Хайх зүйлээ бичнэ үү

18 мин

Миллениалуудын ажлын орчин: LEAD Mongolia хөтөлбөрийн төгсөгчид


Салбар салбарын ажил хэрэгч залуус цуглаж, өөрсдийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ, сурсан мэдсэнээ ашиглан нийгэмд хэрэгтэй төслүүд хэрэгжүүлдэг, үр өгөөжтэй нэгэн хөтөлбөр байдаг нь LEAD MONGOLIA билээ. Энэхүү хөтөлбөрийн төгсөгчдийг энэ удаагийн Миллениалуудын ажлын орчин буландаа урьсан юм. Хувийн хэвшлийн, төрийн, олон улсын, стартап гээд төрөл бүрийн салбарт ажиллаж яваа эдгээр залуусын ажлын орчинд уншигч таныг аваачъя. 

Дашрамд дурдахад, нийгэмд хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй, шинийг хийж бүтээж яваа, 25-40 насны залууст зориулсан LEAD Mongolia 2020 АНУ дахь солилцооны хөтөлбөр сүүлийн удаа зарлагдаж байна. Өргөдлийн маягтыг дараах холбоосоор бөглөж, 2020.05.17-ноос өмнө илгээгээрэй. LEAD Mongolia хөтөлбөрийн фэйсбүүк хуудсаар зочилж, нэмэлт мэдээлэл аваарай.

Эрх зүйч, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын агуулгын багийн гишүүн О. Гэрэлээ: Өдрийг тав тухтай эхлүүлбэл бүтээмж өндөр байдаг

АЖИЛДАА ДУРЛАХ ШАЛТГААН: Манай хамт олон хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлын төлөө ажилладаг. Байнга хүмүүстэй харилцаж байдаг, нэг ёсондоо албан бус боловсрол олгох ажил эрхэлдэг гэсэн үг л дээ. Сургалт, ярилцлага, хэлэлцүүлгийн дараа хүмүүсийн нүдэнд гэрэл асдаг юм. Үүнийг харах хамгийн сайхан. Энэ л ажилдаа дурлах, эрч хүч авах шалтгаан болдог доо.

АЖЛЫН ХЭВ МАЯГ: Ажлын хэв маягийн хувьд манайх аварга том компани, корпораци биш учраас аль болох хатуу дэг журамд хүлэгдэж, хязгаарлагддаггүй нь сайхан шүү. Ямар ч санаа оноо, ажил хэргийг бид багаараа ярилцаад, өөрсдийнхөөрөө хийж болдог. Хэний ч, ямар ч санаа байсан тэр нь нийгэмд чиглэсэн чухал төсөл, бодит ажил болох боломжтой. Тиймээс ажиллахад урамтай байдаг.

Тэгэхгүй, миний хийх ажлыг цаанаас нь нэг хүн бодоод олчихсон, за өнөөдөр энийг л хий гэдэг бол хэцүү л дээ. Надад ажлын цаг, ажлын өдөр ч гэж нарийн хуваарь яг таг байдаггүй. Ажлыг маань сайн мэдэхгүй хүмүүс сайн ойлгодоггүй талтай. Байнга ажилтай гэх мөртлөө өдрийн ямар ч цагт зав чөлөө гаргавал гаргачихна. Гэхдээ ингэж ажиллахад хүний хувийн сахилга бат чухал. 09.00-18.00 цаг хүртэл хатуу хуваариар суухгүй, өөрөө төлөвлөгөө, хуваариа гаргах учраас ажиллах цагтаа өөрийгөө захирч, яс суух ёстой. Хэцүү тал нь гэвэл энэ. 

БҮТЭЭМЖ ӨНДӨРТЭЙ АЖИЛЛАХАД БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ: Ажил хийнэ гэдэг ганцхан ажлаа хийгээд л суух тэр цаг хугацаа биш юм байна гэж бодох болсон. Хүн бие махбод, сэтгэл зүй, оюун санаагаа бэлтгэж, сайн төвлөрч сурах хэрэгтэй юм байна. Ажил гэдэгт зөвхөн гараас гарч байгаа хөдөлмөр бүтээлээс гадна түүнийг хийхийн тулд өөрийгөө бэлтгэж, өөрийнхөө төлөө хийж буй бусад зүйлс ч багтана. Ус сайн уух, эрүүл хоол идэх, хөдөлгөөн, бясалгал хийх зэрэг нь бүгд ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэхэд их нөлөөтэй юм байна. Тиймээс би өглөө ус ууж эхлээд, чадвал бясалгал хийхийг, бас ном уншихыг хичээдэг юм. Өдрийг энэ мэт тав тухтай эхлүүлбэл бүтээмж өндөр байдаг. 

