Гаднаа зүгээр мэт боловч асар их айдас, дарамт тээсээр буй хүмүүс бидний дунд чимээгүйхэн алхаж, бодлуудтайгаа өдөр бүр тэмцсээр явна. Гол нь ийм төрлийн хүмүүсийн нэгэн эрсдэлтэй тал нь, тэд өөрсдийн мэдрэмжийг халхалж явсаар нэг өдөр тэсэрч, асар хүнд байдалд унах нь бий. Ингээд гаднаа тайван, зөөлөн мэт боловч дотроо түгшүүр, айдастай яваа хүмүүсийн нийтлэг 8 шинжийг доор өгүүлэх гэж байна.
1. Бусдад үргэлж “зүгээр дээ, асуудалгүй” гэж хэлдэг
Хүн зовж байгаагаа илэрхийлэхээс айх үедээ “зүгээр ээ” гэдэг үг хамгийн амархан халхавч болгон ашигладаг. Тэд бусдын сэтгэлийг зовоож, тээр бас ачаа болохоос эмээдэг тул бүхнийг дотроо хадгалдаг. Хэчнээн хэцүү байлаа ч тэд “зүгээр“ гэх үгээр халхлах болно.

2. Хэтэрхий эелдэг, мөн бусдад үгүй гэж хэлж чаддаггүй
Тэд бусдын сэтгэлд нийцэх гэж хичээдэг. Бусдын уур бухимдлыг төрүүлж, сэтгэлийг нь гонсойлгохоос айдаг тул өөрийн хэрэгцээг хойш тавьж, үргэлж “за” гэж хэлдэг. Тэд татгалзах, бусдад таагүй мэдрэмж төрүүлэхээс ихэд эмээдэг.

3. Хэт төгс төгөлдөрт тэмүүлэх хандлагатай
Дотроо үргэлж хангалтгүй, муу хүн мэт мэдэрдэг тул өөрийгөө бусдад зөв, төгс байдлаар харуулах гэж шаргуу зүтгэдэг. Гэхдээ энэ нь тэднийг улам их дарамтад оруулдаг.

4. Байнга завгүй байж, юм хийж л байхгүй бол болдоггүй
Завгүй байх нь айдсаа мартах нэг арга болдог. “Зогсох л юм бол нөгөө бодлууд орж ирнэ” гэсэн айдас тэднийг өөрийгөө ядартал ажиллуулж, мөн юм юм сонирхож, гадуур олон хүнтэй уулзаж, байнга хөдөлгөөнд байхад хүргэдэг бөгөөд өөртэйгөө нүүр тулах боломж олгодоггүй.

5. Хөнгөн яриа, инээд, хошигнолоор бүгдийг халхалдаг
Хошигнол бол зовлон, түгшүүрийг далдлах хамгийн эхний, түгээмэл арга гэж болно. Тэд тоглоом тохуу хийж, бүр бараан хошигнолууд ч хэлж болно. Мөн тэдний инээд гэгээлэг мэт санагддаг ч үнэндээ тэр нь хамгаалалтын нэг хэлбэр байж мэднэ. Тэд инээснийхээ араас хэсэг дуугаа хураан, өөрийн жинхэнэ бодол дундаа хэсэг үлдэж байгааг та сайн хичээвэл анзаарч болно.

6. Шөнийн цагаар ганцаардах, нойргүйдэх нь элбэг
Өдрийн турш бүх мэдрэмж, сэтгэл хөдлөлөө дарсан хүмүүс шөнө ганцаардаж, бодолд автдаг. Нойргүйдэл болон сайн унтаж амарч чадахгүй байх нь элбэг. Мөн өөрийгөө ядрааж байгаад шууд унтах сэдэлтэй байдаг тул утсаа байнга шагайх, зурагт үзэж байж тэр чигтээ унтах нь их.

7. Сошиалд "аз жаргалтай" дүр төрхийг бий болгоно
Бүх зүйл сайхан байгаа мэт харагдуулах нь тэдэнд дээр санагддаг. Тэд идэвхтэй, сонирхолтой амьдралтай мэт харагдах бөгөөд хааяа нэг дуу хөгжим хуваалцахдаа л өөрийн үнэн мэдрэмжийг цухуйлгаж мэднэ. Түүнээс биш ихэнхдээ тэд сошиалд өөрөөсөө өөр хүн болж хувирдаг.

8. “Өөр хүн болохыг” хүсдэг, өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй
Ихэвчлэн тэд өөрийгөө голж, өөр хэн нэгэн шиг болохыг хүсдэг. Энэ мэдрэмжийн цаана өөрийгөө хангалтгүй гэж үзэх, шүүмжлэх дотоод дуу хоолой нуугдаж байдаг билээ.
