UBLife Logo
Спорт

Өмнөд Солонгосын шигшээ дэлхийн чансааны 96-д эрэмбэтэй Палестинтай 0:0-ээр тэнцлээ

У.Чинзориг
У.Чинзориг
Өмнөд Солонгосын шигшээ дэлхийн чансааны 96-д эрэмбэтэй Палестинтай 0:0-ээр тэнцлээ

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Азийн бүсийн тоглолтууд өчигдрөөс эхэллээ.

Пүрэв гарагт явагдсан эхний тойргийн тоглолтод Палестинчууд хэсгийнхээ хүчтэй өрсөлдөгч Өмнөд Солонгосын шигшээд том мэдэгдэл өгөв.

Палестины шигшээ баг дэлхийн чансааны 96-р байрт эрэмблэгдэж байгаа бол Өмнөд Солонгосчууд 23 дугаарт жагсаж байна. Газын зурвас дахь дайны нөхцөл байдлаас үүдэн Палестины хөлбөмбөгчид эх орондоо тоглох боломжгүй болсон билээ.

Палестины хөлбөмбөгийн лигийг түр зогсоож, олон тоглогч өдгөө ажилгүй болжээ. Гэвч энэ бүх саад бэрхшээлээс үл хамааран тэд 66 мянган хүний багтаамжтай Сөүл хотын Дэлхийн Цом цэнгэлдэх хүрээлэнд урам зоригоор дүүрэн тоглолтыг эхлүүлсэн.

Эхний хагаст Ли Кан-Инд гоол оруулах сайхан боломж олдсон ч, Палестины хаалгач Рами Хамадэ түүний ойрын зайн цохилтыг амжилттай хаав.

Ли 74 дэх минутад чөлөөт цохилтоос ахин нэг удаа аюул тарьсан ч, хаалганд орж явсан бөмбөгийг мөн л хаалгач Хамадэ хатгаснаар багаа аварсан юм.

Сон Хён Мин алсын дамжуулалтыг тогтоож авснаар торгуулийн талбайд хаалгачийг хуураад цохисон боловч хоосон байсан хаалганы шонг онох нь тэр.

Тоглолтын төгсгөл хэрд Палестинчуудад хожлын гоол оруулах завдал олдсон ч, хаалгач Жо Хён Вү талбайн эздийг ичгүүрт ялагдлаас аврав.

Тунис дасгалжуулагч Макрам Дабубын удирдлага дор Палестины баг шинэ түвшинд хүрсэн гэхэд хилсдэхгүй.

Тэд энэ оны нэгдүгээр сард ХонгКонгийн багийг 3:0-ээр буулган авч Азийн цомын тэмцээнд анхны хожлоо тунхагласан юм. Улмаар эл тэмцээний хасагдах шатнаа шалгарсан нь мөн л анхны тохиолдол нь болж, түүхэн шинэ амжилтаа дархалсан билээ.

Гэвч тэд шигшээ 16-гийн шатнаа тухайн тэмцээний аварга Катарын багт 2:1-ээр хожигдож, нутаг буцсан.

Палестинчууд 2026 онд явагдах ДАШТ-ий сонгон шалгаруулалтын өмнөх шатны зургаан тоглолтодоо 2 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтойгоор Австралийн ард эрэмблэгдэн анх удаагаа ДАШТ-ий урьдчилсан гуравдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм.

Тэд дараагийн тоглолтоо мягмар гарагт Малайзын Куала Лумпур хотноо Йорданы багтай хийх хуваарьтай байна.

Харин Өмнөд Солонгосын баг есдүгээр сарын 10-нд Оманы талбайд зочлон тоглоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.