 Яг ажиллах үедээ, ажлаа тойрч, хойш нь тавихгүйн тулд 1 минутын дүрэм гээчийг хэрэгжүүлж эхэлсэн. Аливаа ажлыг удаан сууж хийнэ хэмээн өөрийгөө хүчлэлгүй, за нэгхэн минут хийчихье гээд суухад аяндаа цааш үргэлжлүүлэн ажилладаг. 

ЗурагТайлбар






АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ: Дэвтэр, компьютер, Гүүгл календар байхад болно доо. Мөн ажлуудаа хийх боломжтой жижиг, жижиг алхмуудад хуваадаг. Өнөөдөр тэрийг бүтнээр нь дуусгана гэхийн оронд өдөрт тодорхой цагийг л тэр ажлаа хийхэд зориулна гээд төлөвлөчих. Ингэвэл ажил урагшилахад нэмэртэй байдаг. 

АЖЛЫН ОРЧИН: Бидний ажил өөрөө залууст чиглэсэн, оролцооны, бүтээлч ажлууд болохоор тэр ‘vibe’ нь оффисоос мэдрэгддэг. Хүн бүрийн, төрөл бүрийн уур амьсгал нийлж энэ оффисыг бүрдүүлдэг. Энэ клубын гишүүд болон хөтөлбөрийн төгсөгчид, хамтран ажилладаг бүх хүмүүст энэ орон зай нээлттэй. 

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: Бид ерөөсөө ажлаа албан ажил гэж хардаггүй. Хүний эрхийн төлөө, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үнэт зүйлээрээ нэгдсэн хүмүүс цугласан болохоор энэ ажилдаа ажил гэж баригдмал ойлголтоор хандахаас илүүтэй хамтдаа бүтээсэн, бие биенээсээ суралцсан, бүтээлч, чөлөөтэй уур амьсгал бүхий газар байлгахсан гэж хичээдэг нь манай онцлог байх.

Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан: Миллениалуудтай хамтарч ажиллахын тулд технологийн хөгжлийг ашиглах зайлшгүй шаардлагатай

АЖИЛДАА ДУРЛАХ ШАЛТГААН: Манай компани төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нийслэлийн бүтээн байгуулалтад нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хугацааны нийслэлийн хөгжлийг харахад улсын болон нийслэлийн төсвийн хүрээнд маш хязгаарлагдмал хөгжиж ирж. Гэтэл хотын хөгжлийг дараагийг шатанд гаргахын тулд хувийн хэвшлийн хөрөнгө, оролцоогүйгээр хийх ямар ч боломж байхгүй. Нийслэлийн төсөв гэхэд зөвхөн хотын ахуй амьдрал, урсгал зардалд зарцуулагдаад дуусдаг. Үүнээс цаашхи дараагийн том хөгжлийг ярьмаар байвал энд хувийн хэвшлийн болон гадна, дотны хөрөнгө оруулалт шаардлагатай. Би өөрөө бизнесийн удирдлага, санхүүгийн менежментийн мэргэжилтэй. Ерөнхийдөө сүүлийн 8 жил дэд бүтцийн салбарт ажиллалаа. Нийслэлийн хөгжилд хөрөнгө татаж оруулах гол зорилготой миний хувийн үнэт зүйл, хүсэл эрмэлзэл нийцсэн учир энд ажиллаж байна даа. 

АЖЛЫН ХЭВ МАЯГ: Миний ажил бол үндсэндээ хурал, уулзалт. Харилцан тохиролцож, зөвшилцөж, хэлэлцэх ажил голдуу байдаг учир өглөөнөөс орой болтол хурал уулзалттай байх нь элбэг. Эдгээрийн дундуур өөрийгөө сэргээх, үргэлжилсэн их уулзалтуудаас өөрийгөө аврах арга бол миний хувьд цайны цагийн дасгал хөдөлгөөн. Сүүлийн үед зав гарахгүй байна, цар тахалын хязгаарлалтаас өмнө бол өдрийн 12.00-13.00 цагийн хооронд фитнесст явж дасгал хийдэг байв. 

