UBLife Logo
Урлаг

Арваннэгдүгээр сарын 19-нд СУИС-ийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхимийн 30 жилийн ойн хурал болно

Арваннэгдүгээр сарын 19-нд СУИС-ийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхимийн 30 жилийн ойн хурал болно

СУИС-ийн ТУС-ийн Ярих урлаг, театрын кино судлалын тэнхим байгуулагдаад 30 дахь жилтэйгээ учран золгож байна. Тус ойн хүрээнд “ТАЙЗНААС ЯРИХ УРЛАГ: СУРГАЛТ, СУДАЛГАА, УРАН БҮТЭЭЛ” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 11-р сарын 19-ний өдөр болно. Уг эрдэм шинжилгээний хуралд гадаадын болон дотоодын их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлэх юм.

Энэ үеэр МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш доктор, профессор С.Хөвсгөл, СУИС-ийн “Хүндэт профессор”, Ярих урлаг, театр кино судлалын тэнхимийн багш Х.Наранжаргал, Н.Сувд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ЭШ-ний тэргүүлэх ажилтан Д.Цэвээндорж (Доктор /Ph.D/, дэд профессор), МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэгч Б.Хишигсүх (Доктор /Ph.D/, профессор) нар өөрсдийн судалгаагаар хүрсэн сонирхолтой үр дүнгээс хуваалцахаар зэхэж байна.

Үргэлжлүүлэн уншигч та бүхэнд Ардын жүжигчин, Ярих урлаг, театр кино судлалын тэнхимийн хүндэт профессор Н.Сувдын “ЭРТНИЙ СУДАР БИЧИГТ МОНГОЛ ХЭЛ БИЧИГ, ЯРИХ УРЛАГИЙН ТУХАЙ ТОДОРХОЙЛСОН НЬ” эрдэм шинжилгээний ажлын хураангуйг толилуулья.

Монголын жүжигчдийн тоглолтын дэг жаяг, уран чадварын онол нь эртний түүхэн уламжлалтайгаас гадна энэ нь орчин үеийн жүжиглэх уран чадварын онол, үйл ажиллагаа сургалтын арга барилтай амин холбоотой, нарийн шүтэлцээтэй бөгөөд өөрийн үндэсний соёл уламжлалаас суралцах, түүнийг судлах, хэрэглэх нь чухал асуудал болж байгаа билээ. Эртний зохиол бүтээлд урлах ухааныг биеийн ур, сэтгэлийн ур, хэлний ур хэмээн гурав хуваан номлож байсан нь бидний биеийн үйлдэл, сэтгэхүйн үйлдэл, үгийн үйлдлийн нэгдэл дээр уран чадвар оршин тогтоно гэсэн сургаалтай агаар нэгэн байна.

Монголчууд хүн байхын 5 их ухааныг эрхэмлэдэг. Энэ нь: Дуун ухаан -Үгийг зөв хэрэглэж ярих ухаан, Шалтгааны ухаан- Утгыг зөв гаргах, зөв сэтгэх, Дотоод ухаан- Зөв сэтгэл оюунтай болох, Тэжээх ухаан- Эрүүл мэндээ хамгаалах, Урлах ухаан- Зохион бүтээх, туурвих ухаан юм. Дуун ухаан, шалтгааны ухаан, дотоод ухааны үрэнд бие, хэл, сэтгэлийн төгс эрдэм бүрдэж, урлах ухааныг эзэмшинэ гэдэг нь манай мэргэжлийн бүтээн туурвих үйл билээ. Дуун ухааны нэгэн сурах бичиг бол “Зохист аялгууны толь” хэмээх бүтээл гэж болно. Энэ бүтээл нь Энэтхэгийн утга зохиолын их онолч Данди буюу Бэрээт багшийн манай эрний VI-VII зууны үед бичсэн бүтээл. Монголчууд эртнээс энэхүү зохиолыг судлан аман болон бичгээр орчуулан судлаж, баяжуулан түгээхдээ өөрийн онцлогт тохируулан үндэснийхээ уран сайхны арга туршлагыг үндэс болгон хэрэглэж байсан байна.

Хэл, дуу хоолойн ур нь биеийн болон сэтгэлийн уртай эргэн холбогдож жүжиглэх уран бүтээлийн ур чадварын цогц нэгдэл болдог ажээ.


