UBLife Logo
Сэтгэл судлал

Өөрийгөө ТӨГС илэрхийлж сурах 12 АЛХАМ

UBLife
UBLife
Өөрийгөө ТӨГС илэрхийлж сурах 12 АЛХАМ

Бусдаас өөрийгөө тусгаарлаж, сэтгэлийн шаналалтай удаан явах нь нэгэн төрлийн "хаагдмал" симдром үүсгэдэг аж. Тиймээс бусдад өөрийгөө ойлгуулж сурахыг хүсвэл дараах 12 алхмыг хэрэгжүүлээрэй. 

1. Алдаа онооны тэмдэглэл хөтлөх

Ганцаардан шаналж, өөрчлөлт хийх цаг нь болсон гэж бодож байвал юун түрүүнд гаргасан амжилт бүтээл, алдаа оноогоо тодорхой болгох хэрэгтэй. Уран яруу, найруулгатай бичихээс илүү өөрийн амьдралаа нүдэндээ зураглан, бүхнийг тодорхой болгоно гэсэн үг юм. Төсөөлөн бодохоос илүү цаасан дээр буусан зүйл илүү тодорхой байдгийг санаарай. 

2. Бусадтай ярилцаж сурах

Таныг аз жаргалтай болгодог зүйл, хүсэл мөрөөдөл, урам зориг өгдөг сайхан мэдрэмжээ бусадтай хуваалц. Бусдын дэргэд өөрийнхөөрөө байж, уйлж, инээж баярлаж сураарай. Өөрийн хүндэлдэг, дотны хүмүүстэйгээ халуун дулаан яриа үүсгэх нь танд эрч хүч бэлэглэх болно.

3. Богино, дунд, урт хугацааны дараа хаана хүрэхээ тодорхойлох

Бид өдөр тутмын ажил, хичээлдээ дарагдан ирээдүйд хэн болохоо умартах нь бий. Тиймээс нэг сар, нэг жил, таван жил зэргээр цаашид хаана хүрэх, юу хийхийг хүсч буйгаа тодорхойлон, шаардлагатай бол тэмдэглээрэй. Арван жилийн дараа хэн байхаа мэдэж байвал одоо хийх хэрэгтэй зүйлс илүү тодорхой болох болно. 

4. Зорилгоо өөрчлөхөөс бүү ай

Өмнөө зорилго тавин түүнээ хэрэгжүүлнэ гэдэг хэчнээн чухал хэдий ч төлөвлөгөө зорилго таныг залхаах учиргүй. Урт зам туулах үед замдаа тохиосон зүйлээсээ суралцан чигээ өөрчлөхөөс бүү ай. Өөрийн хүслээр чигээ өөрчлөнө гэдэг өөрийгөө хуурч байгаа зүйл биш. 

5. Санал зөвлөмж авах

Шинэ зүйл эхлэх, саад бэрхшээлтэй нүүр тулгарах үедээ бусдын санаа бодлыг сонсож сураарай. Тэдний зөвлөсөн хэрэгтэй санал зөвлөмжийг шүүн тунгааж өөрийнхөөрөө шийдвэр гаргах хэрэгтэй. 

6. Өөрийн салбартаа амжилттай яваа хүнээс суралцах

Та хэн шиг болохыг хүсдэг вэ? Хийсэн ажил, бүтээсэн уран бүтээлийг нь шүтэн биширч явдаг хүнээ олж уулз. Тэднээс амжилтынх нь тухай, одоо юу хийж байгаа, юу мэдэрч байгааг нь олж сонсоно гэдэг танд ирээдүйд юу хийх хэрэгтэйг тань зааж өгөх “хүслийн од” ч байж болно. Тийм хүнээ олж уулзах боломжгүй бол хэвлэлд өгсөн ярилцлага, намтар, номыг нь уншаарай. 

7. Гэхдээ хүн бүр өөр өөрийн замтайг ухаарах

Бусдыг амжилтын оргилд хүргэсэн зам таныг ч бас тэнд хүргэнэ гэсэн үг биш. Хүн бүр өөр өөрийн замыг бүтээдэг тул бусдыг дууриана гэдэг утгагүй. Тиймээс бусдын санал зөвлөмж, мэдлэг туршлагаас суралцахын сацуу өөрийн гэсэн замаа бүтээгээрэй. 

8. Бүх зүйл өөрийн цаг хугацаатай 

Одоо амжилтанд хүрээгүй байгаа бол энэ нь хэзээ ч хүрэхгүй гэсэн үг биш. Аливааг эхлэх хамгийн зөв цаг бол ямагт “яг одоо” байдгийг санаарай. Замын эхэнд байгаа өөрийгөө замын голд, төгсгөлд хүрчихсэн нэгэнтэй бүү харьцуул.

9. Азгүйтлээ давуу тал болон ашиглах

“Танд гашуун нимбэг өгвөл түүнийг амтат ундаа болгон уу” гэсэн үг бий. Таны туулсан шиг амьдралтай хүн энэ хорвоо дээр ахин нэг ч байхгүй. Тиймээс өөрийн туулсан бэрхшээл, даван гарсан даваа, бүдэрч унасан чулуугаа давуу тал гэж үзэн, алхам тутамдаа суралцаарай. 

10. Хүн бүр алдаа гаргадгийг санах

Бидний мэдэх хамгийн хүчирхэг нэгэн ч алдаа гаргадаг. Бид бүгд төгс биш. Хүн л юм чинь алдаж онох үе тохионо. Тиймээс унасан газраа уйлаад суулгүй, тоосоо гөвөөд инээмсэглэн босох хэрэгтэй. Алдаа хүнийг хатуужуулдаг шүү дээ. 

11. Жижиг шүүмжийг ч өөрт ашигтайгаар эргүүлэх

Өөрт ирсэн шүүмж бүрийн төлөө гутарч, санаашрах бус түүнийгээ эргэцүүлэн бодож ашигтайгаар хүлээн ав. Үнэхээр үнэн зөв эсэхийг нь мэдэхийг хүсвэл ойр тойрны хүмүүстэйгээ зөвлөлдөөрэй. Ухаалаг шүүмж танд магтаалаас ч илүү тус болох болно. 

12. Өөртөө өгөөмөр хандах

 Өөртөө хэтэрхий шүүмжлэлтэй хандах хэрэггүй. Таны баяр хөөр, гуниг гутралын эзэн нь та өөрөө л байх болно. Тиймээс хүрэхийг хүссэн хязгаарлуугаа тэмүүлэхээс гадна одоо байгаа өөрийгөө хайрлаарай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
5
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.