1. Эхнэр минь дараа нь “Чиний гаргасан “иргэний зоригийн” ачаар бид Наран орныг үзсэн шүү” гэж хэлж байлаа
Үеийн найзууд бүгд л гадаад оронд аялж, зугаалан, зураг хөргөө олон нийтийн сүлжээнд оруулна. Харин би гэдэг хүн зөвхөн Монголдоо л байгаад байлаа. Гадаадын ямар ч хамаагүй оронд очиж үзэх сэн гэсэн бодол улам хүчтэй болсоор. Андынхаа авчирсан сакэг амтлан, яриаг нь сонсон суух зуураа гэнэт дотроо бодлоо. “Адилхан ажил хийж, цалин авч байж, яагаад би Улаанбаатарт л байгаад байдаг билээ? Хоёр хөршдөө очиж үзээгүй хүн надаас өөр байгаа гэж үү? Ер нь хадгаламж нээж, хуримтлал үүсгээд, хил давж үзье” Гэвч бас эргэлзэх зүйл олон байв. Цалингаа тооцооллоо, үрлэг зарлагаа бодлоо. Гэтэл нэлээд хэдэн мянган төгрөг яасан нь мэдэгдэхгүй үрэгдээд алга болж байгааг анзаарлаа. Ингээд л зориг гаргаж, эхнэртэйгээ хамт өдөр бүр 5000 төгрөг хийх хадгаламж нээлгэж билээ. Яг банк дээрээ очоод болъё гээд хаалган дээрээс нь хэд хэд буцаж байснаа одоо ч санадаг. Учир нь “Хэзээ энэ мөнгө хуримтлагдаад би гадаад оронд аялах билээ” гэсэн сөрөг бодол орж ирээд байлаа. Гэвч нэг мэдэхэд мөнгө цугларч, би Японд очиж, хүслэн болсон сүмо бөхийн тэмцээнээ үзэж билээ. Хакүхо, Харүмафүжи аваргуудыг хажуугаас нь хараад сууж байсан тэр мөч хэзээ ч мартагдахгүй. Эхнэр минь дараа нь “Чиний гаргасан “иргэний зоригийн” ачаар бид Наран орныг үзсэн шүү” гэж хэлж байлаа. Одоо ч гэсэн дараагийн аялалдаа зориулаад нээсэн байгаа. Хадгаламжийн нэг сайн тал нь илүү дэмий үрлэг зарлагыг зогсоодог юм билээ.
40 нас Д.Ганзориг
2. Дугуйтай болсон түүх
Багадаа би өвөө, эмээгийн хайртай ач байлаа. Очих болгонд чихэр, жимс, бэлэг өгнө. Шинэ жил, Цагаан сар, төрсөн өдрөөр мөнгө өгдөг. Ээж “Мөнгөөр нь гоё юм авч өгье” гээд л дэлгүүр дагуулж явдаг байлаа. Гэтэл нэг өдөр Америкаас хамаатны эгч ирээд доллар өгдөг юм байна. Үзэж хараагүй сонин мөнгө. Үрэх гэхээр нэг л харамсалтай санагдаж байснаа санадаг юм. Ээж ч гэсэн “Миний хүү наад мөнгөө хадгалчих, дараа нь хэрэг болно” гээд нэг мөнгөний сав авч өгсөн юм. Баяраар мөнгө аваад гэртээ хариад хайрцагтаа шууд хийнэ. “Хэдэн төгрөгтэй болж байгаагаа тоолох дуртай хүүхэд байсан” гэж аав дараа нь ярьж байлаа. Сургуульд орох үед аав ээж хоёр хайрцаг дахь мөнгийг минь хадгаламжид хийж, би анх банкны данстай болсон түүхтэй. Том хүн болсон мэт их баярлаж байсан. Нэг өдөр Их дэлгүүрт явж байгаад маш гоё унадаг дугуй харлаа. Ангийн найзууд бүгд дугуйтай, Битлзийн хөшөөний дэргэд тоглодог болоод байв. Дугуй авч өгөөч гэхэд аав “Миний хүү өөрөө авч чадна шүү дээ. Хадгаламж чинь зөндөө их болсон. Харин чи мөнгөөрөө яг дугуй авах уу” гэж асуусан юм даг. Бага зэрэг хармын сэтгэл төрсөн ч хүсэл болсон дугуйгаа авсан. Том хүн болоод цалингаараа авсан мэт бахархалтай сэтгэл төрж байсныг хэзээ ч мартахгүй.