ТАЙЗНААС ЯРИХ УРЛАГ: СУРГАЛТ, СУДАЛГАА, УРАН БҮТЭЭЛ олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ-ын Кемеровын Соёлын дээд сургууль, Санкт-Петербургийн Тайзны урлагийн дээд сургууль, ОХУ-ын кино урлагийн дээд сургууль (ВГИК), ОХУ-ын театрын урлагийн дээд сургууль (ГИТИС), ОХУ-ын Санкт Петербургийн Тайзны урлагийн дээд сургууль (РГИСИ), Япон улс, Токиогийн их сургуулийн гадаад судлал болон ХБНГУ-ын Берлин хотын Урлагийн Их Сургуулийн төлөөлөл урлагийн чиглэлээр сургалт, судалгаа хийдэг олон эрдэмтэд нэг дор чуулна.

Эрдэм шинжилгээний ажлын гол сэдвүүд нь орчин үеийн урлагийн чиг хандлага, тайзнаас ярих урлаг руу чиглэсэн илтгэлүүд зонхилж байна. Олон улсын эрдэмтэн, судлаачдын голлох ажлуудаас хураангуйлсан байдлаар танилцуулахад:

Илтгэгч: Кимура Аяако (Доктор /Sc.D/, Япон улс, Токиогийн их сургуулийн гадаад судлалын салбарын багш, Атоми их сургуулийн профессор)

МОНГОЛЫН ТЕАТРЫН ӨВӨРМӨЦ ОНЦЛОГ: ЯПОНТОЙ ХАРЬЦУУЛСАН БАЙДЛААР

Японы орчин цагийн жүжиг ч Монголд Театр үүсэж бий болсон үеэс буюу 1920,30-аад оноос Коминтерны Алс Дорнодын орны пролетарийн жүжгийн хувьд бий болсон юм. Тиймээс Монголын Театрыг Японынхтой харьцуулах нь бас ач холбогдол байдаг зүйл болно. Энэ удаагийн илтгэлд Монголын Театрын өвөрмөц онцлогийг дор дурдсан гурван зүйлээр тодруулна. Үүнд:

1-рт: Монголын жүжигчид бол их, дээд сургуулийн жүжгийн анги төгссөн байх ёстой байдаг. Харин Японд ийм ёс зарчим байдаггүй, их дээд сургуульд сураагүй ч мэрэгжлийн жүжигчнээр ажиллаж болдог.

2-рт: Монголын жүжигчид Театртаа харьялагддаг. Хувийн Театр 1990 оноос хойш Монголд бий болсон ч тэндэх жүжигчид ч мөн Театртаа харьялагддаг. Монголд “Театрын жүжигчин”, “Чөлөөт уран бүтээлч” хэмээх нэр томъёо байдаг боловч эдгээрийн аль аль нь жүжигчний Театртаа уяагдсаныг далд утгаар илэрхийлж буй юм. Японд “Театрын жүжигчин”, “Чөлөөт уран бүтээлч” гэдэг үг байдаггүй. Японы Театр бол “Тайзтай барилга”-ны тухай л юм.

3-рт: Дэлхийн орчин цагийн жүжгийн сургалтын үндсийг Станиславский бий болгосон ба 1920, 30-аад оны үеийн Японд Станиславскийн сургалт нэвтэрсэн ч өнөө цагт Станиславскийн сургалтыг Японд хэрэгжүүлдэггүй. Монголд харин Станиславскийн сургалтыг хэрэгжүүлсээр байгаа ба Цаашид олон өөр сургалт холихгүй явбал яваандаа Станиславскийн сургалтыг үлгэр жишээ болгосон цорын ганц орон хэмээгдэн Дэлхий жүжгийн салбараас үнэлгээ авах цаг ирж болох юм.


Илтгэгч: Ю.А.ВАСИЛЬЕВ Наталья Васильевна Суленёва (Доктор /Sc.D/, профессор. Санкт-Петербургийн Тайзны урлагийн дээд сургууль (РГИСИ)-ийн Тайзны ярианы тэнхимийн профессор)

САНКТ-ПЕТЕРБУРГИЙН ТАЙЗНЫ ЯРИАНЫ ДЭГ СУРГУУЛЬ:

Судалгаанд профессор Ю.А.Васильевийн тайзны ярианы чиглэлээр ажилласан гайхалтай туршлагыг авч үзэх болно. «Зохиогчийн дэг сургууль», тэр дундаа “Тайзны ярианы зохиогчийн дэг сургууль” гэсэн ойлголтыг ОХУ-ын Тайзны урлагийн дээд сургуульд (Санкт-Петербург хот) судалсан байдаг.

