Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA лигийн тамирчид амьдрал, замналаа арьсан дээрээ “тэмдэглэх” зуршилтай. Тэдний дундаас шивээсний MVP шалгаруулах юм бол Жейсон Тэйтум өрсөлдөгчгүй шалгарах болно. Анхныхаа шивээсээ тэр 2017 онд 19 настайдаа хийлгэжээ.
“Аймаар өвдөж байсан тул би ахиж хэзээ ч шивээс хийлгэхгүй гэж бодож байлаа. Гэтэл хүүтэй боллоо, дурсгалд нь нэг шивээс. Ээжийнхээ маш гоё зургийг олоод шууд л шивүүлмээр санагдаж байгаа юм. Ийнхүү шивээс миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон” гэж тэр ярьж байна.
Гэр, гэр бүл
Ээж
Хамгийн магтууштай татугаас эхлэх үү? Жейсон “Ээжийн хайртай хүү” гэдгээ хэлэхээс хэзээ ч ичиж байгаагүй. Харин үүнийгээ олон удаа давтахгүйн тулд шилбэн дээрээ бяцхан Жейсоныг тэвэрч байгаа ээжийнхээ зургийг шивүүлжээ. Энэ зураг үргэлжлэх нь тодорхой байлаа.
Хүү
Жейсон гэж хэлэхэд Дьюс хүү санаанд буух ёстой. Аавыгаа байнга дагаж явдаг хүүхэд. Жейсоны зүүн хөлөн дээр хүүгээ тэвэрч байгаа Тейтумын зураг, “Ямар аав, хүү тийм байна” гэсэн бичиг бий. Тэрээр бейсболын “Сент-Луис Кардиналс” багийн малгайтай байх ажээ.
Төрсөн он
Өвдгөн дээрээ аварга том таван хошууны наад талд 98 гэж төрсөн оноо тодотгожээ.
Төрөлх нутаг
Баруун өвдгөн дээр нь байгаль, цөмийн бөмбөгийн дэлбэрэлтийн зураг, “Дэлхий сөнөх хүртэл Сент-Луис” гэсэн бичиг. Дэлхий сөнөтөл төлөлх хотдоо үнэнч гэсэн утгатай.
Нуруун дээрээ төрөлх байшингийнхаа зургийг, “U. City” бичигтэй хамт шивсэн. University City гэж өсөж, бойжсон дүүрэг нь.
Амьтан
Хайртай нохойныхоо зургийг хүдэр том нуруун дээрээ шивүүлсэн. Дасгал хийх тусам нуруу нь томорсоор, шинэ шивээс хийх зай гарсаар л.
Шүтээнүүд
2019 онд буудуулсан Лос-Анжелесийн рэп дуучин Nipsey Hussle-д зориулсан шивээс. Nipsey алдартай хүн байсан ч баярхаж, тансагладаггүй, хандив, буяны ажил их хийдэг уран бүтээлч байлаа. Түүний уриа нь юу ч тохиолдсон урагш тэмүүл гэсэн утгатай “Марафон үргэлжилж байна” байлаа. Дуучныг амиа алдахад маш олон тамирчин түүнийг дурсан, марафоны тэмдэг болох тугийг шивүүлж байв. Тейтум ч гэсэн ялгаагүй, тус тэмдгийг “Hussle Man” бичигтэй хамт “зуруулсан” юм.
Жейсоны зүүн шилбэн дээр “Би бууж өгөөгүй” (I just didn’t quit) шивээс бий.
Кобе
Лос-Анжелес хот болон Тейтумын хувьд Кобе Брайант Бурхан байлаа. Кобег нас барсны дараа тэр 24 гэсэн тооны хэлбэртэй хар могой шивүүлсэн. Дараа нь, Бүх оддын тоглолтын MVP шагнал буюу Брайантын нэрэмжит шагналыг барьж байгаа гар шивүүлсэн байна.
Гарны эзэн нь мэдээж өөрөө. 2023 онд Жейсон Бүх оддын тоглолтод 55 оноо авч, рекорд тогтоож байв.
Кино
Соёл урлагийн шивээс ч түүнд байгаа. Хөлөн дээр нь тун их утга агуулсан 4 зураг байгаа.
• Дензел Вашингтон Жон Кьюгийн дүрд (Жон Кью);
• Уилл Смит Хитчийн дүрд (Хитчийн арга);
• Уэсли Снайпс Сидни Диний дүрд (сагсан бөмбөг сонирхогчид бүгд мэдэж байгаа);
• Хүүхэлдэйн киноны Дэш Парр (Супер гэрбүл).
Энэ дөрвөн шивээс LIFE гэсэн үгээр дүрслэгдсэн нь Мартин Лоуренс, Эдди Мерфи нарын 1999 оны “Амьдрал” киног илтгэжээ.
Амжилт
Тоглолтын өмсгөлөө бие дээрээ үлдээхийг хүссэн. Чеминейд сургуулийн 22, Дьюк их сургуулийн 0 дугаартай өмсгөл.
Түүний нуруу уран зургийн галерей гэлтэй.
-Исус, “Бурханы хүсэл” бичиг, сахиусан тэнгэрүүд, “Бурханы сургаал”, бөмбөг барьсан хүүхэд, сагсны самбар, олимпын алтан медаль, Тейтумын нэрийн брэнд пүүз. Ер нь амьдралдаа хүрсэн, олсон бүх зүйл нь энд бий.
Энэ нийтлэлийг бичиж байх үед ч шинэ шивээс хийлгэж байж ч магадгүй.