Бид энэ бүсгүйг "Ub Comedy"-гийн комедиан гэдгээр нь мэднэ. Гэхдээ тэр хүний дотор бидний мэдэхгүй тэс ондоо ертөнц байгааг би ярилцаж байх үедээ олж мэдээд гайхахын хажуугаар бахархсан юм. Та энэ чөлөөт ярилцлагыг дуустал нь уншаарай. Энэ хүнийг бага ч болтугай мэдэхийг хичээгээрэй.-Ойрд их нам гүм байв уу даа. Сүүлийн үеийн сониноосоо хуваалцвал?-Хоёр жилийн өмнө манай “Big Show” болсон. Тэр үеийн 20 минутын яриаг минь “cut”-лаад 30 секунд болгож фэйсбүүк дээр тавьсан байсан. Үзсэн л байх. Тэр үйл явдал намайг яг л хуванцар сав хумих мэт, цаас байсан бол ураад хаях шиг л хэн ч биш болгосон. Эхэндээ нээх их тоохгүй байсан юм. Эхэндээ тоохгүй гэдэг нь үнэндээ 10 минут л болдог юм билээ. Сэтгэгдэл уншаад сууж байхад маш их зүйл бодогдсон. Түүнээс хойш би гурван хоног уйлсан. Өдөр шөнөгүй бодогдоод л, нүдээ аниад байсан ч сэтгэгдлүүд харагдаад л. Түүнээс хойш л сошиал ертөнц эмэгтэй хүн рүү дайрвал юу болдгийг, хүнийг хэн ч биш болгодог юм байна гэдгийг ойлгосон. Чамайг хэн ч танихгүй, мэдэхгүй мөртлөө хүний муу санаж хийсэн тэр зүйл дээр л тулгуурлаж дүгнэдэг юм байна лээ. Хүмүүс намайг арчаагүй, бөгс бөөрнөөс өөр юм мэдэхгүй хүүхэн л гэж ойлгоод байгаа юм. Гэтэл яг цаанаа би өөр хүн байгаад байдаг.Надад энэ бүх үйл явдал тийм ч их нөлөөлөөгүй юм уу гэж бодсон чинь одоо “Ub Comedy” клубынхаа тайзан дээр гарахдаа айдастай, ямар нэг зүйл намайг зогсоодог болчихсон. Би ингээд хэлчихвэл дахиад намайг ингэх вийдээ, надад ямар нэг муу юм болох вий гэсэн айдастай болсон байсан. Би энэ айдастайгаа одоо болтол тэмцээд явж байгаа. Сошиал ертөнцөд охидыг гэмтээж байгаа, охидыг зовоож байгаа тэр зүйлсийг би байхгүй болоосой гэж хүсдэг. Нэгнээ мэдэхгүй, танихгүй байж битгий ийм зүйл хийгээрэй. Гашуудалтай муухай юм болоогүй мөртлөө эмэгтэй хүний дотор сэв, өвдөлт суучихдаг. Түүнийг цоолж гарч ирнэ гэдэг их хэцүү. Саяхан “Mongolia’s Next Top Model”-ийн хэргээр баахан загвар өмсөгч охидыг ийм тийм гээд л, дуучид, жүжигчдийг янз бүрээр хэлээд л… Хүмүүс та нар тэр эмэгтэйчүүдийг яаж байгаагаа үнэхээр мэдэхгүй, ойлгохгүй байна. Тэр хүн дотроо яаж хэмхэрч байгааг ойлгохгүй байна. Энэ хүнд би ингээд хэлчихвэл зовж шаналах болов уу гэж огт ойлгохгүй байгаа юм. Би энэ тухай гоё том нийтлэл, влог гаргана гэж хүртэл боддог.

