ажлын цагийн дараа хүнтэй уулзахаар тохирсон бол “бэлэн” байна гэсэн үг. Тэгэхээр Монголын соёлыг ойлгоогүй байна” гэсэн утгатай зүйлийг ярьж, ийм нөхцөлд орсон нь миний буруу гэсэн ойлголт өгөхийг зорьсон. Би үүнтэй санал нийлэхгүй байгаа учир нь судалгааны ажлын хүрээнд ажлын цаг дуусахаас өмнө түүнтэй уулзсан шүү дээ” гэсэн юм. Харин найзад нь “Франц охидууд угаасаа амархан стресстдэг” тухай болоод Монголд иймэрхүү зүйл асуудал биш “Монгол хүүхнүүд ийм байдалд сурчихсан, хүчиндчихгүй л бол тэвчээд байж байдаг” тухай ярьсан байна. Өмгөөлөгч Т тэдний эрх ашгийг хамгаалахгүй болохыг ойлгосон Симоне ахин Францын ЭСЯ-нд очжээ.
ЭСЯ-наас тэд Энэрэл хэмээх орчуулагч болон Элчин зөвлөх Никола Лакотын хамтаар 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт очсон боловч ОБЕГ-тай холбоотой асуудал Улсын мөрдөн байцаах албанд хамаардгийг хэлээд хүлээж аваагүй байна. Тэд Улсын мөрдөнд очсон боловч тухайн асуудал эргээд л Чингэлтэйн цагдаагийн газарт хамааралтай гэсэн хариу өгсөн байна. Буцаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт очоод учир шалтгааныг хэлэхэд, байцаагч нь мэдүүлэг өгөхдөө мэргэжлийн үнэмлэхтэй орчуулагч болон өмгөөлөгчтэйгөө ирэх шаардлагатайг хэлсэн байна. Нэгэнт ажлын цаг дуусч байсан учраас маргааш нь өмгөөлөгч, орчуулагчтай ирэхээр болоод гарцгаажээ.
Маргааш нь буюу пүрэв гарагт тэд иймэрхүү хэргийн туршлагатай нэгэн хуулийн компаниас зөвлөгөө авсан ба энэ асуудлыг шийдвэрлүүлэхэд хамгийн багадаа 2 долоо хоног буюу түүнээс цааш олон сар болох магадлалтайг хэлсэн байна. Хэрвээ эцсийг нь үзэхээр болбол энд байх гурван сар дорхноо дуусах төдийгүй Монголд байх хугацаанд тус хэрэгтэй холбоотойгоор илүү их дарамтад өртөж, аюул учирч магадгүйг хэлсэн аж. Тиймээс Симоне гэр бүл, багш, найзуудтайгаа зөвлөлдөөд гомдлыг ЭСЯ-аараа дамжуулан ОБЕГ-т гаргуулахаар болж, үйл явдлыг хэвлэлд мэдээлэхээр шийдсэн нь энэ байв. Биднийг уулзсан баасан гараг буюу долоодугаар сарын 19-ний өглөө С-ээс Симонед сүүлд уулзахад согтуу байснаа дурдаж, ямар нэгэн таагүй сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай гэсэн утгатай имэйл илгээсэн байсан юм. Тэрбээр долоодугаар сарын 24-нд мөн л шуудан илгээснийг зургаар орууллаа.
Симоне Монголоос долоодугаар сарын 20-нд буцсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд түүний хүч хөдөлмөрөө зарцуулан хийсэн бүхий л судалгаа болоод ирэх 3-4 жилийг зарцуулахаар төлөвлөсөн докторын ажлын төлөвлөгөө нь замхрав. Сар ч хүрэхгүй хугацаанд болсон дээрх үйл явдлаас үүдэж Монгол судлалд хувь нэмрээ оруулахаар сэтгэл шулуудсан нэгэн судлаачийг бид буцаж ирэхээргүй болтол үдлээ. Үүний цаана хэчнээн судлаач Монголд ирэхээс татгалзахыг та бидний хэн ч мэдэхгүй.
Ярилцлагын төгсгөлд Симоне “Монголтой холбоотой бүхэндээ цэг тавьсан” гэсэн юм.
2019 оны наймдугаар сарын 6
Дээрх үйл явдлаас хойш Симоне Монгол дахь Францын ЭСЯ-тай холбоотой байгаа бөгөөд яамнаас ОБЕГ-т бичиг илгээж, хариу ирснийг түүнд мэдэгджээ. Энэ талаар манай редакцын зүгээс Монгол дахь Францын ЭСЯ-наас тодруулахад “Бид долоодугаар сарын 22-нд ОБЕГ-руу бичиг илгээсэн. Тус газраас долоодугаар сарын 26-нд хариу бичиг ирүүлсэн. Харин агуулгынх нь талаар дэлгэх боломжгүй. Аливаа харилцсан байгууллага болоод хувь хүний мэдээллийг гуравдагч этгээдэд өгдөггүй” хэмээн тайлбарлав.
