Америк долларын ханш 25520 төгрөгтэй тэнцжээ гэсэн Bloomberg Tv Mongolia-гийн мэдээг харсан уу? Цэг таслалын жижигхэн алдаа гаргасан энэ мэдээллийг харин олон нийт муу ёр зөгнөлөө гэж хүлээн авч байх шиг байна. Америк долларын ханш 25 мянган төгрөгт хүрээгүй ч ноён оргилдоо хэдийнэ гарчээ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, түлш шатахууны үнэ чангарч байгааг уншигч та ч мэдэрч байгаа байх.
Тэгвэл Ub.life ам.долларын ханш болон түүнийг дагаад чангардаг өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний үнийг 2013 онтой харьцуулж үзлээ. Ам.долларын ханш өнгөрсөн таван жилд 50.5 хувиар өсөхөд бусад бүтээгдэхүүний дундаж үнэ хэдээр нэмэгдсэнтэй хамтдаа танилцья.
Тоон мэдээллийг Монголбанк болон Нийслэлийн статистикийн газрын мэдээллээс авав.
Америк доллар
Юуны өмнө, 2013 болон 2018 оны хооронд ам.долларын ханш хэрхэн өссөнийг харъя.
Төв Банкнаас танилцуулдаг статистикээс үзвэл, 2013 оны есдүгээр сарын байдлаар ам.долларын дундаж ханш 1662.45 төгрөгтэй тэнцсэн байна. Тэгвэл өнгөрсөн есдүгээр сарын хувьд энэ тоо 2503.31 төгрөг болсон нь ам.доллар 50.5 хувиар чангарсныг харуулж байна. Заримдаа ийм хувьтай үзүүлэлтийг хүмүүс хоёр дахин өссөн гэж ярих нь бий.
Элсэн чихэр
Элсэн чихэрний үнэ өнгөрсөн таван жилд хамгийн их хувиар өсчээ. Элсэн чихрийг манай улс 100 хувь импортоор авдаг учраас ханшийн өөрчлөлт үнэд шууд нөлөөлдөг гэж хэлж болно. Нийслэлийн статистикийн газрын мэдээллээс харахад, таван жилийн дотор элсэн чихэрний үнэ 51.2 хувиар өссөн байна. Гэхдээ энд дурдсан үнэ зах, худалдааны төвийнх гэдгийг онцольё. Дэлгүүр, супермаркетад нэг килограмм элсэн чихэрний үнэ үүнээс ч өндөр байх магадлалтай!
Цагаан будаа
Цагаан будаа ч мөн 100 хувь импортынх. Тиймээс ч өнгөрсөн таван жилд үнийн өсөлт хамгийн их ажиглагдаж байгаа бололтой. Нэг килограмм цагаан будааны үнэ 42.2 хувиар өссөн байна.
Шар будаа
Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нэг гэх тодотголтой шар будааны үнэ килограмм тутамдаа 28.3 хувиар чангарчээ.
Алим
Улаан цайвар өнгөтэй фүжи алимны килограммын үнийг долоо хоног бүр Нийслэлийн статистикийн газраас мэдээлдэг юм байна. Эндээс үзэхэд өнгөрсөн таван жилд эл сортын алимны үнэ 23.6 хувиар чангарчээ. Тэгэхээр бусад алим, жимсний үнэ ч төдий хэмжээгээр нэмэгдсэн байх магадлалтай.
Ургамлын тос
Есөн төгрөгийн үнэтэйгээсээ болж "Есийн тос" гэх нэрийг хүртэл авсан ургамлын тосны үнэ өнгөрсөн таван жилд 19.7 хувиар өссөн байна. "Есийн тос"-ны дундаж ханш зах худалдааны төвүүдэд 3453 төгрөгтэй тэнцэж байна.
Бензин
Үнэ нь тэнгэрт хадлаа гэж хамгийн их зэмлүүлдэг 100 хувь импортын бүтээгдэхүүн болох бензиний ханш таван жилийн дотор 13.4 хувийн өсөлттэй байна. Нийслэлийн статистикийн газрын мэдээллээс харахад, АИ-92, 93 маркын бензин өнгөрсөн долоо хоногт литр тутамдаа дунджаар 1813 төгрөгөөр зарагджээ. Харин энэ долоо хоногийн хувьд 1830 орчим төгрөгтэй тэнцэж байна.
2013 он: 16202018 он: 1830Өсөлт: 13.4 хувь