-Та ийм дайралтад өртсөн, өртөж байгаа охидод юу гэж хэлэхийг хүсдэг вэ?-Би охидыг зоригтой байгаасай, юмнаас айхгүй, эрч хүчтэй байгаарай гээд их ярьдаг байсан л даа. Гэхдээ сүүлийн үед би их буруу юм хийгээд байгаа юм болов уу гэж боддог болсон. Өөрөө хүчтэй байж чадаагүй болохоор… Жаахан охид над руу “Оля эгч ээ, тань шиг ийм байх юмсан” гэх мэтээр бичдэг байхгүй юу. Өмнө нь би тэг, зоригтой бай, юунаас ч айх хэрэггүй гээд хэлдэг байсан. Уг нь би хошин шогийн мэдрэмжтэй, өөр дээрээ ямар нэгэн юм хүлээж авахдаа, гоочлуулахад их сайн дааж чаддаг хүн. Бас хүнийг их өмөөрөх гэж оролддог. Ямар нэгэн муу юм хийсэн байлаа гэхэд тэр хүнд тийм зүйл хийх шаардлага байсан болохоор л тэгсэн байх гэж ярьдаг, зөв талаас нь харахыг хүсдэг хүн. Өөртэй минь ийм зүйл тохиолдсон чинь харин миний дотроо бодоод явж байсан барилга нурчих шиг болсон. Хүнийг огт мэдэхгүй байж ийм муухай байж болдог юм байна гэх бодогдсон. Энэ миний хувьд их хүнд сэдэв. Ийм зүйл тохиолдоно гэж зүүдэлж ч байгаагүй.Монгол улсад эмэгтэй хүнийг дорд үзэх нь ер нь их юм байна гэж бодогдсон. Үнэхээр мундаг явж байгаа эмэгтэй хүнийг “Энэ их мундаг эмэгтэй шүү” гэж хэлэх нь их ховор. Хараад байхад маш их хичээж, шүдээ зууж явсан эмэгтэйчүүдэд хүмүүс их дургүй. Нэн ялангуяа эмэгтэйчүүд өөрсдөө тийм эмэгтэй хүнд дургүй. Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хайргүй. Эмэгтэй хүн эмэгтэй хүнээ доромжилдог. Маш их хичээж явсаар, чанагдаж, шүдээ зуусаар сая “Чи мундаг эмэгтэй шүү” гэдэг үг хэрэггүй болчихсон байхад хүмүүс “Чи мундаг шүү” гэж хэлдэг. Яг залуу насан дээрээ, хийж бүтээгээд, зүтгээд явж байхад нь хайрладаггүй, дандаа л “чи ийм, тийм” гээд буруу зүйл хийдэг юм билээ. Би энэ зүйлийг л байхгүй болгомоор байна. Эмэгтэй хүн рүү дайрахаа болиоч ээ л гэж хэлэхийг хүсээд байна. Юм хийж бүтээж яваа залуус болгонд л би их хайртай, дэмжих юмсан гэж хүсдэг. Гэхдээ эмэгтэйчүүдийг янз бүрийн үгээр хэлээд дуулаад байхад тэр дууг нь сонсоод, машиндаа чангаар тавиад “Гоё байна” гээд явдаг мөртлөө эмэгтэй хүн хоромхон алдаа гаргахад түүнийг нь дөвийлгөөд, ялаа шиг байсан зүйлийг заан болтол нь дөвийлгөдөг нь надад онцгүй санагддаг.-Тэр хүнд үед та өөрийгөө олж авахыг хичээв үү, эсвэл бүр хөндлөнгийн хүн шиг байхыг хичээсэн үү?-Би сэтгэлзүйн тухай ном их уншлаа. Тэгээд эмэгтэй хүний сэтгэлзүй юун дээр тогтдог юм бэ гээд үзсэн чинь эмэгтэй хүн 50 нас хүрэхээрээ л өөрөө өөртэйгөө хөл нийлүүлэн алхдаг гэнэ. 50 настай эмэгтэй хүн л өөрийгөө маш сайн мэддэг, өөрийнхөө сэтгэлзүйтэй хөл нийлүүлж алхдаг. Харин тэр болтол эмэгтэй хүн болохгүйг мэдсээр байж бичдэг, мэдсээр байж хийж байдаг. Дотроо маш их зөрчилдөөнтэй амьдарч байдаг гэсэн үг л дээ. Тэгээд анх би үүнийг өөрийнхөө зөрчил юм болов уу гэж бодсон. Ямар үед би энэ бүхэн миний хувьд том асуудал болсон гэдгийг ойлгосон бэ гэвэл яг тайзан дээр гарах мөч. Гурван жил айдас хүйдэсгүй “Энэ тайзыг ураад ирье” гээд инээмсэглээд гардаг байсан хүн чинь