14 нас Я.Болдоо
3. Хуримын өр, хадгаламжинд хүргэсэн нь
Хорин настайдаа хайртайгаа учирч, их сургуулиа төгсөөд хуримаа хийж билээ. Хуримын ёслол гэж нэр сүрээ бодоод их л сүртэй хийсэн юм даг. Аль аль талын маань аав, ээж чинээлэг хүмүүс биш тул нэг танилаасаа мөнгө зээлж, бараг найр наадам боллоо. Хуримын зочдын бэлэг нь зардлаа дардаг гэж ярьж байсан нь худлаа байжээ. Дөнгөж их амьдралын үүдийг нээхдээ өртэй гэдэг нь сэтгэлд тээгтэй. Энэ үед эхнэр минь надад нэгэн санал тавьсан юм. “Нэгнийхээ цалин орлогоор амьдарч, нөгөөгийнхөө цалинг хуримтлуулна”. Дөрвөн жилийн дотор ипотекээс бусад бүх өрөө дарах зорилго тавиад хамаг хүчээрээ зүтгэж эхэлж билээ. Даруухан, энгийн амьдраад, илүү мөнгө үрэхгүй. Хүн гэдэг амьтан аливаа юманд дасахдаа амархан. Өр шир дарагдсан ч ганц цалингаар амьдраад дасчихсан тул үргэлжлүүлсээр байлаа. Банканд хуримтлагдсаар байсан нөгөө цалин минь харин дараа нь бидэнд маш их тус болсон юм. Огт байхгүй гэж “дотроо” бодоод, таг “мартчихсан” байсан мөнгө минь бид хоёрын анхны аяллын хөрөнгө болж өгсөн. Эртнээс бодоод хэрэгжүүлж чадахгүй байсан ээж, аавынхаа нутагт очих аяллаа хийлээ. Аав минь нутагтаа очилгүй их удсан байсныг нь бид анзаардаггүй байж. Сутайн нуруу хэмээх сүрлэг уулын өвөрт төрсөн гэж бидэнд үргэлж ярьдаг байсан ч хүүхдүүд нь нэг их тоодоггүй байсан юм уу. Харин яг хамтдаа очоод Сутай Хайрхныг нь аавтайгаа хамт хараад сууж байх шиг аз жаргал урьд өмнө мэдэрч байсангүй. Аав энэ уулын бэлд мал хариулаад явж байсан байх даа зэрэг бодол орж ирэхэд нулимс дуслуулмаар ч юм шиг. Аавыгаа төрсөн нутагт нь авч яваад, амраагаад ирлээ гэж харин дараа нь найзууддаа хэлэхэд омог бардам ч юм шиг сэтгэл төрж байсныг хэлмээр байна.
30 нас С.Болд
4. Хуримтлалыг хэвшил болгохоор шийдсэн
Багадаа мөнгөтэй болоод хөөрхөн хүүхэлдэй авахыг мөрөөддөг охин байлаа. Сургуульд ороод гоё ягаан өнгийн пеналтай болохыг хүсдэг, мөнгөө цуглуулж авна гэж боддог байв. Гэхдээ сургуулиа төгстлөө хуримтлал хийж байсангүй. Багахан хэмжээний мөнгө цуглуулаад тэр үедээ хэрэгцээндээ үрчихдэг байсан. Харин сүүлийн үед гоё шинэ аппууд үүсэж, бий болоод дахин мөнгө цуглуулж эхэлж байгаа. Сүүлийн 6 жил хуримтлуулсан мөнгөөрөө онгоцны тийз, замын зардалд хэрэглэж аялсан. Тэрэндээ харамсдаггүй. Мөнгөнөөсөө илүү үнэ цэнтэй зүйл нь мэдээж сэтгэлд үлдэх нандин дурсамж, туршлага юм. Хүн заавал мөнгөн хуримтлалтай байх ёстой гэдгийг ковидын цар тахлын үед үнэхээр ухаарлаа. Тиймээс цаашдаа хуримтлалыг дадал болгохоор шийдээд байгаа. Банканд хадгалахаас гадна хувь хүн санхүүгийн мэдлэг, сахилга баттай байх хэрэгтэй юм билээ. Ер нь аливаа юманд урт хугацаанд хөрөнгө оруулалт, хуримтлал хийвэл ашигтай гэдгийг олж мэдсэн. Хятад, БНСУ зэрэг Азийн орны иргэд яаж мөнгө хуримтлуулж байгааг олон харсан. Тэдний амьдралын хэв маяг, яаж хуримтлуулж байгаагаас их юм сурч чадна. Ямар ч солонгос хүн ардаа заавал хуримтлалтай байдаг. Урт наслалттай холбоотой юм уу, оршуулгынхаа зарлагыг хүртэл цуглуулаад бэлтгэдэг. Хүнд хэзээ юу тохиолдохыг хэн ч урьдчилан мэдэхгүй.
