Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Улаанбаатар: Сониуч мэлмийн гүнд

Монголын нийслэлээр зорчсон барууны жуулчдын тэмдэглэлийг эргэн сөхвөл


“Гэрэг” сэтгүүл “The New York Times”-тай хамтарсан “Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар” тусгай дугаараа өнгөрсөн сард гаргасан билээ. Бид энэ дугаараар Улаанбаатарынхаа онцлогийг эргэн харахын зэрэгцээ дэлхийн хотуудад ч ямар асуудал тулгарч, тэд хэрхэн шийдэл эрж буйг зураглахыг зорьсон. Тэгвэл энэ долоо хоногт тус дугаарт багтсан нийтлэлүүдээ UB.LIFE сайтаараа уншигч Танд хүргэж байна.


Аварга том цар дээрх ховор нандин жимс



Өргөө рүү ороход 20-25 км зам дутуу байгаа ч болор шиг тунгалаг агаарт юм бүхэн дэргэд байгаа мэт харагдана. Өргөө хотоо гэж тэргүүн хамба лам, Богд гэгээний өргөөлөн залардаг этгээд сонин хот, олон аянчин гийчин гагцхүү энэхүү нууцлаг зүйлсийн төлөөнөө л нааш зорих бөлгөө. Тэгтэл одоо тэр гайхалтай хот аварга том цар дээрх дорнын ховор нандин жимс жимсгэнэ лугаа нүдний өмнө цэлийх ажгуу.
… Би Өргөөдөө хоргодсоор л. Монголчууд хэтэрхий нүд гялбам, эрээн мяраан өнгөтэй хувцас өмсөж, яруу тансаг, сайн сайхныг нарийн мэдэрч ойлгох ухаантай, жаргал зовлон ээлжлэх энэ хорвоод “инээд наргиангүй амьдрал хаа ч байхгүй” гэж үзэх бөлгөө.

Лааслуу Фурбат “Монголд хоргодсон есөн жил” номоос


Хүрээний өвөрмөц өнгө



Тоо томшгүй олон золбин нохой, хуцаж боргох дуу нь хотын бас нэг өвөрмөц өнгө ажгуу. Оросууд Өргөөгийн оршин суугчдыг тасралтгүй боргох энэ дуугаа сонсохгүй бол тайван унтаж чадахаа больчихдог гэж ярьдаг нь хүрхрээ цутгах их усны чимээнд дасдагтай яг адил юм.
Хүрээг тойрсон зам тун чухал. Өглөөнөөс орой болтол зуу зуун сүсэгтэн алс холоос ирж, хүрээ хийдийг тойрсон замаар зүсэн зүйлийн юм болно. Энд тэндгүй саравч босгосон байхын доор том жижиг, янз бүрийн модон болон металь цилиндрүүд (хүрд) байна.Хүрдийг нар зөв эргүүлбэл доторх номыг нь тэр өдөртөө уншсантай адил гэж үздэг. Монголчууд юмыг яаж мэдэх вэ хэмээн өчнөөн удаа эргүүлж, олон өдөр унших номоо нэг мөсөн гүйцээнэ.
Густав Йон Рамстедт “Дорно этгээдэд долоон удаа” номоос



Ариун дагшин хайрханы бэлд



Дөрөвний нэг хүртлээ аривсаж буй сарны гэрэл тод мэлтийх ч хот гэж үзэгдэх юм алга. Миний тэсвэр тэвчээр барагдсанаас тэр үү, ариун шүтээн хот руу арай л алгуурлаад байх шиг. Баруун биед Богд уулын ой модтой бараан дүрс хэдийн сүүмийн харагдсан. Энэ бол ан амьтан алж хороож болдоггүй, мод мөчир ч хугалж авах хориотой Өргөө хотын ариун дагшин хайрхан.
...Баруун талд хуучны хаягдаж орхигдсон хятад хэрэм тас харлан сүүмийнэ. Хотын захын навсгар тагз, жижиг гэрүүд одоо л бидний өмнө гарч ирлээ. Гудамжинд монгол эр хоёр орос бүсгүйтэй аальгүйтэж марзагнаж зогсоо харагдлаа.

