UBLife Logo
Кино

БНСУ-д ихэнх хүмүүс ганцаараа кино үздэг болжээ

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
БНСУ-д ихэнх хүмүүс ганцаараа кино үздэг болжээ

Сүүлийн үед БНСУ-д хүмүүс ганцаараа хоолонд орж, архи уудаг болсноос гадна соло-аялал тренд болоод байгаа. Энэ тренд кино үзвэрийг ч тойрч гарсангүй. Одоо Өмнөд Солонгост хүмүүс ганцаараа кино үзэхийг илүүд үздэг болсон.

БНСУ-ын том сүлжээ кино театр болох CGV-ийн судалгаагаар цар тахлын үед 2020, 2021 онд театрт очигсдын 25 хувь нь ганцаараа кино үзэж байжээ. Цар тахал дууссан ч энэ хандлага үлдсэн байна. 2022 онд үзэгчдийн 17 хувь, 2023 онд 19, 2024 онд 21 хувь нь ганцаараа кино үздэг болж, нэмэгдсээр байгаа юм.

Урьд өмнө кино театр нь романтик болзоо, анд нөхөдтэйгээ уулзах газар байсан бол сүүлийн үед гав ганцаараа кино үзээд сууж байгаа хүмүүс их харагдах болсон. Поп соёл судлаач, шүүмжлэгч Ким Хон Шик энэ талаар “Энэ нь нийгэм, соёлын хэв хэмжээ өөрчлөгдсөнийг харуулж байна. Өмнө нь ганцаараа кино үзэж байгаа хүнийг хараад найз нөхөдгүй, ад үзэгдсэн гэж өрөвддөг байсан бол одоо больсон. Бас нэгэн шалтгаан бол кино үзэх талбар өөрчлөгдсөн. Гар утас зэрэг янз бүрийн төхөөрөмжөөр хүмүүс дуртай контентоо ганцаараа үздэг болсон. Сонирхол, хобби өөр хүнтэй заавал хамт нэг кино үзэх алба байхгүй болсон. Тэгэхээр кино театрт ч гэсэн ганцаараа үзэх зуршил тогтоод эхэлсэн” гэж тайлбарлаж байна.

Мөн бас нэгэн шинэлэг зүйл ажиглагдсан нь дахин үзэх гэнэ. Хүмүүс эхлээд ганцаараа кино үзээд дараа нь найзуудтайгаа тэр киног үзнэ. Эсвэл эсрэгээрээ эхлээд найзуудтайгаа үзээд дараа нь ганцаараа илүү гүн гүнзгий ойлгож, ухаарах зорилгоор дахин үздэг болсон. Энэ бол БНСУ-ын соёлын шинэ үзэгдэл гэж хэлж болно.

Ганцаараа ирдэг үзэгчдийн тоо өссөн тул CGV, Megabox, Lotte Cinema гэсэн сүлжээ театрууд нэг хүнд зориулсан тусгай меню гаргадаг болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.