UBLife Logo
Кино

Танд нэгийг бодогдуулах “Хөхөө” киног зорьж үзэх 6 шалтгаан

Танд нэгийг бодогдуулах “Хөхөө” киног зорьж үзэх 6 шалтгаан

Эх үрийн харилцаа, ахан дүүсийн холбоо, нийгмийн төрхийг тольдон харуулсан “Хөхөө” уран сайхны кино театрын дэлгэцнээ гарч эхэллээ. Кино шүүмжлэгч, мэргэжлийн хүмүүсээс өндөр үнэлгээ авч буй Ж.Жамьяансүрэн найруулагчийн эл бүтээл цар тахлын улмаас бүтэн жил хойшлосны эцэст ийнхүү үзэгчдийн хүртээл болж байна.

Та “Хөхөө” киног үзэхээр зэхэж буй үзэгчдэд  дараах сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. “Хөхөө” МУСК 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадамд оролцож, шилдэг монгол кино, шилдэг найруулагч гэсэн шагналыг тус тус хүртжээ. Зураг авалт 2018 онд дууссан ч монтажны ажил бүтэн хоёр жил үргэлжилсэн байна. 

2. Найруулагч Ж.Жамьяансүрэн В.Распутины “Сүүлчийн амьсгал” зохиолыг уншаад кино бүтээх сэдэл төржээ. Олон жилийн турш бодож явсан зохиолоо хөхөө шувууны домогтой хослуулан кинондоо буулгасан байна. “Сүүлчийн амьсгал” зохиолд үхлээ хүлээж буй настай эмэгтэйн тухай гардаг бол үлгэрт эхийгээ ачилдаггүй үрсээ шувуу болон орхиж буй ээжийн тухай гардаг билээ.

3. Кинонд туслах дүр гэж үгүй. Бүгдээрээ гол дүр аж. Найруулагч дүр сонголтыг өөрөө хийсэн бөгөөд мэргэжлийн жүжигчид болон мэргэжлийн бус хүмүүсийг тоглуулжээ. Тухайлбал, дунд охин Сансарын дүрийг төрийн албан хаагч эмэгтэй бүтээжээ.

4. МУГЖ Жанчивдорж агсны хүү жүжигчин, кино найруулагч Жамьяансүрэнг бид “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Бооцоо” зэрэг тайз, дэлгэцийн бүтээл дэх дүрээр нь мэдэх билээ. Тэрбээр “Хөхөө” киноноос өмнө “Секс эрх чөлөө” киног найруулж байжээ. Харин түүний төрсөн дүү, найруулагч Ж.Сэнгэдорж “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг” зэрэг бүтээлүүдээрээ үзэгчдэд танигдсан билээ. 

5. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр “Хөхөө” кинонд зориулан 10 бүлэг ая туурвисан ч найруулагч киноны туршид ая ашиглахгүй байхаар шийджээ. Ингэснээр кино тэр чигтээ байгалийн чимээнээс бүтэж, төгсгөлийн есөн минутад л ая дэвссэн байна. Уйлж буй өнчин ботго, цай самрах, аяга харших ахуйн чимээнээс бүрдсэн нь амьдралд илүү ойр санагдана. 

6. Тус бүтээл метафор буюу далд санаа ихтэй. Зураг авалтыг 50 хоногийн турш Ховд аймгийн Үенчийн хавцалд хийжээ. Үенчийн хавцал шиг өндөрлөг газарт хөхөө шувуу донгоддоггүй ч киноны явцад дуугарч  сонсогдох нь ямар нэгэн санааг илтгэх шиг. 

“Хөхөө” киноны албан ёсны эрхийг “Colossal Pictures” компани худалдан авчээ. Кино багийнхан Монголд зөвхөн театруудад гаргах эрхийг авч үлдсэн байна. Тиймээс энэ удаагийн үзвэр дуусахад дахин хэзээ, хаанаас үзэж болох нь тодорхойгүй тул та бүхэн заавал амжиж үзээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.