UBLife Logo
Өнөөдрийн зурвас

Өнөөдрийн зурвас: Далайн дээрэмчин минь ирлээ!

Өнөөдрийн зурвас: Далайн дээрэмчин минь ирлээ!

Өглөө гараад үдэш ирэх өөр. Өөр хот, өөр хүмүүс, өөр яриа, бүх зүйл өөр газраас олон хоногийн дараа ирэх хүн бүр өөр. Харж дассан нөгөө царай, нүдээ аниад атгасан ч танихаар өөриймссөн гар хуруу чинь өөр болсон байх даа. Намайг бас ингэж бодно уу. Би лав ямар үлдсэн, энэ хэдэн өдөрт яг хэвээрээ сууж байв. Явж одсон, хот орчноо солиод ирсэн хүн л огтоос өөр. Наддаа чи сансрын нисэгч, далайн дээрэмчин, идэр жинчин, энхийг сахиулагч.

Нарны зам өглөөнөөс үдэш, үдшээс өглөөдөд галт тэрэг түчигнэдгээрээ өөр. Бүгдэд хамаатай мэт нэлэнхүй дуулдаад сарнина. Түүний суусан галт тэрэг буудалд ирэх чимээ надад л өөр. Манай хаалган тушаа тулган зогсоод дохиогоо хадаах мэт ойр. Тэр ирсэн. Тэр тэнд биш, өөр хотод биш, энд ойрхон ирсэн.

Утас энд дуугарах өөр. Тэндээс дуудлага ирэх өөр. Цаг агаар, ажил хэрэг, хоол хош, бла, бла... сануулга дээр нэмэх нь сургамжууд хөвөрнө. Энд ирсэн түүнтэй ярилцах эхний дуудлага бүр ч өөр. Миний хаана байгаа, хэзээ ирэх, бэлэг авчирсан, бушуухан өгөх, ер нь л хурдхан уулзах, харах, тэврэх, үнсэх түмэн шалтгаан оволзох нь гайхалтай өөр.   

Ийм үдэш бусад өдрийнхөөс өөр. Нэг нь нөгөөгөөс их ялгаагүй мэт эгэл жилүүдийн заагууд эзгүй хэдхэн өдрийн дараа л нэг дор нэг нэгээрээ ирдэг нь өөр. Өмнөх олон төрөлд шинээр, шив шинээр учирч байснаасаа ч өөр. Хаалга тогших чинь өөр. 

Эхлээд хүүхдүүд гүйлдэж очно. Чи тэднийгээ л тэвэрч үнсэнэ. Санаснаа хэлнэ. Тэд чамд намайг гэх зав мөд өгөхгүй. Тэгсэн ч инээмсэглэнэ. Тэгээд сая нэг юм “За чи сайн уу” гэж шивнэнэ. “Өө, сайн” л гэнэ. Намайг хариу хэлмэгц чи “За яамай даа хө” гэнэ. Сайхан мэнд л дээ. Ийм тайван, томоотой суух нь шал утгагүй, тэнэг санагдаж таарна. Гэр дүүрэн хөөрцөглөх ийм үдэш өөр. Гэрэл унтрахыг ав адилхан хүлээх өөр. 

Маргаашнаас дахиад л эгэл өдрүүд, өглөө гэрээс гараад үдэш цугладаг олон олон өдөр ирнэ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.