Хөлбөмбөг хэмээх спортыг зохиож, хүн төрөлхтөнд бэлэглэсэн Англи орон хүнд рок, металл урсгалаар ч дэлхийдээ тэргүүлдэг. Английн хөлбөмбөг, рок хөгжим нэгэн дор цуглахад дэлхий доргиж, тэнгис цалгидаг гэлцдэг. Английн алдарт хөгжимчин, дуучид хөлбөмбөгийг үнэн сэтгэлээсээ сонирхон үзэж, өөрсдийн багаа хөгжөөн дэмждэг. Тэд Америк, Францын одууд шиг алдаршиж байгаа багийг дэмжээд эхэлдэггүй, жинхэнэ үнэнч фэнүүд юм.
Ноэл, Лиам Галлахер (“Oasis” хамтлаг) – “Манчестер Сити”
Ноэл Галлахер “Манчестер Сити”-г дэмждэггүй хүн болгонтой шууд зодолдоход бэлэн. Тэр Италийн сахилгагүй од Марио Балотеллиг “Сити”-д байхад нь ярилцлага авч, тэр байтугай жилийн өмнө эхнэрээ “Сити”-гийн тоглогч Давид Сильватай унтахыг зөвшөөрнө хэмээн мэдэгдэж байлаа.
Стинг – “Ньюкасл”
Алдарт Стинг “Ньюкасл” багийн фэн. Багийн эзэн Майк Эшлигийн эсрэг хийсэн хөгжөөн дэмжигчдийн “тулаанд” тэрээр фэнүүдийн талд орсон.
Гизер Батлер (“Black Sabbath”) – “Астон Вилла”
Бирмингемд төрсөн "Black Sabbath” хамтлагаас ганцхан Батлер л хотынхоо багийг дэмждэг. Түүний албан ёсны цахим хуудсанд нь “Астон Вилла”-гийн 13 дугаартай өмсгөлтэй зураг бий. "Black Sabbath” хамтлагийг рок-н-роллын Алдрын музейд залах хүндэтгэлийн ёслол дээр Гизер “Астон Вилла урагшаа” хэмээн хашгирсан гэдэг.
Робби Уильямс – “Порт Вейл”
Бяцхан “Порт Вейл” багийн “Вейл Парк” цэнгэлдэх хүрээлэнгийн талаар сонсож байсан уу? Үгүй л болов уу. Энэ багийг поп дуучин Робби Уильямс шүтэн биширдэг байгаагүй бол 3-р дивизионы энэ багийн талаар хэн ч огт мэдэхгүй өнгөрөх байсан биз. 2000 онд “FIFA фантааз” тоглоомд “Вейл Парк” цэнгэлдэх хүрээлэнг багтаахад Робби их үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр өөрийн дууг EASports-д үнэгүй өгч, хариуд нь багийнхаа цэнгэлдэх хүрээлэнг тоглоомд оруулсан гэдэг.
Адель – “Тоттенхэм”
Их Британийн хамгийн алдартай дуучин эмэгтэй Адель концерт дээрээ “Тоттенхэм”-ийн бэлгэ тэмдэгтэй далбаа барин, шүтдэг багаа сурталчлаад авсан. Лондон хотод төрсөн Аделийн хувьд “Тоттенхэм” жинхэнэ амь амьдрал нь юм.
Дэймон Албарн (“Blur”) – “Челси”
“Oasis” хамтлагийн заналт дайсан "Blur” хамтлагийнхан хөлбөмбөгийн талбарт ч өрсөлдөгчид. Жимми Пейж (“Led Zeppelin”) ч “Челси” багийг дэмждэг нэгэн.
Роберт Плант (“Led Zeppelin”) – “Вулверхэмптон”
Агуу хамтлагийн алдарт дуучин Плант “Вулверхэмптон” багийнхаа цэнгэлдэх хүрээлэнд анх очсон үеэ дурсан ярих дуртай. XX зууны дунд үеийн Английн хөлбөмбөгийн од Билли Райт түүнийг хараад талбай дээрээс гар даллан мэндчилсэн гэдэг. Хүнд осолд ороод ухаангүй байсан Плантыг “Вулверхэмптон” багийн эмч нар амийг нь аварч байв. Роберт Плант 2009 оноос багийнхаа хүндэт дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байна.
Род Стюарт – “Селтик”
Глазго хотын “Селтик” баг Испанийн “Барселона”-г хожсон түүхэн ялалтын дараа Род Стюартын нулимс унагааж байгаа зураг жинхэнэ фэн гэдгийг нь батлан харуулсан юм.
