Одоогоос 10 жилийн өмнө ийм нэртэй нийтлэл бичиж байжээ. Тэр жилийн наадмын өмнө Мэргэжлийн бөхийн холбоо байгуулагдан, үйл ажиллагаа явуулж эхлээд байсан билээ. Мөн л цолны найраа, засуул, цэцийн алдаа гээд л яг л энэ жилийн наадам шиг л наадам болж байж. Арван жилийн өмнө энэхүү нийтлэлийг бичиж байсан үеэс хойш Үндэсний бөхийн холбоо ч, баяр наадам ч бараг өөрчлөгдөөгүй гэхэд хилсдэхгүй. Учир нь энэ нийтлэлд бичсэн зүйлс одоо ч утгаа алдаагүй, хэвээр байгаа юм. Өнгөрсөн жил хэнийг Зүүний магнайд гаргах вэ гэдгээ шийдэж чадаагүй Үндэсний бөхийн холбоо энэ жил ч бас хоёр бөхийн маргааныг тасалж чадахгүй, наадамчин олныг бухимдууллаа. Амгалан сайхан наадамдаж байсан ард түмнийг муудалцуулан, нутаг усаар нь “тулалдуулах” шахсан нь Үндэсний бөхийн холбооны буруу. Ингээд “Үндэсний бөх дэх шинэчлэл ба сүмо дахь бослого” нийтлэлээ толилуулья. Арван жилийн өмнөх нийтлэл гэдгийг анхаараарай.

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, баяр наадам маань сайхан болж өнгөрлөө. Шинэ аварга төрж, олон сайхан залуус шинээр гарж ирлээ. Гэсэн ч бас л маргаан будлиан ихтэй, хэл амнаас салсангүй наадам болов уу даа. Жил болгон гардаг уламжлал болсон хэл ам маань энэ жил наадам эхлэхээс жилийн өмнөөс эхэлсэн онцлогтой боллоо.Монголын Үндэсний бөхийн холбоотой зэрэгцэн Мэргэжлийн бөхийн холбоо байгуулагдаж сонин хэвлэл дамжуулан, хэрүүл уруул хийцгээв. Аливаа юм өрсөлдөгчтэй байж урагшлан хөгждөг жамтай. Өрсөлдөгч гарч ирсэнд МҮБХ-ныхон ихэд эмзэглэн хүлээн авч, дайрч довтлож эхэлсэн нь гайхалтай. Мэргэжлийн бөхийн холбоо ч энэ хэрүүлд идэвхийлэн оролцож, хоёр тал хонь чоно боллоо.Эрт дээр үеэс үндэсний бөх ямар нэг холбоотой холбоогүй хөгжөөд яваад иржээ. Устаж алга бололгүй, өөрийн гэсэн үзэгчтэй өдий хүрч чадсан нь уламжлалын хуулиар батлагдсан хэрэг. Гэхдээ одоо бол 21-р зуун. Тиймээс 21-р зууны хэмжээнд нь, 21-р зууны үзэгчдэд тохируулан хөгжүүлэх, өөрчлөх хэрэгтэй. Монголчууд бид аль хэдийнэ цаг хугацааг гэрийхээ унь, ханаар хэмждэг нүүдэлчин ард түмэн биш болсон. Хүн амын ихэнх нь Улаанбаатарт суурьшин, ажиллаж амьдарч байна. Зав зай юу билээ гэдгээс эхлэн бодох юм их байна. Өөрөөр хэлбэл үндэсний бөхөд хувьсгал хэрэгтэй болжээ. Дөч, тавин жилийн дараа хойч үедээ хараалган загнуулахгүйн тулд шинэчлэл өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Одоо сургуульд суралцаж байгаа хүүхдүүд том