Найзаас нь Симонегийн сэтгэл санаа хэр байгааг тодруулан асуухад сэтгэлзүйчийн тусламж авч байгааг дурдсан. Симоне "Бэлгийн болоод бусад төрлийн дарамтад өртсөний дараа хүмүүс юу гэхээс үл хамааран эмэгтэйчүүдийн буруу биш. Ийм тохиолдолд өөрийгөө огтхон ч буруутгах хэрэггүй. Дэлхийн хаана ч байсан эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэл, айлган сүрдүүлэлт, халдлага, үг хэл болон бусад хэлбэрийн дарамтад өртөхгүй байхын төлөө хамтдаа дуу хоолойгоо нэгтгэж, эрхээ хамгаалахыг уриалж байна. Ямар нэгэн байдлаар халдлагад өртсөн хүн сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа заавал авах хэрэгтэйг ойлголоо. Монголд байхад надад тусалж, намайг дэмжсэн монгол найзууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна" гэлээ.
Харин уг үйл явдалтай холбоотойгоор ОБЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтэстэй холбогдоход Өргөдөл, гомдол хариуцсан хуулийн мэргэжилтэн, дэслэгч Г.Алтансүхээс тайлбар авахыг хэллээ. Тэрбээр "Би зөвхөн хувь хүн, албан тушуулаатнуудын өргөдөл, гомдлыг хариуцдаг. Ээлжийн амралтаасаа сая орж ирж байна. Байгууллага хоорондын албан бичгүүд бичиг хэргийн ажилтанд очдог. Түүнтэй холбогдож мэдээлэл аваарай" гэв. Бичиг хэргийн ажилтан нь “Тийм бичиг ирсэн юм уу. Би ёстой мэдэхгүй. Чи мэдэж байгаа юм уу” гэсэн хариулт өглөө. Албан бус сурвалжийн мэдээлснээр, С-т захиргааны арга хэмжээ авахаар болсон бололтой. С нь ямар нэгэн хариуцлага, шийтгэл хүлээсэн, эсэхийг албан ёсоор мэдэгдээгүй байна.
“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-ын захирал А.Анударь " Сүүлийн үеийн судалгаагаар 5 эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байна. Гудамж талбайн дарамтын талаарх “туршлагаасаа” захын монгол эмэгтэй тоочих байх. Бэлгийн дарамтын аливаа үйлдлийг энгийн, хэвийн гэж үздэг учраас өөрсдөө үйлдэх, бусдыг үйлдсэн тохиолдолд дуугүй өнгөрөх эсвэл бүр өөгшүүлэх хандлагатай байдаг. Дургүйцлээ илэрхийлсэн охид, эмэгтэйчүүдийг “Юун сүртэй юм” гэх “хээгүй гүдэс” ухаанаар амыг нь таглах, "Өөрөө аальгүйтсэн юм биш үү, яах гэж уулзсан юм, өрөөнд нь өөрөө л орсон, задгай хувцасласан" гэж хохирогчийг буруутгадаг хандлага байгаа цагт бид хүчирхийллээс ангижрахгүй” гэлээ.Бэлгийн дарамт бол жендэрт суурилсан хүчирхийллийн нэг төрөл. Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа ажлын байр болон олон нийтийн бусад орчинд үйлдэгддэг бэлгийн дарамт их бий. Бэлгийн дарамт үйлдэгсэд “Зодоогүй, гэмтэл учруулаагүй, хүчиндээгүй шдээ” гэдэг. Гэтэл хүнийг хүсээгүй байхад нь ширтэх, санаандгүй мэтээр хүрэх, бэлгийн сэдлээр үг хэлэх, мессэж бичих зэргээр тухгүй, тэвчишгүй байдалд оруулж буй бүх үйлдэл бэлгийн дарамт мөн юм.
А.Анударь үргэлжлүүлэн “Өнөөдөр бэлгийн дарамтыг тодорхойлж, хориглосон заалт ганцхан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд бий. Эрүүгийн хуульд гэмт хэрэг, Зөрчлийн тухай хуульд зөрчил гэж тооцож зохицуулах санаачлагууд нэг бус удаа гарч байсан ч тухай бүртээ дэмжигдэж батлагдаагүй. Өнөөдөр Монгол Улсад бэлгийн дарамт халдлагад өртлөө гэхэд хүчингийн гэмт хэргийн завдалт, эсвэл бие махбод, эд хөрөнгөөрөө хохироогүй бол шийдвэрлүүлэх, эрхээ сэргээлгэх боломж хомс байна. Одоогоор бэлгийн дарамтын гомдол мэдээллийг Хүний эрхийн үндэсний комисст гаргаж байна. Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх Эмэгтэйчүүдийн ТББ-ын эвсэл Хөдөлмөрийн хуулиар зохицуулуулахаар нөлөөлөн ажиллаж байна" гэсэн юм.
Ажлын байрны бэлгийн дарамт Монгол Улсад түгээмэл байдгийг батлах гэсэн шиг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр дуулиан дэгдээгээд байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Сөүл рүү нисэж явахдаа онгоцны үйлчлэгч солонгос бүсгүйн өгзөгт хүрч бэлгийн дарамт учруулсан гэх дуулианаар олон улсын хэвлэлийн бай болж, улсынхаа нэрийг шившиглэв.
Бид өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 5-нд Симонегийн гомдол хэрхэн шийдэгдсэн талаар лавлаж дээр дурдсан ОБЕГ-ын бичиг хэргийн ажилтантай дахин холбогдсон юм. Тэрбээр “Тийм бичиг ирээгүй. Би мэдэхгүй. Өмнө чамд мэдэхгүйгээ хэлж байсан” гэлээ.