UBLife Logo
Спорт

Дэлхийн аварга С.Цэрэнчимэд: Шийдвэрлэх мөчид би хаанаас эхэлсэн билээ гэдгээ боддог

Дэлхийн аварга С.Цэрэнчимэд: Шийдвэрлэх мөчид би хаанаас эхэлсэн билээ гэдгээ боддог

Аравдугаар сард Албаны Тирана хотноо явагдсан чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртээд буй гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэдтэй ярилцлаа.

2014 онд ассан зоригтой 19 насандаа дэлхийн аварга болж, 2015, 2024 онуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёронтоо үзүүрлэсэн билээ, тэр. Дотоодын сорилгод гурвантаа ялагдаж олимпын наадмыг өнжсөн дэлхийн аварга тамирчны дотоод сэтгэл рүү нэгэнтээ өндийлөө, бид. Унасан ч, ялсан ч дандаа инээж байдаг дулаахан тамирчин билээ, С.Цэрэнчимэд. Чухам энэ зан байдалд нь олон хүн хайртай байдаг.


-Та чөлөөт бөхийн ДАШТ-д гурав финалдаж, түүхэн амжилтыг дархаллаа. Тэр тусмаа есөн жил завсарлаад дахин өндөр түвшний амжилтад хүрнэ гэдэг гарцаагүй сайхан мэдрэмж биз дээ?

-Өнгөрсөн арван жилд их юм үзэж тууллаа, бас ихийг суралцлаа. Энэ цаг хугацаанд бэлтгэл сургуулилалт, ажил, амьдралаа зохицуулаад тэмцээн уралдаанд тууштай оролцсоор өдийг хүрсэн. Зарим тэмцээнд оролцохын тулд цалингаа цуглуулж байгаад ч юм уу, эсвэл цалингийн зээл авах байдлаар зардлаа босгож өөртөө хөрөнгө оруулалт хийх шаардлагатай ч цөөнгүй нүүр туллаа. Энэ бүхнийг даван туулаад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахиа финалдсандаа маш их баяртай байгаа.

-ДАШТ-ий хоёрдугаар тойрогт Канадын Лауренсе Беаурегардтай 8:8-аар оноо тэнцэж, үзэгчийн зүгээс харахад сонирхолтой ч, тамирчны хувьд барьц алдсан барилдаан болсон. Бүхэл онооны чанараар ялсан тэрхүү барилдааны тухайд?

-Эхний тойрогтоо Мексикийн Ривера Арриагаг оноогоор цэвэр ялсан. Канадын бөхтэй барилдахад бие маань хариу үйлдэл мэдрэхгүй, бага зэргийн гөлгөр болчихсон. Ц.Цогтбаяр, Г.Мандахнаран багш нар маань хэлэхдээ “Ямар ч барилдаан байсан, яаж ч байсан хожих л хэрэгтэй. Миний охин хожиж чадна аа” гэсэн. Канадын тамирчин солгой өрөлттэй, онооны харьцаа 8:6 байх үед би баруун хөлийг нь тойрч аваад жийхэд нь алдах дөхсөн ч, огцом хүч гаргаж оноо авсан. Ингээд 8:8 болж, сүүлийн оноогоор хожиж байсан ч барилдааны цаг дуусахаас арваад секундийн өмнө хөлөө алдчихаад илүү дутуу хөдөлгөөн хийлгүй, гүрийж жийсээр ялсан. Намайг барилдааны төгсгөлд хөлдөө алдахад багшийн царай хүзүүнээсээ дээш ув улаан болчихсон харагдсан. Барилдааны дараа Ц.Баярсайхан багш “Чи чинь яагаа вэ, салхилаад барилдаач ээ” гэдэг юм. Тэндээс өөрийгөө сэргээж, дараагийн тойргуудад нягт барилдсаар финалд шалгарсан.

