Австрали улсын Куйнслэнд мужийн Брисбань хотноо гурван жил тутамд зохион байгуулагддаг Ази номхон далайн триеналь буюу олон улсын дүрслэх урлагийн 11 дэх удаагийн контемпорари урлагийн наадамд Монгол улсаас уран бүтээлч Баатарсүхийн Дөлгөөн байгалийн гаралтай материал, текстилээр урласан цуврал хөрөг болон өрөг бүтээлүүдээр, уран бүтээлч Аюурзанын Очирболд, Болдын Номин нар Амьдралын Аяга нэртэй хамтарсан өрөг бүтээлээр оролцож байна.
Куйнслэндын орчин үеийн урлагийн галерейгаас зохион байгуулдаг тус наадамд дэлхийн 30 гаруй орны 70 уран бүтээлч оролцож байна. Энэ удаад тус наадмын кураторууд шинэ уран бүтээлчид, шинэлэг бүтээлүүдийг түлхүү үзүүлэхийг зорин ажилласан ба Саудын Араб, Зүүн Тимор, Узбекистаны уран бүтээлчдийг анх удаа урин оролцуулж, уугуул үндэстэн, цөөнх, цагаачдын соёлыг тойрсон сэдвүүдийг хөндөж, үйлдлийн, хамтарсан, олон нийтийн оролцоотой урлагийн хэлбэрүүдийг үзүүлэхэд голчлон анхаарчээ. Түүнчлэн байгаль дэлхий, өв уламжлал, орчин тойрноо хайрлан хамгаалах гэсэн хүмүүсийн эрмэлзэл, улс дамнасан шилжих хөдөлгөөн өнөөгийн түүхийг хэрхэн бүтээж буй талаар өгүүлсэн бүтээлүүд олноор дэлгэгдсэн байна.
2023 оны 5 дугаар сард тус триеналийн куратор Рьюбен Улаанбаатар хотноо ирж судалгаа хийсэн ба уран бүтээлч Б.Дөлгөөн, А.Очирболд, Б.Номин нарыг оролцуулахаар болжээ.
Уран бүтээлч Б.Дөлгөөний хувьд сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай утас ашиглан хэрэглээний бус юмс урлаж хувцас загвартай хослуулан өрөх, давууны ширхэг, бүтцийг нарийн мэдэрч тоглосон эмэгтэй хүний нууцлаг хөргүүд бүтээх дээр төвлөрөн ажиллаж байна. Энэ удаагийн наадамд Дөлгөөний 10 гаруй хөрөг, орон зайн бүтээлийг нь дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ Куйнслэндын орчин үеийн урлагийн галерейгаас эдгээр бүтээлүүдийг өөрийн цуглуулгад худалдан авчээ.
Харин уран бүтээлч Б.Номин, А.Очирболд нарын хувьд, Номингийн бүтээлдээ ашиглаж заншсан буддын шашны бэлэгдэл дээр барималч Очирболдын уран хийц, санаа нэмэгдэн 2023 онд хамтран бүтээсэн, метал хийцтэй 2000 орчим хохимой толгой бүхий Амьдралын Аяга нэртэй өрөг бүтээлээр тус арга хэмжээнд хамтран оролцож байна. Номин, Очирболд нар сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон хэмжээний бүтээл дээр хамтран ажилласан билээ.
Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо нь Ази Номхон Далайн Триенальтай 2015 оноос хойш хамтран ажиллаж дэлхийд нэр хүндтэй энэхүү үзэсгэлэнд монголын шилдэг уран бүтээлчдийг оролцуулах ажлыг хамтран зохион байгуулсаар ирсэн билээ. Тухайлбал 2015 онд уран бүтээлч Д.Үүрийнтуяа, Б.Баатарзориг, Г.Гэрэлхүү, Б.Номин нар, 2018 онд уран бүтээлч Т.Энхболд оролцож наадмын нээлтийн өдөр гадаа орон зайнд үйлдлийн урлагийн бүтээлээ толилуулж байжээ.
Энэхүү 11 дэх удаагийн Ази Номхон Далайн Триеналь 11-р сарын 30-нд нээлтээ хийсэн ба 2025 оны 4-р сарын 27 хүртэл үргэлжилнэ.