Номын хорхойтнуудын хувьд ховор, чухаг ном худалдан авах газар мэдээж чухал. Гэхдээ хаанаас, яаж гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс Улаанбаатар хотоос ховор болон гадаад ном худалдан авч болох газруудыг санал болгоё:
1. Гандирс дахь гадаад ном

Их дэлгүүрийн зүүн талын Гандирсын хоёр давхарт гадаад номын худалдаа бий. Хамгийн сүүлд эндээс орчин үеийн сонгодог зохиолууд худалдан авч билээ. Тэгэхээр сайн ухвал ихийг олж болно л гэсэн үг.
2. Урт цагааны алдарт худалдаа

Багшийн дээдийн номын худалдаа цэцэглэхээс өмнө Урт цагааны худалдаа алдартай байлаа. Одоо бол Урт цагааны урд талын Хаан банктай байрны зүүн залгаа, доод давхарт бий. Ховор номын олдоцоор хамгийн дажгүй газар.
3. Их дэлгүүрийн урд “Англи номын дэлгүүр”

Англи хэлээрх хуучин ном, эрж сурч яваа номоо эндээс үзэхэд гэмгүй. Гэхдээ бага зэрэг үнэтэй. Сайн ухвал гайгүй номууд 10, 20 мянгад олддог л юм.
4. Интерномын хоёр давхар

Хямдхан англи номоороо танигдсан ч сонголт муу. Хямдралаар шинэ номуудаа гаргадаг. Гэхдээ тун гайгүй хэдэн ном тэндээс олж билээ. Гол нь сайн ухаж, асууж лавлавал юм олдож мэднэ.
5. Багшийн дээдийн мухлагууд

Хуучин номын худалдааны хамгийн том салбар Багшийн дээдийн автобусны буудал, эсвэл Багш хөгжлийн ордны зүүн талын мухлагт бий. Үнэхээр хуучны, нэн хэрэгтэй ном гэхээс тэндэхийн номнууд үнэтэй талдаа. Мэдээж ховор, хуучин ном бол үнэтэй байхаас яалтай. Гэхдээ гол нь тэдэнтэй тохиролцож болдог юм. Миний номын сангийн ихэнх хувийг ийм хуучин ном бүрдүүлдэг. Эрүүл ахуйн үүднээс хуучин номыг далд хадгалбал зүгээр шүү.
6. Номын хорхойтны группууд

Мэдээж хялбар олж болох газар. Ийм группуудэд номын худалдаачид байдаг тул үнийн хувьд өндөр байж мэднэ. Гэхдээ туршаад үзэхэд гэмгүй.
7. Зарын дагуу ярих

Нэг удаа Дарь-Эхэд амбаар дүүрэн номтой таарч билээ. Ийм тохиолдол ихэвчлэн зар дээр байдаг. Тиймээс их хэмжээгээр ном зарна гэсэн зарыг анзаарч байх хэрэгтэй.