Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

АРВАН ДОЛООН гунигтай шүлэг


Сэтгэл санаа тавгүй үед нүсэр роман байтугай урт өгүүлбэр уншихад ч тээртэй санагддаг. Гэхдээ тийм үед зүгээр л шүлэг уншаад үзээрэй. Утга зохиол судлаач Я.Баяраа “Яруу найргийн хэл бол дээд хэл юм. Энэ хэл ямар нэг баримт, харилцааг бус сэтгэлийг өгүүлдэг. Үл баригдах сэтгэлийн үелзэл хөдөлгөөн, зүүд зөн, хүлээлт, ганцаардлын хэл...” хэмээн нэгэнтээ уулга алдаж байв. “Үнэхээр л жинхэнэ сайн шүлгийн нэг мөр гэдэг юутай ч харьцуулшгүй, аугаа зүйл шүү дээ...” гэж зохиолч Г.Аюурзана хүлээн зөвшөөрсөн бол “Хүний бүх амьдрал Бодлэрийн ганц мөрийн үнэд ч хүрэхгүй” гэж Акутагава хэлсэн байдаг. Ингээд ганцаардах үеүдэд хань болох АРВАН ДОЛООН гунигтай шүлгийг онцолж байна.

#1. Б.Эрдэнэсолонго

…Долоо хэмжиж, долоо огтолсоор

Дотроосоо эхэлж цайх нь дээ.

За яахав, залуу байна

Ахиад хэд ч огтлох амьдрал байна.

.................................

Сэтгэл минь

Өндрөөс унаж

Хад мөргөсөн

Өрөвчхөн минь 

Сэрээрэй!

Цөхөрч болно,

Гомдож болно

Үхэж л болохгүй!

#2. Ц.Батбаатар 

Уймарч согтсон өдрүүдээ нулимсгүй үлдээе

Уучилж бүгдийг нь ойлгох хүн олдоно 

Цөхөрч зовсон өдрүүдээ ч хавар гэж нэрлэе 

Цөмөөрөө гэнэн явсныг хайрлах хүн ч олдоно.

#3. П.Бадрал

Намайг ойлгодог ганц л хүн байвал

Нарт орчлонг би диваажин гэж дуулъя.

#4. П.Майнбаяр 

...Хөггүй гитар шиг өдрүүдийг

Зүрхэндээ үүрээд алхаж явна

Хөгжим юм болохоор нь

Шидчихэж бас чадахгүй байна...

#5. Г.Лхагвадулам

Гайхах юм огт алга

Дотроосоо би нурдагаараа нурж

Ганцаардалтай дэр хувааж, аяга ус оочиж

Дотроосоо би зэвэрдэгээрээ зэвэрч байна

Хий дэмий ингэж гунихад

Хэн ч эргэж харахгүй

Харсаныг нь би

Харахгүй...

#6. Эмили Дикинсон

Би хэн ч биш! Харин чи хэн бэ? 

Чи бас хэн ч биш үү? 

Хөөе, тэгвэл бид чинь адилхан байх нь. Чишш!

Хүмүүс дуулчихвал, биднийг ад үзнэ шүү.

Хэн нэгэн байх ямар гунигтай вэ! 

Хүн зон гэгддэг цаад хөөрхийс чинь

Хүслэнт намаг руугаа өдөржин чамайг дуудах 

Хөгийн мэлхийрхүү яасан ч түйтэй амьтад вэ! (Орчуулсан; Г.Аюурзана)

#7. О.Содномпил

Өнгийг нь үзэв үү?

Үзлээ

Мөнгийг нь үрэв үү?

Үрлээ

Хүнийг танив уу?

Танилаа

Одоо яамаар байна?

Зугтмаар байна!!!

#8. Л.Өлзийтөгс

Өдрөөс өдөрт, цагаас цагт 

Өөрөөсөө би өөр болж байна.

Өдрөөс өдөрт цагаас цагт 

Өр зүрхнээсээ би урваж байна

Өнгөрүүлсэн бүхэн минь ахин шинэ зам болон тосох 

Өөдгүй тоглоомд би дахиад хожигдлоо

Өвдөх бүрийд минь өвчин нь илааршдаг нөхөд ...