гарах мөчид хоолой зангираад л, өвдгөөр халуу оргиод л. Тэр мөчид л би яг энэ бүхэн асуудал болж эхэлснийг ойлгосон. Зүгээр нэг “драма”-даад байгаа хэрэг биш юм байна гэж. Би хүмүүсийг сошиал ертөнцөөс, тэр тусмаа сэтгэгдэл бичдэг хэсгээс хол байгаасай гэж хүсдэг. Ямар нэгэн зүйл танд таалагдахгүй байлаа гээд түүнийгээ зүгээр л дотнын хүмүүстэйгээ ярилцаарай. Та түүнийг яаж хэн ч биш болгож байгаагаа, яаж лааз шиг гишгэж байгаагаа ойлгохгүй байгаа байх.-Иймэрхүү үйл явдлууд хүний сэтгэлд гүн шарх, нэг ёсны “фоби” болж үлдэх нь их байдаг. Та гол нь яаж үүнтэй тэмцэж, өөрийгөө бага багаар анагааж байна?-Ер нь бол яг өдөр тутмын энгийн амьдралд минь тийм бодлууд орж ирэх нь их ховор. Би муухай зүйлсийн тухай аль болох бодохгүйг л хичээдэг. Бодоод л байвал тэр улам гүнзгийрээд, улам өөрийгөө ухаад эхэлдэг. Бодлоороо цэгцэлнэ гэдэг надад худал санагдсан. Харин юу ч бодохгүй байх нь л хамгийн зөв. Мэдээж чамайг маш сайн мэдэж байгаа тэр найз нөхөд, гэр бүлийнхэн чинь хэзээ ч чамд ийм муухай юм бодуулахгүй. Гэхдээ үүнийг хүссэн хүсээгүй бодоход хүргэдэг зүйл нь манай нийгэм. Наад зах нь зүгээр л дэлгүүр ороход “Өө, энэ нөгөө фэйсбүүкийн балайрсан хүүхэн чинь явж байна” гэх мэтээр ярина. Энэ бүхэн чинь чихэнд сонсогдож байгаа шүү дээ. Ажлын ярилцлагад ороход хүртэл. Би чинь уг нь гурван диплом, магистр зэрэгтэй хүн л дээ. Өөрийгөө магтсандаа ч биш л дээ. Гол нь хүн чинь ажил хийнэ, ажлын ярилцлагад оролцоно. Яг юм бүхэн жин тан болоод явж байхад ямар нэгэн илүү үгтэй хүн гарч ирээд амьдралд чинь хор хийгээд эхэлдэг. Тэр хүн миний тухай уг нь юу ч мэдэхгүй шүү дээ. Тэгтэл “Оля, манай ажлынхан чамайг тэгж байна лээ” гээд. Уг нь би хулгай хийгээгүй, цохиж зодоогүй, ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Би хэнд ч буруу юм хийгээгүй мөртлөө яагаад ч юм хүн болгоны хувьд гай болчихсон байгаа юм. Энэ хамгийн хэцүү. Түүнээс биш би энгийн амьдралдаа энэ тухай огт бодохгүй байгаа, бодохыг ч хүсдэггүй. Эмэгтэй хүнд бодох юм зөндөө байна шүү дээ. Нүүрээ яаж будах вэ гэдгээс авахуулаад өчнөөн юм байхад тиймэрхүү зүйл бодож яах юм. Хүмүүс нэг өө харсан хүнээсээ өө олж хардаг л байхгүй юу. Тэр хүн дэлхийг аварсан байлаа ч тэр хүний хувьд муу хүн хэвээрээ л үлдчихдэг. Гол нь хүмүүс яагаад намайг үзэн ядаад байдгийг би ойлгодоггүй. Үнэхээр муу юм хийсэн бол би түүнийгээ мэднэ шүү дээ.

-Маш олон зүйл дээр эмэгтэй, эрэгтэй хүн гээд хүйсийн ялгаа гаргах тохиолдлууд их байдаг. Тэр тусмаа комедиан байхад их ажиглагдах байх?-Хүйсийн ялгаа манай улсад маш өндөр. Эмэгтэй хүнийг их доогуур үнэлдэг мөртлөө тэр хүнийг Гэгээн Мариа байх ёстой мэт үздэг. Хэрэв чи эмэгтэй хүнийг сайн сайхан байгаасай гэж хүсдэг бол түүнтэй яг ямар байлгахыг хүсдэг тийм сайхан байдлаар харьцах хэрэгтэй. Гэхдээ эмэгтэйчүүд тэгж доогуур үнэлэгдээд байгаагийн шалтгаан нь зөвхөн эрчүүд биш. Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ ерөөсөө хайргүй. Би үүнийг маш сайн ойлгосон. Эрэгтэй хүн хүйсийн талаар, эмэгтэй хүний талаар янз бүрийн юм ярингуут “Ямар гоё ярьдаг залуу вэ, ямар хөгжилтэй юм бэ” гэдэг. Тэгсэн мөртлөө эмэгтэй хүн яг адилхан зүйл ярих үед “Энэ яасан муухай хүүхэн бэ” гэдэг. Жишээ нь миний тэр бүтэн бичлэгийг хасаад, нийтэд цацсан хүн эмэгтэй. Гэхдээ тэр амьдралыг минь тэр чигт нь нураагаагүй л дээ. Миний энэ өөрөө өөртөө сайхан байгаа байдлыг тэр хүн үгүй хийж чадахгүй. Гэхдээ сэтгэл санааг минь эмтэлчихсэн.Хүмүүс яагаад нэгэндээ ингэж ханддагийг би ойлгодоггүй. Гэхдээ би одоо эмэгтэй комедиан их гарч ирээсэй гэж хүсдэг. Над руу юм бичдэг, комедиан сонирхдог охидын ихэнх нь “Айгаад байна” гэж хэлдэг. Гэхдээ Монголд эмэгтэй комедианд ирж болох хамгийн том цохилтыг би авчихсан. Одоо бол хүлээж авах нь ч гэсэн тийм сүртэй байхгүй. Тийм болохоор гараад ирээсэй гэж бодож, мөрөөдөж явдаг. Хүмүүс намайг садар самуунаас өөр юм ярьдаггүй л гээд байдаг. Үгүй ээ, би дандаа бодлын “joke” хийдэг. Би юм хэлдэг, тэр хүн өөрөө ургуулж боддог. Найтаах тухай миний нэг “joke” байдаг юм. Би тэдэнд найтаах тухай л хэлж өгөхөд тэд дотроо өөрсдөө ургуулж бодоод инээдэг. Би зүгээр л “Тэгдэг байх тийм ээ?” гээд л хэлчихдэг. Харин хүмүүс өөрсдөө ургуулан бодсон зүйлээрээ “Оля ийм муухай юм яриад байна” гэдэг. Үгүй ээ, та нар муухай юм бодоод байгаа юм. 20 минут юм ярьж байхад ганцхан удаа хараалын үг хэлэхэд түүн дээр нь хамаг анхаарлаа хандуулчихдаг.-Анх комедиан болоход юу нөлөөлсөн юм бэ. Ийм хэцүү зүйлс болж магадгүй гэж бодож байсан уу?-Анх ОХУ-д комедид орсон өдрөө би түрүүлсэн юм. Монгол мөнгөөр бол 500 мянган төгрөг байсан. Би маш их баярлаж байсан. Тэнд комеди маш сайн хөгжсөн болохоор эмэгтэй хүн ийм тийм юм ярьсан гээд чичлэхээ больчихсон. Харин ч “Эмэгтэй хүн ийм юм ярьж байна шүү дээ” гээд зоригийг нь дэмжиж, дэмжлэг үзүүлдэг. Харин Монголд ийм зүйл болно гэж бодоогүй. Зайсан Хилл дээр манай UB Comedy болох үед миний сэтгэл их хөдөлсөн. Тийм зүйл болсон ч гэсэн маш олон хүн, маш олон эмэгтэй надад урмын үг хайрласан шүү. Муухай зүйл болсон ч гэсэн би тайзан дээр зогссоор байна, хүмүүс намайг сонсоод инээж байна гэж би их баярласан. Тухайн үед би өөрийн эрхгүй уйлчихсан л даа. Тэгтэл намайг олон хүн согтуу байна гэж бодсон юм билээ. Харин зарим нь цэцэг аваад уйлчихлаа гэж бодсон. Яг уйлж байхад цэцэг өгч таарсан юм л даа. Тэр үед цэвэр огшилтын момент явсан шүү гэж хэлье ээ.Монголд Том Роудс гээд АНУ-ын маш алдартай комедиан нэг удаа ирж байлаа. Тэр үедээ бидэнд лекц тавих үед надад хандаж “Би өчигдөр орой монгол комеди шоу үзсэн. Юу ч ойлгоогүй ч гэсэн би чамайг үзсэн. Чи надад маш их таалагдсан. Юу ч ойлгоогүй ч гэсэн чиний тайзан дээр байгаа байдал, хүмүүсийн чамайг хүлээж авч байгаа, үзэгчтэйгээ харилцаж байгаа нь надад таалагдсан. Чи үзэгчиддээ маш их мэдрэмж өгдөг хүн байна. Би чамд нэг л юм хэлье. Комеди бол эмэгтэй хүнд маш хатуу урлаг шүү” гэж хэлсэн. Эмэгтэй хүнийг их эмзэглүүлдэг л урлаг юм уу даа гэж бодсон.