Г.Төгөлдөр 32 нас
5. Африкийн өлсгөлөн хүүхдүүдэд ч хандив өгч байлаа
Би багадаа Японд амьдарч байх үедээ зоосон мөнгө цуглуулдаг байлаа. Ээж, аав задгай мөнгө бага багаар өгнө, тэрийг нь мөнгө цуглуулдаг зориулалтын лаазандаа хийж хадгалдаг. Лааз дүүрэхээр мөнгөө аваад Шуудангийн банканд очиж, данс руугаа шилжүүлдэг байсан. Энэ миний анхны хуримтлал юм уу даа. Нэг удаа найзтайгаа хамт лааз дүүрэн цуглуулсан мөнгөө ЮНИСЕФ-ийн Африк тивийн өлсөж байгаа хүүхдүүдэд зориулсан санд хандивлаж байлаа. 2000 иен буюу 20 ам.доллар болж байсан юм даг. Тэр үед 5-6 дугаар ангийн жаахан хүүхэд байсан ч бас сайн үйлсэд нэгдэж байжээ. Дунд сургуулиа төгсөөд 15 настайдаа анх удаа цагийн ажил хийж эхэлсэн. Төгсөлтийн баярынхаа дараагийн өдрөөс л ажил хайж байлаа. Цалингаа МИЗҮХО банкны дансандаа авна. 3 сар хагас хэртэй өдөр болгон ажиллаад тэр мөнгөндөө огт хүрэхгүй цуглуултал овоо их болсон. Токиогийн нэгэн хоолны газарт өглөө 10:30 цагаас 16:00 цаг хүртэл зөөгч, цэвэрлэгч, бэлтгэгч хийдэг байсан. Дараа нь гэрийнхээ ойролцоох япон хоолны ресторанд орой 17:00 цагаас 20:30 цаг хүртэл, мөн хагас, бүтэн сайнд хүмүүс их ирдэг европ хоолны газарт амралтын өдрүүдээр ажилладаг байв. Цагийн ажлын цалингаа огт үрэлгүй хуримтлуулсаар дараа нь Канадад сургуульд явахдаа зардал, сургалтын төлбөрт ашиглаж байв. Бараг 900 мянган иен болсон байсан. Өөрийн хүчээр сургуулийнхаа төлбөрөө тушааж байсандаа их баярладаг.
Ч.Уран-Учиг 30 нас
6. Өөртөө хөрөнгө оруулж, өөрийгөө хөгжүүл
Би гэдэг амьтан мөнгө зээлж сурснаас хадгалж огт сураагүй хүн. Нэг сайн тал минь яг цагтаа буцааж өгдөг. Гэсэн ч “Ээж ээ, 20 мянга зээлээч”, “Андаа 50 мянга шилжүүлээч” гэж хэлэхээс үнэндээ залхаж байна. Намайг бага байхад сургуульд санхүүгийн хичээл ордог байсангүй, аав ээж нар минь ч цалингаас цалингийн хооронд амьдардаг байжээ. Ингээд хуримтлалтай болохоор шийдлээ. Хашир хүмүүсийн туршлагаас харвал юуны өмнө “Онцгой тохиолдолд” зориулсан хадгаламж нээгээд, дараа нь урт хугацааны хуримтлал нээдэг юм байна. Зорилго болон сахилга бат маш чухал гэдгийг ойлгосон. Хөрөнгө оруулалт, хуримтлал гэхээр бид хэт том юм бодоод байдаг юм байна. Нэг удаа сонин уншиж суутал нэг өгүүлбэр маш их анхаарал татаж билээ. Хэн хэлснийг нь мэдэхгүй ч “Сард, жилд олсон орлогынхоо 2 хувийг өөртөө хөрөнгө оруулахад зориул. Ингэснээр орлого чинь төдий чинээ нэмэгдэнэ” гэдэг үг. Өөртөө зориулна гэдэг нь орлогынхоо тодорхой хэмжээг хуримтлуулж, боловсрол, эрүүл мэнддээ мөнгө зориул. Мэдлэг дээшилж, хүч чадалтай байснаар ажлын үр бүтээмж дээшилж, эргээд орлого болон орж ирнэ гэсэн утгатай хэрэг. Надад маш их таалагдсан. Энэ бол миний амьдралдаа сонссон хамгийн шилдэг зөвлөгөө байлаа. Гадуур явж, дэмий үрдэг байсан мөнгөө би гадаад хэл, эдийн засгийн сургалтын төлбөрт хадгалж, заримдаа зөв хооллолт, фитнест ч очдог болоод байгаа. Одоо би хэнээс ч мөнгө зээлэхээ больсон. Үүндээ сэтгэл хангалуун, аз жаргалтай байна. Залуучуудад хэлэхэд өмнөө зорилго тавь. Машин, шинэ компьютер, аялал, хуримын ёслол, байр гээд юу ч байж болно. Ингээд зорилгоо биелүүлэхээр хуримтлалаа эхлүүлэхэд гол нь сахилга бат чухал шүү.
40 нас Х.Цэцэгмаа
Дээрх түүхүүдийг сонсоод таны, чиний сэтгэлд нэг юм бууж байгаа бол яг одоо хадгаламж нээгээрэй. Учир нь М банкны найзууд нь санхүүгийн эрүүл мэнддээ зориулж, хадгаламж нээж байгаа та нартаа зориулан “Хадгаламжтай бол cashback-тай” хөтөлбөр зарласан байгаа. М банкны энгийн хугацаатай хадгаламжаа нээгээд М basic картын гүйлгээ бүрээсээ 2% хүртэлх дүнг буцаан авч, хадгаламжийн аяллаа илүү амттай болгоорой.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.