UBLife Logo
🥇 Парис - 2024

Нэхдэг олимпын аварга нэхсээр л байна

Нэхдэг олимпын аварга нэхсээр л байна

Парисын олимпын усанд үсрэлтийн тэмцээн элдэв сенсаацгүй өндөрлөлөө. Ялагдашгүй хятадууд хэмээгддэг Лянь Цзюньцзе, Хао Ян нар алтан медаль авч, Их Британийн Том Дэйли, Ноа Уильямс хоёр мөнгөн медаль хүртэв. Жирийн л нэг явдал. Гэхдээ энд спорт сонирхогчид төдийгүй дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан нэг зүйл байсан нь Том Дэйли. Токио олимпын үеэр цамц нэхээд сууж байснаараа алдаршсан тэрээр тэмцээнээс нэг хоногийн өмнө эмэгтэйчүүдийн тэмцээний үеэр үзэгчдийн суудалд бас нэхээд сууж байгаа нь камерт өртсөн юм. Тиймээ, нэхдэг хоббитой олимпын аварга хоббигоо хаясангүй. Тэр энэ удаад өөрийнхөө нэртэй свитер цамц нэхээд сууж байлаа.

Томас Дэйли багаасаа л өөрийн спортын төрөлдөө од байсан. 13 настайдаа Европын хамгийн залуу аварга болж, 14 настайдаа Бээжин олимпод оролцож, 15-тайдаа дэлхийн аварга болж байлаа. 30 настай түүний цуглуулганд хоёр олимпын 1 алт, 3 хүрэл медаль бий.

Токио олимпын үеэр түүнийг тун чадмаг нэхээд сууж байгаа зураг, бичлэг дэлхийд тарснаас хойш Томас улам алдаршсан. Токио олимп өндөрлөх хүртэл тэр нохойндоо цамц, өөртөө Их Британийн бэлгэ тэмдэгтэй цамц, алтан медалийн сав нэхэж амжсан байлаа.

Томас “Би нэхмэлийн зүү, хэрэглэл захиалаад YouTube орж, нэхэж сурсан. Өдөр болгон шинэ техник, шинэ арга барил сурж байлаа. Сүүлдээ өөрийн гэсэн шинэ аргатай болсон. Токиод цар тахлын улмаас гадуур гарахыг хориглосон байлаа. Өрөөндөө хэвтээд, хэт олон зүйл бодохоос зайлсхийхийн тулд би чөлөөт цагаараа нэхээд л байсан. Энэ бол миний бясалгал байсан. Тэмцээн уралдаанаас илүү нэхэхдээ санаа зовж байв” гэж тэр ярьж байв.

Ингээд тэр алдаршлаа. “Хайраар урлалаа” нэртэй дэлгүүр нээж, нэхсэн хувцсаа зардаг болов. Олимпын наадамд зориулсан “1896” загвар гаргалаа. Сүүлдээ Лондоны Загварын 7 хоногийн шоунд оролцоно гэж хүртэл мэдэгдэж байсан удаатай. Тэр бид Их Британийн шигшээ биш Их Нэхэлтийн шигшээ байгуулах хэрэгтэй гэж хүртэл ярьсан.

Парис олимпод ирээд ч тэр нэхсээр. Энэ сарын 28-нд өөрийнхөө нэртэй свитер нэхээд сууж байгааг нь сэтгүүлчид олж харсан. Хэдийгээр өчигдөр тэр мөнгөн медальтай дууссан ч ганцаарчилсан уралдаанууд түүнийг хүлээж байна. Магадгүй олимпын алтан медаль авчихвал уран бүтээлийн улам их амжилт олох биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.