Казахстаны боксын холбооноос урт удаан судалгаа, шинжилгээ, хэлэлцсэний үр дүнд чухал шийдвэр гаргалаа гэж мэдэгдлээ.
Тус холбооны тэргүүн Шахмурат Муталип “Бид World Boxing холбоонд элсэхээр албан ёсоор өргөдлөө өглөө. Энэ шийдвэр нь казах боксчдын олимпын ирээдүйтэй шууд холбоотой. Үнэнийг хэлэхэд боксын спорт одоогийн байдлаар олимпоос хасагдчихаад байгаа. Олимпын хөтөлбөрт боксыг үлдээх асуудлыг ОУОХ-ны түвшинд яригдаж байна. Бид олимпын наадамд боксын спортыг үлдээх, хадгалах хүсэлтэй бүх улстай хамтран ажиллахад бэлэн. World Boxing-д элссэн нь боксын цаашдын хөгжилд хувь нэмэр болно гэж итгэж байна. World Boxing холбооны Олимпын комиссын тэргүүн, Казахстаны ҮОХ-ны ерөнхийлөгч Геннадий Головкинтой уулзаж, Казахстаны боксын цаашдын хөгжлийн талаар нухацтай ярилцсан” гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ.
World Boxing холбоо нь шинээр байгуулагдсан Олон улсын боксын холбоо. 2023 оны дөрөвдүгээр сард байгуулагдсанаасаа хойш 44 гишүүнтэй болоод байна. Монгол улс ч энэ холбооны гишүүн бөгөөд сая Улаанбаатарт World Boxing холбооны Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулсан билээ.
Казахстаны алдарт боксчин Геннадий Головкин шинэ холбооны ОУОХ-той харилцах, ОУОХ-д гишүүнээр элсэх асуудлыг гардан хариуцаж байгаа юм.