болоод бөх үзэх үү, үгүй юу гэдэг эргэлзээтэй юм. Даяарчлал хөгжсөн өнөө үед Монголын хэдэн иргэн гадаадад бий билээ? Тэдний хүүхдүүд эргэж ирээд үндэсний бөхөө үзэх болов уу? Элдэв төрлийн тоглоом, интернет, хөгжим, шоу концерт гээд үндэсний бөхөөс үзэгчдийг нь булаах юм зөндөө байна, цаашдаа ч шинэ, шинэ юм их гарах байх. 50 жилийн дараа үндэсний бөх гэдэг гадаадын жуулчдад үзүүлдэг үзмэр, бөө удган шиг юм болж магадгүй. Одоо хийх зүйл бол хагарал маргаанаа зогсоох. Найраа байгаа, үгүй гэж маргах ч хэрэг байхгүй. Урьд хийсэн ажил бүтээл, ололт амжилтаа мартаад үүнээс цааш юу хийх вэ гэдгээ бодох цаг. Хэдэн тооны түшмэл, албаны хүмүүсийн амбиц, нутаг нуга гэсэн жалга довны үзлээс болж эцсийн эцэст хохирох нь бөхчүүд, ард түмэн билээ. Үндэсний бөхөөс холдон, алслан одож байгаа бөхийн хорхойтнуудаа цаг алдаагүй дээрээ эргүүлэн авчрах үе болжээ. Эртний Ромд ард түмэнд талх өгөөд дээр нь гладиотарын тулаан үзүүлэхэд л бухимдах юмгүй тайван амгалан байдаг байсан байна. Нийгмийн хамгийн гэрэлтэй гэгээтэй салбар нь спорт байх ёстой. Ядаж ард түмэндээ талхныхаа мөнгөнөөс хумслан хумслан байж худалдаж авсан тасалбарых нь үнэнд тохирсон юм үзүүлэх нь Үндэсний бөхийн холбооны үүрэг билээ. Тасалбар аван орж, таашаал эдлэн гардагаараа бөх бол цирк, жүжиг, кинотой адилхан. Хэрэв хэн нэгэн дуучин солгой хоолойгоор бархираад байвал дахиж хэн ч концертонд нь ирэхгүй. Шоу бизнесийн хууль тийм юм. Тэнд ялагдахгүйн тулд өрсөлдөөн ихтэй. Үүнд шинэ холбоо гарж ирсэн нь үнэхээр сайн хэрэг. Аливаа салбарт монополь болохоороо шинэ юм хийхээ больдог нь гэм биш зан. Үндэсний бөхийн холбооноос бид ашгийн бус байгууллага биш хэмээн ихэд бахархалтайгаар мэдэгдэж байх юм. Ямар нэг тэтгэлгийн газар, хэн нэгний байгуулсан сан байгаа биш. Цаг хугацаанаас хоцорсон ийм байгууллага үндэсний бөхийг удирдан залж болохгүй байх. Ашиг олж байж тамирчдаа дэмжинэ, мөнгөтэй байж хүн үзүүштэй сонирхолтой юм хийнэ. Бусад спортын холбоод гадаадад тэмцээнд орох гээд мөнгө хайгаад л гүйдэг. Тэд яаж ийгээд хэдэн төгрөгний орлого олчих гээд хичээж чармайж байдаг. Үндэсний бөхчүүд гадаад явахгүй тул мөнгө хэрэггүй юм болов уу, зодог шуудгаа бөхчүүд нь өөрсдөө бариад ирдэг тул заалны мөнгө төлөхөд л болоо гэж боддог юмуу? Үнэхээр ашгийн бус байгууллага юм бол барилдааны тасалбар зэргээс орсон мөнгөө юунд хэрэглэдэгээ дэлгэж, тайлан тавих хэрэгтэй.

