UBLife Logo
Спорт

Галлахер, Альварес нар “Атлетико Мадрид”-ын төлөөх анхны гоолоо орууллаа

Галлахер, Альварес нар “Атлетико Мадрид”-ын төлөөх анхны гоолоо орууллаа

Испанийн Ла лигийн 5-р тойрог өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдаж өндөрлөв. Зуны солилцооны цонхоор довтолгоондоо хүч сэлбэсэн “Атлетико Мадрид” клуб ням гарагт “Валенсиа”-г 3:0-ээр хожлоо.

Эл тоглолтын үеэр Конор Галлахер, Жулиан Альварес нар Ла лигт анхны гоолоо оруулсан юм.

“Чарлтон”, “Суонси”, “Вест Бром”, “Кристал Палас” багуудад зээллэгээр тоглож байсан Галлахер 2022 оны 8-р сард “Челси”-гийн төлөөх анхны тоглолтодоо оролцож, Томас Тухелийн итгэлт тоглогч болсон. Улмаар жилийн дараа Цэнхэрүүдийн ахлагчаар сонгогдсон юм. Түүний гэрээ дуусахад нэг жилийн хугацаа үлдээд байсан ч, сунгах тохиролцоонд хүрээгүй тул “Атлетико Мадрид” клуб рүү 33 сая фунтээр буурь сэлгэсэн нь энэ зуны явдал билээ. Галлахер Ла лигт гоол оруулсан 12 дахь англи тоглогч төдийгүй “Атлетико Мадрид”-ын төлөө гоолдсон анхны англи хөлбөмбөгчин болж түүхэнд нэрээ дархаллаа.

Харин цэл залуугаараа хөлбөмбөгийн бүхий л томоохон тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн тоглож, дэлхийн аварга, Өмнөд Америкийн аваргаас эхлээд клубийн түвшин дэх хүрч болох оргил цомуудыг бултаар нь цуглуулгадаа авчирч чадсан Альваресийн хувьд, “Манчестер Сити”-гээс 90 сая еврогоор Испанид ирсэн. Тэрбээр “Манчестер Сити”-гээс хамгийн өндөр үнээр явсан тоглогчдын жагсаалтыг тэргүүлж буй.

Өдгөө 24 настай түүнийг “Сити”-д үлдээх хүсэлтэй хүмүүс цөөнгүй байсан боловч “гоолын машин” Эрлинг Хааландын сэлгээнд замналынхаа оргил үеийг бүхэлд нь өнгөрүүлэх хүсэл харин түүнд байгаагүй.

Түүнчлэн “Атлетико Мадрид”-ын бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч Антуан Гризманн энэ улирлын Ла лигт хоёр дахь гоолоо бүртгүүлэв.

Ингэснээр “Атлетико”-гийн хувьд тэргүүлэгч “Барселона”-гаас 4 онооны дутуу Ла лигийн хоёрдугаар байрт бичигдэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.