ЗурагТайлбар




БҮТЭЭМЖ ӨНДӨРТЭЙ АЖИЛЛАХАД БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ: Сошиал медиа хүний анхаарал сулруулдгийг анзаараад сүүлийн 4 жил үүнийг хэрэглээгүй. Харин сүүлийн үед ажлын шаардлагаар буцааж нээгээд байна. Тодорхой хэмжээнд хэрэглэх шаардлага гарч байна. Ер нь гэхдээ би хажууд юу ч болж байсан ажилдаа гайгүй төвлөрч чаддаг юм шиг байгаа юм. Маркер, тэмдэглэл бичих цаас байхад болоод явчихдаг. Бас эмх цэгцтэй орчинд ажиллахыг боддог. За тэгээд ажлын дундуур сонирхолтой ном унших нь бий. Ойрд “The Power Broker” гээд Нью-Йорк хотыг бүтээн байгуулсан эрхмийн тухай ном уншиж байна. 

АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ: “Asana”, “Slack” гээд төлөвлөлтийн платформууд дээр байгууллагын ажил явж байна. Манай хамт олон 1990 оноос хойш төрсөн, залуу хүмүүс голдуу. Энэ late millennials залуустай хамтарч ажиллахын тулд бид яалт ч үгүй технологиийн хөгжлийг ашиглах шаардлагатай. Би хувьдаа Гүүгл календар дээр том ажлуудаа төлөвлөдөг юм. Календар дээр ажлаа тэмдэглэдэг арга барилд анхнаасаа суралцсан учир энэ маань өөрчлөгдөөгүй байна.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: Даваа гарагийн өглөөг бид хурлаар эхлүүлдэггүй. Шинэ долоо хоногийн эхний өглөө хүмүүсийн сэтгэл зүй ажилдаа бүрэн дүүрэн төвлөрөхөд бэлэн биш байдаг. Тиймээс бид Даваа гарагт өглөө эртхэн цуглаад цай, кофегоо хамт ууцгааж, нэг цагийг чөлөөт уулзалт, ярилцлага хийж эхлүүлдэг. Баасан гарагт ажил тарахын өмнө мэдээллийн цаг хийж, ажилчид маань ээлж ээлжээр бусаддаа хэрэгтэй гэж бодсон аливаа мэдээлэл, эсвэл өөрийн сонирхлын дагуух сэдвээр яриа хийдэг. 

“Hello baby” жирэмсэн ээжийн хөтөч аппликейшний үүсгэн байгуулагч Б.Манд: Өмнөх ажлын арга барилаасаа салж, өөрийгөө эвдэх гэж тодорхой хугацаа зарцуулсан 

АЖИЛДАА ДУРЛАХ ШАЛТГААН: Хоёр жилийн өмнө ээж болсноор өнөөдрийн хийж байгаа ажлын маань үндсэн эхлэл тавигджээ. Эмэгтэй хүн хөл хүнд болсон гэдгээ мэдсэн мөчөөс эхлээд айх, гайхах, баярлах, сэтгэл түгших олон мэдрэмжүүд зэрэгцэн төрдөг. Үр минь эрүүл бойжиж байгаа болов уу, миний биед яагаад ийм гайхмаар сонин өөрчлөлтүүд гарч байна, хэрхэн зөв хооллож ундлах вэ гэх мэтчилэн олон асуултуудтай нүүр тулдаг. Ингээд мэдээлэл хайгаад үзэхээр жирэмсний туршид намайг хөтлөөд аваад явах мэргэжлийн, цэгцтэй, цогц мэдээлэл монгол хэл дээр тун ховор байсан. Эргэн тойрноо харахад ч надтай адилхан мэдээллээр дутагдсан ээжүүд олон байсан.

Эмч нарын маань гаргасан ном гарын авлагууд байдаг ч хүртээмж талаасаа гар дор бэлэн, биедээ авч явж болохуйц, хөтөч аппликейшн байвал ямар сайхан бэ гэж бодож байлаа. Бид чинь нэг хүнд ноогдох ухаалаг утас болон дата хэрэглээгээрээ бүс нутагтаа толгой цохидог улс шүү дээ. Тэгээд л эрүүл мэндийн мэдлэг бүхий контентыг хүний өдөр тутмын амьдралд ойртуулж, уялдуулсан “дижитал бүтээгдэхүүн” хийхээр зориглосон нь энэ. Апп маань гараад арваад хонож байна, аль хэдийн 1000 хэрэглэгчтэй болжээ.

