Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном


Өнөөдөр дэлхийн номын өдөр тохиож байна. Хаа сайгүй цэцэгс дэлбээлж, салхи сэвэлзэн буй нь дөрөвдүгээр сар хэдийн дуусах дөхсөнийг бидэнд сануулах мэт ээ. Үнэхээр ч ийм л аядуу өдрүүдийг ном уншиж л давах учиртай. Хэлний гайхамшиг, илэрхийллийн гоо сайхан, үгийн баялаг ганцхан номонд л байдаг. Тиймээс шинэ ном бичигдэх, орчуулагдах алин боловч тухайн хэлийг баяжуулж, хэлний амьд зарчимд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэгээд ч шинэ ном гэдэг уншигчдын хувьд хамгийн нандин нууц байдаг тул түүнийг нээх нь хэзээд сайхан байдаг. Бид та бүхэнд дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ номыг танилцуулж байна. 


У.Бямбаням "365 үдэш: Хаврын ном, Өвлийн ном, Зуны ном, Намрын ном"

ЗурагТайлбар




Бүтэн жилийн турш, дөрвөн улирал, 12 сар, 365 өдөр унших энэхүү зурагт номын цувралыг зөвхөн монгол агуулгаар бүтээж, монгол авьяаслаг зураачдын зургаар баяжуулан улирал тус бүр нэг ном уншихаар гаргажээ. Намрын номоор жишээлэн үзэхэд, “Баатруудын сар”, “Цэцэн мэргэний сар”, “Гэр бүлийн сар” гэх мэтчилэн сарын онцлог бүрээр бүлэглэн орой болгон хүүхдэдээ уншиж өгөх үлгэр, түүхийг зохиомжлон урласнаараа онцлог. 

Уг цувралын бас нэгэн онцлог бол монгол үлгэр, домог, ёс уламжлалаа танилцуулахын хажуугаар зураг хайх, оньсого таах, төөрдөг замаар явах, зурах, зохиох даалгаврууд зэрэг бүтээлч хэсгүүдээр номын агуулгыг улам баяжуулсан нь юм. 


Хасэ Сэйшюү "Хүү, нохой хоёр"

Орчуулагч: Д.Маралгоо

2011 онд Японы зүүн хойд эргийг хөмөрсөн цүнами, газар хөдлөлтийн гамшгаас хойш зургаан сарын дараа нэгэн залуу дэлгүүрийн гаднаас герман хоньч нохойны эрлийз тэнэмэл нохойг олно. Нохойн нэр Тамон. Тамон, залуу эрийн хүнд өвдсөн ээжийн сэтгэлийг баясган, гэр бүлд нь аз жаргал мэдрүүлнэ. Гэтэл нэг өдөр тэр залуу золгүйгээр осолдож, Тамоныг нэгэн хулгайч цааш дагуулан явна... 

Тамон сүүлчийн эзэнтэйгээ уулзах хүртлээ Японы зүүн хойд эргээс өмнөд нутаг руу холын замыг таван жил туулах бөгөөд замдаа ийнхүү хэд хэдэн хүнтэй таарч, хань, хамтрагч нь болно. Тамон тэдэнтэй таарсан нь хувь заяа ч юм шиг, бултах аргагүй тавилангийн замд бурхнаас илгээсэн элч ч юм шиг. 

Японы зохиолч Хасэ Сэйшюүгийн “Хүү, нохой хоёр” ном нь Тамон нохой, түүнтэй учрах хүмүүсийн хувь заяа болон хүн нохой хоёрын итгэлцэл, нөхөрлөлийн түүх юм. Тус ном англи, герман, франц, испани, орос, итали, хятад, солонгос, португал, тайланд, вьетнам зэрэг арваад улсын хэлээр хэвлэгдэн гарчээ. “Хүү, нохой хоёр” ном нь 2020 онд Японы утга зохиолын нэр хүндтэй шагналын нэг болох Наокигийн нэрэмжит шагналыг хүртсэн. 