Зохиогчийн тайзны ярианы дэг сургуулийг бүтээгч нь зөвхөн санаа тээгч төдийгүй бусад зохиолчдын санааг өдөөж, үүгээрээ тодорхой төрлийн бүтээлч үйл ажиллагааны санаачлагч болсонд судалгааны гол санаа оршино. «Жорын дагуу заах арга зүй»-ээс татгалзаснаараа, Ю.Васильев мэргэжлийн «дахин нээлт»-ийг байнга бий болгодог. Түүний шинжлэх ухааны судалгаа нь дадлагыг загварчлах төгс объект, тэдгээрийн уялдааг бий болгох шинэ аргатай холбоотой юм.


Илтгэгч: Любовь Дмитриевна Алфёрова (Доктор /Ph.D/, профессор Санкт-Петербургийн Тайзны урлагийн дээд сургууль (РГИСИ)-ийн Тайзны ярианы тэнхимийн эрхлэгч)

ДҮРИЙН ЯРИАН ДАХЬ АМЬСГАА БА ДУУ ХООЛОЙ

Дүрийн амьсгаа, дуу хоолойд ажиллах нь тайзны дүрийг амьдруулахад чиглэгддэг. Дүрийн сэтгэл хөдлөл нь дүрийн амьсгааны хэмнэл, дуу хоолойгоор илэрхийлэгддэг. Шекспирийн Гамлет, эсвэл Мольерын Тартюфийн амьсгаа, дуу хоолой нь амьсгааны хэлбэр, хоолойн аргачлалаараа өөр өөр юм.

Шинэ дүр бүрийн ажиллагаа нь амьд байж, ярианы барлалд орохгүйн тулд жүжигчин хүн мэргэжлийн өндөр түвшинд дасгалжсан амьсгаа, олон янзын дуу хоолойтой байх ёстой. Тайзны ярианы багш нар, жүжигчний ярианы чадварыг өргөжүүлж амьсгаа, дуу хоолойг илэрхийллийн хүчирхэг хэрэгсэл болгон ашиглах боломж олгодог өвөрмөц дасгалуудыг жүжигчний сургалтын технологид тулгуурлан бий болгодог.


Илтгэгч: Вера Владимировна Чепурина (Доктор /Ph.D/, дэд профессор) Кемеровын Соёлын дээд сургууль (КемГИК)-ийн Театрын урлагийн тэнхимийн эрхлэгч)

ПОСТДРАМЫН ТЕАТРТ ЖҮЖИГЧНИЙ ХЭЛ, ЯРИАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Постдрамын театрын жүжигчний ярих урлагт гарсан өөрчлөлтийн эхлэл нь утга зохиол төвт үзлийн хямрал, тайзанд зориулсан уран зохиолын зөрчил юм. Шинэ үнэний эрэлхийлэл, аман харилцаанд үл итгэх байдал нь театрыг тайзны үгийн тогтсон байдлаа өөрчлөхөд хүргэсэн билээ. Жүжгийн гол тулгуур болсон уран зохиолын үгнээс татгалзах нь уламжлалт урлагийн шалгуурыг бүдгэрүүлэхэд хүргэв.

Зөв дуудлага, дуу хоолойн өнгө нь өөрчилж буй постдрамын нөхцөлд жүжигчний илэрхийлэлийн гол хэрэгсэл байхаа больж, харилцан ярианы ач холбогдлыг ч дахин авч үзэж байна. Текстийн бүтцийг задлах, өгүүлэх арга, өдөр тутмын ярианы аялгын загвар, монолог (ихэвчлэн шууд жүжигчний нэрийн өмнөөс) зэрэгт илүү анхаардаг болжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим энэ онд 30 жилийнхээ тэгш ойг тэмдэглэж байна. Бид уг үйл явдалтай холбогдуулан тус тэнхимийн эрхлэгч, доктор Батчулууны Даваатай ярилцлаа.

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Тэрээр Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа.