UBLife Logo
Спорт

Финал хүлээх хооронд Футзалын тухай хэдэн үг...

Финал хүлээх хооронд Футзалын тухай хэдэн үг...

Хэдхэн цагийн дараа футзалын ФИФА-гийн дэлхийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээний шигшээ тоглолт буюу финал Узбекистаны нийслэл Ташкент хотын "Хумо арена"-д болох гэж байна.

Футзалын дэлхийн аварга багууд болох Бразил-Аргентиний хөлбөмбөгчид алтан медаль, аваргын цомын төлөө тоглохоор шалгарсан нь финалыг улам "амттай" болгож, хөлбөмбөг сонирхогчид тэсч ядан хүлээж байна даа. "Хоол болтол шийр зугаа" гэдэг шиг финал болтол футзалын тухай хэдэн үг холбож, энэ спортын талаар бага ч болов мэдээллийг мэдэхгүй нэгэнд нь хүргэе дээ.

Манай гарагийн #1 спорт болох хөлбөмбөгөөс "төрсөн" хэд хэдэн спорт байдаг. Элсний хөлбөмбөг, футзал, футгольф, текбол гэх мэт.

Эдний нэг болох футзалыг 1930 онд Уругвайд үүссэн гэж үздэг.

Хэдийгээр 1920-оод онд Бразилд футзалтай төстэй тоглоомыг тоглодог байсан ч Уругвайн Христийн сургуулийн багш Хуан Карлос Сериани 1930 онд футзалын анхны дүрэм журмийг зохиож, сургуулийнхаа сурагчдын дунд анхны тэмцээнийг зохиосноор футзал Уругвай улсаар овоглох болжээ.

Футзалыг улс болгон өөр өөрийнхөөрөө нэрлэдэг (оросууд мини-футбол, англи хэлтэнгүүд indoor football, indoor soccer, 5x5, испани хэлтэй улсуудад futbol sala, futbol de salon, португалиар ярьдаг улсууд futebol de salao гэх мэт) байсан ч 1985 оноос футзал (futsal) хэмээн нэгдсэн нэг нэртэй болсон байна.

Футзалын дүрмийг зохиохдоо Сериани сагсанбөмбөгөөс тоглогчдын тоо (5х5), тоглолтын хугацааг (2 х20 мин, цэвэр цаг), гандболоос хаалганы (2х3 метр) болон талбайн хэмжээ (42х22м) зэргийг ашиглажээ.

Шинэ спортын төрөл Уругвайд төдийгүй Өмнөд Америкт хурдтай тархан дэлгэрч, 1965 онд Өмнөд Америкийн футзалын холбоо байгуулагдсан байна. Улмаар футзал Европ тивд түгж, 1971 онд Дэлхийн футзалын холбоо (Association Mondiale de Futsal) байгуулагджээ.

Харин Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо (ФИФА) 1989 оноос хойш өөрийн туган доор футзалын ДАШТ-ийг зохион байгуулах болж, футзалыг "үрчилж" авчээ. Гэвч AMF нь өөрийн "төрсөн хүүхдээ" харамлан өдгөөг хүртэл тусдаа ДАШТ-ийг зохион явуулсаар л байдаг аж.

Харин дэлхий даяар нэр хүндтэй, бэл бэнчин, тэнхээ сайтай ФИФА футзалыг илүү "глобаль" болгож, нэр хүндийг нь өсгөн, дэлхий нийтийн спорт болгож чаджээ.

Одоо ФИФА-гийн футзалын ДАШТ-д оролцох урьдчилсан шатанд 121 орны шигшээ баг тоглож, нийтдээ 12 сая гаруй тоглогч футзалаар дагнан тоглож, эрэгтэй 139 орны шигшээ баг( Манай Монгол футзалын эрэгтэй шигшээ баг дэлхийн чансаанд 139 орноос 113-д бичигдэж байгаа), эмэгтэй 69 орны баг ФИФА-ийн чансаанд бичигдэж байна. Мөн 2025 онд ФИФА-гийн футзалын эмэгтэйчүүдийн анхны ДАШТ Филиппинд зохиогдох тов гарсан. Нэг үгээр хэлбэл футзал дэлхийд улам хөгжиж байна.

Футзал хөлбөмбөгөөс мэдээж ихээхэн ялгаатай. Бөмбөгний хэмжээ жижиг, ойлт бага (хэмжээ, бөмбөгний ойлт бүгд тусдаа стандарттай), "отон тоглолт" (offside) байхгүй, сэлгээ хязгааргүй бөгөөд тоглолтын явц дунд сэлгээг хийж болдог, тоглолт цэвэр цагаар 2 үе 20 минут тоглодог, плей-оффын тоглолтод тэнцвэл нэмэлт 2 үе 5 минут, тэнцвэл "пенальти", мөн улаан хуудас хүртсэн тоглогч дараагийн тоглолтод оролцохгүй бөгөөд баг нь 2 минут (энэ хугацаанд эсрэг баг гоол оруулбал талбайд ижилхэн хүнтэй тоглоно) дутуу хүнтэй тоглодог, за тэгээд багийн алдааг тоолдог, нэг үед багийн алдаа 5-аас дээш болвол "second penalty" цэгээс торгуулийн цохилт гүйцэтгэх, мөн "пенальти" нь 6 метрээс, булангийн цохилт, талбайд бөмбөг оруулах, хаалгач бөмбөгөө тоглолтод оруулах, чөлөөт цохилт зэрэг 4 секундэд багтах гээд л олон ялгарах дүрэм футзалд бий.

Талбайд хаалгачаас гадна дөрвөн тоглогч тоглох бөгөөд футзалын гол онцлог бол тоглогч бөмбөгийг эзэмших, хяналтандаа байлгах, өндөр техник (бага орон зайд тоглодог тул), ур чадвар, урьдчилан төлөвлөөгүй тоглолтыг бий болсон нөхцөл байдал, боломжинд тааруулан тоглох чадвар, "гурван нүүдлийн цаадахыг" харах сэтгэлгээ гэхэд болно. Багадаа футзал тоглож байгаад "том" хөлбөмбөг рүү орсон олон тоглогч байдаг.

Роналдиньо, Нэймар, Месси, Пеле, Иньеста, Криштиану Роналду, Роналдо "Феномен", Лиуш Фигу гээд олон арван хөлбөмбөгчинг дурьдаж болно.

"Узбекистан-2024" ДАШТ-ийг гэхэд л дэлхийн 171 орон шууд дамжуулан үзүүлж байгаа. Бас л их тоо шүү.

Эцэст нь футзалын хамгийн олон үзэгчтэй (56 483) тоглолт 2014 оны есдүгээр сарын 7-нд Бразилийн нийслэл Бразилиа хотноо домогт Манэ Гарринчагийн нэрэмжит цэнгэлдэхэд Бразил-Аргентиний шигшээ багуудын хооронд болж байж.

Тэгвэл энэ хоёр баг хэдхэн цагийн дараа (2024 оны аравдугаар сарын 5-нд Ташкентийн цагаар 20:00, Улаанбаатарын цагаар 23:00, АНУ-ын баруун эргийн цагаар 8:00 цагаас, Монголд FIFA plus апп-аар, Америкт FOX sports 1, Telemundo сувгаар үзэж болно) 2024 оны дэлхийн аваргын төлөө өрсөлдөх нь ээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.