Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном


"Ном уншаад сэтгэл догдлох, баатарлаг үйл явдлаар нь зориг зүрхээ хурцлах, новш ноохой дундаас нь өөрийгөө олж харах, дүрийн сэтгэл зүйг мэдрэх зэрэг илрэлүүд бол миний л хувьд утга бүхий зүйл. Зарим үед ном уншиж байхад өөрийн мэдэлгүй самсаа шархирах үе гардаг даа. Үгээр хэлэхийн аргагүй. Хүн өөрт байгаа боломжоороо аль болох шинэ, содон зүйлсийг уншиж л байх хэрэгтэй. Аль нэг ном тэвэрч хэвтчихээд үүнээс илүү нь үгүй гээд явцуурч болохгүй шүү дээ. Тэгвэл дэндүү утга учиргүй болчихно" хэмээн яруу найрагч П.Майнбаяр ярилцлагынхаа завсарт хэлж билээ. Үнэхээр ч шинэ ном гэдэг уншигчдын хувьд хамгийн нандин нууц байдаг тул түүнийг нээх нь хэзээд сайхан байдаг. Бид энэ удаа хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ номыг танилцуулж байна. 


Арсен Венгер "Миний намтар"

Орчуулагч: Д.Батцэнгэл

“Ухаан орсон цагаасаа хойш зөвхөн хөлбөмбөгийн төлөө “номын мөр” хөөх хувраг мэт амьдарч байгаа минь хүсэл тэмүүлэл, мөрөөдөлдөө хөтлөгдсөн сонголт…”.

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу дасгалжуулагч, менежерүүдийн нэг, олон шинэчлэл-инноваци хийсэн домогт Арсен Венгер өөрийн намтраа дэлгэн бичжээ. 

Венгер уг бүтээлдээ, хөлбөмбөгийн тоглогч дасгалжуулагчийн намтраа өгүүлэхээс гадна өөрийн үнэт зүйлс, суурь зарчим, манлайлал, хувь хүний хөгжил, менежментийн тухай туршлага, зөвлөмжөө өгүүлсэн байна.

Английн "Арсенал" клубийг хэрхэн “ялагдашгүй” болгож, дэлхий дахинд таниулж, цэнхэр гарагийн өнцөг булан бүрээс дэмжигчтэй болгосон тухай хуваалцсан байна. Тухайлбал, залуу авьяастныг нээх-хөгжүүлэх, тоглогчийн хоолны дэглэм, тамирчны сахилга бат, багийн сэтгэлзүй, даруу төлөв зан чанар, бэлтгэлийн талбай дахь өөрчлөлт шинэчлэлт, тоглолтын хэв маяг, уран гоё тоглолт, спортын шинжлэх ухаан, инноваци шинэчлэлт хөлбөмбөгт нэвтрүүлэх, шинэ цэнгэлдэх хүрээлэн бүтээх, санхүүгийн эрүүл бүтэц, клубийн философи, зөв зохистой менежмент засаглал, үнэт зүйлсээ тодорхойлж, түүндээ үнэнч байхын чухлыг онцолсон аж. Товчхондоо, хөлбөмбөгийн түүхэнд нэр нь тодоор бичигдсэн энэхүү эрхэм дэлхийн хэмжээний хөлбөмбөгийн клуб, брэнд хэрхэн бүтээн бий болгосныг уг бүтээлээс мэдэх боломжтой.

Түүнчлэн, сургалтын арга барил, тамирчин-дасгалжуулагч, шавь-багшийн харилцаа, менежментийн туршлагаа олон төрлийн судалгаа, баримтад тулгуурлан тайлбарласан нь авууштай.

Энэхүү бүтээл нь:

  • Арсеналын хөгжөөн дэмжигч, хөлбөмбөгийн хорхойтон,

  • Тамирчин, дасгалжуулагч, 

  • Бизнесийн менежер, манлайлагч ,

  • Аливаа зүйлийг шинэчилж, бүтээн бий болгохыг хүсэмжилж буй хэн бүгдийн алдалгүй унших бүтээл юм.