АЖЛЫН ХЭВ МАЯГ: Энэ аппликейшныг бүтээхэд олон талын мэргэжилтнүүд хамтардаг. Эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, гар утасны апп хөгжүүлэгчид, мөн дижитал бүтээгдэхүүний дизайнерууд, сэтгүүлч редакторууд гээд олон талын мэдлэг мэргэжил дундаас апп маань бүтнэ. Өөрөө би ерөнхийдөө менежерийн үүрэг гүйцэтгэж, багуудын хамтын ажиллагааг хангах, чанартай гүйцэтгэл гаргах тал дээр анхаарч байна.

Би бизнесийн удирдлага, эдийн засгийн мэргэжилтэй л дээ. Өмнөх ажлууд дээрээ нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, түүнийгээ яг таг мөрдөж ажилладаг байв. Гэтэл технологийн стартап эхлүүлээд явахад шал өөр ажлын арга барил шаардагдсан.

3 сарын өмнөх хэрэглэгчийн зан төлөв өнөөдөр өөрчлөгдсөн байдаг тул бүтэн жилээр төлөвлөөд түүнийгээ баримтлахад хэцүү. Аль болох уян хатан, боломжуудад нээлттэй хандахыг чухалчилж байна. Салбар нь байнгын өөрчлөн сайжруулалт хийх (design thinking), хурдтай ажиллах шаардлагатай ба урд хийсэн ажлаа үндсээр нь өөрчлөөд (pivot) дахиад хийх чадвар, сэтгэл зүйг шаарддаг. Өмнөх ажлын арга барилаасаа салж, өөрийгөө эвдэх гэж тодорхой хугацааг зарцуулсан шүү. Одоо ч бас суралцаад л явж байна.

ЗурагТайлбар






БҮТЭЭМЖ ӨНДӨРТЭЙ АЖИЛЛАХАД БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ: Урамшууллын системийг ажиллах арга барилдаа бий болгосон. Том ажлуудаа хэсэгчлээд, хуваагаад, хийсэн ажлуудаа тэмдэглээд явдаг. Бид нар эхэндээ өөрсдийн апп-аа гадаадын 500 сая хэрэглэгчтэй 30 жил хөгжүүлсэн апп-тай харьцуулаад, санаагаар унах гээд байдаг байсан. Гэхдээ нэгэнт л уулын оройгоо харчихсан бол тасралтгүй сайжирч, өнөөдөр өчигдрийнхөөс хэр их урагшилж вэ гэдгээ хэмжиж явах нь чухал.

АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ: Жилдээ 3-4 удаа бүтээгдэхүүн сайжруулалтыг “design sprint” аргачлалаар хийх төлөвлөгөөтэй. Уулзалтаас гарсан шийдвэрүүд нь тухайн жилийнхээ бүтээгдэхүүн хөгжлийн төлөвлөгөө болоод явна. Ер нь хэрэглэгчээ дотор нь орсон мэт мэдэрч чадвал таны юу хийх, хийхгүй байхыг тэд хэлээд өгнө дөө. Харин өдөр тутмын ажлын төлөвлөгөөг “Asana” дээр, хурлуудаа “Zoom” дээр хийгээд л явж байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Агаарын бохирдол, байгаль орчны хөтөлбөрийн мэдлэгийн менежмент хариуцсан мэргэжилтэн Б.Мөнгөнхишиг: Хүн ажлын үйл явц, процесс дунд өөрийгөө алдах үе байдаг тул байнгын санамж хэрэгтэй

АЖИЛДАА ДУРЛАХ ШАЛТГААН: Миний хувьд үндсэн мэргэжил маань мэдээлэл харилцааны мэргэжил л дээ. “Communication for development” чигэлэлээр мэргэшсэн. Ер нь сургууль төгсөөд хүмүүнлэгийн салбарт ажиллах чин хүсэлтэй байсан. Бизнесийн байгууллагуудад ажилласан, гэхдээ миний байх газар биш шиг санагддаг байлаа. Тэгээд бодож, зорьж явсаар өөрийн хүссэн чиглэлээрээ ажиллаж буй маань энэ. Агаарын бохирдлын асуудал бол үнэхээр хүн бүхэнд хамаатай тулгамдсан асуудал мөн учраас үүнийг шийдвэрлэхэд гар бие оролцох нь өөрийн үүрэг гэж ойлгодог.