Барилдааны төгсгөлийн 10, 20, 30 секундэд хэрхэн барилдах вэ гэдэгт зориулагдсан богино хугацааны бэлтгэлийг тэмцээний өмнө их ч давтсан. Би өнөө жил Улсын аварга шалгаруулах тэмцээний финалын барилдаанд сүүлийн арваад секундэд л хожлоо алдчихсан. Олимп үзэхэд ч гэсэн монгол тамирчдын барилдаанууд сүүлийн секундэд шийдэгдсэн шүү дээ. Энэ бүхнээс үүдээд багш нар маань тактикийн бэлтгэлүүдийг түлхүү давтуулсан.  

 -Дэлхийн хошой аварга болох хүсэл цээжинд тань багтаж л байсан биз?

-Тийм. Монголоос хөдлөхөд Ц.Хосбаяр багш маань “Миний охины бэлтгэл ч, бие ч сайн байна. Миний охин түрүүлээд ирнэ ээ, аварга болоод ирнэ” гэж хэлсэн юм. Үнэхээр л би сайн байсан юм билээ /инээв/.

-Та ассан зоригтой 19 насандаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэвтхэн түрүүлж байлаа. Өдгөө тэр үеэс өөрчлөгдсөн зүйл бий юу?

-Тэгэхэд би ялна гэдэгтээ өчүүхэн ч төдий эргэлздэггүй, эрэмгий, зоригтой барилддаг байсан. Тэр цаг үед барьц, байрлалын барилдаан маань төдийлөн хөгжөөгүй байлаа. Иймд өнгөрсөн арван жилийн хугацаанд барьц, байрлалын барилдааныг Г.Мандахнаран багшаасаа суралцсан.

-Та дэлхийн аваргад гурван удаа финалдсан ч олимпод оролцож чадалгүй өдийг хүрсэндээ эмзэглэдэг үү?

-2016, 2024 онуудад олимпын наадмын өмнөх дотоодын сорилгоор П.Орхон эгчид хожигдсон. 2021 онд Азийн бүсийн эрх олгох тэмцээний үеэр Хятадын тамирчинд ялагдаж, мөн л олимпын эрх авч чадаагүй. Өөртөө боломж буйг харж байгаа учраас тууштай зүтгэж байна. Мэдээж хүн төрөлхтний баяр цэнгэл болсон олимпын наадамд оролцох нь тамирчин болгоны л хүсэл мөрөөдөл шүү дээ. Олимпод оролцохыг, медаль авахыг маш их хүсэж байгаа. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө илүү хөгжүүлэх ёстой гэж бодсон.

-Дотоодын нэг жинд хоёр дэлхийн аварга тамирчин өрсөлдөж байгаа нь үзэхэд урамтай ч, бас өөр өөр жинд барилдаж болохгүй юм байх даа гэсэн сэтгэл төрдөг. Та жингээ өөрчлөх тухай бодож байсан уу?

-Би сүүлийн жилүүдэд 62 кг-ын жинд тогтвортой сайн барилдаж байгаа. Огцом жин хасах шаардлагагүй төдийгүй жингийнхэнтэйгээ барилдаад үзчихсэн болохоор амар байдаг.

-П.Орхон “Парис-2024” олимпын наадмын үеэр Украины Ирина Коляденко, Кыргызстаны Айсулуу Тыныбекова нарыг оноогоор илэрхий давамгайлж барилдсан ч, сүүлчийн мөчид барьц алдаж ялагдсан. Тухайн барилдааныг үзэхэд ямар мэдрэмж төрж байв?

-П.Орхон хожчихлоо доо гэж бодоод сүрхий баярлаж байтал Айсулуу төгсгөлийг сайн хийж, хожсон. Тамирчид төдийгүй бөх сонирхдог монголчуудын хувьд хэцүү байсан.

-Та жингийнхээ Парисын олимпоос медаль хүртсэн тамирчидтай өмнө нь таарч барилдаж байв уу?