Өө, энэ ертөнцөд би бууж өгч байна

Сонсож байна уу, би гараа өргөөд 

Солиорсон энэ амьдралаас залхаж эхэлснээ зарлаж байна

Итгэл найдварыг минь хөсөрдүүлсэн бүх зүрх 

Сэтгэлийн минь гэрэлт зулыг булаан авч одлоо.

Амссан сайхан бүхнээ эргүүлээд нулимсаараа төлдөг

Аймаар энэ орчлонгийн хөлд сөхөрч буй тэмүүлэл...

Ядарч байна би, цав цагаан явсаар.

#9. Д.Урианхай

Эрээнтэй бараантай хоногоо болбол, хө,

Инээлдээд хөхрөлдөөд барнаа, яахав, 

Эцэстээ хуурамч хорвоотойгоо бодохлоор л

Хүүгээ өрөвдөөд уйлмаар даа!

Алдаатай оноотой хоногоо болбол, хө,

Алмайлдаад ангайлдаад барнаа, яахав,

Адагтаа хоосон хорвоотойгоо бодохлоор л

Хүүгээ өрөвдөөд уйлмаар даа!

"Үгүй"-тэй "Буй"-тай хоногоо болбол, хө,

Үймэлдээд, шуугилдаад барнаа, яахав,

Үнэн нь худал хорвоотойгоо бодохлоор л

Хүүгээ өрөвдөөд уйлмаар даа!...

#10. П.Батхуяг

Зарим өдрийг зүгээр л сууж

Зарим өдрийг зүгээр л дуулж 

Зарим өдрийг зүгээр л ууж 

Зарим өдрийг зүгээр л туйлж 

Зарим өдрийг зүгээр л унтаж

Зарим өдрийг зүгээр л угтаж

Зарим өдрийг зүгээр л 

Залбирч өнгөрөөмөөр

Гэтэл бид юундаа 

Хэнд хөөгдсөн мэт яарна вэ?

#11. Д.Батбаяр

Нэг хэсэг зүйлийг та одоо ойлгоно

Нэг хэсэг зүйлийг та хожим ойлгоно

Нэг хэсэг зүйлийг та хэзээ ч ойлгохгүй

Яагаад гэвэл, тэр зүйлийг хэзээ ч, хэн ч ойлгодоггүй юм

Нэг хэсэг зүйлийг та ойлгох хэрэггүйг ойлгоно

Нэг хэсэг зүйлийг та ойлгосондоо хожим харамсана

Яагаад гэвэл, юмс үзэгдлийг ойлгоно гэдэг

ямар ч утгагүй зүйл болохыг та ойлгож эхэлж буй нь тэр...

#12. Г.Аюурзана

НУУР АА! Нуур аа!
Эрэг дээр чинь
Цааш хараад, уйлж зогсоо тэр хэн бэ?
Нуур аа! Чи одоо тэр хүний
Нулимс болж харагдаад байна.

Цэнхэр цөлийн зүг гараа сарвайж
Чимээгүйг тэмтчин тонгойх тэр хүн
Зогсолтгүй мяралзах нулимсан дундаа нүүрээ булхчихаад
Зовлонгоо угаачих шиг гэнэтхэн инээмсэглэх нь,
ай, юуны учир вэ?

Эртний ч юм уу, хожмын төрхтэй тэр хүн
Бурханы мишээлийг нүүрэндээ зүүгээд,
Инээмсэглэлийнхээ гэгээн дундуур
Шувуудын дуунд будантсан хөндийг туучсаар,
Цааш одов...

#13. Высоцкий

Нөхөр чинь хэрвээ гэнэт

Нөхөр, дайсан нь мэдэгдэхээ больчихвол,

Сайн, муугийн аль нь ч бүү мэд,

Саарал дүртэй болчихвол,

Тэглээ гээд ганцааранг нь бүү орхи,

Түүнийгээ чи уул руу аваад гар.

Нэгэн олсоор холбогдсон хойноо

Найз чинь тэнд хэн бэ гэдгээ харуулна.

     Хэрвээ тэр чинь ууланд хүрээд үлбийчихвэл,

     Хэлтгий гишгээд, унаж тусаад сулбайчихвал,

     Уйлан гонгиноод мөсөн гол руу хальтирчихвал,

     Ухарч алхаад, өвдөг нь чичрээд сөхөрчихвөл

     Тэр чинь харин чиний анд биш.

