Ирэх амралтын өдрүүдэд АНУ-д эхлэх чөлөөт бөхийн эрэгтэй багийн Дэлхийн Цомын тэмцээнд оролцох ёстой байсан ОХУ-ын шигшээ багт АНУ-ын ЭСЯ-наас виза өгөөгүй билээ. Энэ талаар Оросын РИА агентлаг ОХУ-ын Спортын бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Замболат Тедеев нараас тодруулжээ.

Михаил Мамиашвили "Дэлхийн шилдэг баг болох Иран, ОХУ-ын шигшээ харамсалтай нь Дэлхийн Цомд оролцохгүй боллоо. Тэгэхээр энэ тэмцээн ямар тэмцээн бэ гэсэн асуулт гарна. Дэлхийн хүчирхэг хоёр баг орохгүй байхад Дэлхийн Цом гэж нэрлэхэд хэцүү юм”

Замболат Тедеев “Алдартай, хүчтэй бөхчүүд барилдаж байж л тэмцээн сонирхолтой болдог. Харин сул тамирчид оролцоод байвал чансаа нь унана. Хэрэв бид Дэлхийн Цомын нэр хүндийг дээшлүүлэхийг хүсч байгаа бол 2017 оны ДАШТ-ээр эрхээ авсан шилдэг багууд л орох ёстой. Өнөөдрийн байдлаар дэлхийд чөлөөт бөхөөр хамгийн хүчирхэг нь АНУ, Иран, ОХУ байна. Хоёр нь тэмцээнд орохгүй. Ямар ч сонирхолгүй, сулхан тэмцээн болох нь. Энэтхэг, Монгол хоёр бол чөлөөт бөхийн түүх, уламжлалгүй, дэлхийн хэмжээний бөх ч байхгүй улсууд шүү дээ. Харамсалтай байна. Спорт улстөрөөс хол байх ёстой. Гэвч зарим хүмүүс энэ талаар мартаад байх юм”