-Мөнгө, хүрэл медаль хүртсэн Украины Ирина Колиаденко, Норвегийн Грейс Булленг нарыг өмнө нь хожиж байсан. Гэхдээ П.Орхон эгч маань маш их хичээл зүтгэлээр эрхээ авч, “Парис-2024” наадамд зодоглосон. Мэдээж Монголынхоо тамирчдыг олимпоос медаль аваасай гээд дэмжиж залбираад л үлдсэн.

-Дотоодын өрсөлдөөн ширүүн байх нь тамирчдад ямар байдлаар нөлөөлдөг вэ?

-Үргэлж л өөрийгөө хөгжүүлж байх шаардлагатай тулгардаг. Чөлөөт бөхөөр хичээллэж байгаа мянга мянган хүн өдөр болгон л бэлтгэл хийж байгаа. Тэгэхээр тэдэнтэй зэрэгцээд бэлтгэлээ хийж л байхгүй бол цаг хугацаагаар хоцроход хүрнэ. Хүмүүс өглөө болгон ажилдаа явдаг шиг би өглөө бүрийд бэлтгэлээ ахиулдаг. Бэлтгэл хийх нь миний ажил юм.

-Бага залуу насанд тань дэлхийн аваргад гурав финалдана гэдэг хүсэл мөрөөдөл таны санаанд багтаж байсан уу?

-Манайх Хэнтий нутгийн айл. Аав маань Цэнхэрмандал сумынх, ээж маань Дэлгэрхаан сумынх. Би нутагтаа эмээ өвөө, ээж аав, ах эгч нартайгаа өссөн. Ах маань барилдах үнэхээр их дуртай байлаа. 

Олимпын мөнгөн медальт Ц.Дамдин багш аавтай маань найзууд байсан юм билээ. Ээж Ц.Дамдин багшид хэлэхдээ “Хүүг маань бөхийн дугуйланд оруулаад өгөөч” гэсэн ч ахыг Аварга дээд сургуулийн чөлөөт бөхийн дасгалжуулагчийн ангид оруулчихсан. Ах маань хэчнээн барилдах дуртай байсан ч, сургуулиа төгсчихөөд амьдралын шаардлагаар Солонгос руу ажил хийхээр явсан юм. Түүнээс өмнө “Алдар” спорт хорооны Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр багш нарын удирдлагад дадлагаа хамгаалж таараад намайг тэндхийн бөхийн дугуйланд оруулсан.

Манайх таван ханатай гэрт амьдардаг байсан. Би өглөө болгон 6:00 цагт босож 4-5 км гүйдэг, 100 метрийн огцом хурд, мэлхий үсрэлт, суниалт, турниктэй дасгал сургуулилалт хийдэг байлаа. Биеэ дийлж турникт суниаж чадахгүй хэсэг зүүгдсэний дараа ах намайг өргөж өгөхөд өөрийгөө дааж сурсан. Татах учраа л олохгүй байсан юм билээ. Турникт суниаж чаддаг болсондоо баярлаад их ч урамшсан.  

Манайх эрт босдог айл. Өглөө босож гүйгээд, дасгалуудаа хийчихээд ирэхэд ээж сүүтэй цай чаначихсан угтана. Гэр бүлээрээ ширээ тойрч суугаад халуун дулаан уур амьсгалтай мөрөөдлүүдээ ярилцдаг байлаа. Ах маань “Миний дүү олимпын аварга, дэлхийн аварга болно” гэж хөөргөнө өө. Тэндээс л олимп, дэлхийн аварга гэдэг ойлголттой болсон байж таарна. Бөхийн дугуйланд ороод удаагүй байхад Ц.Цогтбаяр багш “Миний охин олимп, дэлхийн аварга болно. Тэр үед багшийгаа тоохгүй, хаяад явчихгүй биз дээ” гэж наргидаг байлаа. Би анхны багш нарыгаа ерөөсөө солиогүй. Энэ зуурт надад тусалж дэмжиж байсан чөлөөт бөхийн үе үеийн шигшээ багийн олон багш байдаг. Дэмжлэг гэдэг чинь заавал мөнгө, санхүүгээр хязгаарлагдахгүй. Хэрэгтэй үед зөв үгийг хэлэх ч бас дэмжлэг болно. Сэтгэлийн үгээ хэлдэг, дэмждэг хүмүүсийн ачаар л би урам зоригоо гээлгүй өдий зэрэгт хүрсэн дээ. Би барилдах үнэхээр дуртай болохоор л чөлөөт бөхөд тууштай зүтгэж байгаа гэж боддог. Дуртай зүйлийнхээ төлөө хүн юуг ч хийж чаддаг.