     Түүнийг харааснаас хөөгөөд явуулах нь дээр.

     Оргил тийш тийм хүнийг дагуулдаггүй юм.

     Оргил дээр тэдний тухай дуулдаггүй юм.

Хэрвээ тэр чинь гаслахгүй бол, гонгинохгүй бол,

Хэрвээ тэр чинь хөмхийгөө зуугаад зүтгээд байвал,

Хэрвээ чамайг хадан хавцлаас хальтиран зүүгдэхэд

Хэдийгээр сандран ориловч, угзраад гаргаад ирвэл,

Тулаанд орох мэт чамтай хамт мөр зэрэгцвэл,

Туйлын өндөр оргил дээр хамтдаа гараад зогсвол

Түүндээ чи өөр шигээ итгээрэй.

Тийм хүнд л өөрөөсөө илүү найдаарай. (орчуулагч Ж.Нэргүй)

#14. Ц.Доржсэмбэ

Аниргүйд би хөнгөн санаашралтай

Алиман сарнаар өгөөмөр явлаа

Эмтэрсэн бүхэнд эмтэрхий нь болж очдог байлаа

Эмгэн хүнд өвгөн болж нэгэн цагт очно гэж мөрөөддөг

байлаа

Даль нь гэмтсэн шувуунд

Далавч нь болж тэнгэрийн салхи очдог

Асгарч буй нулимсанд би

Алчуур нь болж очдог байлаа

Дундаршгүй баян болохыг

Хүмүүс надад ерөөдөг ч

Дандаа л би олсон хэдэн төгрөгөө

Хэн нэгэн хүнд очиход зориулдаг байлаа

Эмийн цагаахан үрэл шиг санаж

Элэг зүрхээ бусдад бэлэглэж явлаа

Харин одоо болсоон, очсон бүх замаасаа

Үлдсэн жаахан хүн чанараа аваад

Өөртөө зориулахаар би явлаа

Эмтэрсэн бүхний эмтэрхий нь би биш

Эрин цагийн минь хээнцэр ганган охидыг дагаж хөгшрөөд

Өвгөн болж тэдэнд очих

Өгөөмөр хөвгүүд мундахгүйн учир

Аниргүйд би муухан инээмсэглээд

Алиман сарнаар явлаа, баяртай.

Сарнаар явлаа, баяртай.

#15. Б.Лхагвасүрэн

Нарны гэрлээр нэгэн эмгэн биeэ аргамжин

Намуухан орчины сандал бараадан

Өнхөрсөн түүдэгтэйгээ мөлхөж хөөцөлдөн

Өдөржин юу ч юм... нэхэж сууна.

Зүг чиггүй нүүдэлд зэхсэн юм шиг

Зүдүү биeэ эвхэж суусан эмгэний барьсан

Урт зүүнүүд өвөр дээр нь солбин гялалзаж

Удиртгал, төгсгөлийн илд мэт цавчилдана.

Ойж буусан хүүхэд насаараа 

Оймс нэхдэг байж мэднэ

Овилгогүйн салхитай залуу насаараа

Ороолт нэхдэг байж мэднэ.

Алдаж явсан алдаагаа боох

Алчуур нэхдэг байж мэднэ

...Эм хүн уруулаасаа эхлэж тэнэглэдэг... гэсэн үгээр

Энд тэнд нь хээ нэхдэг байж мэднэ

Тэр дандаа юм нэхэж сууна.

Тэхүүн орчлонгоос үхэл "нэхэж" сууна.

#16. Лермонтов.М.Ю

Уйтгартай ч байна, гунигтай ч байна

Үймрэн тэчъяадсан гүн зовлонт үед

Санаж сарвайх ч хүнгүй,

Уйтгартай ч байна, гунигтай ч байна.

Хүсч зорих уу?

Үргэлж дэмий хүсч тэмүүлсний хэрэг юу билээ?

Үнэтэй сайхан он жилүүд өнгөрсөөр л байна

Амраглаж дурлах уу?

Дурлая гэхэд, хэндээ ч дурлах билээ дээ?