АЖЛЫН ХЭВ МАЯГ: Би дөнгөж ажилд орчихоод ажил дээрээ нэлээн орой болтол суудаг байлаа. Хамт ажилладаг хүмүүс маань ингэж оройтохыг дэмждэггүй байв. Үнэндээ тэдний зөв байсан. Судалгаагаар хүн өдөрт 4 цагийг л яг ажлаа хийхэд зарцуулж, бусад цагийг хүмүүстэй харилцаж, өөр зүйлс хийж өнгөрөөдөг байна л даа. Мэдээж эдгээр нь бас ажлын нэг хэсэг байж болно. Тэгэхээр хүн хэдий их ажилтай байсан ч яг үр дүнтэй ажиллах нь цөөхөн цаг байдаг байх нь. Манай оффисын суурин төлөөлөгч Алекс Хайкенс гэж хүн бий. Тэр өглөө 7.30-д ирээд, орой ямар ч чухал хурал, ямар ч албан тушаалтантай уулзах байсан хамаагүй 4.30-д тараад л явдаг. Яагаад гэвэл энэ хүн гэртээ гэрийнхэнтэйгээ оройн хоолоо идэх, бас дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй, тэгж байж урт хугацаандаа илүү үр дүнтэй ажиллана гэж үздэг байна. Энэ мэт хэв маягийг өөртөө төлөвшүүлэх гэж хичээж л явна.

ЗурагТайлбар



БҮТЭЭМЖ ӨНДӨРТЭЙ АЖИЛЛАХАД БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ: Ер нь ажлуудаа сайн зохион байгуулахын тулд байнгын санамж хэрэгтэй. Манай суурин төлөөлөгчийн өрөөнд ороод харвал ханан дээр хийх, хийж буй, хийсэн ажил зэргээ гурав ангилаад бичээд наасан байдаг юм. Хэн ч орж ирээд харсан түүний ажил ямар шатандаа явааг мэдэхээр. Энэ арга надад бас таалагддаг. Хүн ажлын үйл явц, процесс дунд өөрийгөө алдах үе байна. Заримдаа ажил удаашрана, том зургаар нь харж чадахгүй үе ч гарна. Тиймээс өөртөө сануулах зорилгоор энэ мэт visual аргуудыг ашиглахад зүгээр.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: Манай оффисын хувьд НҮБ-ын байгууллагууд дундаа хамгийн тав тухтай, уян хатан ажлын нөхцөлтэй нь гэж хэлбэл буруудахгүй болов уу. Хөл хорионоос өмнө ч бид долоо хоногт нэг удаа гэрээсээ ажилладаг заншилтай. Бас таван өдрийн ажлаа дөрвөн өдөрт хуваарилаад нэг өдөр нь амарч болдог гэх мэт. Мөн төрсөн ээжүүдэд 6 сарын, аавуудад 4 сарын цалинтай чөлөө олгох жишээний. Дээр нь оффист маань хүүхэд тоглох, хөхүүл ээжүүдэд зориулсан гэх мэт амралтын өрөө бий. Ер нь л ямарваа нэг байдлаар ажилчдынхаа тав тухыг хангах тал дээр сайтар анхаардаг шүү.

Бас нэг зүйл гэвэл бид оффистоо агаарын чанар хэмжигч, агаар цэвэршүүлэгч байнга ашигладаг. Агаар бол байнгын хэрэгцээ учраас ямар агаараар амьсгалж буйгаа хүн мэдэж байх шаардлагатай. Тэгээд ч үнэхээр агаарын чанарын асуудал ярих гэж буй бол өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.  

Монгол Контент ХХК-ийн видео инженер З.Баярмаа: Ажлын ачаалал их байвал бүтээлч чадвар буурдаг