-Чөлөөт бөхийн дугуйланд анхлан очиход төсөөлснөөс тань хэр өөр орчин угтсан бэ?

-Би аливаа юмыг барьж авахдаа дандаа л тууштай ханддаг. Арай түрүүлж бөхийн дугуйланд орсон хүүхдүүд бидэнд мэх, техник заагаад бэлтгэл дээрээ ихэвчлэн тоглож байгаад л тардаг байлаа. Гэртээ ирэхэд ах “Өнөөдөр юу хийсэн бэ” гэж асууна. “Тоглож байгаад ирлээ” гэхээр гайхширч, яагаад мэх, техник зааж өгөхгүй байгаа юм гэж шаардана. Бөхийн дугуйланд орсон эхний хоёр, гурван жилээ үеийнхэнтэйгээ тоглоод л өнгөрүүлсэн. Тэгж байтал улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч, түүнээс урам орж, тууштай зүтгэсэн. Найзууд маань бэлтгэлийн дараа урьдынхаараа тоглоод л явж байхад би техникээ давтаад л зогсдог болсон. Клубийн маань эгч нар биднийг бэлтгэлийн дараа үлдээгээд бие бялдар, мэх, техник хөгжүүлэх дасгалуудыг хичээнгүйлэн давтуулдаг байлаа.

-Та ахаасаа хэдэн насны зөрүүтэй вэ?

-12 насаар дүү. Мэх, техник мэддэг болоод ирэхдээ эгчийгээ барьж аваад ноцолдох болсон. Эгч маань “Ёо ёо” гээд их инээдтэй унадаг байсан юм /инээв/. Ах маань зуны амралтаараа төмрийн үйлдвэрт ажилладаг байлаа. Удалгүй ахынхаа хамаг цалинг хамж аваад л гадаад руу тэмцээнд явдаг болсон доо. Ах маань намайг дэлхийн аваргад түрүүлэхэд л маш их баярласан болов уу.

-Дэлхийн аваргад түрүүлчихээд ирэхэд ах тань юу хэлж байв?

-Манай ах их сонин, намайг ерөөсөө магтдаггүй /инээв/. Өдгөө ч хэвээрээ. Шаардлага өндөртэй, барилдааныг маань их шүүмжилнэ шүү дээ.

-Аваргаас юм суръя, зөвлөгөө авъя гэсэн залуу хүүхэд тань руу хэр олон ирдэг вэ?  

-Хүүхдүүд их юм асуудаг. Би өөрөө ч гэсэн алдааны хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй. Хүүхэд мэх, техникийг анхнаасаа буруу сурчих юм бол шийдвэрлэх цаг мөчид тэр нь маш том алдаа болдог. Буруу сурсныг засахад маш их хугацаа алддаг.

-Анх бөхөөр хичээллэхэд гэр бүлийнхэн тань хориглож байсан уу?

-Үгүй ээ. Би бөхийн удамтай. Манай аав Хэнтий аймгийн заан цолтой хүн байсан. Гэрийнхэн маань ч бөхөд дуртай, намайг дэмжиж бөх рүү оруулсан.