Хэсэгхэн зуур дурлаад ч яах билээ,

Хэзээд мөнхийн дурлал гэж байхгүй шүү дээ.

Балран арилж мөргүй болсон өнгөрсөн явдлаа дурсахад

Баясан хөөрч, зовон гиюүрч явсан минь юухан ч билээ дээ...

Тачаал хүсэл ч гэсэн дээ,

Эрт орой хэзээ нэгэн цагт эргүүлж бодохтой зэрэг л

Аль сайхан бүхэн нь арилж үгүй болно шүү дээ.

Хүйтэн харцаа тусгаж орчин тойрныг ажихад

Хүний амьдрал гэдэг чинь мунхаг, хоосон, шог юм байна. (Орчуулагч Ц.Хасбаатар)

 #17. Б.Ганчимэг

1.

Хэцүү энэ шөнийг хэнтэй хуваана

Хэцүү энэ өвлийг хэнтэй хуваана

Хэцүү энэ амьдралыг хэнтэй хуваана

Хэцүү энэ зол баярыг хэнтэй хуваанам

2.

Хэнтэй би төрсөн суурин руугаа алхнам

Хэнтэй би хашааныхаа хаалгыг чихруулан хөл тавина

Хэнтэй би зэрлэг өвс зулгааж,  орон гэрээ сэргээнэ

Хэнтэй би энэ байшинд бичээстэй охин насаа дурсана

Хэнтэй би урт наазгай хаврыг хуваана

Хэнтэй би эцгийнхээ булшийг эргэнэм

3.

Хэзээ би эцэн сульдахаараа ийш зүглэхээ болино

Хэзээ би өвснөөс өндөргүй энэ намхан хаалгыг мартана

Хэзээ би амандаа дуу аялан цонх угаадгаа болино

Хэзээ би арван долоотой намрын хөвүүнээ дурсахаа болино

Хэзээ би эндээ өнөд жаргах юм шиг саатахаа болино

Хэзээ би эндээс зулран зугтахаа болино

4. 

Яагаад би дурлахаараа ухаан минь балартдгийн учрыг үл олно

Яагаад би амрагууддаа үүрийн үнэртэй шүлгээн өгдгийн учрыг үл олно

Яагаад би ганиран, уй гунигт автдагийнхаа учрыг үл олно

Яагаад би ахин сэргэж, шинэ учралд хөл алддагийн учрыг үл олно

Яагаад би толинд харж, уруулаа ихэмсэглэн хүрээлдгийнхээ учрыг үл олно

Яагаад би тэр цацагтай хар нөмрөгнөөс салж чаддаггүйнхээ учрыг үл олно

5.

Өө, өрцний минь цаана шувуу шиг жиргэх хүслээс зугтана

Өө, өрцний минь цаана шувуу шиг жиргэхгүй дурсамжаас зугтана

Өө, өөрийн минь зовлон

Өөрийн минь жаргал юм

Өөр хэнтэй ч хуваахгүй

6.

Урьдынхаараа би өвлийг угтана

Урьдынхаараа буйданд шигдэн цагиргалж уриныг хүлээнэ

Урьдынхаараа нүдний шилээ зүүн гарч алхана

Урьдынхаараа

Урьдынхаараа...

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
0
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Pe Mi 2023.06.18 103.254.123.99

Зүгээр л хаяаа бодхийн Зүгээр л хаяаа бодхийн Хүн төрөөгүй байсан бол гэж Хүн бүрээс зүрх гэмтсэн үгийг сонсоогүй байсан бол гэж Хорвоод мэндлээгүй байсан бол гэж Хонгор зүрх минь өвдөөгүй байсан бол гэж Зүгээр л хаяаа бодхийн Тэнгэр хардах од болох уу Тэнгис дайлна ус болох уу Тэнүүчлэн амьдрах амьтан болох уу Тэнгэрт дүүлэх шувуу болох уу Зүгээр л хаяаа бодхийн Алтан хорвоог хараагүй ч болоосой Алган дээр нь тоглоогүй ч болоосой Амнаас гарах үгийг сонсоогүй ч болоосой Алт шиг үнэтэй амьдарч байсан ч болоосой Аялгуут хөгжмийг сонсоогүй ч болоосой Pe Mi

0 Хариулах