Тайванийн нийслэл Тайпей хотод дижитал эрин дэх хүний эрхийн асуудлуудыг хэлэлцдэг “RightsCon” олон талт уулзалт, арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Энэ жил 13 дахь удаагаа болж буй энэхүү уулзалт анх удаа Зүүн Азид зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд олон улсын хүний эрхийн байгууллагууд, төр, засгийн удирдлагууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөллүүд болон технологийн дэлхийд тэргүүлэгч компаниуд оролцож байна.
Уг арга хэмжээг Ub.life хоёрдугаар сарын 23-28-ны өдрүүдэд сурвалжлан хүргэх болно.
Арга хэмжээний хамгийн эхний хэвлэлийн хурал нь жил бүр гаргадаг дэлхий дахины интернэт эрх чөлөөний тайлангийн 2024 оны төлөв байдлыг танилцуулах байлаа. Цахиурын хөндийд 2016 онд 70 орчим байгууллага нэгдэж #KeepItOn санаачилгыг эхлүүлж, дэлхий даяар мэдээлэл авах эрх чөлөө, интернэтэд холбогдох эрхийн нөхцөл байдлыг тайлагнадаг болсон.
2024 оны хувьд интернэтийг хаах оролдлого 2016 оноос хойших хамгийн өндөр хэмжээнд хүрсэн буюу 54 улсад 296 удаагийн оролдлого бүртгэгджээ. Өнгөрсөн оноос хойш долоон улсад интернэтийг хязгаарлах оролдлого шинээр гарсанд Малайз, Тайланд, Франц зэрэг орон багтаж байна. Түүнчлэн есөн жилийн өмнө энэхүү тайланг анх гаргаж байхад 27 оронд 78 удаа интернэтийг хаах гэж оролдсонтой харьцуулахад энэ тоо хурдацтай өссөөр байгаа юм.
2016 оноос хойш дэлхий даяар 1,754 удаа интернэтийг таслах, хязгаарлах арга хэмжээ бүртгэгджээ. Энэ нь гол төлөв хүчирхийлэл, эмх замбараагүй байдал, дайн, мөргөлдөөний үеэр тохиолддог бөгөөд ийм хүнд, хэцүү нөхцөлд олон нийтийн мэдээлэл олж авах, мэдээлэлтэй байх, нийгмийн хэлэлцүүлэгт оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах нь тэвчиж боломгүй хэрэг гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа.
Дэлхий дахинд дижитал орчинд эрх нь хамгийн их зөрчигдөж буй улс Мьянмар байна. Мьянмарт цэргийн дэглэм тогтоод дөрвөн жил болж буй бөгөөд эрх баригчид интернэтийг “зэвсэг” болгон ашиглаж байгааг хэвлэлийн хуралд оролцсон Мьянмарын нэрээ нууцалсан эх сурвалж хэллээ. Хятадын өндөр технологийг тус улсын эрх баригчид ашиглаж олон нийтийг тагнах, сүлжээ, холбоог нь хязгаарлах, интернэтийг таслах зэрэг оролдлогууд хийх болсон гэв. Мөн Энэтхэг, Пакистан, ОХУ, Украин зэрэг оронд интернэт хязгаарлалт түгээмэл ажиглагдаж байгаа нь хил дамнасан зөрчил, мөргөлдөөний үеэр иргэдийн мэдээлэл олж авах эрхэд хамгийн их халдах хандлагатай байгааг харуулж байна.

Үүнээс гадна интернэтийг хязгаарлах хамгийн түгээмэл оролдлогууд зөрчил мөргөлдөөн, жагсаал цуглаан, шалгалт, сонгуультай холбоотойгоор гарч байна. Шалгалтанд хуулах, хууран мэхлэхээс сэргийлэх нэрээр Алжир, Йордан, Кени, Энэтхэг, Ирак, Мавритан, Сири зэрэг долоон улсад 16 удаа интернэт тасалжээ. Харин Азербайжан, Энэтхэг, Пакистан, Венесуэл зэрэг найман улсад 12 удаа сонгуультай холбоотойгоор мэдээлэл авах эрхэд халджээ. Хэдийгээр өнгөрсөн жил 64 улсад сонгууль явагдаж, нэг тэрбум гаруй хүн саналаа өгөх ардчиллын түүхэн жил гэж байсан боловч 2019 оноос хойш хамгийн өндөр тоогоор интернэтэд халдсан он болж байна. Мөн харилцаа, холбоог хязгаарлах явдал зөвхөн нэг хот, орон нутаг бус өргөн хүрээний, улс даяарх арга хэмжээ болж байгааг анхаарах ёстойг тайланг гаргагчид чухалчлав.
Интернэтийг хязгаарлахдаа төхөөрөмжийн холболт, Wi-Fi-д халдах, кибер довтолгоо үйлдэх, шилэн кабель таслах гэхчлэн янз бүрийн хэлбэрээр халдах болжээ. Мөн хувийн компаниудын оролцоо нэмэгдэж, сошиал медиа компаниуд контент зохицуулалтын хүрээнд олон нийтийн дижитал эрхэд халдах болоод байна. Нөгөөтээгүүр Засгийн Газрууд платформыг хязгаарлах нь интернэт хориглохоос ялгаатай гэж үзэн халдах тохиолдол бий болов. Гэвч хүмүүс, олон нийтийн харилцааны гол хэрэгсэл, бие биетэйгээ холбогдох гол суваг болсон энэ үед платформыг унагах нь интернэтийг хаахаас ямар ч ялгаагүй цензурийн хэлбэр юм.
Платформын хязгаарлалт 2024 онд:
Х платформ 14 улсад хамгийн олон буюу 24 удаа
Facebook 12 улсад 22 удаа
YouTube 10 улсад 15 удаа
Viber 5 улсад 8 удаа
Telegram 8 улсад 13 удаа
TikTok 10 улсад 10 удаа
Технологийн хөгжил хурдацтай явагдаж, шинэлэг, инновацлаг болж хэрэглэгчид хожиж байгаагийн нөгөө талд хүний эрхэд халдагсад ч энэ технологийг гаргууд эзэмшиж байгааг #KeepItOn санаачилгын мэргэжилтнүүд онцолж байна. Тэд аливаа зөрчил, мөргөлдөөний үед мэдээлэл, харилцааны дэд бүтцэд халдахгүй байх, хэвийн ажиллагааг хангахад хүчин чармайлт гаргахыг олон улсад уриаллаа. Мөн улс, орнуудын хувьд интернэт тасалдсан аливаа тохиолдлыг идэвхтэй бүртгэх, учир шалтгааныг эрэн тодруулах, хэвийн үзэгдэл мэт орхихгүй байхыг зөвлөв. Түүнчлэн аюул, гамшгийн үеийн арга хэмжээндээ хүний эрхийг төвд тавьж байхыг хүслээ. Харин сошиал платформуудын хувьд “Бидэнд хамаагүй” гэж хойш суух биш, нийгэм олон нийттэй хамтран ажиллах, эрх баригчид олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцуудаа үргэлж санаж байхыг зөвлөлөө.