-Та залуу Цэрэнчимэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Би шийдвэр гаргахдаа бусад хүнийг, багш нараа гомдоочих вий гэж их эмээдэг байсан. Зарим алхмуудыг зоригтой хийх байсан юм билээ. Би дотроо юм тээж явдаггүй, бодсоноо ил хэлчихдэг зантай. Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ харамсдаггүй.

-Унасан ч, ялсан ч дандаа инээж байдаг дулаахан зан байдлыг тань хүндэлдэг хүн олон бий. Гэлээ ч хүн л юм хойно сэтгэл тань үймрэх, нурах үе байх л байлгүй? 

-Би барилдах үнэхээр дуртай. Сэтгэл өмрөх, хүмүүст гомдох зүйлстэй нүүр тулж л байсан. Шийдвэрлэх мөчид би хаанаас эхэлсэн билээ гэдгээ боддог. Зөвхөн тухайн цаг хугацаагаа болохгүй байна гэж бодоод байвал тэр чигтээ бүх зүйл бүтэшгүй санагдана. Тэгэхээр аль болох юмны зөв талыг нь олж хараад учир шалтгааныг нь ойлгож уучлахыг хичээдэг. Бухимдсан үедээ бэлтгэл хийхээр хувцсаа солиод, биеэ халааж байхдаа л бүхнийг мартана. Монголчууд бөхдөө хайртай ард түмэн. Тиймээс би хүмүүсийн хайр, хүндлэл дунд амьдардаг. Үнэхээр л бөхийн буян сайхан даа.  

-Дэлхийн аваргад түрүүлэх ч юм уу үнэмлэхүй амжилтад хүрэхээр хүний сэтгэл хөөрч, дотор давчиддаг шүү дээ. Хэн нэгэнд өөрийн ялалтыг бахдаж яримаар санагдахад хамгийн түрүүнд ямар хүн санаанд тань буудаг вэ?

-Ээж. Намайг амжилтад хүрэхэд ээж маань их баярладаг.

-Та бөхийнхөө хувьд, өнгөрсөн хугацаанд өөрт олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадсан уу?

-Өөрийнхөө хэмжээнд боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадсан. Би өнгөрсөн хугацаанд өөртөө маш үнэнч, тууштай байсан. Өдгөө тэмцээн үзэхээр хожиж байгаа тамирчныг нь хараад баярладаг ч, хожигдож байгаа тамирчныг нь харахаар сэтгэл хөндүүрлэдэг болчихсон байна лээ.

-Та ойрд ямар ном уншиж байна вэ?

-Үнэнээ л хэлье. Гэрт байхаар тогтож суух цаг гардаггүй. Шигшээ багийн цугларалтын үеэр юм уу, тэмцээнд явахад онгоц хүлээлгийн хооронд л цаг зав, боломжууд олддог. Гэртээ бол ээж, тогооч гээд олон ажил амжуулдаг. Өдгөө Жефф Бенедиктийн “Леброн” номыг нэлээн удаан уншиж байгаа /инээв/.

-Танд урам зориг, чиг баримжаа авдаг ч юм уу, эсвэл барилдаанаас нь суралцдаг тамирчин байдаг уу?

-Садулаев. Адилхан солгой барилдаантай, сэтгэл зүйн хувьд ч хүчтэй харагддаг. Бас 53 кг-ын жин дэх олимпын аварга Фужинамигийн барилдаан минийхтэй төстэй санагддаг юм. Иймд түүнээс суралцаж, барилдааных нь бичлэгийг хардаг.

-Садулаев сая тантай хамт олимпын бус жингийн ДАШТ-д түрүүлсэн шүү дээ?

-Бид 2014 онд эрэгтэй, эмэгтэй хамгийн залуу дэлхийн аваргууд болж байсан.

-Та өдгөө 29 настай. 2028 оны олимп санаанд тань багтаж байна уу?