Арсен Венгер. Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу дасгалжуулагч, менежерүүдийн нэг. 1949 онд Францын Страсбург хотноо төрсөн. 1996 онд "Арсенал"-ын менежерээр томилогдон гайхалтай амжилтад хүрэхээсээ өмнө Франц, Японы хөлбөмбөгийн клубүүдэд ажиллаж байсан юм. 2018 онд менежерийн ажлаа хүлээлгэн өгснөөс хойш Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу ФИФА-гийн “Дэлхийн хөлбөмбөгийн хөгжил хариуцсан хэлтсийн тэргүүн”-ээр ажиллаж байна. Эдүгээ Венгер Лондон, Парис хотод сэлгэн амьдардаг.


Эдогава Рампо “Хүн сандал”

Орчуулагч: Д.Дашмөнх

Детектив уран зохиолын төрөлд дорнын гэх өнгө аясыг гаргаж ирсэн, Японы адал явдалт зохиолын нэрт төлөөлөгч Эдогава Рампогийн "Хүн сандал" түүвэр орчуулагч Д.Дашмөнхийн орчуулгаар дахин хэвлэгдэхээр болжээ. Эдогава Рампогийн зохиол бүтээл нь хуудас бүрдээ айдас түгшүүр, огиудас зэвүүцэл, санаанд оромгүй эргэлтээр дүүрэн. Магад та үүнийг уншаад өөрийн сандлаас огло харайн босох бий вий.

*Зохиолч бүсгүйн хүлээн авсан захидалд өрнө зүгийн хийцтэй том зөөлөн сандалд орж нуугдсан мужааны түүх гардаг. Ядуу мужаан эхлээд хулгай хийх санаатай байсан ч эцэстээ сандал дотор хөшин сууж амьдрах амьдралдаа дасаж, идэж, унтаж, хоргодож, бэлгийн таашаал мэдэрч, сэтгэж, дурлаж, солиорч... нэг үгээр бусад хүн шиг л амьдарна. Бидний зэргэлдээ оршин буй, ухамсраас гадуурх параллель амьдрал... Нэг л өдөр шунал тачаалдаа автсан мужаан тэр амьдралаасаа гарч хүний ертөнцөд эргэн ирж зохиолч бүсгүйд дурлалаа илчлэхээр шийднэ. Харин өөрт нь мэдэгдэлгүйгээр өөрийг нь янаглан тэвэрч, үнэрлэн мансуурч байсан эрийн дурлалыг бүсгүй мэдээд яах бол?... Чухамдаа яах ч үгүй. 


С.Билгүүн, Б.Мөнгөнтуул "Дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнд..."

Шатар бол хатуу зүй тогтолцоо, нарийн учир утгатай нүүдлүүдтэй, маш олон шавхагдашгүй арга боломжтой, гаргах гарцтай хүн төрөлхтөний давтагдашгүй бүтээл мөн. Ийм чанарыг агуулсан спортоор хичээллэж авьяас билэг, нөр их хөдөлмөрийн цогцоор л байлдан дагуулдаг Дэлхийн аварга гэдэг хүндэт цолыг өнөөдөр дэлхийд 17 шатарчин хүртээд байна. 

Монголын үе үеийн шилдэг шатарчид дээрх Дэлхийн аваргуудтай хүч үзэн тоглож байсан олон сургамжит өргүүд байдаг билээ. Тухайн өргүүдийг эмхэтгэн, тайлбарласан "ДЭЛХИЙН АВАРГЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨНД..." номыг 2011 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Монгол улсын 6 удаагийн аварга, дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва болон доктор профессор, шатрын спортын дэд мастер Д.Батхуяг агсан нар гаргаж байсан юм. Харин өнөөдөр тус номын үргэлжлэл болох 2-р ботийг Их мастер С.Билгүүн болон гавьяат тамирчин Их мастер Б.Мөнгөнтуул нар бүтээсэн байна.


Л.Ишцэрэн "Төмөр ба нүүдэлчид"

ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Монголын археологийн шинэ судалгаа цуврал-IX” дугаарт археологич доктор, профессор Л.Ишцэрэнгийн “Төмөр ба нүүдэлчид-Монголын нүүдэлчин төрт улсуудын төмөр үйлдвэрлэл (НТӨ II – НТ XIII зуун)" нэгэн сэдэвт бүтээл хэвлэгджээ. 