За ингээд ер нь юу хийвэл зохих вэ? Юуны өмнө хийх ажил бол төр засгаас цол чимэг олгодгийг зогсоож, хараат байдлаас гарах. Яахаараа Ерөнхийлөгч зарлиг гаргаж, цол олгодгийг ойлгоход бэрх. Наадам зохион байгуулах комисс Засгийн газраас томилогддог нь ч гайхалтай. Хэдийгээр үндэсний бөх ч аваад үзвэл жирийн нэгэн спорт. Аль нэг спортын дотоод хэрэгт орохоо тултлаа завтай улс төрчид байна уу? Хэрэв тийм их үндэсний бөхөө удирдан залж аваад явмаар байвал бүтэн жил хариуцан, заалныхаас авахуулаад аль нэг аймаг сумын барилдааныг ч зохион байгуулж өгмөөр. Зарим сонинд Төрийн наадмыг төрийн бус байгууллагааар оромдуулахаа болье гэжээ. Энэ бол Төрийн наадам биш Монголын ард түмний наадам билээ. Төр засгийн хэдэн түшмэд, ноёдын наадам байж таарахгүй. Үндэсний бөхийн холбоондоо цол чимэг олгох хороо байгуулж, хурлаар шийдээд, наадмын бэлтгэл ажлаа өөрсдөө хийж чадахгүй юм бол Үндэсний бөхийн холбоо гэж өөр юу хийдэг байгууллага болохыг хэлэхэд бэрх. Нэгэнт сүмогийн холбоо шиг цалин пүнлүү өгөж чадахгүй тул бөхчүүд, засуулаа барихад хэцүү. Тиймээс бөхчүүдийг барьж захирч байх гол систем нь цол болох ёстой. Цолыг шударга олгодог болсноор бөхчүүдийн барилдах урам сэргэнэ. Зохисгүй байдал гаргах болон гэмт хэрэг хийсэн тохиолдолд цолыг хурааж авах. Найрааны гол цөм болсон начин цолыг наадмаар өгөхөө больж, наадмаас 3 сарын өмнө улсын цолгүй бөхчүүдийн наадам зохион явуулж, шөвгийн 4 бөхөд начин цол олгоход болно. Жил болгон жинхэнэ чадалтай начин төрнө гэсэн үг. Бусад цолыг наадмаар олгож, цолгүй бөх 8 давбал начин болох гэх мэтээр найрааг багасгах арга хэмжээ хэрэгтэй. Бөхчүүд гэдэг үндэсний бөхийн гол эрдэнэ. Тэднийхээ амьдрал орлогыг дээшлүүлэх, бэлтгэл хийх нөхцлөөр хангах нь том ажил. Менежментээ сайжруулж, зах зээлд тохирсон уян хатан бодлого явуулах. Үндэсний бөхтэй холбоотой бүх зүйлийг холбоо эрхийг нь эзэмших. Бөхчүүдийн дүрс зурагтай ил захидал, календарь, плакат гаргах, үйлдвэрлэх эрхийг Үндэсний бөхийн холбоо дангаар эзэмшин худалдаалбаас хөөрхөн орлого олчихно. За тэгээд хүүхэлдэй, түлхүүрийн оосор, сэтгүүл гээд л юу эс хийж болох вэ дээ. Гадаадад зардаггүй юмаа гэхэд жуулчдад арилжан бөхчүүддээ хувь хүртээдэг байвал. Энэ мэтчилэн орлогын эх үүсвэрийг олж зөв зүйтэй зарцуулбал Үндэсний бөхийн холбоо шиг боломжтой спортын холбоо өөр байхгүй юм.