-Миний хувьд, өдгөө Улсын аварга шалгаруулах тэмцээнд зорьж бэлдэж байгаа. Бусад нь тухайн цаг хугацаандаа л болно доо.

-Та Улсын АШТ-ий дараа Азийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглож, хүрэл медаль хүртсэн. Улсын АШТ-ий финалд ялагдсан нь Азийн АШТ-д барилдахад тань сэтгэл зүйн хувьд нөлөөлсөн үү?

-Азийн бүсийн олимпын эрх олгох тэмцээнд оролцсон бол илүү сайхан байхгүй юу, тиймээ? Азийн аваргад түрүүлж чадаагүй болохоор дутуугаа гүйцээчих юм сан гэсэн хүсэл байсан. Кыргызстаны Айсулуу Азийн АШТ-д маш сайн формтой барилдсан. Намайг ялаад Парисын олимпын аварга Японы Сакура Мотокиг давж түрүүлнэ лээ. Айсулуу Парисын олимпоор бэлтгэл нь цөмөрсөн үү, сэтгэл зүй тогтворгүй байсан юм уу ямартаа ч их сул оролцсон. Гэхдээ л медаль хүртсэн шүү дээ.   

2024 оны Азийн АШТ-ий 62 кг-ын жинд медаль хүртсэн тамирчид

-Гэр бүл, үр хүүхэд гэдэг тухайлан цаг гаргах учиртай чухал хүмүүс шүү дээ. Та хүүдээ бүрэн дүүрэн анхаарал хандуулж чаддаг уу?

-Өө, ёстой үгүй. Хүүгээ гурван сартайд нь бэлтгэлдээ орж, таван сартайгаас нь тэмцээнд явж эхэлсэн. Тамирчид шигшээ багийн цугларалт, бэлтгэл сургуулилалт гээд явдал ихтэй. Тиймээс гэртээ байх хугацаандаа хүүдээ халамж, хайрыг дутаахгүй өгье гэж бодоод их хайрладаг. Намайг хол явсан үед эмээ нь хайрлаад л байж байна даа. Би айлын бага болохоор ээждээ их эрхэлнэ ээ. Манай гэрийнхэн намайг их хайраар өсгөсөн юм. Тиймээс гэртээ бол би гүнж шиг байдаг.  

-Та бэлтгэл сургуулилалтаа ямар байдлаар хангадаг вэ. Тэмцээн дөхөхөөр шаргуу зэхдэг үү, эсвэл өдөр болгон тогтвортой хийдэг үү?

-Багш нар маань тэмцээнээс 14-21 хоногийн өмнө бэлтгэл сургуулилалтын төлөвлөгөө боловсруулаад түүний дагуу л бэлддэг. Тэмцээн хол үед ихэвчлэн хүчний болон дэвжээний бэлтгэл хийдэг. Зун болохоор цугларалтад гарч гүйлт, хурд, хүч, тэсрэлтийн бэлтгэлүүдээ зэхнэ. Тэмцээн дөхсөн үед эрчим өндөр, ачаалал багатай бэлтгэл хийдэг. Хэрвээ бэлтгэл цөмөрчихвөл амрах, дутуу байвал нэмж хийх байдлаар дээрх төлөвлөгөө өөрчлөгдөх боломжтой.

-Та ДАШТ-д түрүүлэхийнхээ өмнөхөн Японд суралцаж байгаад удалгүй буцаад ирсэн. Яагаад сургуулиа хаячихсан юм бэ?

