Энэ сарын 28-нд Израилын арми Бейрут хотод цохилт өгч, Ливаны “Хезболла” бүлэглэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хасан Насраллаг хөнөөснөө зарлалаа. Хасан Насралла алагдсанаар “Хезболла” бүлэглэл удирдагч, тэргүүнээ алдаад зогсохгүй, цаашид том үйл ажиллагаа явуулах чадвараа алдсан гэж ихэнх шинжээчид үзэж байна.
“Хасан бол жирийн нэг бэлгэ тэмдэг биш, тэр тус хөдөлгөөний стратеги, цэрэг дайны бүх ажиллагааны удирдагч байлаа. Түүний үхэл Хезболлад маш их хохирол болсон нь гарцаагүй” гэж Бейрутын тоймч Зейна Ходр ярьж байна.
Насраллагийн нөлөө Хезболлагаар хязгаарлагдахгүй. Түүний дайснууд нь ч Ойрхи Дорнодын улс төрийн маш том зүтгэлтэн гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг. Насралла Хезболлаг 32 жил удирдахдаа Ираны тусламжтайгаар маш хүчирхэг болгосон. Гэхдээ Ираны нөлөө, эрхшээлд оролгүй, тусдаа бодлого явуулж чаддаг хэвээр үлдсэн юм. Түүнийг орлох хүн олно гэдэг энгийн үед ч тун хэцүү зүйл байсан бол Израилын довтолгоогоор маш олон дээд тушаалын дарга нараа алдсан өнөө үед бараг боломжгүй болжээ. Товчхон хэлэхэд, Хезболлагийн дотоод аюулгүй байдал задрахад бэлэн болоод байна. Насралла бол бүлэглэлийн фракц, хэсгүүдийг нэгтгэж чаддаг гол хүн нь байлаа. Насралла амиа алдсанаар бүлэглэлийн дотоодод ч хагарал үүсэх магадлалтай.
Хезболлагийн дайчдын сэтгэл зүй унасан уу?
Хезболла бол өндөр зохион байгуулалттай байгууллага, дэлхийн хамгийн том зэвсэгт бүлэглэл гэж үздэг. Харин удирдагчаа алдсанаар цэрэг дайчид нь сэтгэлээр унаж, хямралд орсон байгаа. Хасан Насралла 1992 оноос Хезболлаг удирдсан. Түүний өмнөх удирдагч Аббаса Мусави мөн Израилын бөмбөгдөлтөөр амиа алдаж байлаа. Мусавиг ч гэсэн хэн ч орлож чадахгүй удирдагч гэж байсан ч Хасан гарч ирээд зайг нь нөхөж чадсан. Харин одоо хэн гэдэг хүн бүлэглэлийн толгойд гарч ирэхээс их зүйл шалтгаална. Түүний анхны алхмаас Хезболла бүлэглэл энэ цохилтоос хэр хурдан гарч чадах вэ гэдэг шийдэгдэх болно. Учир нь дээд удирдагчийнх нь байгаа газрыг израилчууд мэдээд, амийг нь хөнөөж чадсан нь энгийн цэрэг дайчдынх нь сэтгэл зүйг их унагасан, түгшүүр төрүүлсэн нь мэдээж. Маш олон жил далд нуугдаж байсан Хасаныг хөнөөсөн нь Израилын тагнуул хавьгүй илүү байгааг дэлхий дахинд илтгэсэн хэрэг боллоо.
Хасаныг алагдсаны дараа Хезболла Израилын зүг хэд хэдэн пуужин харвасан нь айгаагүй, түгшээгүй гэдгээ харуулах гэсэн оролдлого болохоос бүлэглэл дотор үнэхээр цочирдолд орсон нь харагдаж байлаа. Ойрхи Дорнодод Хезболлагийн нөлөө эрс буурах нь дамжиггүй.
Израилын армийн нэгэн дээд тушаалын офицер “Энэ бол шаг мад. Бид дайралтаа үргэлжлүүлнэ. Гэр орноо орхиод явсан хойд хилийн дагуух иргэдээ бид гэрт нь буцааж авчрах болно. Хезболла эрт орой, хэзнээ нэгэн цагт сэхнэ, сэргэнэ. Үүнд нь бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
Хезболлагийн ирээдүй
Удирдагчаа алдсан ч Хезболлагийн цэргийн нөөц бололцоо бүр уначихгүй. Насраллагийн хүч чадал нь түүний Ирантай тогтоосон хувийн харилцаа, Иран ивээн тэтгэгчдийн дундах нэр хүндэд нь оршиж байв. Насраллагийн үхэл бүс нутаг дахь Ираны нөлөөг сулруулна гэдгийг Тегеран ойлгож байгаа. Тиймээс Ираны Засгийн газар Хезболлаг хурдан сэргээх гэж яарах нь ойлгомжтой. Зэр зэвсэг нууцаар нийлүүлж эхэлнэ.
Хезболла бол зүгээр нэг алан хядагч бүлэглэл биш, улс төрийн нам. Ливаны парламентад 15 суудалтай гэж байгаа. 2022 он хүртэл Амаль намтай хамтран, олонхи болж байсан ч эдийн засгийн хямралаар байр сууриа алдсан юм. Хэдий нөлөө нь хүчтэй хэвээр байгаа ч Ливаны бусад нам, улч төрчид Хезболлаг алан хядагч бүлэг гэж шууд нэрлэдэг болоод байгаа. Магадгүй Хасаны үхлийг ашиглан, Ливаны бусад нам Хезболлаг улс төрийн тавцангаас буулгах гэж оролдох болно.
Хасаны залгамжлагч хэн бэ?
Хезболлагийн шинэ удирдагчийг бүлэглэлийн гишүүдээс гадна Иран улс шийдэх болно. Одоогийн байдлаар Хашем Сафиддиныг хамгийн магадлал өндөр гэж шинжээчид үзэж байна. Хашем Бейрутын бөмбөгдөлтийн үеэр тэнд байсан ч амьд үлдэж чаджээ. Яг Хасантай хамт штабт байсан уу, үгүй юу гэдэг тодорхойгүй. Сафиддин бол Хасаны үеэл. Бүлэглэлийн улс төрийн албаныг хариуцдаг. 2017 онд АНУ-ын төрийн департамент түүнийг алан хядагч хэмээн эрэн сурвалжилж эхэлсэн. Хашет нэг бус удаа Израилыг газрын хөрснөөс арчина гэж сүрдүүлж байв.
Эх сурвалж - BBC