Сабахаттин Али "Эрдүү хийл"

Орчуулагч: Х.Нямхишиг

Энэ бол Туркийн алдарт зохиолч Сабахаттин Алигийн богино өгүүллэгүүдээс шилж орчуулсан 12 өгүүллэгийн түүвэр юм. Манайханд хэдийнээ танил болсон энэ зохиолчийн “Тээрэм” өгүүллэгийн Атмажа хэмээх цыган эрийн дүрийг онцлохгүй байхын аргагүй. Хайр сэтгэлийнхээ төлөө амиа золихоос ч буцахгүй, зүрхээ өгөх гэдгийг шууд утгаар нь; зүрх гэдэг тэр махыг цээжнээсээ суга татаж гаргаад, дурлалт бүсгүйнхээ өмнө чулуудах гэдгээр ойлгож явдаг жинхэнэ “галзуу” дүр байгаа юм. 

Мөн Сабахаттин Алигийн “Цийдэм” хэмээх өгүүллэгийн нэгэн бяцхан хүүгийн дүр. Өлсгөлөнд нэрвэгдэж, тураалд орсон жаахан дүүгээ тэжээхийн тулд ганц ямаагаа сааж, цийдэм исгэж, түүнийгээ тосгоноос алс байх галт тэрэгний өртөө рүү аваачиж зардаг, тэр нь санасны зоргоор зарагддаггүй.., цийдэмтэй хүнд сав, шавар шавхайтай урт зам, хүмүүсийн дээрэнгүй муухай зан ааш, зам зуурын цасан шуурга, шөнийн харанхуй, чонын улиан, айдас... Өөрөөс нь ахадсан амьдралын төлөөх тэмцэл. Үнэхээр “гашуун” дүр л дээ. 


Габриель Гарсиа Маркес “Наймдугаар сард уулзъя”

Орчуулагч: Б.Нямдорж

Колумбын алдарт зохиолч Габриель Гарсиа Маркесын “Наймдугаар сард уулзъя” зохиолыг “Монсудар” хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр уншигчдад хүргэх гэж байна. Гол дүрийн бүсгүй болох Ана Магдалена жил бүрийн 8 сард гатлага онгоцоор ээжийгээ оршуулсан арал руу очсоноор дахин дахин шинэ адал явдалтай учирна. Тус зохиол нь эмэгтэй хүний дотоод ертөнц, сэтгэл зүйн онцлогийг харуулснаараа өвөрмөц бүтээл болсон ажээ. Мөнөөхөн л Гариель Гарсиа Маркесын цог галтай бичлэгийн хэлбэр, найруулгыг та тус номоос бүрэн мэдэрч, түүнийг ахин дурсах болно.


Жеральд Мартин "Габриэль Гарсиа Маркес: Намтар"

Орчуулагч: Н.Пүрэвдагва

Габриэль Гарсиа Маркес 50 жилийн турш дэлхийд ном нь хамгийн их борлуулалттай байгаа зохиолчийн нэг. Тэрээр өөрт тохиолдсон явдал хийгээд төрөлх Колумб орны үүх түүхээс сэдэвлэн гайхалтай олон бүтээл туурвисныхаа төлөө уран зохиолын салбарын Нобелийн шагнал (1982) болон өөр олон шагналын эзэн болсон хүн. Жеральд Мартины гавьяа бол Гарсиа Маркесын бүтээлд өгүүлэгдэх үйл явдлын хатуу хахир, уншигчдын анхаарлыг татах хүнд хүчир, заримдаа инээдэмтэй, эмгэнэлтэй бодит үнэнийг тайлж ухаарах түлхүүр, холбоо хамаарлыг холбох хөрс болж байгаад оршино.

Хэр тааруухан хувцастай, эцэнхий залуу ядуу хоосны туйлаас босож элбэг баян, их алдрын оргилд хүрсэн адармаатай намтрын талаар өгүүлэхдээ нийтэд түгсэн нэр хүнд, уран бүтээлийн чанар чансаа, улс төр, зохиолчийн хөдөлмөр, эрх мэдэл, ганцаардал, хайр сэтгэл гээд Гарсиа Маркесын амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн олон хүчин зүйлийг эн тэнцүү авч үзсэн байна.

