Английн Премьер лигийн үнэмлэхүй аваргууд сүүлийн дөрвөн тоглолтодоо дараалан хожигдоод буй нь Пепийн хувьд, 17 жилийн дасгалжуулагчийн замналдаа анх удаа уналттай нүүр тулж буйг илтгэлээ.
Шигшээ багуудын цугларалттай холбогдуулан клубийн түвшний тэмцээнүүд хоёр долоо хоног завсарласан нь “Сити”-гийн тоглогчдод амрах, бэртлээ эдгээхэд нь тусалсан нь лавтай. Ямартаа ч Жон Стоунс, Жек Грийлиш, Мануэль Аканжи, Фил Фоден, Матиас Нунес, Натан Аке, Жереми Доку, Рубен Диас нарыг бид бямба гарагт явагдах “Тоттенхэм”-ийн эсрэг тоглолтод харах боломжтой.
Гэхдээ дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДор шагналыг өнөө жил гардсан Родригийн эдгэх хугацаа их хол байна. Түүнийг орлуулна гэдэг ч амаргүй ажил бололтой. Родри есдүгээр сард “Арсенал”-ын эсрэг өвдгөндөө хүнд бэртэл авч, ирэх зуныг хүртэл талбайд тоглохооргүй болсон.
“Манчестер Сити” өнгөрсөн улирлын Премьер лиг дэх Родригийн тоглосон 34 тоглолтод ялагдал хүлээгээгүй. Харин түүний өнжсөн дөрвөн тоглолтын гуравт нь хожигдсон.
Гэлээ ч Нэгдүгээр сарын солилцооны цонхоор Родриг орлох тоглогчийг шинээр авчрах нэг арга “Сити”-д бий. Өнгөрсөн зун наймааны зах зээлээс 116 сая еврогийн ашиг, орлоготой ажилласан “Сити"-д юу л байна, мөнгө л байна. Тэгвэл “Манчестер Сити”-г Премьер лигт тав дахиа дараалан түрүүлэхэд, Аваргуудын лигийн хошой аваргаар тодроход бодитойгоор туслах, нөлөөгөө шууд тунхаглах боломжтой тоглогч хэн байх бол?
Мартин Зубименди (Реал Сосьедад)
Зубименди бол Родриг хамгийн сайн орлох боломжтой тоглогч. “Евро-2024” тэмцээний финалын тоглолтын хоёрдугаар хагаст Английн эсрэг Родригоор сэлгэж, түүнийг талбайд гаргаж байв. Тэрбээр Испанийн шигшээ багт Родригийн эзгүй орон зайг гайхалтай тоглолтоороо нөхөж байгаа төдийгүй өнгөрсөн сард Данийн эсрэг хожлын гоол оруулаад амжсан.
25 настай тэрээр “Ливерпүүл” рүү буурь сэлгэх дөхсөн ч, одоогийн багтаа үлдсэн. Харин Гуардиолгийн саналаас татгалзана гэдэг амаргүй зориг шаардах болов уу.
Жошуа Киммих (Байерн Мюнхен)
Пеп Гуардиола түүнийг 20 настайд нь “РБ Лейпциг”-ээс одоогийн баг руу нь авчирсан. Киммих бол Пепийн хамгийн хайртай хөвүүдийн нэг бөгөөд нэгдүгээр сард биелэх боломжтой том олз гэдэг нь гарцаагүй.
Эдерсон (Аталанта)
2022 онд “Салернитана”-гаас “Аталанта”руу шилжсэн Эдерсон өдгөө бол Серие А лигийн хамгийн тогтвортой хагас хамгаалагчдын нэг болжээ. Тэрээр “Атланта”-г Европа лигт түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн тоглогч. Бас өнгөрсөн улирлын Италийн лигт зургаан гоолыг оруулсан нь Родри шиг гоолтой тоглогч болохыг нь бэлхэнээ илтгэж байна.
Түүний одоогийн үнэлгээ 35 сая фунт стерлингээр хэмжигдэж байгаа төдийгүй дөнгөж л 25 настай тоглогчийг элсүүлэх нь алсдаа өгөөжтэй байх нь гарцаагүй.
Мортен Хулманд (Спортинг)
“Евро-2024” тэмцээний үеэр Гурван арслангуудын эсрэг гоолдсон нь Мортен Хулмандыг Англи дахь хөлбөмбөгийн дэмжигчдэд хэдийн танил тоглогч болгосон. 25 настай тэрээр Австрийн төдий л танил биш “Адмира Ваккер” багаас замналаа эхлүүлж, “Лечче”-гээр дамнан “Спортинг” рүү нүүсэн бөгөөд Рубений удирдлагад өсөн дэвжсэн тоглогчдын нэг юм.
Френки де Йонг (Барселона)
Френки де Йонг “Сити”-гийн мөнхийн өрсөлдөгч “Манчестер Юнайтед”-ийн овоо хараанд байгаа тоглогч.
Де Йонг энэ улиралд “Барса” дахь гарааны эрхээ Марк Касадод алдсан юм. Тэрээр энэ улирлын эхэнд ердөө ганцхан удаа Ла лигийн тоглолтод оролцсон бөгөөд гурван удаа сэлгээнээс тоглоод буй. Түүний одоогийн гэрээ дуусахад 18 сар үлдэх тул нэгдүгээр сард үнэлгээ нь огцом унах төлөвтэй байна. Тэгээд ч 27 настай тоглогч сүүлийн нэг жилийн хугацаанд бэртэл гэмтлийн улмаас эрсдэлтэй хөрөнгө оруулалт болж хувирсан юм.
Самуэле Риччи (Торино)
Италийн шигшээ багийн тоглогч Самуэле Риччи дарамт шахалтаас амархан бултаж, хамгаалалтыг эвдэх чадвартай тул “Сити”-гийн арга барилд сайн зохицох боломжтой. Өдгөө 23 настай Риччигийн үнэлгээ 25 сая фунт стерлингээр хэмжигдэж байна.