Улс, нийслэлийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын 18 байршилд нийт 24 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж өнгөрсөн тавдугаар сарын 15-наас барилга угсралтын ажлыг эхлүүлсэн нь өнөөдрийн буюу аравдугаар сарын 28-ны байдлаар 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна хэмээн нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөнд танилцуулсан байна.
Нийслэлийн хэмжээнд хүчдэлийн уналттай, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй 13715 айл, өрх байгаагаас 8840 айл өрхийг эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтгүй болгох ажлыг амжилттай хэрэгжүүлж буй. Түүнчлэн нийслэлийн 6 дүүрэгт ачаа, хүн зөөврийн 52 ширхэг лифтийг шинэчилжээ.
Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө:
Авто зам, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн хүрээнд ухсан нүх, эвдэрсэн авто зам, явган зам талбайг шуурхай нөхөн сэргээн засварлаж, ажлын чанарт хяналт шалгалт хийж, дүнг танилцуулах,
Нийслэлийн 2024 оны төсвийн орлогыг нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрийн бааз суурийг өргөжүүлэх ажлуудыг эрчимжүүлэх,
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон “Зогсоол” хөтөлбөр, Орон сууцны бодлогын хөтөлбөр боловсруулах ажлын явцыг танилцуулах,
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа болон цаашид авч, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулах,
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлээс шалтгаалсан нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг судалж, түгжрэлийг бууруулах дунд болон богино хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулах,
“Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн хэрэгжилтийг хангуулах, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж, танилцуулах,
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллах,
Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах,
Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж, үйлчилгээний чанарт хяналт шалгалтыг зохион байгуулах зэрэг ажлыг үүрэг болгосон юм.