-Та ойрд тайзан дээр хэр их гарч байна?-Би тайзан дээр байнга гарч байгаа. Ер нь комеди урлагаа би хэзээ ч орхихгүй гэж боддог. Ямар ч ажил хийж байсан, нөхөр хүүхэдтэй гэрийн эзэгтэй болсон байсан ч би комеди урлагийг хэзээ ч орхихгүй. “Дуртай юмаа хийж байвал чи ажил хийж байгаа биш” гээд гоё үг байдаг шүү дээ. Энэ бол яг миний асаж, маш ихээр дурлаж хийдэг зүйл. Хөгширсөн ч гэсэн нэг эмээ гарч ирээд ярьсаар л байна байх. Эмэгтэй хүний ярих хүрээ их гоё шүү дээ. Жирэмсэн байхад нэг санаа орж ирнэ, хумсаа хугалах үед, үсээ будуулахад нэг санаа орж ирнэ. Хүүхэдтэй болоод, нөхөртэй болоход бас санаанууд орж ирнэ. Ерөөсөө сэдэв нь хэзээ ч дуусашгүй гэж хэлж болно. Гол нь сэдэв нэмж өгөх зүйл одоохондоо алга л даа. Ирээдүйд удахгүй болох байх. Ер нь комедиан хүний хувьд хөгширнө гэсэн ойлголт хэзээ ч байж болохгүй юм байна. Нас ахисан ч гэсэн залуус юу сонсож, юу болж байна гээд нийгэмтэйгээ байнга хөл нийлүүлж алхах болно. Сэтгэл санаагаараа бол хэзээ ч хөгшрөхгүй. Комеди бол миний амьдралын маш том хэсэг. Гэхдээ би өөрийгөө дуучин болно гэж боддог байсан.

-Та дуулах дуртай хэрэг үү?-Анх би ковер дууны эвентүүдэд оролцож их дуулдаг байсан. Орос улсад дуулдаг байх үед манай найзууд “Оля чи дандаа инээдтэй юм ярьж байх юм. Комедид орж үзээч” гэж хэлсэн. Тэр үед дуугаа болиод комеди руу орж байлаа. Би анхнаасаа л тайз хүсдэг байсан юм шиг байна лээ. Хүн болгонд янз бүрийн хүсэл мөрөөдлүүд байдаг шүү дээ. Тэр болгондоо би бага багаар хүрч байгаадаа маш их баяртай байдаг. Энэ бүх үед чиний хажууд хэн байх вэ гэдэг их чухал. Хэн дэргэд чинь байснаар чи ажил мэргэжилдээ дуртай байх вэ, хүссэнээрээ чөлөөтэй байх вэ гээд л. Хүссэн юмаа хийж сэтгэл хангалуун байна гэдэг хамгийн чухал. Гол нь хүмүүс энэ их мундаг дуучин, мундаг сэтгүүлч, жүжигчин, бизнес эмэгтэй гээд л ярьдаг, яг тэр “мундаг” гэдэг үгийг сонсохын тулд тэд дор хаяж 30 жил зовсон байдаг. Хаалттай хаалгыг нүдсээр байгаад орсон хүмүүс байдаг. Гэхдээ яг одоо мундаг байгаа дээр нь л хайрлаж, сайхан үгсийг хэлж байгаасай гэж хүсдэг. Эрэгтэй хүн багаасаа л сайхан үгийг сонсож, хүндлүүлж өссөн байхад охид үнэндээ тийм байх нь цөөн. Эмэгтэй хүүхэд багаасаа гэр орны хамаг ажлыг хийгээд л, бүх зүйлд зарагдаад явдаг. Би өөрөө ийм зүйлтэй учраагүй л дээ. Багаасаа орос хүмүүжлээр явчихсан болохоор би маш азтай. Тэд охин хүүхдээ асар их хайрладаг. Энд болохоор “миний хүү, миний хүү” л гэдэг. Энэ маш буруу хүмүүжил. Үүнээс болоод эрчүүд нэг тийм дебил өсөөд байна. Эмэгтэй хүнийг хүндлэхгүй, өөрийнхөөрөө, бүх зүйлийн дээд гэж боддог. Эцэг эх нь ч тэгээд өсгөчихдөг. Дараа нь хүүгээсээ ямар их юм хүснэ гээч. Бас тэгээд авчирсан эхнэрийг нь голно. Монгол охид ийм байна, тийм байна гэнэ. Тэгвэл залуус нь ямар байгаа билээ? Бас охидыг хэн ийм болгоод байна? Энэ бол миний асуулт. Мэдээж хүүхдээ сайхан хүмүүжүүлдэг эцэг эх зөндөө. Би тийм хүмүүсийг үнэхээр хүндэлдэг. Ялангуяа охин хүүхэдтэй хүмүүс тэдэндээ их анхаарал халамж өгөөсэй гэж хүсдэг.-Таны ярьж хэлж байгааг хүмүүс хэр их хүлээж авдаг гэж боддог вэ?-Сайн хүлээж авдаг гэж боддог. Гол нь хүмүүс энэ тухай өмнө нь огт бодож байгаагүй нь надад сонин санагддаг. “Хүүе, үнэхээр тийм байна шүү” гэхээр нь би өмнө нь бодож байгаагүйд нь их гайхдаг. Би 50 нас хүрэхдээ ном гаргана гэж боддог байхгүй юу. Юу болсон, юу мэдэрч ойлгож авсан гээд тэр бүх зүйлийн тухай бичих юмсан гэж хүсдэг. Гэхдээ би 16 настайдаа 20 хүрэхээрээ ном бичнэ гэж боддог байсан. Гэтэл 20 хүрээд, ном бичих насан дээрээ ирсэн чинь би юу ч мэдэхгүй байсан. Үнэндээ би амьдралын тухай тэр үед юу ч мэдэхгүй байсан. Гэхдээ миний хамгийн эгзэгтэй нас яг 20 байсан. Хугарлын нас буюу ямар нэг зүйл рүү эрчимтэй явах үе. Тэр үед би “Хүүе, юу болоод байна аа. Зогсоорой, амьдрал яах гээд байна аа, би хаашаа яваад байна” гэх үе. Түүнээс өмнө би их тэнэг хүүхэд байсан байх. Эргээд харахад би үнэхээр л… хүүхэд байсан. Хүүхэд зан, хүүхдийн гаргадаг ааш, хийдэг зүйл. Харин 20 наснаас хойш би амьдралыг өөрөөр харсан. Жил болгон би тухайн жил юу мэдэрсэн, юу ойлгов гэдгээ дэвтэр дээрээ бичдэг юм. Саяхан уншсан чинь 20 настай Оля, одоо байгаа Оля хоёр газар тэнгэр шиг өөр байлаа. Нэг газраа зогсоогүй гэдгээ ойлгох хамгийн гоё байсан. Нэг зүйлээс өөрийг ойлгоод, түүнийгээ ухаарч цааш явж байгаа гэдгээ мэдрэх нь хамгийн сайхан. Нэг газраа гацаагүй гэдгээ мэдрэх нь их чухал юм билээ. Ер нь охин хүүхдүүд чинь их эмзэг шүү дээ. Би энэ комеди клуб дээрээ ч гэсэн ганцаараа эмэгтэй нь байгаад л, бүгдэнтэй нь дундаа ороод л, алалцаад л явж байгаа. Гэхдээ муухай үг хэлдэг хүмүүс нь зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс гээд зогсох биш найзууд нь бас байдаг. Энэ найзууд гэдэг чинь их олон зүйл дээр буруутай гэдгийг анзаардаггүй юм билээ. Чиний хайртай найзууд чамайг бас дээрэлхээд байгааг анзаардаггүй. Хэрэв миний ярилцлагыг хөвгүүд уншвал, охидоо хайрлаарай, хайртай гээд ганц удаа ч болов хэлээрэй. Ямар ч шалтгаангүйгээр “хөөрхөн байна” гэж нэг хэлээрэй. Чи зүгээр л нэг охинд “Чи хөөрхөн шүү” гээд л хэлчих. Хорин жилийн дараа тэр охинтой таарахад “Чи намайг хөөрхөн гэж байсан шүү” гээд сэтгэл дотроо тэр үгийг хадгалчихсан байх болно. Тэр үгийг эмэгтэй хүн хэзээ ч мартахгүй. Тэгж хэлэх үед чинь гадна талдаа “Юу яриад тэнэгтээд байгаа юм...” гэж байсан ч тэр хүнтэй олон жилийн дараа уулзахад тэр санаж л байх болно.
Эмэгтэй хүн сайхан үгээр дутмаг гэдэг нь харагдаж байгаа биз дээ? “Оля чи хөөрхөн л дөө. Гэхдээ бүдүүн юм. Турчихвал бүр яг хөөрхөн боллоо” гэж хэлдэг хүмүүст би бас их дургүй. Тэр хүмүүс “Энэ хүн биедээ сэтгэл хангалуун байдаг юм болов уу” гэж ерөөсөө боддоггүй. Би өөртөө 100 хувь таалагддаг, өөртөө маш их хайртай. Энэ биеэ би аль дээр хүлээн зөвшөөрөөд, эмзэглэхээ больчихсон байхад хүмүүс эмзэглүүлэх гээд ороод ирдэг. Миний тарган байгаа нь надад тээр болоогүй байхад чамд тээр болоод байгаа байхгүй юу. Чиний нүдээр би туранхай байвал гоё болчих гээд, чи л намайг хүслээрээ байлгах гээд байна. Гэхдээ ийм зүйл байхгүй. Хүний хүсэлд автаж амьдарна гэдэг аймшигтай шүү дээ. Яагаад би заавал бусдын хүслээр байх ёстой гэж? “Энэ охин майга хөлтэй” гээд л ярина. Тэр охин майга гэдгээ мэдэж л байгаа шүү дээ. Яагаад заавал чи түүнийг хэлэх ёстой гэж? Яагаад хүсэлд чинь тааруулах ёстой билээ? Би өөрөө эмэгтэй хүн мөртлөө эмэгтэйчүүдэд “Чи их гоё шүү” гэж хэлдэг юм. Эрчүүд нь хэлэхгүй байгаа юм чинь ядаж нэг нэгэндээ бид сайн сайхан үгсийг хэлж байя л даа.

-Таны эргэн тойрон, найз нөхөд дийлэнх нь яг эрэгтэй хүмүүс байгаа байх. Олон зүйл дээр асуудал гарах уу?Эрэгтэй найзууд дунд байхад тэд чамайг өөрсөдтэйгөө адилхан харах гээд байдаг нэг талтай болчихдог. Тэр их аюултай. “Чи хэзээ ингэж байсан юм” гэж ярих ч юм уу. Би үүнийг сая л ойлгосон л доо. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баяр болсон чинь мэнд хүргэхгүй, гэнэт санаад л “Чи чинь бараг эрэгтэй хүн шиг биз дээ” гэнэ. Үгүй ээ, би хэзээ ч эрэгтэй хүн байгаагүй. Та нартай ойр дотно байгаад, нийллээ гээд эрэгтэй хүн болно гэсэн үг биш ээ. Ангийн хойд, дундаа ордог найз охидоо тэгж битгий гомдоогоорой. Харин ч алт шиг гялтайлгаад л “чи минь гоё шүү” гээд байх хэрэгтэй. Орост байхад би яг тийм байсан. Магадгүй миний өөрийгөө хамгийн ихээр хүлээн зөвшөөрч, итгэлтэй болсон бүх зүйлийн шалтгаан нь миний Орост байдаг найзууд. Би тэдэнтэй маш их хугацааг хамт өнгөрүүлсэн. Залгахад утсыг минь авахдаа “Привет красавица”, “Сайн уу хөөрхөн өө.” Ямар ч газар орсон, хаа ч явж байсан хамгийн сайхан үгсийг хэлж, намайг магтана. Би түүнд нь бараг цадаад, даварчихсан. Би тэгж их хайрлуулсан юм. Монголд иртэл тэр үгс хомс болчихсон. Цэцэг услахгүй болохоор үхдэг шүү дээ. Хүн ер нь гадаад төрх юу ч биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Чиний дотор хэн байна вэ гэдэг хамгийн чухал. Надаас “Би яагаад ийм хөөрхөн мөртлөө ганц бие байгаа юм бол” гээд асуудаг охид эмэгтэйчүүд байдаг. Би хаана ч хэлдэг юм. Би бүдүүн байгаа болохоор ганц бие байгаа юм аа. Харин чи ийм хөөрхөн, туранхай сайхан охин мөртлөө ганцаараа л байгаад байвал чи хачин охин байгаа байхгүй юу. Асуудал чамд л байгаа хэрэг. Дотор чинь чамайг дүүргэж байгаа тэр зүйл буруу байна гэсэн үг.