-Би 18 насандаа ДАШТ-ий хошой хүрэл медальтай Т.Мөнхтуяа эгчийг хожоод насанд хүрэгчдийн Улсын АШТ-д түрүүлж байлаа. Тухайн барилдааныг маань Д.Дагвадорж аварга харж, сайшаагаад Японд суралцах эрхээр шагнасан юм. Японд оюутан болж очсоноор нүд нээгдэж, хүнийг хүндлэх, хайрлах эрдэмд, ажилч хичээнгүй, хөдөлмөрч зан чанарт, ажил бэлтгэлээ зарчимч байдлаар хийхэд суралцсан. Би тэнд есөн сар болоод буцаж ирсэн. Дагваа аварга хэлэхдээ “Чамайг 2020 оны олимпод бэлдэж, Японд суралцуулж байгаа шүү” гэсэн юм. Тухайн үед би дотоодын тэмцээнүүдэд түрүүлээд ДАШТ-д оролцох эрхтэй болчихлоо. Тэгтэл Японоос намайг явуулаагүй учраас ДАШТ-ийг нэг, хоёр удаа өнжихөд хүрсэн. Дэлхийн аварга болохын төлөө хичээж байсан учраас тэмцээнд явуулахгүй болохоор нь урам зориг хугараад сургуулиа хаясан. Тэр үед ээжийн маань бие ч тааруу байсан юм. Би Японоос буцаж ирээд дэлхийн аварга болсон.

-Та Японд суралцаж байхдаа тэндхийн тэмцээнд оролцож байв уу?

-Эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнд зодоглож 63 кг-ын жинд түрүүлсэн.

 -Барилдах үед хүний тархи хэрхэн ажилладаг вэ?

-Дандаа бодно, шүүгчээ ажиглана, дэвжээний буланд зогсож байгаа багшийнхаа үгийг ч алдалгүй сонсож барилдана. Бодлоо биеийн хөдөлгөөнөөрөө биелүүлдэг. Тархи төвлөрлөө алдаад ирэхээр бие нь хяналтгүй болно. Бэлтгэл дутуу үед өөр дэвжээний шүглийг андуурч сонсоод сэрэмж алдах ч тохиолдол бий.

-Та Үндэсний бөх сонирхож үздэг үү?

-Үндэсний бөхөө үзэх дуртай. Таньж мэддэг болохоор чөлөөтийн бөхчүүдээ дэмжиж хардаг даа. 

-Таныг шүтэн биширч явдаг олон залуус бий. Тэдэнд хэлэх үг юу байна?

-Хувийн зохион байгуулалт, төлөвлөлт сайтай байх хэрэгтэй. Боломж олдвол өөрсдийгөө маш сайн хөгжүүлж байгаарай. Тамирчин хүн сахилга баттай байж л амжилтад хүрдэг. Сахилга бат гэдэг зөвхөн идэж, уух тухай ойлголт биш. Сайн унтаж амрах, зөв хооллох, дулаан хувцаслах, эрүүл байх хэрэгтэй. Өглөө эртхэн босоод халуун хоол бэлдэж аваад явчихдаг байх хэрэгтэй шүү дээ. Хоолтой, хоолгүй яваад байвал хийсэн бэлтгэл хүртэл үр дүнгүй байдаг.

-Хүү тань бөх сонирхож байна уу?

-Хүү маань долоон настай. Намайг их дэмжинэ ээ. Тэмцээнд явахаар “Ээжээ, амжилт хүсье. Алтан медаль аваад ирээрэй” гэдэг. Манай хүү төдийлөн дуулаад байдаггүй юм. Сая ДАШТ-д явахын маань өмнөхөн Төрийн дуулал амандаа аялаад байсан нь бэлгэшээлтэй санагдсан.

-Ярилцлагын маань төгсгөлд гэр бүлийнхэндээ хэлж чадаагүй сэтгэлийн үгээ хэлээч?

-Тамирчны амжилт гэдэг олон хүний хичээл зүтгэл, сэтгэлээр бүтдэг. Гэр бүлийнхэндээ, ах дүү хамаатан садандаа, Хан Хэнтий нутгийнхандаа, “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ баг, Биеийн тамир, спортын улсын хороо, М-Ти-Эс группийн хамт олон, найз нөхөд тусалж дэмждэг бүх хүмүүстээ маш их талархлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
9
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.