Энэ бүтээл бүхэлдээ Монголын нүүдэлчин төрт улсуудын нийгмийн зохион байгуулалтыг археологийн баримтаар тодруулахад чиглэгдсэн ажээ. Тиймээс та бүхэн энэ бүтээлээс нүүдэлчдийн төмөр үйлдвэрлэл гэж юу вэ? Үйлдвэрлэл нүүдэлчдийн хувьд ямар үүрэгтэй байв? Нүүдэлчдийн үйлдвэрлэгч хэн байв? Нүүдэлчдийн үйлдвэрлэлийн технологи нь тэдний нийгмийн зохион байгуулалттай хэрхэн холбогдож байсан вэ? зэрэг асуултын хариултыг олж авах болно. 

Түүний судалгаанаас үзвэл нүүдэлчид нийгэм үйлдвэрлэлийн хувьд нарийн зохион байгуулалттай байсан бөгөөд энэ нь тэдний хүчирхэг, тусгаар байхын үндэс суурь нь болж байсны зэрэгцээ үргэлж шинэчлэгдэн сайжирч байсныг өөрийн судалгааны үр дүнгээр батлан харуулжээ.

Өөрөөр хэлбэл, ихэвчлэн дурсгал хийгээд олдворын шинжилгээнд анхаарлаа хандуулдаг археологийн судалгаанд үйлдвэрлэлийн технологи, арга ажиллагаанд тулгуурлан түүхэн үйл явцыг сэргээх гэсэн түүний оролдлого бол судалгааны шинэ өнцөг, шинэ чиг хандлага хэмээн хэлж болно.


Стивен Кинг "Бичихүйн тухай"

Орчуулагч: Б.Баясгалан

Бүх цаг үеийн шилдэг борлуулалттай зохиолчдын нэг гэгддэг Стивен Кингийн “Бичихүйн тухай” хэвлэгдэхэд Entertainment Weekly сэтгүүл “Хаантан (Кинг) түм бум наслаг” хэмээн нийтэлж байв. Нэг талаар туурвилчийн намтар дурсамж, нөгөөтээгүүр мэргэжлийн гарын авлага гэж болохуйц эл бүтээл зохиолч хүн бүрд байвал зохих “багажийн хайрцаг”-ийг бэлэн зэхэж, дэлгэн харуулжээ. Кинг зохиолч болохоор шулуудсан хүүхэд насныхаа ой дуртгалаас эхлээд залуу бичээчийн хувиар туулсан хүндхэн сорилт бэрхшээлүүд, золгүйгээр осолдож амь наана там цаана байхдаа зохиол бүтээлийнхээ хүчээр хөл дээрээ боссон амьдралын туршлагаа зөвлөмж болгон бичсэн нь чухамхүү энэ ном билээ. Цэгцтэй бичиглэл, энгүүн нөхөрсөг уур амьсгал, урам зоригоор дүүрэн эл ном залуу уран бүтээлчид, зохиолчид, сайн бүтээлд шимтэгч хэн бүхэнд оюуны цэнгэл эдлүүлж, урлан бүтээхүйн онгод хайрлах буй заа.

Стивен Кинг 1947 онд АНУ-ын Мэйн мужийн Портланд хотод мэндэлжээ. Тэрээр 1967 онд “Шилэн шал” нэртэй өгүүллэгээ сэтгүүлд анхлан хэвлүүлж, уран бүтээлийн гараагаа албан ёсоор эхлүүлж байв. Кинг 1971 оноос Хэмптен хотын ахлах сургуульд хэл-уран зохиолын багшаар ажиллаж эхэлсэн агаад багшлах хугацаандаа оройн цагаар болон амралтын өдрүүдээр зохиолоо бичдэг байжээ. 1973 оны хавар Doubleday хэвлэлийн газар “Кэрри” романыг нь хэвлэснээр Кингийн нэр уран зохиолын ертөнцөд цуурайлах болов. Тэр цагаас хойш “Ногоон бүс”, “Гялбаа”, “Үхлийн бүс” зэрэг 70 гаруй роман, 5 уран зохиолын бус ном, 200 гаруй өгүүллэг, тууж бичсэнээс 60 гаруй ном хэвлэсэн нь борлуулалтаараа дэлхийд тэргүүлсээр байна. Стивен Кингийн зохиолуудаар 40 гаруй кино хийгдсэн нь мөн л кино урлагийн салбарыг доргиосон, шилдэг бүтээлүүд болсоор...  