Херманн Констен “Цэвүүн цагийн эрчлээс дундахь Монгол орноор” номоос


Дэлхий дээр Өргөө шиг хот байхгүй



Ой модоор бүрхсэн Богд уулын хойгуур урсах Туул голыг гатлан есдүгээр сарын 8-нд Өргөө хотод ирлээ. Нарны гэрэл тусч шинэс, хуш модны навчис шаргалтан, лам нарын хотхоны сүмийн шармал оройнууд наранд гялалзаж энэхүү хотын дүр төрх бидний өмнө тодрон байлаа. Дэлхий дээр Өргөө шиг хот байхгүй биз ээ. Үнэхээр Өргөө хотод ирсэн хүнд сонин сэтгэгдэл төрнө. Хуучныг баримтлагч дорнодынхны амьдрал, заншлыг энд харж болох ба баруунынхны шинэ эхлэлийн жишээ болсон цахилгаан утсан холбоо, машин тэрэг, эрээн мяраанаар хосолсон орос байшин, бөөнөөр нь шавааралдуулан барьсан Византын бөмбөгөр орой шиг Буддын том том сүмүүд, эсгийгээр бүрсэн монгол гэр, монгол аянчдын майхан хөглөрөн харагдаж, морьтой монголчууд, гэрийн шаахайтай хятадууд, урт сахалтай оросууд, инээлдэн гүйлдэх хөвгүүд гэх мэт есөн шидийн хүн амьтан Өргөө хотод бужигналдах ажээ. Тэмээн жин тахиралдаж мурийсан нарийн зөрөг гудамжаар зөрөн өнгөрч, хаа сайгүй ноход хуцалдан, энд тэндгүй бохир заваан байдал ноёрхож, үнэр танар гэж жигтэйхэн.

Хеннинг Хаслунд “Далд Монгол” номоос


Зүйрлэшгүй үзэсгэлэн



Баруунтаа, өрнө зүгт саяхан Далай лам морилж ирээд буцсан Гандан хийдийн байгууламжууд үргэлжилж, зүүнтээ, зүүн хойд талд маань Өргөө хотын өөр нэг том хийд, малыг даагч Майдар бурханд зориулан байгуулсан хийд харагдана. Өнгөрөн одсон бүх зүйл ой ухаанд минь гайхалтай тодоор сэргэн босож ирэв.
Монгол гэрээс гарах өтгөн утаа нэлээд өндөрт гараад саарал үүл болон хувирч Туулын урсгалыг даган тунарна.  Дахиад хэдэн хором өнгөрөхөд бид хотын чимээ шуугиан дунд орж, монгол, хятад, орос, лам, хар, эр, эм, хөгшин, хөвөө түмэн янзын хүмүүсээр дүүрсэн өргөн гудамжны голд очсон байлаа. Тэмээ орилж, адуу янцгааж, нохой хуцаж, хүмүүсийн дуу хоолойтой хутгалдан нам гүмийн дунд нэгэн хэвийн байдлаар аялж ирсэн хүмүүсийг туйлын гайхшруулж байлаа.
Миний сэтгэлийг цасанд дарагдсан ар бэл нь тэр аяараа нүдний өмнө дэлгээстэй байх зүйрлэшгүй үзэсгэлэнт Богд уул урьдын адил эзэмдсээр байв. Цонхоор нь монгол нутгийн хурц нарны гэрэл тусах элчин сайдын яамны барилгын нүүр тал Богд уул руу яг эгц харсан байлаа.

Петр Кузьмич Козлов “Монгол Амдуу мөхсөн хар хот” номоос


Салхины хот



Хүрээнд өмнө зүгээс дөхөж очиход нүдэнд нэг “Ногоон байшин” тод тусдаг нь өндөр дэнж дээр байрласан учир алсаас бараатай Оросын Консулын газар аж. Тал талаас уулсаар хүрээлэгдсэн агаад урд нь Консулын газрын чанх өөдөөс сүртэй гэгч лүглийн харагддаг нүсэр том уул ой модтой аж. Уулын мод бэлд нь хүрээгүй боловч орой хавьдаа илүү өтгөн харлан харагддаг нь өндөрлөг газраар ургадаг моддын төрөл зүйлээс шалтгаалдаг болов уу гэлтэй. Уулын наагуур үргэлжлэх нэгэн хэвийн тайван байдал, зүүн уулсын дундаас мяралзан урссаар баруунтаа орших уулын хоорондуур үргэлжлэх уудам тал дундуур алсран одох Туул гол өнгө нэмж сэргээнэ.
Өргөө хот салхи ихтэй, жилийн ихэнх хугацаанд учир Консулын арын асга хадтай толгой дээр орчны бараа харж зогссон би газрын нам руу бууж, нөмөр бараадахдаа ихэд баярлав. Зүүн талд орших хятад наймаачдын суурин бол хүрч очууштай газар юм билээ. Барагцаалахад 5000 орчим оршин суугчтай энэ сууринд их хөлийн наймаа хийдэг баян пүүсүүд ч байдаг бололтой.
Жеймс Гилмор “Монголчуудын дунд” номоос

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
2
0