АЖИЛДАА ДУРЛАХ ШАЛТГААН: Миний ажил бол ерөөсөө л видео бүтэх бүх процесс л доо. Зураг авалт, эвлүүлэг, пост продакшн гэхчлэн бүх л ажилд оролцож ажилладаг юм. Би уг нь сэтгэл судлалын салбарыг сонирхоод, нийгмийн ажилтан мэргэжлээр сурсан. Гэтэл яваандаа сэтгэл судлалын ажил миний хувь хүний зан төлөвтэй зохицохгүй гэдгийг мэдсэн гэх үү дээ. Яагаад гэвэл би өөрөө эмзэг хүн юм билээ, тэгээд хүний асуудалд өөрөө сэтгэл хямарчихдаг юм байна гэдгээ мэдсэн. Тиймээс мэргэжлээ орхиж, юу чадахаа олох гэж олон зүйл туршиж, хайж явсан л даа. Камертай болсноор энэ бүхэн эхэлсэн. Зураг дарж, бичлэг хийж туршсаар, үүндээ дуртай болж, хөгжүүлсээр, одоо энэ мэргэжлээрээ аль хэдийн 5 жил ажиллажээ. Ажлаа хийгээд суухаараа цаг хугацааг мартаад, бүрэн автсан байдаг. Тиймээс энэ л миний зүрх сэтгэлийг татдаг ажил юм байна гэж мэдэрсэн. Бүтээл болоод амилсан ажлуудаа үзээд суухад таашалтай байдаг. Тэгэх тусам улам илүү гоё юм хийх юм сан гэх хүсэл төрнө. Заримдаа сэтгэлд хүрэхгүй ч байх нь бий. Тэр бүрт суралцаж явдаг. 

АЖЛЫН ХЭВ МАЯГ: Өдөр тутмын ажил янз бүр байдаг. Заримдаа гадуур өдөржин зурганд явах үе байна. Зарим өдөр оффистоо сууж эвлүүлэг хийнэ. Гэхдээ миний ажлын бүх юм ойлгомжтой, төлөвлөгдсөн байдаг учраас төлөвлөгөөнийхөө дагуу л явахад бүх зүйл болчихно. Гэнэт энд тэндээс янз бүрийн ажил гарч ирэхгүй нь амар. Төслийн санаа төлөвлөгөөгөө бүгдээрээ ярилцаж шийдээд, зохиолоо гаргаад, зураг авалт болон дараах ажлуудаа сайтар төлөвлөчихөөд дор бүрнээ хувааж аваад л сууна даа. 

ЗурагТайлбар



БҮТЭЭМЖ ӨНДӨРТЭЙ АЖИЛЛАХАД БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ: Бүтээмж сайтай байхын тулд би аль болох ачаалал багатай, тайван ажиллахыг хичээдэг. Олон ажлаар даруулаад, шахуулаад байвал бүтээлч чадвар унадаг мэт санагддаг. Үүнийг илүү сайнаар яаж хийх вэ гэдгийг бодох хугацаа гардаггүй учраас. Яаж гоё хийх вэ гэж сайн бодох тусам л сайн бүтээл гардаг. Дээр нь кино үзэж байхад, хөгжим сонсож байхад янз бүрийн санаанууд орж ирдэг. Тиймээс өөртөө тийм цаг гаргаж, тайван байх боломж олгох хэрэгтэй гэж боддог. 

Бас Covid-19 халдварын үе учраас зайнаас ажиллахыг туршсан ба ингэж ажиллахад хэцүү санагдсан шүү. Нэгдүгээрт миний ажилд хүчин чадал сайтай компьютер шаардлагатай учраас ажил дээр ирэх хэрэг гарч байна, нөгөөтэйгүүр бидний ажил байнгын багийн ажиллагаа шаарддаг учир зайнаас багаар ажиллахад жаахан төвөгтэй. Ширээ тойрч ярилцаж ажиллаж сурсан байна лээ.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: Би үнэндээ 09.00-18.00 цагийн хооронд ажиллах тийм ч дуртай биш л дээ. Аз болж манай байгууллагын хувьд ажлын цаг 07.00-10.00-ийн хооронд эхлээд 16.00-19.00 цагийн хооронд дуусдаг. Энэ дундуур хэдэн цагт ирээд хэдэн цагт явахаа та өөрөө сонгож болно, гол нь 8 цаг л ажиллах ёстой. Бас ажлын ачаалал бага үед байгууллагын зүгээс ажилчдадаа төрөл бүрийн сургалт, авахыг хүссэн хичээлүүд зэргээр нь хангадаг юм. Чи юу сурмаар байна, өөрийгөө яаж хөгжүүлмээр байна гэж асууж, дэмждэг. Мөн бэлгийн цөөнх хүний хувьд хэлэхэд ажлын орчинд ялгаварлан гадуурхалт байдаггүй нь таалагддаг. Ийм хамт олонтой байгаадаа баярладаг шүү. 

