UBLife Logo
Спорт

Хойд Солонгосын хөлбөмбөгчид залуучуудын ДАШТ-д гурав дахиа түрүүллээ

У.Чинзориг
У.Чинзориг
Хойд Солонгосын хөлбөмбөгчид залуучуудын ДАШТ-д гурав дахиа түрүүллээ

Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 22-ний өдрүүдээр 20 хүртэлх насны эмэгтэй хөлбөмбөгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Колумб Улсад явагдаж өндөрлөлөө.

Хойд Солонгосын шигшээ хэсгийн шатнаа Аргентинийн багийг 6:2 харьцаатай, Коста Рикаг 9:0-ээр, Нидерландыг 2:0-ээр хожив. Улмаар хасагдах шатнаа Австрийг 5:2-оор, Бразил болон Америкийн багуудыг 1:0-ээр буулган авч, финалдсан юм.

Хойд Солонгос болон Японы хооронд өрнөсөн финалын тоглолтод 17 настай тоглогч Чое Ил Сон хожлын гоол оруулсан юм. Тэрбээр хагас шигшээд Америкийн эсрэг мөн цорын ганц гоолыг бүртгүүлсэн.

Улмаар Хойд Солонгосчууд эл тэмцээнд гурав дахиа түрүүлсэн бол Чое Ил Сон зургаан гоолтой шилдэг мэргэн буучаар тодров.

Япончууд хэсэгтээ Шинэ Зеландыг 7:0-ээр, Ганыг 4:1-ээр, Австрийг 2:0-ээр хожсон. Харин шигшээ 16-д Нигерийг 2:0-ээр, шигшээ 8-д өмнөх тэмцээний аварга хүчирхэг Испанийн шигшээг нэмэлт цагт 1:0-ээр ялж, хагас шигшээд Нидерландын багийг 2:0-ээр хожсон ч, финалд ийнхүү 1:0-ээр ялагдал хүлээсэн.

Хойд Солонгосын баг Герман болон Америкийн хамтаар уг тэмцээнд хамгийн олон буюу гурван удаа түрүүлсэн амжилтад хүрлээ. Мөн тэд энэ ДАШТ-ий турш 25 гоол оруулсан нь уг тэмцээний түүхнээ хоёрт бичигдэхүйц дээд амжилт юм.

Энэхүү тэмцээнээс хүрэл медальтайгаар нутаг буцсан Америкийн баг 20 хүртэлх насны эмэгтэй хөлбөмбөгчдийн ДАШТ-ий хагас шигшээд долоо дахь удаагаа шалгарсан нь эл тэмцээний түүхэн дээд амжилт. Тэд өмнө нь Германы хамтаар уг амжилтыг эзэмшиж байсан.

Харин Нидерландын баг хоёр дахь удаагаа уг тэмцээний хагас шигшээд үлдсэн ч анхны медалиа зүүж чадсангүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зочин\54.169.30.149
Хагас өлсгөлөн орны тамирчид шүү дээ. Гайхалтай тэсвэр, тэвчээр төмөр мэт хатуу сахилга амжилт гаргах үндэс юм даа...