Бөхийн хорхойтнуудыг дуудан, хүүхэд багачууд том болоод бөх болно гэж хэлдэг болгохын тулд баатар буюу HERO хэрэгтэй. Шинэ залуу од гарах нь тухайн үеийнхээ бөхийн хөгжилд их нөлөө үзүүлдэг. Таканохана Ваканохана ах дүү барилдаж байх үед сүмогийн ордон үргэлж дүүрэн байдаг байсан гэнэ. Үүний тулд бөхчүүдээ рекламдаж сурталчлах хэрэгтэй. Сүмогийн барилдааны өмнөх ёслол нь нэг талаар уламжлал ёс заншлаа гарган үзүүлж байгаа ч нөгөө талаар бөхөө сурталчилж байгаа хэрэг. Нүүр царайг нь дэлгэцээр тод гарган, ард түмэнд таниулах гэсэн бодлого юм. Такамисакаригийн нүүр цээжээ балбадгийг анх холбооноос хориглох гэж байсан ч судалгаа хийж үзээд больсон байна. Учир нь хүмүүс Такамисакариг харах гэж ордонд их ирж байгаа нь судалгаагаар гарж. Барилдааныг нь биш нүүр царайных нь хувирлыг л харахын төлөө. Тэр тусмаа сүмо ер сонирхдоггүй байсан хүн хүртэл ордонд ирдэг болжээ. Нэг хүн ирнэ гэхэд тасалбар авна, тэгээд хоол иднэ, архи дарс ууна, бэлэг дурсгал худалдаж авна. Сүмогийн ордонд хоолны газар, бэлэг дурсгалын мухлаг гээд л бэлэн тул 50 ногооноор тасалбар аван орж ирсэн хүн нэг мэдэхэд 40 ногооноор ууж идээд, 60 ногооноор дурсгал худалдаж аваад л гарсан байдаг. Сүмогийн холбоо ч энэ тал дээр хурдан шалмаг ажиллана. Такамисакари алдаршаад эхлэнгүүт Такамисакари гэдэг хоол гаргасан. Тэр дороо л дуусдаг. Нэгэнт зах зээлийн үед байгаа тул бизнес сэтгэлгээтэй байхгүй бол дампуурах болно. Манайд шинэ залуу од цөөхөн төдийгүй байгаа хэдийгээ холбооноос сурталчилж алдаршуулах тал дээр муу байх шиг. Тэмцээн уралдааныг сонирхолтой болгох нэг чухал зүйл шүүлт. Худлаа шүүгээд засаад эхэлбэл үзэгчид дургүйцэн, дахиж бөхийн ордонд ирэхгүй ч юм билүү. Ганц хорхойтноо алдахад нилээд хэдэн төгрөгний хохирол хүлээнэ гэдгээ ойлгох цаг болсон. Засуулууд яагаад дандаа хөгшин, дээл гутлаа даахгүй хүмүүс байдагийг мэдэхгүй юм. Нэг бол холбооноос ахмадуудаа ажил хийлгэж, аж амьдралыг нь дэмжиж байгаа байх, эс бөгөөс настай хүмүүс цалин хямд болохоор ажиллуулдаг байх. Энэ бүхний эцэст хохирох нь үзэгчид бөхчүүд. Үндэсний бөхийн холбооноос энэ тал дээр анхааран залуу халаа засуулчид бэлтгэх. Биеийн тамирийн их дээд сургуулиудтай хамтран засуул шүүгчийн анги нээх. Шүүлтэд видео бичлэг ашиглах нь маргааныг таслах хялбар арга.Японы сүмо бөх эрт дээр үеэс энэ талууд дээр сайн анхааран ажиллаж байсныхаа ачаар өдий зэрэгтэй яваа билээ. Тойргоос гарах, эсвэл биеийн аль нэг хэсэг газар хүрэхэд ялагдана гэсэн хүүхдэд ч ойлгомжтой энгийн дүрэм, тэгээд жижиг бөх томыгоо хаяж үзэгчдийг шуугиулах , өрсөлдөгчөөсөө гадна дэвжээтэйгээ барилдан гарахгүйн тулд хамаг хүчээ дайчлан довтлох, уйдах зав өгөлгүй шуурхай дуусах, тухайн үедээ тохирсон менежмент бодлого гээд л олон юмны ачаар сүмо бөх бусад орны сырым, кураш, манай үндэсний бөхөөс илүү хөгжиж ирсэн юм. Гэхдээ үргэлж дэвжээд