UBLife Logo
-

Ази, Номхон далайн ес дэх удаагийн триеннальд монгол уран бүтээлч Т.Энхболд уригдан оролцож байна

Ub.life
Ub.life
Ази, Номхон далайн ес дэх удаагийн триеннальд монгол уран бүтээлч Т.Энхболд уригдан оролцож байна

Куйнслэндийн орчин үеийн урлагийн галерейгаас гурван жил тутам зохион байгуулдаг Ази, Номхон далайн триенналь нь уг бүс, нутгийн хэмжээнд төдийгүй олон улсад ач холбогдлоороо тэргүүлэх контемпорари урлагийн арга хэмжээ гэдгийг “The Guardian” сонин онцолжээ. Түүнчлэн аливаа нэг сэдэвт сэдэвт баригдсан бусад биенналь, триенальтай харьцуулахад дэлхий ертөнцийг өргөн цар хүрээтэй харуулж чаддагаараа ялгардаг. Мөн газар зүй, түүх, соёл, уламжлал, бүс нутгийн тухайлсан төвөгтэй асуудлуудыг байнга хөндсөөр ирсэн аж. Тэгвэл энэ удаагийн арга хэмжээгээр устан үгүй болж буй уламжлал, соёлоос эхлэн өнөөгийн улс төрийн тэмцэл, дайн дажин, орчин үеийн амьдралын хэмнэл, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлуудыг хөндсөн 80 гаруй уран бүтээлчийн 400 гаруй бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлжээ.

Монголоос уригдсан уран бүтээлч Т.Энхболдын хувьд, монгол гэрийг оролцуулан хийдэг үйлдлийн урлаг, хомоол, төмрийн зэв, таар, үнс сэлтийг ашигласан том хэмжээний зургуудаараа хэдийнэ танигдсан билээ. Өөрийн урласан монгол гэрийн загварыг үүрээд эх орныхоо хөдөө нутгаас эхлэн Солонгосын Чежү арал, Финляндын Хелсинк, Голландын Роттердам, Хятадын Шанхай, Иньчуан, Английн Манчестер, Италийн Венецийг зорьсон нь өдгөө Австралийн Брисбенд үргэлжилж байна. Далайн эрэг дээр, явган хүний замаар, музейн гадаа эсвэл хурдны замын хажуухантай гэрээ бариад дотор нь ороод хэвтэнэ, элсэнд нүүрээ шигтгэн бачуурна, зулай дээрээ сүү асгана, тооноос уясан чулууг эргүүлж гарна. Уламжлалт соёл сэтгэлгээ, нүүдэлчин ахуйг орчин үеийн урлагтай сүлсэн, зөвхөн түүнд л хамаарах эл онцгой арга барил нь даяаршсан ертөнц дэх хүний дотоод орон зай, мөн хүрээлэн буй орчны харилцааны тухай асуудлыг дэвшүүлдэг юм.

Тэрээр тус триенналийн нээлтийн үйл ажиллагааны үеэр өнгөрсөн сарын 25-нд Брисбен хотын Курилпа гүүрээр алхан Куйнслэндийн Орчин үеийн урлагийн музейн гадаа талбайд ирж үйлдлийн урлагаа гүйцэтгэсэн юм. “Дүрслэл, чимээ болон үнэрээр дамжуулан оюун санааны эргэцүүллийг бий болгохыг хичээдэг. Миний төслийн гол зорилго нь янз бүрийн газруудтай холбоо тогтоон, өөрийн гараар барьсан гэртэйгээ аялан, нүүдэлчний соёлыг танилцуулахад оршиж буй юм. Хүний амьдрах сууц, байгууламжийн тухай ойлголт нь харилцаа, орон зай, үйлдлийн хязгаарлалтуудын тухай эргэцүүлэлтэй холбоотой” хэмээн Т.Энхболд уран бүтээлийнхээ талаар тайлбарлаж байна.

Ирэх 2019 оны дөрөвдүгээр сарын 29 хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд Ази номхон далайн бүстээ эдийн засгаар тэргүүлэх Хятад, Япон, Австрали, Шинэ Зеланд, Солонгос, Сингапур зэрэг орон, түүнчлэн зохион байгуулагчдын зогсолтгүй эрэл хайгуулын хүчинд олон улсад тэр бүр харагдаад байж чаддаггүй орнууд, жижиг арал улсуудын шилдэг уран бүтээлчид бүгд мөр зэрэгцэн оролцдог байна.   

Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, Куйнслэндийн Орчин үеийн урлагийн музейтэй хамтран ажиллаж, монгол уран бүтээлчдийг Ази, Номхон далайн триеннальд хоёр дахь удаагаа оролцуулж буй нь энэ юм. 2015 онд зохион байгуулагдсан найм дахь удаагийн триеннальд уран бүтээлч Д.Үүрийнтуяа, Б.Баатарзориг, Б.Номин, Г.Гэрэлхүү нар оролцсон билээ.

Э.Баярсайхан

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
30
23
22
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.