Эрчим хүчний зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Жамбаа: Ажлыг хурдан шуурхай, оновчтой хийх нь технологийн ололт, ашиглалтаас ихээхэн хамаардаг

АЖИЛДАА ДУРЛАХ ШАЛТГААН: Би цөмийн технологи, эрчим хүчний бодлогын чиглэлээр МУИС болон Сөүлийн их сургуульд мэргэжил эзэмшсэн. Эрчим хүчний салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна. Манай хороо эрчим хүчний салбарын зохицуулалт хийж, үйлдвэрлэгч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хадгалах үүрэгтэй байгууллага байгаа юм. Өнөөгийн нийгэмд эрчим хүчгүйгээр улс орны хөгжил дэвшлийг төсөөлөхийн аргагүй. Албан байгууллага, айл өрхөд гэрэл гэгээ, дулаан түгээх үйлсэд гар бие оролцож,  утга учиртай сайхан ажил хийж байгаадаа урамтай явдаг. 

АЖЛЫН ХЭВ МАЯГ: Миний ажлын өдөр ихэвчлэн дэлхий дахинд юу болж буй тухай BBC, CNN- ий мэдээлэл гүйлгэж харахаас хэлдэг. Бид 200 гаруй дотоод, гадаадын байгууллагатай ажилладаг болохоор үйл ажиллагааны онцлогоосоо хамааран хурал, уулзалт ихтэй. Тиймээс ажлын цагийн бараг 30 орчим хувь нь уулзалт, хурал байдаг. Багаар хамтран ажиллах, хамтын шийдвэр гаргах ажлууд гол төлөв бий.


БҮТЭЭМЖ ӨНДӨРТЭЙ АЖИЛЛАХАД БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ: Сүүлийн үед бүх зүйл технологи дээр суурилж байна. Ажлыг хурдан шуурхай, оновчтой хийх нь технологийн ололт, ашиглалтаас ихээхэн хамаардаг. Гадуур явах үедээ аливаа мэдээлэл, баримт бичгээ шейрлэж чадахгүй, ажил дээрээ заавал очиж явуулдаг зэргээс зайлсхийхийн тулд сардаа хэдэн цөөн хэдэн доллар төлөөд хаана ч явсан утаснаасаа бүх юмаа шейрлээд байж болох үүлэн системд суурилсан “storage” ашигладаг. “Office 365” хэрэглэхэд1 террабайт зай өгдөг шүү дээ. За тэгээд мэргэжлийн чиглэлийн апп-ууд хэрэглэнэ. Гэхдээ цаг хугацаа хязгаарлагдмал тул олон зүйл ашиглаад байх боломж тэр бүр гарахгүй л байна. 

ЗурагТайлбар





АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ: Өдөр тутмын болон ойрын хугацаанд хийх ажлын хувьд жагсаалт гарган тэмдэглэж, нүдэнд ил байхаар компьютерийн дэлгэц дээрээ наагаад, хийж дуусахаараа авдаг. Анхаарал төвлөрөл, бүтээлч сэтгэлгээ шаардсан ажлуудыг аль болох түрүүлж хийдэг. Мөн богино хугацаанд буюу 5-10 мин дотор хийж болох ажил байвал тэр дор нь хийхийг хичээдэг. Харин томоохон ажлыг олон жижиг алхам болгон бага багаар ахиулдаг.

АЖЛЫН ОРЧИН: Анхаарал сарнихгүйгээр төвлөрч суух бүрэн боломжтой өөрийн гэсэн энэ жижиг ажлын өрөөндөө дуртай. Өөрт хэрэгтэй гарын доорх цөөхөн эд зүйлстэй, түүндээ ойрхон байх амар байдаг. Хэрэггүй олон эд зүйлс бүтээмж бууруулна гэж үздэг. Утас, принтер, компьютер байхад л болно доо. 

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: Энэ жилийг байгууллагын соёлыг дэмжих жил болгон зарласан учир ажилчдын дунд янз бүрийн уралдаан тэмцээн зохиогдож байна. Бид ажилчдаа юун түрүүн эрүүл байх ёстой хэмээн үзэж байгууллага дотроо өөрсдийн хоолны газар ажиллуулдаг. Мөн фитнесс төв бий. Хүн эрүүл чийрэг байж ихийг бүтээх тул эдгээр нь үр дүнгээ өгч буйд эргэлзэхгүй байна.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

dulmaa 2020.05.11 172.69.252.137

Burjk julh julh

0 Хариулах