Элтон Жон – “Уотфорд”
Элтон Жон санхүүгийн хямралд орсон багаа хэд хэдэн удаа аварч байлаа. Түүнийх нь төлөө "Викарэйдж Роуд” цэнгэлдэхийн нэгэн индрийг түүний нэрээр нэрлэсэн байдаг. Жон хотын гудамжаар дуу дуулан алхаж, багийнхаа хөгжөөн дэмжигчдэд Зул сарын мэнд хүргэдэг уламжлалтай.
Лили Аллен – “Фулхэм”
Европын лигийн финалд шалгарсан “Фулхэм” Мадридийн “Атлетико” багт ялагдсаны дараа телевизийн операторууд Лилигийн уйлж байгааг дэлгэц дүүрэн гаргаж байлаа. Дараа нь тэрээр тэр тоглолт дээр 1930 оноос эхлэн “Фулхэм”-ийг шүтсэн өвөөтэйгөө хамт байсан гэж ярьсан байдаг.
“Kasabian” – “Лестер”
1999 онд Лестерт байгуулагдсан энэ рок хамтлагийн гишүүд 2020 онд багаа аварга болоход дэлхийд хамгийн аз жаргалтай хүмүүс байлаа.
Стив Харрис (“Iron Maiden”) – “Вест Хэм”
1975 онд гараагаа эхэлсэн домогт “Iron Maiden” хамтлагийн гишүүн Харрисийн амьдралд гитар, “Вест Хэм” хоёроос өөр аз жаргал байхгүй.
Англи жүжигчид
Хөгжимчдийн нэгэн адил англи жүжигчид хөлбөмбөгт дуртай. Зарим нь муугүй тоглодог байсан гэж байгаа.
Шон Коннери, Жеймс МакЭвой, Жерард Батлер – “Селтик”
Шон Коннери багадаа аавынхаа ажилд туслангаа Шотландын залуучуудын багт тоглож, сонирхогчдын театрт дүр бүтээж амждаг байлаа. 1953 онд Коннериг 23 настай байхад нь МЮ багийн дасгалжуулагч Мэтт Басби шалгаж үзээд 7 хоногийн 25 паундын цалингаар авахыг хүсчээ. Харин Коннери хөлбөмбөгчийн замнал богинохон, харин кинонд бол хөгширтлөө тоглож болно гээд татгалзаж байжээ. Коннери “Селтик” багийн үнэнч фэн. Жеймс МакЭвой, Жерард Батлер нар ч “Селтик”-ийг шүтдэг. Батлер нэг удаа хандивын тоглолтод “Селтик”-ийн бүрэлдэхүүнд тоглож байсан удаатай.
Шон Бин – “Шеффилд Юнайтед”
Шон Бин багаасаа хөл бөмбөг тоглодог байсан ч нэгэн зодооны үеэр хөлөө гэмтээгээд спортоо орхисон. Хайртай “Шеффилд Юнайтед” багийнхаа бэлгэ тэмдгийг шивүүлсэн. 1996 онд “Торгуулийн цохилт” кинонд “Шеффилд Юнайтед” багийн тоглогчийн дүр бүтээж, мөрөөдлөө биелүүлж байв.
Кира Найтли – “Вест Хэм”
Лондонд төрсөн түүний хайртай баг нь “Вест Хэм”. Одоо АНУ-д амьдардаг тул багийнхаа тоглолтыг үзэх гэж өглөө эрт 5 цагт босох шаардлагатай болдог гэнэ. Түүнийг ”Вест Хэм” багийн Алдрын танхимд “Үнэнч фэн” гэсэн тодорхойлолттой оруулсан байдаг.
Жуд Лоу – “Тоттенхэм”
Лондон хотын уугуул Лоу “Тоттенхэм” багийг дэмждэг, бэлтгэлд нь оролцож байсан удаатай.
Дэниел Крэйг – “Ливерпуль”
007 агент Ливерпуль хотоос 25-хан км зайтай Честер хотод төрсөн тул багаасаа л “Ливерпуль”-д дуртай байлаа. Кевин Киган, Стивен Жеррард хоёрыг бишрэн шүтдэг.
Дэниел Рэдклифф – “Фулхэм”, “Челси”
Лондоны нэгэн дүүрэг болох Фулхэмд төрсөн түүний хувьд мэдээж “Фулхэм” багаа шүтдэг байлаа. Гэхдээ олон жилийн дараа илүү алдартай “Челси”-д урвасан түүхтэй. Үүнээс болоод Ливерпуль багийг дэмждэг Руперт Гринтэй зодолдож байв.
Бонус
Елизавета II – ”Арсенал”
Тиймээ, Хатан хаан Арсеналыг дэмждэг байсан. Тус багийн довтлогч Дениc Комптоныг таалдаг байсан Хатан хаан Мария охиндоо титмээсээ гадна багаа үлдээсэн юм.