дэвшээд амгалан тайван яваад ирсэн юм бас биш. Цалин мөнгө, цол гээд л олон маргаан хагарал гарж байсан. Үүнээс хамгийн томыг нь та бүхэнд сонирхуулья.1932 оны Нэгдүгээр сарын тэмцээний банцүкэ 1-р сарын 5 ны өдөр гарлаа. Барууны комүсүби Мүсашияма баруун жигүүрийн сэкивакэ Тэнрюүг алгасан озэки болсныг эсэргүүцсэн Тэнрюв 6-ны өдөр баруун жигүүрийн макүүчи болон жюүрёгийн бөхчүүдийг дагуулан, Оимачи хотхоны Шюнжюүэн хэмээх зоогийн газар бүгэн, ,холбоонд шинэчлэл хувьсгал хийх шаардлага тавьсан. Банцүкэг шударгаар гаргаагүйгээс эхэлсэн мэт харагдавч үнэн хэрэгтээ гол шаардлага нь бөхчүүдийн амьжиргааг сайжруулах эдийн засгийн шинэчлэл байв. Тэр үед Япон Хятадад дайн хийж байсны улмаас улс орны эдийн засаг ч муу, бөхчүүдийн амьдрал доошилж байснаас гадна сүмогийн ертөнцөд дийлж байсан Дэваноүми дэвжээ хэт их эрх мэдэлтэй байсан нь ч сүмочдын дургүйцлийг хүргэж байв. Тэнрюү “Макүшитагийн бөх гэмтээд хэдэн сар болбол хоол олж идэж ч чадахаа байсан. Тэгээд л ивээн тэтгэгч дэмжигчдээс мөнгө авахаас өөр аргагүй болж байна” хэмээн ярьж байв.

Сүмочдоос холбоонд тавьсан шаардлага1, Сумогийн холбооны санхүүгийн байдлыг шалган, орлого зарлагыг ил тод болгох.2, Барилдаан, тэмцээний цагийг өөрчлөх. Зуны улиралд барилдааныг оройн цагаар хийх. 3, Тасалбарын үнийг хямдруулах, сүмог аль болох олон хүнд үзүүлэхийн тулд тусгай суудлуудыг цөөлж, нийтийн суудлыг ихэсгэх.4, Сумо чяя хэмээх тасалбар зардаг газрыг татан буулгах.5, Ояката болох системийг аажмаар халах.6, Тэтгэвэрийн мөнгө, халамжийн систем бүрдүүлэх.7, Орон нутагт хийх тойргийн барилдааны тогтолцоог үндсээр нь өөрчлөх.8, Бөхчүүдийн ашиг орлогыг нэмэгдүүлж, аж амьдралыг баталгаажуулах.9, Холбоонд цомхтгол хийх.10, Холбоонд бөхчүүдийн хороо байгуулж, хамтран ажиллах.Сүмогийн холбооноос яаралтай хурал зарлан хуралдуулсаны эцэст бөхчүүд санал бодлоо ояката багшаараа дамжуулан, тавих ёстой гэсэн хариу өгөн, Фүжишима, Касүгано хоёр ояката очин ухуулга хийсэн боловч амжилт олсонгүй. 1-р сарын 7-ны өдөр холбооноос бөхчүүдийн шаардлагад хариу өглөө.Хариу нь: санхүүгийн байдлаа зарлаж байгаа ч улам ил тод болгох тал дээр анхаарна. Тасалбар зардаг газруудыг цаг нь болохоор хаана. Ояката болох системийг устгахгүй ч өөрчлөлт хийнэ. Цомхтгол хийхээр бэлдэж байна. Барилдаан эхлэх цагийг бөхчүүдийн эрүүл мэнд, үзэгчдийн саналыг судлаж байж, шийдвэр гаргана. Тасалбарын үнийг багасгах талаар бодолцоно. Тойргийн тэмцээний талаар судлаж үзнэ. Бөхчүүдийн хороо зөвлөл байгуулах талаар бодож байгаа.