Яг цавуугаар гоёсон гэхэд бас хаашаа юм бэ? Ямар ч гэсэн Японд цавуугаар хиймэл нулимс хийж, хацартаа наадаг болжээ. Тэгэхээр удахгүй Өмнөд Солонгос, Хятадад энэ тренд нэвтрэх нь ойлгомжтой. Дараа нь манайд орж ирэх биз.
Энэхүү гоёлыг 3D гэж нэрлэдэг, учир нь зурмал биш, бодит биетэй. Одоо Наран орны ахлах ангийн охид дунд жинхэнэ тренд болж байгаа ажээ.
Том том нулимс урсган уйлж, байгаа охид кавай буюу хөөрхөн гэж тооцогдож байна. Нулимс том тусмаа хөөрхөн. Мэдээж цавуу химийн бодис тул шууд нүүрэндээ түрхэхгүй. Эхлээд толь, шилэн дээр цавуугаа дусгаж, дараа нь хамгийн гоё дуслыг нь сонго авна. Цавуу бага зэрэг хатаад эхлэхэд нь нүүрэндээ наана.
Хиймэл нулимс нийгмийг хамарсан үзэгдэл болон хувирсан тул захын зарим дэлгүүрт цавуу олдохоо больсон гэнэ. Нулимс хийдэг тусгай цавууны захиалга 500 дахин өсжээ.