UBLife Logo
Спорт

Хойд Солонгосын хөлбөмбөгчид 17 хүртэлх насныхны ДАШТ-д дөрөв дэхээ финалдлаа

Хойд Солонгосын хөлбөмбөгчид 17 хүртэлх насныхны ДАШТ-д дөрөв дэхээ финалдлаа

Аравдугаар сарын 16-наас арваннэгдүгээр сарын 3-ний өдрүүдээр 17 хүртэлх насны эмэгтэй хөлбөмбөгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Доминикан улсад явагдаж байна.

Энэхүү тэмцээний хошой аварга Хойд Солонгосын шигшээ хэсгийн шатнаа Мексикийн багийг 4:1-ээр, Кенийн шигшээг 3:0-ээр, Английн шигшээг 4:0-ээр хожсон. Улмаар шигшээ наймд Польшийн багийг, хагас шигшээд Америкийн шигшээг тус бүр 1:0-ээр буулган авч 17 хүртэлх насныхны ДАШТ-д дөрөв дэхээ финалдлаа.

Хойд Солонгосын баг энэхүү тэмцээний тоглолтуудад түрүүлж гоол алдсан удаагүй, үүгээр ч үл барам хэсгийн шатны тоглолтууддаа бүгдэд нь эхний 30 минутад хоёр гоолыг оруулаад амжсан. Түүнчлэн одоогоор ганцхан гоолыг хаалгандаа алдаад байна.

Сар гаруйхны өмнө Хойд Солонгосын 20 хүртэлх насныхны баг ДАШТ-д түрүүлсэн бол энэхүү амжилтын буухиаг тус улсын 17 хүртэлх насныхны баг давтахад нэг л хожил дутуу байна.

Тэд аваргын төлөө сүүлийн хоёр ДАШТ-д дараалан түрүүлээд буй Испанийн шигшээ багтай тоглоно.

Испаничууд хэсэгтээ Америкийн багийг 3:1-ээр, Өмнөд Солонгосын шигшээг 5:0-ээр, Колумбын багийг 2:1-ээр хожсон юм.

Үргэлжлүүлэн шигшээ наймд Эквадорын багийг 5:0-ээр, хагас шигшээд Английн багийг 3:0-ээр буулган авч энэхүү тэмцээнд гурав дараалан түрүүлэхээр зэхэж байна.

17 хүртэлх насныхны ДАШТ-ий финалын тоглолт 11-р сарын 3-ний өдөр болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.