Энэ хариултыг хангалтгүй гэж үзсэн Тэнрюү тэргүүтэй баруун жигүүрийн бөхчүүд 1-р сарын 10-нд Сүмогийн холбооноос тусгаарлаж байгаагаа зарлан, “Их Японы Шинэ Сүмо Холбоо” гэгчийг байгуулж байгаагаа зарласан. Бөхчүүдийн бүгсэн “Шюнжюүэн” хоолны газар луу хөгжөөн дэмжигч болон ивээн тэтгэгчдээс идэж уух юм хайрцаг хайрцгаараа ирэн, ард түмний дэмжлэгийг ихээхэн хүлээж байлаа. 1-р сарын 11-нээс эхлэн шинэ холбооны бөхчүүд бэлтгэл хийж эхлэн, Цагдаагийн газарт хандан, тэмцээн явуулах, холбоогоо батлуулах зөвшөөрөл хүссэн. Зүүн жигүүрийн бөхчүүд ч холбооноос гарж байгаагаа зарлан, 1-р сарын тэмцээнийг хойшлуулахаас өөр аргагүй болсон Сүмогийн холбоо “Их Японы Үндэсний хороо” хэмээх барууны үндсэрхэг үзэлтний намаас тусламж гуйжээ. Тэд сөргөлдөгч талуудын дунд зуучлах үүрэг гүйцэтгэхээр болж, Шинэ холбооныхонтой уулзсан боловч үр дүн гарсангүй. Энэ үеэр Үндэсний хорооныхон Шинэ холбоо руу довтолгоо хийх гэж байна гэсэн цуурхал гаран, бөхчүүд сандралд орж, зарим нь зугтан Сүмогийн холбоонд буцан орсон. 1-р сарын 16-ны өдөр шинэ холбооныхон Үндэсний намд эсэргүүцэл илэрхийлж байгаагаа мэдэгдэн, бүгд магэ үсээ тайрч, Үндэсний намд хүргүүлсэн ба Үндэсний намаас энэ хэрэгт дахин оролцохгүй гэдгээ зарлан, үсийг нь буцаан явуулжээ. 1-р сарын 19-ний өдөр Цагдаагийн газраас хоёр холбоог эвлэрүүлэх санал гаргасан ч шинэ холбоо хүлээн авсангүй. 1-р сарын 26-нд зүүн жигүүрийн 13 бөх Нагояд очин, Сүмогийн холбооноос гарж буйгаа зарлан, Шинэчлэлийн холбоо байгуулсан. Зүүн жигүүрийн бөхчүүд анх баруун жигүүрийхэн өөрсдөдтэй нь ярьж зөвлөлгүй холбооноос гарсанд дургүйцэж байсан ч энэ маягаараа байгаад байвал холбоонд ашиглуулаад таарах нь гэдгээ ойлгоод барууныхны араас явсан байна. Эвлэрлийн зам байхгүйг ойлгосон Сүмогийн холбооноос 2-р сарын 13-нд хуралдан, хоёр шинэ холбооны 48 бөх, 5 засуулыг холбооноос хасаж байгаагаа мэдэгдэж, үлдсэн бөхчүүдтэйгээ 2-р сарын 22-ноос эхлэн найм хоног башё зохиохоо зарлав. Хоёр шинэ холбоо ч нэгдэн “Их Японы сүмо холбоо” байгуулжээ. Их Японы сүмогийн холбоо бөхчүүдээ A,B,C гэсэн 3 зэрэгт хуваан, тойргоор барилдаж, зэрэг тус бүр дээр аваргаа шалгаруулахаас гадна доод зэргийн эхний 3-т орсон бөх дээд зиндааныхаа доод талын 3 бөхтэй барилдан ялбал дээд зэрэглэлдээ ордог системээр тэмцээн явуулж байв. Мөн үзэгчдийн саналаар 3-10 үе халз барилдаан хийх гэх мэт шинэлэг зүйлс сэтгэн оруулж байлаа. Гэвч бөхийн тоо цөөхөн тул тэмцээн дуусгаад дахиад 10 барилдана гэдэг их хэцүү байсан нь мэдээж. Барилдаад ганц минут амраад л дахин үзэлцэж, 10-р үе болоход зүгээр зууралдаж байгаа юм шиг болдог ч халз барилдаан үзэгчдэд ихээхэн таалагдсан байна. Анхны хэдэн тэмцээн сонин хэвлэлээр цацагдан, үзэгчид ч их ирж, том амжилт олжээ. Тэнрюү тэмцээний өмнө онгоцноос сурталчилгааны хуудас цацах зэргээр сурталчилгааг сайн хийж байв.