Кинг 2003 онд Америкийн уран зохиолыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ АНУ-ын Үндэсний номын сангийн медаль, 2014 онд Үндэсний урлагийн медаль, 2018 онд Америкийн утга зохиолын PEN шагнал тус тус хүртжээ.


Д.Урианхай “Философийн суулгацууд”

"Суулгацууд”-д минь хүн төрөлхтний тэнэг бодолтнуудын болоод гэгээн бодолтнуудын аль алины нь бодсоныг би давхардуулан бодсон “Хоёрдогч” санаанууд байгаа л байх, бодоогүйг нь өөрийнхөө толгойгоор бодоод өөрийнхөөрөө томъёоллож, шинэ санаа оноо ч уулын энгэрийн яргуй хөөж яваа ямаа, хонь шиг бэлчээстэй ч байгаа л байх, мэргэдийн бодсон бичсэнийг уншаагүй, мэдээгүй омтгойтсоноор тэдний орхисон онгорхой цоорхойг нөхөх, цойлдох үүрэгтэй байтал чадаагүйн гэм ч цухалзаж байгаа л байх, би өөрөө баттай үнэнийг хэлж мэдэхгүй байна, харин “Суулгацууд”-ыг минь бүрэн бүтнээр нь уншиж дууссан хүн товтойг хэлж чадах нь магад аа!...

Мөнхүү номын дараагийн залгамж, философи сэтгэмжийн томоохон бүтээл "Философийн ургацууд" ном мөн хэвлэгджээ. Эл номонд алив утгыг хураангуйлан товчилсон урьд хэвлэгдэж байгаагүй 800-аад эш товчууд нь хүмүүн төрөлхтөнд өргөсөн энэ цагийн утгын нэгэн оргил монгол суу билиг юм.


"Үр минь чамайг хүлээж байна" (Гэрэн редакц)

“Орчлон хорвоогийн юм бүхэнд чи чухал”. 

Агуулга: Энэхүү номд дөнгөж төрсөн хүүхдийн өмнө энэ хорвоогийн юм бүхэн шинээр нээгдэхээ хүлээж байдаг тухай өгүүлнэ. Шинэ хүнээ өлгийдөн авчхаад буй ээж, аавуудад ч уншиж дууссаны дараа сайхан мэдрэмж төрүүлэх ном. 

Нас: 0+ насныханд, ялангуяа дөнгөж төрсөн нярайд зориулсан. 

Онцлог: Дөнгөж төрсөн нярай хүүхдийн хараа тогтоогүй байдаг учир, тод ялгарал ихтэй өнгө бүхий карт, зураг, даавуун ном харуулж харааг нь тогтоох нь элбэг. Энэ ном нь хар дэвсгэр дээрх тод ялгарал бүхий өнгөт зурагтай. Хүүхэд өсөж том болохын хэрээр улам хөгжиж буй үгсийн санд нь уул, гол, од, гэр, хот, ном, хүмүүс, амьтан гэх мэт өдөр тутам хэрэглэгддэг нэр үгсийг танилцуулах зорилгоор шигтгэсэн. Амьгүй зүйлсээс амьтай зүйлс хүртэлх энгийн нэршлүүдийг таниулж өгөх зорилготой. 

Мөн нярайн номууд хурц өнцөггүй байх ёстой байдаг тул дугуй булантай.


Зигмунд Фройд "Сэтгэцийн эмгэг судлал өдөр тутмын амьдралд"

Орчуулагч: Ч.Нямсүрэн

Сэтгэл судлаач Зигмунд Фройдийн үнэ цэнэтэй бүтээлүүдийн тоонд зүй ёсоор ордог “Сэтгэцийн эмгэг судлал өдөр тутмын амьдралд” бүтээл нь бид яагаад өдөр тутмын амьдралдаа танил хүнийхээ нэрийг мартдаг, гадаад үгийг төрөлх хэлний үгээсээ илүү мартах хандлагатай байдаг, ярьж, бичих, уншихдаа яагаад алдаа гаргадаг зэрэг олон асуултын хариултыг психоанализийн үүднээс өгдөг. Товчхондоо бидний “санамсаргүй” гэж үздэг бүхний цаана ямар нэг дарагдаж, нууцлагдсан үл ухамсарлахуйн сэдэл байдгийг олон сонирхолтой жишээгээр тайлбарлажээ. 