Ер нь тэгээд эмэгтэй хүн хэцүү юм даа. Гэхдээ миний шүтээн бол ээж минь. Хорвоо дэлхийн хамгийн сайхан хүн ээж минь. Учир нь, тэр намайг яаж дэмждэг гэж санана? Ээж надад “Миний охин эргэн тойрны ярианд хэзээ ч битгий анхаар. Би чамайг ямар хүн гэдгийг мэддэг болохоор чи минь санаа зовохгүй амьдар” гэдэг. Эргэн тойрны хүмүүс болохоор хүүхдээ ямар нэгэн зүйлд орооцолдвол шууд дайрч загнадаг. Эмэгтэй хүнд хамгийн чухал зүйл бол ээж, эргэн тойрны хүмүүс, өөрийгөө хүлээн зөвшөөрөх явдал гэж хэлнэ. Өөрийгөө л хайрла. Бүх алдаа оноо, жижиг том хөөрхөн “fail”-үүдтэйгээ цуг хайрла. Би ер нь өөрийгөө долоо хоногт нэг удаа эрхлүүлдэг. Өөрийнхөө хүссэн юмыг авдаг, иддэг, хийдэг. Яг нэг хоногийг би бүтэн өөртөө зарцуулдаг. Тэр их зөв юм билээ. Чи ч бас тэгж байгаарай.-Таны хувийн амьдрал ер нь ямар байна вэ? Гоё сайхны тухай яриагаар ярилцлагаа дуусгацгаая.- Би одоогийн байдлаар таван жилийн хугацаанд ганц бие явж байгаа юм. Болзоо гэж юу байдгийг ч мэдэхгүй, хүнтэй ч уулзахгүй, ер нь юу ч мэдэхгүй. Ганцаараа удсан эмэгтэй хүн “Асуудал надад байгаа юм байна” гэж боддог юм билээ. Асуудлыг өөртөө байна гэж бодоод, бүр энэ тухай бодохоо ч байдаг. Гэхдээ эмэгтэй хүн тийм гоё мэдрэмж авах ямар сайхан бэ гэдгийг би одоогоос 10 хоногийн өмнөөс л мэдрээд байна. Аравхан хоносон мөртлөө надад маш урт хугацаа шиг санагдаж байна. Хүн дурласан сэтгэлээрээ асар их зүйлийг хийж чаддаг бололтой. Бид ямар нэгэн зүйлд хүрээгүй, дөнгөж танилцаад л байж байгаа л даа. Гэхдээ тэр хүний надтай харьцаж байгаа яг энэ мэдрэмжээр бол би дэлхийг эргүүлж чадахаар байна. Хүссэнээ хийж чадахаар. Маш гоё зүйлээс өөрийгөө асар удаан хорьж явсандаа би их харамссан. Яг үнэнийг хэлэхэд надад зав байгаагүй. Хүмүүс намайг шоудаад л явдаг гэж боддог ч үнэндээ би энэ хугацаанд асар их зүйл амжуулсан.Сургуулиа төгсөөд, эрдмийн зэргээ хамгаалаад, өөрийгөө бусад зүйлээс их хорьсон байгаа юм. Анх удаа эрэгтэй хүн “Дугаараа өгөөч” гэж асуух мөч ямар аймаар байдаг юм бэ. Толгой дотор сальют буудаад байх шиг л. (Инээв) Яг тэр мөчөөс эхлээд л би өмнө нь мэдрээгүй асар олон зүйлийг мэдэрч үзсэн. Дурлах, гомдох, үзэн ядах, хүсэх, хамт байх, санах гээд муу сайнтай нь бүгдийг нь холиод хамтад нь мэдэрч байна. Хайрлуулах, хүнээс хайр авах их чухал. Бас тэр хүн чамаас тийм мэдрэмж авч байгаа гэж бодох бүр гоё. Ганцхан чи энд тэнэгтээд догдлоод суугаад байгаа хэрэг биш, тэр хүн ч гэсэн тэнд ямар нэгэн зүйлийг мэдэрч байгаа гэх бодол гоё. Ийм байхад бүх хүнд яриаг орхимоор санагдаад л, бүх зүйлийг мартмаар санагдах юм. Ярилцлагын гол санаа нь ерөөсөө л сошиал ертөнцийг даван туулах байсан чинь хайр дурлал руу ороод дуусчихлаа.-Одоо тэгвэл ганц асуулт асуугаад хоёулаа ярилцлагаа жинхэнээсээ дуусгая. Одоогийн Оля аз жаргалтай байна уу?-Одоогийн Оля маш их төлөвлөсөн ажил, хүсэл мөрөөдөлтэй, маш их бодолтой байгаа. Аз жаргалтай болгож байгаа нэг хүн гараад ирчихсэн. Бусад зүйл дээр би аз жаргалаа орхиод, толгойгоо ажиллуулах хэрэгтэй болж байгаа. Би ирээдүйд “coach” болно гэж бодож байгаа. Хийх ёстой зүйл минь энэ юм байна гэдгийг би их сайн ойлгосон. Ярьсан зүйл минь хүмүүст нөлөө үзүүлж, бусдын сайн мэдэхгүй тэр Оля яг үнэндээ хүмүүстэй маш сайн ярилцагч, тэднийг ойлгож чиглүүлдэг хүн байж чадахыг би мэдрээд байгаа. Яг ингээд хэлэхэд, өнөөдрийн Оля гарцаагүй маш их аз жаргалтай байна.