Мартин арван таван жилийн хугацаанд Фидель Кастро, Фелипе Гонсалес; Колумбын дөрвөн ерөнхийлөгч; Карлос Фуэнтес, Марио Варгас Льоса зэрэг зохиолчид; Гарсиа Маркесын ах дүүс (эхнэр, хөвгүүд, ээж, эгч) болон найз нөхөд, хамтран ажиллаж байсан улс, үе үеийн туслахууд зэрэг гурван зуу гаруй хүнтэй ярилцжээ. 

Габриэль Гарсиа Маркесын өөрийнхөө талаар буй болгосон элдэв үлгэр домог шиг яриа хөөрөөний учрыг олоход Латин америкийн уран зохиол судлаач Жеральд Мартин 17 жилийг зарцуулжээ.

Маркес 2006 онд дэлхийн хэвлэл мэдээллийнхэнд Мартиныг өөрийхөө албан ёсны намтар туурвигч гэж зарласан.

Мартин энэ номд зохиолчийн тухай төдийгүй түүний онгодын эх булаг болох эх орон, Латин америкийн тухай өгүүлэх учраас унших дуртай зохиолчийнхоо ертөнцөд умбан нэвтрэхэд нэн тустай бүтээл болжээ.


С.Баттулга "Тэнгэрт нуусан уулс"

МЗЭ-ийн болон Гомбын Сэр-Одын шагналт, "Утгын Чимэг"-ийн эзэн зохиолч Сааюугийн Баттулгын "Тэнгэрт нуусан уулс" роман тун удахгүй уншигчдийн гарт хүрэх нь ээ. 

Уг зохиолчийн туурвисан зохиол бүтээлүүд нь өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай шинийг эрэлхийлсэн даацтай бүтээлүүд байдаг. Өмнө нь тэрбээр “Чулуужсан бичиг”, “Ур модны зүүд”, “Улаан урлан” нэрт номууд хэвлүүлснээс гадна Улаанбаатар фильмийн бүтээсэн “2000”, “Тал нутгийн зомби” зэрэг уран сайхны киноны зохиолчоор ажиллаж байсан билээ.

"Тэнгэрт нуусан уулс" романд их эрдэм, шид хүчийг хураахаар эхнэр, хүүхдээ орхин гарсан Харцагадай нэрт нэгэн эр олон жилийн дараа харь хол хүний нутагт амьсгал хураах ирмэгт тулж ирсэн тул арга буюу сүнсээ нохойн биед юүлж нутгаа тэмцэнэ. Хүнд бэрх урт холын зам туулсаар нутагтаа ирэхэд хүүг нь дээрэмчид авч одсон байх бөгөөд эхнэр нь нас барсан байна. Ингээд даяанч ламын тусламжтайгаар эхнэрийнхээ сүнсийг хэрээний биед юүлүүлж нохой, хэрээ хоёр хүүгээ эрж Ирүүлийн Хөх Уулсыг зорьсоноор зохиол цааш үргэлжлэх бөлгөө.


Даниела Кулот "Хайр хаанаас ирдэг вэ?"

ЗурагТайлбар




Орчуулагч: Ж.Оюунаа

  1. Хайр хаанаас ирдэг вэ?

Хүн төрөлхтний хамгийн нандин мэдрэмж болох “хайр”-ыг ойлгуулах зурагт ном, картонон хэвлэлттэй тул хүүхэд хэрэглэхэд илүү амар дөхөм байна.

  1. Хамтдаа

Хүүхдэд хүн бүр өөр хоорондоо ялгаатай байдаг гэдгийг ойлгуулах агуулгын хувьд өргөн сэдвийг ойлгомжтой зурагт ном байдлаар харуулсан бүтээл. Жишээ нь, тэргэнцэртэй хүүхэд ч гэсэн хүүхэд, хар бор шар арьстай ч мөн л ялгаагүй л ижилхэн хүүхдүүд, том болж насанд хүрсэн ч бай, жаахан хүүхэд ч бай ялгаагүй л хүмүүс гэсэн санааг хуудас бүрээс мэдэрч ойлгоно. Гэр бүлээрээ үзэж унших номуудын нэг.