Мөн урьд нь тохиолдож байсан юм шиг мэдрэмж яагаад төрдөг, бодож явсан хүнтэйгээ яагаад таардаг зэрэг өдгөө хүртэл оньсого, таавар мэт байгаа асуултуудын хариултыг үл ухамсарлахуйн үзэл санаагаар тайлбарласан нь энэхүү номын агуулгыг илүү баяжуулсан юм. Үүгээрээ хүн төрөлхтний оюун санаанд нууцлагдсан сонин содон зүйлсийн тайлбарыг психоанализийн үүднээс энэхүү ном өгөх юм.


Ж.Ж.Фрэзeр "Домог зүйн хүн судлал"

Орчуулагч: Ж.Отгонбаяр

Философич, орчуулагч Ж.Отгонбаярын эрхлэн гаргадаг "Софило" цувралын X боть болох Ж.Ж.Фрэзeрийн "Домог зүйн хүн судлал" бүтээл монгол хэлнээ хэвлэгджээ. Тэрбээр "Алтан гишүү" хэмээх суут бүтээлээрээ дэлхий дахинаа алдартай агаад эл номыг мөн л Ж.Отгонбаяр багшийн орчуулгаар монголчууд анхлан эх хэлээрээ уншсан билээ. 

Харин бид "Домог зүйн хүн судлал" нэрт бүтээлээр нь дамжуулж балар цагийн илбэ дом, домог зүйн сэтгэлгээний судалгаатай нь танилцах юм. Философи, хүмүүнлэгийн ухааны сонгодог бүтээлүүд болоод философичдын үзэл бодол үйл хэргээс ийн цувралаар орчуулагдаж буй нь бид "Хүний тухай" нухацтайгаар уншиж судлахад том ахиц дэвшилд хөтөлсөн үйл билээ. Нийгэмд философитой холбогддоггүй салбар үгүй тул эдгээр цувралын үнэ цэн хэмжээлшгүй юм.


А.Даваасүрэн, Э.Мишээл "Миний чиний бидний гэр"

Бид бүгдийн амьдардаг газар цөм өөр өөр боловч хайртай хүмүүс минь аж төрдөг, дулаан мөчөөр дүүрэн, сэтгэлд чухал нандин газар гэдгээрээ ижилхэн. Тийм л санааг дөрвөн өөр ахуйд аж төрдөг монгол хүүхдүүдийн дүрээр илэрхийлсэн ийм нэгэн зохиол бол энэ. Хүүхэд багачууд ялгаатай байдлыг ойлгож, нэг нэгнээ буй байгаагаар нь хайрлаж чаддаг байхад энэ ном тусална гэж итгэж байгаа.

Хоёр талаасаа уншигддаг уг номд гэр хороололд, орон сууцанд, хөдөө монгол гэрт, тайгын урцанд буюу 4 өөр газар, 4 өөр гэр сууцанд амьдардаг өөр өөр хүүхдүүдээр дамжуулан амьдардаг орчны ялгаа, аж байдал, хэл аялга, ахуй соёлын өвөрмөц ялгаатай болон ижил төстэй талуудыг тусган харуулахыг зорьжээ. 

Мөн нүүдлийн соёл иргэншлийг тээн авч явж буй цаатан түмний тухай өгүүлсэн хүүхдэд зориулсан анхны зурагт ном болж буйгаараа онцлог юм. 

Энэ хорвоогийн түмэн янзын гэр өөр өөрийн онцлог, өвөрмөц ахуй, үнэт оршихуйг өөртөө тээдэг билээ. 

Хүүхэдтэйгээ хамтдаа өөр өөр газраар аялж, шинэ үг хэллэг сурч, шинэ орчинтой танилцаж тайлбарлан таниулаарай.

Та бүхэн эл нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.23
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
Уржигдар
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.