Энэ үед Сүмогийн холбоо ихэнх цолтой бөхөө алдаад яаж тэмцээн хийх вэ гэдгээ бодож байлаа. Дээд зиндааны 12, жюүрёгийн 3 нийлээд 15-хан сэкиторитэй үлдсэн холбоо дээд зиндаа 20, жүрё 20 бөхтэй барилдана хэмээн шийдвэр гаргалаа. 15 сэкитори дээр макүшитагийн дээд хэсгийн 5 бөхийг нэмээд макүүчи болгож, жюүрё бол бүгд хуучин макүшитагийн бөхчүүд байв. Макүшитагаас шууд дээд зиндаанд дэвшиж байсан тохиолдол өөр байхгүй. Баруун зүүн жигүүрээр барилддаг байсныг болиулан, нэг дэвжээнийхэн хоорондоо барилдахгүй байх системд шилжсэн. Энэ үед жюүрё зиндааны барилдаан эхлэхээс өмнө макүшитагийн бөхчүүд дэвжээнд гарах ёслол хийдэг байсан нь бидэнд бөх хангалттай байна гэдгээ харуулах зорилготой байв. Гэвч олон сайн бөх байхгүй болсноор үзэгчид цөөрч, орлого ихэд багассан байна. Үзэгчдийн хувьд хоёр тусдаа тэмцээн болж байгаад дургүйцэх хүн ч байлаа. Ер нь хоёр холбооны аваргуудыг халз тулалдуулбал яасан юм бэ, тэгвэл аль нь жинхэнэ хүчтэй гэдэг нь тодроно гэх санал гардаг болж эхлэв. Тэнрюү удаан бодсоны эцэст Сүмогийн холбоонд шилдэг бөхчүүдээ халз үзэлцүүлэх санал тавьсан ч Сүмогийн холбоо тоосонгүй. Сүмогийн холбоо энэ маягаараа явбал дампууралд орох шинжтэй байсан ч тэд сөрөг арга хэмжээ аван, хуучин зүүн жигүүрийнхний байгуулсан Шинэчлэлийн холбоотой далд хэлэлцээ хийн, зарим нэг буулт хийснээр Шинэчлэлийн холбооныхон Сүмогийн холбоонд буцан орох болжээ. Шинэ аврага Таманишики, арслан Фүтабаяма нарын хүчтэнүүд буцан ирснээр Сүмогийн холбооны тэмцээн хуучин үзэгчдээ буцаан авч эхэлсэн байна. Тэнрюүгийн байгуулсан шинэ сүмо холбоо хоорондоо хагаралдан бутарсанаас хүмүүс нь Сүмогийн холбоо руу зугтан, тэмцээн зохиоход хүндрэлтэй болсон, шинэ залуу бөхчүүд орж ирэхгүй, ивээн тэтгэгч байхгүй зэргээс болон тарах болж, 1937 онд сүүлийн тэмцээнээ хийгээд бөхчүүд нь Сүмогийн холбоонд эргэн оржээ. Тэнрюү Сүмо ордон байсан газраа заран, холбооныхоо өрийг дараад үлдсэнийг нь бөхчүүддээ хуваан өгөөд, өөрөө Манжуур луу явсан байна. Өнгөцхөн харахад ялагдлаар дууссан юм шиг үзэгдэвч энэ явдлын ачаар Сүмогийн холбооны асуудал парламентад хүртэл хэлэлцэгдэн, ил далд мөнгө болон элдэв шударга бус зүйл устахад ихээхэн нэмэр болсон. Бөхчүүд дундаа ихэд боловсролтой хүн байсан Тэнрюү сумогийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн юм.Харин одоо манай үндэсний бөхөд ингэж салж бутралгүй шинэчлэл хийх хэрэгтэй байна.2006.07.15