  1. Надаа ч гэсэн байгаа

Хүүхэд өөрийн бие эрхтнээ танин мэдэхэд туслах зурагт ном. Жишээ нь, хэдэн хуруутай, ямар хүйстэй, хамар, ам, чих нүдтэй гэх мэтийг уг номын ачаар улам илүү сайн ойлгоно.

  1. Шөнө

Харанхуйгаас айдаг хүүхдүүд байдаг, бүр зарим нэгэн нас биед хүрсэн хүн хүртэл шөнө гадаа гарахаас айх нь бий. Тэгвэл шөнө бол аймаар зүйл биш, бүр шөнө ч гэсэн гоё сайхан зүйлс болдог, бид шөнө байгалийн ямар гоо сайхныг үзэж харж хүртэж болохыг хүүхдэд ойлгуулж, ухааруулах зурагт ном. 


Мануэла Адриани "Үзэсгэлэнт бүсгүй ба Араатан"

ЗурагТайлбар



Орчуулагч: А.Гэгээ

Эдгээр хүүхдийн сонгодог шидээвэр номуудын товчилсон хувилбарыг зохиолч Г.Аюурзаны охин А.Гэгээ орчуулж, Л.Өлзийтөгс редакторлажээ. Эдгээр гэдэг нь "Пиноккио", "Алиса гайхамшгийн оронд", "Үзэсгэлэнт бүсгүй ба араатан", "Бяцхан хан хүү", "Маргад эрдэнэ хотын шидтэн", "Петер Пэн" зэрэг дэлхийн уран зохиолын оргилд тооцогдох бүтээлүүд юм. 

Ингэхдээ хүүхэд ч гэлтгүй том хүн хүртэл дурлах үнэхээр сайхан зургуудтайгаар хэвлэсэн байна. Томчууд бүгд нэгэн цагт хүүхэд байсан шүү дээ. Тийм болохоор эдгээр номын зургуудыг хэн харлаа ч гэсэн гайхширал, тайвшрал төрүүлэхээр юм.


Фрэнк Херберт "Манхан гэтэлгэгч"

Орчуулагч: П.Баттогтох

Шинжлэх ухааны зөгнөлт зохиолын ертөнц үеийн үед сод бүтээлүүдээр дүүрэн явж ирсэн. Тэдгээрийн манлайд Фрэнк Хэрбэртийн “Манхан” цуврал зогсдог билээ. Судлаачид орчин цагийн поп соёлын эх суурийг "Манхан" цувралаас эхтэй гэж үздэг ба "Оддын дайн" тэргүүтэй алдарт бүтээлүүд цөм эл зохиолоос үлгэр дуурайл авсан гэдэг. Романы үйл явдал нь асар том феодалын эзэнт гүрнээр сансар огторгуйг эзэгнэн захирсан алс ирээдүйд өрнөх бөгөөд омог отгуудын хоорондох өрсөлдөөн, өш хонзон, эрх мэдэл, баялгийн төлөөх тэмцлийг ихэвчлэн харуулна. "Манхан гэтэлгэгч" роман тус цувралын хоёр дахь боть бөгөөд Дени Вильнёвын бүтээж буй трилогийн гурав дахь бүтээл болох "Dune Messiah" киноны эх зохиол гэдгээрээ онцлог юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хнн 2024.04.27 202.9.40.241

Эрдүү хийл ч гэх шиг . Мэдэхгүй бол мэддэг хүнээс нь асууж байгаад орчуулахад яадаг байнаа

0 Хариулах


ккк 2024.04.23 59.153.84.210

Манхан Гэтэлгэгчийг Оюунзул орчуулсан юм гэнэ үү?

0 Хариулах