UBLife Logo
Спорт

Сан Мариногийн хөлбөмбөгийн шигшээ 20 жилийн зайтай хоёр дахь тоглолтодоо хожлоо

У.Чинзориг
У.Чинзориг
Сан Мариногийн хөлбөмбөгийн шигшээ 20 жилийн зайтай хоёр дахь тоглолтодоо хожлоо

Өчигдөр Европын Үндэстнүүдийн лигт Лихтенштейний багийг 1:0-ээр хожсон Сан Мариногийн шигшээ албан ёсны тэмцээнд анхны ялалтаа дархаллаа.

Сан Мариногийн хөлбөмбөгийн шигшээ баг анхны тоглолтоо 1990 онд Швейцарьтай хийсэн бол анхны бөгөөд цорын ганц ялалтаа 2004 онд Лихтенштейнтэй нөхөрсөг тоглолт хийхдээ 1:0-ээр хожиж бүртгүүлсэн юм.

Тэр цагаас хойш 20 жилийн хугацаа өнгөрч, энэ зуурт Сан Мариночууд 140 тоглолтын туршид ялж чадаагүй нь аль хэдийнээ хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн урт үргэлжилсэн хожилгүй цуврал болжээ.

Тэд өдгөө ФИФА-гийн чансаанд эрэмбэтэй 210 орноос 210-д жагсаж байна. Сан Марино 2023 оны 9-р сард 208-р байрнаас урагшилсан, учир нь тэднээс урд эрэмблэгдэж байсан Эритрей улсын баг сүүлийн дөрвөн жилд ердөө тоглоогүй тул жагсаалтаас хасагдсан. Харин тэр цагаас хойш ФИФА-гийн чансаанд шинээр нэмэгдсэн улсууд ч тэдний өмнө эрэмблэгдэж буй.

Сан Марино 33,000 оршин суугчтай бөгөөд дэлхийн тав дахь жижиг улс юм. Тус улсын нутаг дэвсгэр ердөө 61 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлдэг нь Манчестер хотын бараг л тал хувьтай тэнцэнэ.

Хөлбөмбөгийн шигшээ баг нь нь механикч, хүргэлтийн жолооч, үнэт эдлэлийн үйлдвэрийн ажилчин тэргүүтэй хүмүүсээс бүрддэг. 

Пүрэв гарагт явагдсан эл тоглолтод хожлын үнэ цэнтэй гоолыг Италийн дөрөвдүгээр дивизонд тоглодог 19 настай Нико Сенсоли оруулав.

2021 онд явагдсан ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод Английн шигшээ багтай учраа таарч, 10:0-ээр бут ниргүүлсэн билээ, тэд. Гэлээ ч тэр цагаас эхлэн Сан Мариногийн хөлбөмбөгчид эрс сайжирсан билээ. Улмаар өнгөрсөн оны 10-р сард дэлхийд 18-р байрт эрэмблэгдэж буй хүчирхэг Данийн эсрэг гоолдсон ч 2:1-ээр хожигдсон юм.

Энэ нь тэдний хувьд 2021 оны есдүгээр сарын 5-наас хойших хугацаанд оруулсан анхны гоол байв. Харин түүний дараахан Казахстан, Финланд, Сент Китс ба Невисийн эсрэг гээд гурван тоглолтод дараалан гоол оруулсан ч, тэд хожлын тоогоо хоёрт хүргэж чадаагүй юм.

Сан Мариногийн шигшээ зөвхөн Европын шилдэг багуудад л хожигддог юм биш. 2022 онд л гэхэд тэд Кабо-Верде, Мальта (хоёр удаа), Сент Люсиад мөн хожигдсон.

Хэдийгээр тоглох, хожигдох (заримдаа маш олон гоолын зөрүүгээр) гэсэн хар дарсан зүүд мэт үйл явдал тэдэнд байнга тохиолддог хэдий ч тоглогчид нь хэзээд ялагдал хүлээхээс залхдаггүй.

Тэд маргааш нь үндсэн ажил руугаа шамдахаас урьтаж дэлхийн шилдэг тоглогчдын эсрэг хөлбөмбөг тоглох мөрөөдлөө биелүүлдэг ажилчин эрчүүд юм. Тэдэн дунд хатуу ширүүн зөрчил, эго байдаггүй. Тэд бол ямар ч шилдэг багтай нүүр тулсан байлаа ч гэсэн чадах бүхнээ хийхийг хүсдэг урам зоригоор дүүрэн хөлбөмбөг сонирхогчид юм.

Сонирхуулахад, Сан Мариног анхны ялалтаа тэмдэглэж байх үед Криштиано Роналду есөн гоолтой байв. Харин тэднийг хоёр дахь хожлоо дархлах үед Роналду замналынхаа 900 дахь гоолын баяраа тэмдэглэж таарсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.